Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Автобусны жолооч нарыг богино долгионы станцтай болгомоор юм

Хуулийг гууль болгодгийн жишээ автобусны чалчаа жолооч нар болж байна. Уг нь жолоо барьж байгаа үедээ гар утсаар ярихыг хориглодог. Гэтэл манайхан жолооны ард гар утсаараа чалчиж явах нь гэм биш зан. Тэр тусмаа олон хүн тээвэрлэж яваа автобусны жолооч нар уг нь утсаар ярьж анхаарлаа сарниулмааргүй байгаа юм. Гэсэн ч жолооч нар гэр бүлийн асуудлаасаа авахуулаад ярихгүй сэдэв гэж алга. Тэд ихэвчлэн “Би энд явна, чи хаана явна” гэж бие биенээсээ асууж лавлахад хамаг цагаа зарцуулдаг. Жолооч нар хэн хаана яваагаа мэдэлцэх нь ажлын шаардлага юм бол таксины жолооч нар шиг богино долгионы холбоогоор хангах хэрэгтэй. Ядаж л яриагаа сонсоод явахад хүн бүр бие биен рүүгээ залгаж, хамаг цагаа барахгүй. Гар нь сулрах байгаа даа. Үгүй бол автобусны жолооч нар бүгд хууль зөрчигч болж, зорчигчид эрсдэлтэй нөхцөлд амь дүйсээр явцгаах нь. Иймэрхүү арга хэмжээ авсны дараач утсаар ярьж хууль зөрчсөн жолооч нарыг зорчигчид шууд мэдээлж, торгуульдаг болж болно. Алийн болгон хууль зөрчиж, өөрийгөө ч өрөөлийг ч эрсдэлд оруулж явах вэ. Ямар нэгэн гарц заавал байж таарна. Жолооч нарыг богино долгионы станцтай болгох зардал лав хүний аминаас үнэтэй биш байлгүй. Жолоочийн зөрчлийг ямар утсаар мэдээлэх вэ?

Б.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *