Categories
редакцийн-нийтлэл

Манай хамтлагийн дуу зөнгөөрөө ард түмний дуу болчихсон

“Madness” хамтлагийн ахлагч дуучин Ч.Оюунсайхантай уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-“Madness” солиорол гэсэн утгатай юм билээ. Яагаад ийм нэр өгч байв аа?

-Манай хамтлаг 1994 онд трэш метал стилиэр тоглож эхэлж байсан. Хөх тэнгэр радио дээр арав гаран дуугаа бичүүлчихээд Оюунтунгаа хөтлөгчтэй шууд ярилцлагад орж байсан юм. Оюунтунгаа тэр үед та нарт “Madness” гэж нэр өгчихмөөр байна хамтлагийн чинь нэрийг сольчихож болох уу гэсэн. Тухайн үед өөр нэртэй байсан юм л даа. Жаахан ч байж тэгье гээд л “Madness” нэртэй болсон түүхтэй. “Madness” хамтлагийн хувьд метал хөгжим хөөж байгаад 1997 онд “Хотын гудамж” гэж дуу хийснээр стилиэ зөөллөж рок, поп урсгал руу орсон.

-Тухайн үед бөмбөрчин чинь орос байсан байх аа. Анхны бүрэлдэхүүнд хэн хэн байв. Одооны гишүүдийн хувьд…?

-Анх бөмбөрчин Вадим, соло гитарчин Тамираа, гитарчин Ганга, басс гитарчин Гэрэлтнаран гэсэн бүрэлдэхүүнтэй байлаа. Вадим Монголд арав гаран жил амьдарсан залуу байсан. Тухайн үед аав нь Ленин клубийн Орос талын захирал байсан юм. Одоогоор Вадим Орост амьдарч байгаа. Бас манай нэг гишүүн маань Хятадад амьдрахаар болсон. Ганга маань одоогоор тусдаа уран бүтээл хийж байгаа. Хамтлагийн нэрний эрх над дээр байдаг учраас “Madness” нэрээрээ залуу баг бүрдүүлсэн. Одоогоор дуучин Ч.Оюунсайхан, соло гитарчин М.Гэрэлт-Од, бөмбөрчин М.Алтан­шагай, басс гитарчин Т.Боорч гэсэн бүрэлдэхүүнтэй байна.

-Анх байгуулагдаж байсан үеэ дурсаач?

-Би оюутан болж ирээд л ХААИС-ийн клубийн эрхлэгчийн хүүхэд Дөлөө гээд залуутай танилцаж байлаа. Тэгээд бид хоёр ярилцаад хамтлаг байгуулъя гэж байтал Саруул компанийн том техник хэрэгсэл дээр гэнэт буучихсан. “Madness” хамтлаг хангалттай хөгжим техник хэрэгсэлтэй болчихсон.ХААИС-ийн урлагийн заалыг ашиглаж бэлтгэл хийснийхээ оронд оюутны шинэ жилийн баяраар дуулж өгдөг замналаар л эхэлж байсан. Тэрнээс хойш Вадимтайгаа нийлээд Ленин клубын техник хэрэгсэл дээр очсон. Тухайн үед “Нисванис” манай өрөөнд ирж бэлтгэл хийдэг байлаа. Бид зэргэлдээ сургуулийн нэг үеийн л хоёр хамтлаг байгуулагдаж байсан юм.

-Танай хамтлагийг “Хотын гудамж” дуугаар нь мэдэхгүй хүн байхгүй. Дуу төрсөн түүхээсээ хуваалцаач?

-Би Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн. Арван жилээ төгсөөд Улаанбаатар хотод ирээд хөгжмийн сургуульд орж байлаа. Оюутан болж Улаанбаатар хотыг харсан сэтгэгдэл маань энэ дуунд гарч байгаа юм. Тэр нь хүмүүст их таалагдсан.

-“Madness” хамтлаг одоогоор хичнээн цомог гаргаад байгаа вэ?

-Манай хамтлаг гурван цомог, 20-оод видео клиптэй. Удахгүй дөрөв дэх нь гарах гэж байна. Дөрөв дэх цомог маань “Best of Madness” гээд өмнө нь орсон гурван CD-ны дуу болон өмнө нь ороогүй дуунууд орно.

-Таныхаар амьд хөгжим тоглож байгаа хамтлагуудаас танай хамтлаг аль түвшинд явж байгаа бол?

-Бидний өмнө “Харанга”, “Хурд”, “Никитон”, “Соёл Эрдэнэ” хамтлаг байгуулагдаж байсан. Бидний үед “Нисванис” манайх хоёр байгуулагдсан. Сүүлд их олон хамтлаг гарч ирсэн байна. Тэр бүгдийг хийсэн уран бүтээл, хүнд хүрсэн байдлаар нь сонсогчид дүгнэх байх.

-Шинэ залуу амьд хөгжмийн хамтлагуудын хувьд танд ямар санагдаж байна?

-Амьд хөгжмийн хамтлаг олон гарч ирэх тусмаа сайн. Тэр утгаараа бид нар бэлтгэлийнхээ байранд 4,5 хамтлаг бэлдүүлж байгаа. Нэг таалагдаагүй юм нь туйлбаргүй юм шиг. Тэр нь нийгэмтэйгээ холбоотой юм уу даа. Ганц сар болоод нэг хүн солигдох ч юм уу. Эсвэл бүр хамтлаг тарах асуудлууд байна. Яг болж байгаа “A sound”, “Lemons” бол гоё байна. Үнэхээр сонсох дуу тэдэнд байна. Тэрнээс доош залуу хамтлагууд нэг л хөлөө олохгүй байх шиг. Бид нар өмнө нь тоглох гээд очсон газар бөмбөргүй байдаг байсан. Тэр үед хувийн машин гэж байсангүй. Таксинд өсгөгч, бөмбөрөө ачиж аваачаад зоож тоглочихоод явдаг байсан. Одоо харьцангуй гитар, бөмбөрийн палкаа барьж очоод л тоглочихдог болсон. Амархан болчихоод байна шүү дээ. Үүний төлөө тэмцэх залуус сул байгаа юм болов уу.

-Хуучин дуунуудаа шинэчилж дуулсан байна лээ. “Хотын гудамж” дууг Харангийн Лхагваа, Зочин дууг реппер Gee-тэй хамтарсан байсан?

-Өөрсдийнхөө мартагдсан дууг сэргээж дуулах хэрэгтэй юм байна гэж үзээд “Чамдаа зориулъя” гээд Дорнодын “Цуурай” хамтлагийн ахлагч Энхтүвшин бичиж байсан дууг дуулсан. Мөн “Зочин” дууг тэр үед манай гитарчин дуулчихсан байдгаар нь хүнд хүрчихсэн. Тухайн үед банзан гитартай дуулсан гитарын тоглолттой дуу байсан л даа. Бид ярилцаад дундуур нь жаахан ритмтэй болгоё гээд Gee-тэй хамтарч дуулсан. Тэр шинэчилсэн хувилбар маань хүмүүст таалагдсан. “Зочин” дууг одоо хаана ч очсон дагаад дуулдаг шүү. Харангийн Лхагва ахтай “Хотын гудамж” дууг Улаанбаатар хотын ойгоор дуулсан. Одоо Агиймаатай “Сүүлчийн хавар” гээд төгсөгчдийн дуугаа шинэчилж дуулж байна.

-Сая гадаадаар тоглолтоор яваад ирлээ. Хүмүүс хэр хүлээж авч байв?

-“Madness” Европоор дөрвөн жилийн өмнө тойрсон. Тэр үетэй харьцуулахад одоо тоглолт их очоод Монголдоо байгаа юм шиг болсон байна. Сард нэг тоглолт очоод монголчуудыгаа баярлуулчихдаг болж. Амьд хөгжим гэдэг утгаараа үнэ цэнтэй байна. Сая Лондонд мартын 8-аар явсан. Шинэ жилийн ажил дуусаад амралт маягаар Шингений 6,7 орноор ороод монголчуудтайгаа уулзлаа. Тоглосон заал нь дүүрэх ч тоглолт байсан, тал ч байсан, бага ч байсан.

-Хамгийн их үзэгчтэй орон нь аль байв?

-Швэд, Герман, Швецарь дажгүй байлаа шүү. Тоглолт хийх зуураа Парист “Уйдсан сэтгэл” гээд уянгын хайрын дууны клипний зураг авалт хийчихээд ирсэн. Тэр клипний монтаждаа орох гэж байна.

-Байгуулагдаад хичнээн жил болов. Монголдоо хэзээ тоглолт хийх вэ?

-17 жил болж байна. Одоо тоглолт хийх гэхээр жаахан чамлалттай байна. 15 жилийн өмнө хийсэн зүйлээ тайлагнаад концерт нэгэнт тоглочихсон. Одоо бид тоглолт хийхийн тулд дор хаяж 2,3 цомгийн дараа хийх ёстой. Хэр их дайчин ажиллаж, хэр их уран бүтээл хүнд хүрч байна гэдгээс шалтгаалаад тоглолтоо төлөвлөнө. Нийтийн дууны нөхдүүд шиг нэг дуу дуулаад л нийлээд концерт хийгээд байж болохгүй л дээ. Тиймээс дор хаяж 3,4 жил болно.

-1990 оны залуус болон одоогийн үеийн залуусын сонирхол хэр өөр байна?

-Бид уран бүтээлээ өөрсөндөө таалагдах хэмжээнд хийж байж кайф авдаг. Одооны залуус юу сонсож байна гээд хувираад байх хэцүү л дээ. Интернет, утас, зар гээд л бүх талаараа 180 градус эргэчихсэн цаг үе. Бид ҮЭСТО-нд 1994 онд тоглоход шөнөжин гудамжаар автобусны буудал дээр канондсон цаас наагаад л явж байсан. Одооных шиг аннонс байдаггүй байлаа. ҮЭСТО урд даавуун дээр гараар зурчихсан хохимой толгойтой аннонс наагаад л найз нөхдийнхөө хүрээнд л реклам хийнэ. Одооны залуучуудын сэтгэхүй шал өөр болсон. Бидний хувьд залуусыг барих гэж дуу хийхгүй. Madness-ийг сонсох масс байж л байгаа. Бид өөрсдөндөө таалагдаад л явна. Тэртэй тэргүй “Хотын гудамж”, “Зочин”, “Минийх”, “Нэг өдөр” дуунууд маань хүнд хүрчихсэн. Тэр дуунуудыг бид нийтийн дууныхан шиг FМ, телевизээр тавьж гүйж байсангүй. Бид дуунуудаа гаргаад нэг телевизэд өгөөд орхиж байсан. Тэгэхэд манай телевизэд авчирч өгсөнгүй гэж гомдож байсан үе бий. Одоо зарим нөхдүүд дуу гаргаад FМ-ээр зоолгоод мөнгө төлөөд, телевизээр өдрийн 5,6 гаргая гээд л гүйдэг болж. Бид одоог хүртэл тэгж үзээгүй. Зөнгөөрөө 5,6 дуу ард түмний дуу болчихсон байгаа.

-Дууны үг, ая хэн бичиж байна?

-Үг, ая голдуу минийх. Манай Гэрэлтнаран гээд басс гитарчны аянууд бас их зонхилдог.

-Клипний зураг авалт санаа нь содон байдаг. Санааг нь яаж гаргадаг вэ?

-Дээр үед дуугаа аваачиж өгөөд “G-entertainment”, “Hero”-гийн Баатар ийм зохиол байна гэхээр л гоё санагдаад хийчихдэг байсан. Сүүлийн үед тэрэндээ бас оролцох сонирхолтой болчихож. Ингэвэл гоё, ийм гээд л. Гэхдээ “Madness”-ын хувьд үлгэр домог шиг клип сонгохоосоо илүү энгийн клипнүүдийг сонирхдог. Дууг нь сонсохгүй дүрсийг нь үзээд байхгүйгээр үгийг нь л сонсох гол шүү дээ. Өмнөх дөрвөн клипийг “G-entertainment” хийж байсан. Тэрнээс хойш дандаа “Roll entertainment” манай клипэн дээр ажиллаж байгаа.

-Хөрөнгө мөнгөний хувьд яаж шийдэж байна?

-Миний хувьд хөгжим маань хобби маягаар явж байна. Хувиараа бизнес эрхэлдэг. Яагаад гэвэл Монгол гурван сая хүн амтай. Бид нар 300 сая хүнтэй байсан бол Хотын гудамжийг дуулаад би тэрбумтан болчихсон байгаа. Өөр юу ч хийхгүй амьдарч болно шүү дээ. Тиймээс заавал хажуугаар нь юм хийх ёстой. Долгион ах “Хөгжимд нэг л орвол гарч чаддаггүй” гэж надад хэлж байсан. Урлагт хайртай, амьд хөгжимдөө дуртай учраас би явж байна. Дээрээс нь хүн миний дууг сонсоод дагаад дуулж байгаагаас кайф авдаг.

-Хамтлагийн студийнхээ талаар яриач. Хэзээ байгуулагдаж байв?

-Студи байгуулагдаад хоёр жил болж байна. Цэвэр өөрсдийн уран бүтээлээ хийдэг. Одоо ганц, хоёр дуучинтай хамтраад уран бүтээл, ард талын ажлыг нь хийх санаа байна.

-Сүүлийн үеийн шинэ уран бүтээлийнхээ талаар яриач?

-Одоо “Best of Мadness” цомог гарч байна. Манай хамтлаг шинэ гурав, дөрвөн дуу хийгдчихсэн байгаа юм. Энэ жилдээ багтвал дахиад шинэ цомог хийх санаа байна. Тэр нь “Madness 5” цомог нь байна. Шинэ цомог стилийн хувьд баригдмал биш. Би өөрөө сонсогч. Өдөр болгон зурагтаар хөгжмийн нэвтрүүлгээр барууны дууг сонсдог. Тэдний стиль нь миний чихийг нүдэж, толгойг угааж байна. Тиймээс жаахан шинэлэг дуунууд хийнэ.

С.АРИУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *