Categories
мэдээ нийгэм

Төмөр замын төсөлд оролцсон компаниуд мөнгөө авч чадаагүй байна

Шинэ төмөр зам төслийн нэгдүгээр шатны буюу Тавантолгой-Сайншандын зүүн чиглэлийн 1100 км зам дээр үндэсний 17 компани оролцож, 5.9 тэрбум төгрөгийн өртөгтэй ажлыг хийж гүйцэтгэсэн ч гүйцэтгэсэн ажлынхаа төлбөрийн 50 хувийг таван жил авч чадаагүй байна. “Геомастер” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Мөнхтогтох “Манай компани Шинэ төмөр зам төслийн хүрээнд геодези, байр зүйн талаас нь оролцсон. Компанийнхаа чадавхиас хамаараад салбартаа хамгийн шилдэг үндэсний 17 компани оролцож, энэхүү ажлыг хийсэн. Ажлаа 2011 оны 2-р сараас эхлүүлээд 7-р сарын 01 гэхэд хүлээлгэж өгсөн. Энэхүү ажлыг хийхэд давхардсан тоогоор 300 орчим хүн оролцсон. Эхний ээлжинд компаниуд төрдөө итгээд, төртэй гэрээ хийгээд өөрсдийн хөрөнгөөр энэ ажлыг хийсэн. Манай салбарынхан эхний 50 хувиа авсан, үлдэгдэлээ аваагүй.2011 оноос хойш тав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Мөнгөө авахаар хөөцөлдөж үзсэн ч улсын эдийн засаг хүнд байна гэдэг ойлгоцоор хүлээцтэй хандаж ирсэн. Хөгжлийн банк болохоор “Төсөвт суугаагүй учраас санхүүжилт олгох боломжгүй” гэсэн. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор“Гарцыг нь яаж олмоор юм бэ дээ. Энэ асуудлаараа эртхэн уулзаж ярих байж дээ” гэсэн” хэмээн ярьж байна.

Харин “Кэй Эйч Эн Ар” ХХК-ийн Ерөнхий захирал З.БаасандоржМанай компани “Геомастер” компанийн координатын дагуу, ажил эрхлэх зөвшөөрлийнхөө хүрээнд 2011 оны тавдугаар сард Баруун-Урт-Сайншанд чиглэлийн 50 км төмөр замын хөрс хуулалтын ажлыг эхлүүлж байсан. Нийтдээ 4.8 тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнтэй хийгдсэн. Эхний ээлжинд үнийн дүнгийн 30 хувиа аваад ажлаа эхлэх ёстой байсан. Гэтэл тухайн үеийн холбогдох яамны сайд, зөвлөхүүд, Монголын төмөр замын удирдлагууд ирж уулзаад “Та нар өөрсдийнхөө бололцоогоор ажлаа эхлүүлчих. Бид хөөцөлдөж тогтоол шийдвэрүүд гаргаж эдийн засгийн асуудлыг шийдээд өгнө” гэсэн. Энэ дагуу л итгээд ажлаа эхлүүлсэн. А.Гансүх сайдад уулзах албан тоот өгсөн. Арав хоногийн дараа “Боломжгүй ээ. Төрийн нарийн бичгийн даргатай уулз” гэсэн хариу өгсөн. Төрийн нарийн бичгийн даргатай уулзах гэтэл гадуур ажилтай байна гэж байснаа “Бодлогын хэрэгжилтийн газрын даргатай уулз” гэсэн. Ер нь бол, яг холбогдох ёстой хоёр хүнтэйгээ уулзаж чадаагүй.. Тухайн үед надтай уулзаж байсан сайд дарга нар сайхан зүйлс ярьж байсан боловч одоо бүгд алга болсон. Уулзахаас зугтааж байгаа. Тухайн үед Монголын төмөр замын дарга Б.Батзаяа, яамны сайд нь Х.Баттулга байсан. Зөвлөхүүд нь н.Доржсугар, н.Ганбат нар байсан” гэж ярьж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *