“Эрдэнэс тавантолгой” ХК-ний захирал асан Я.Батсуурь батлан даалтад гарсан. Тэрбээр Цагдан хорих 461-р ангийн хорих эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Өмгөөлөгч нь ярихдаа “Түүний нойр булчирхайн архаг үрэвсэл, зүрх судас, артерийн даралт ихсэх зэрэг өвчин нь хүндэрсэн. Цаашид төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт хандах зайлшгүй шаардлагатай байгаа учир эмнэлэгт хэвтэн эмчилгээгээ үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна” гэж мэдээлсэн билээ.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Шүүхээс түүнийг яллагдагчаар татан цагдан хорих хугацааг хоёр сараар сунгасан юм. Ар гэрийнхэн, өмгөөлөгч нь түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг удаа дараа тавьсан байдаг.
АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэж байгаа юм.