Улсын Их Хурлын гишүүдийн орон нутагтай цахимаар холбогдож ярилцдаг уламжлалт “Цахим ярилцлага” өнөөдөр /2015.04.30/ Төрийн ордны “Нээлттэй сонсголын танхимд” боллоо.
Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн зохион байгуулдаг энэ удаагийн ярилцлагад Дорноговь, Говьсүмбэр аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, аймгуудын удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцов.
Хөтөлбөрийн дагуу цахим ярилцлагын эхэнд “аймгийн төсөв санхүүгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын тухай” сэдвийн хүрээнд Дорноговь, Говьсүмбэр аймгийн Засаг дарга нар товч мэдээлэл хийв.
Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, орон нутгийн төсвийн орлого эхний 4 сарын байдлаар 94 хувьтай байна. Орон нутагт одоогоор санхүүгийн хүндрэл гараагүй ч төсөвт төвлөрүүлэх орлого 78.6 хувьтай байгаа нь цалин болон түүнтэй адилтгах орлогын татвар энэ сард тасалдсантай холбоотой байна. Энэ нь Төмөр замын ажилчдын цалингийн татвар 430 сая төгрөг төлөгдөөгүйгээс шалтгаалсан. Мөн хилийн боомтоор орж гарч буй тээврийн хэрэгсэл, тэдэнд үйлчилгээ үзүүлж буй ААН-ээс манай гол орлого бүрддэг. Эдийн засгийн агшилттай холбоотойгоор импортын хэмжээ багасч, тээврийн хэрэгслийн орж гарах урсгал цөөрснөөр 200 гаруй сая төгрөгөөр, уул уурхайн байгууллагын үйл ажиллагаа зогссоноос усны төлбөр, байгаль орчны татварууд зэрэг орлогууд мөн тасалдаад байна гэв.
Тус аймгийн хувьд өнгөрсөн онд орон нутгийн хөгжлийн санд 10,4 тэрбум төгрөг батлагдсанаас 7.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж 2.5 тэрбумын санхүүжилт хийгдээгүй өдийг хүрсэн аж. Мэдээллийн дундуур аймгийн Засаг дарга, уг сангаас санхүүжүүлж Хамрын хийдэд аялал жуулчлалын бүс байгуулах зорилгоор 260 сая төгрөгийг цахилгаан, эрчим хүч тавиулахад, Сайншанд суманд 165 хүүхдийн цэцэрлэгийн барилга эхлүүлэхэд 1 тэрбум гаруй төгрөгийн ажлуудыг ААН нэгжүүдээр хийлгэсэн ч өнөөг хүртэл санхүүжилт нь зарцсан байдалтай байгаа тул ажил нь хийгдчихсэн ААН-н нэгжүүдийн өрийг өгөх асуудлыг шийдвэрлэхэд туслахыг хүссэн юм.
Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр, 2015 оны 1-р улирлын байдлаар төсвийн орлогын төлөвлөгөө 104 хувийн гүйцэтгэлтэй байна гээд зарлагын зохих санхүүжилт хийгдсэн, санхүүгийн хувьд хүндрэл багатай байна гэв. Харин орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийн хувьд 1.9 тэрбумын санхүүжилт тасарсныг энэ оны санхүүжилтээр хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын явцын хувьд он дамжин хийгдэж байгаа Соёл амралтын хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбай, хоккейн талбайн ажил эхэлсэн 6 сарын 15-наас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн 2015 онд улсын төсвөөс эрх нь шилжиж ирсэн 3 ажил, аймгийн орон нутгийн сангийн 1.4 тэрбум төгрөгийн 25 бараа, ажил үйлчилгээ зэрэг нийт 2.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 60 бараа, ажил үйлчилгээний худалдан авалтыг зохион байгуулж тендерийг 100 хувь цахимаар зарлахаар төлөвлөөд хэрэгжүүлж эхлээд байна. Дээрх худалдан авалтыг 6 сард зохион байгуулж дуусгахаар төлөвлөсөн бөгөөд зарлагдах ёстой тендерийн 36.7 хувь нь зарлагдсан ажээ.
Мөн тэрээр, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа канад цэцэрлэгийн барилга санхүүжилт хийгдээгүйгээс зогссон байгаа хэмээн мэдээлэлдээ дурьдсан.
Мэдээллийн дараа Ж.Батсуурь гишүүн, уг ярилцлагад Сангийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэнд, спортын яамны ажилтнуудыг урьж оролцуулж байгаа тухай хэлээд аймгуудын удирдлагын асуултад холбогдох ажилтнуудаар хариулт өгүүлж, орон нутагт тулгамдаад буй асуудлын талаар сонсож, асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар харилцан санал солилцов.
Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь сонгогдсон тойргийнхоо удирдлагуудтай холбогдож орон нутгийн өнөөгийн санхүүгийн байдал, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл солилцох явцад аймгуудын удирдлагын санал болон санхүүжилтын талаарх асуултад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Сангийн яамны Эдийн засгийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батхүрэл, Эрүүл мэнд, спортын яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Т.Баярсайхан нараас тайлбар авч санал солилцсон юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлллээ.