Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын төр, улстөрчид ард түмнийхээ өлсгөлөн ходоодоор популизм хийж эхэллээ

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийгээд удаагүй байна. Эдийн засгийн хямрал, хүндрэл, ам.доллар, валютын хомсдол, үнийн өсөлт дээд цэгтээ хүрсэн энэ үед иргэд төрөөс их зүйлийг харж байгаа. Гэтэл өмнө нь улс орны амин чухал асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэдэг улиг болсон тэр л жишгээрээ УИХ-ын хаврын чуулган үргэлжлэх нь. Таван толгой дээрээ хүчтэй талцаж таг зогсоож аваад, тийм ч өндөр насалдаггүй иргэдийнхээ тэтгэврийн насыг нэмэх бодлого гаргаж, Олон улсын конвенцид нэгдэн орох тухай, Соёрхон батлах тухай хэд хэдэн ч төслийг ярилцаад ёстой л жижиг сажиг зүйлээр зугаагаа гаргасан шигээ хаврын чуулганы өдөр, хоногийг өнгөрүүлж буй. Засгийн газар нь ч ийм л төсөл, иймхэн л санал санаачилгуудыг оруулан хэлэлцүүлж байна. Хямрал, хүндрэлийг даван туулах бодитой ажил санаачлах нь бүү хэл энэ талаар дуугарахаа ч байлаа.

Эрхбиш сонгууль дөхсөн болохоор гишүүд нь сүүлийн гурван жил очоогүй тойрогтоо очиж иргэд, сонгогчдыг энд тэнд цуглуулж баахан бужигнуулаад ирцгээсэн бололтой. “Ард түмэн минь хэзээ ингэтэл ядуурчихав аа. Тал талх, ширхэг төмсөөр голоо зогоож байгаа юм байна. Дорж гуайн тэтгэвэр нь амин зуулгадаа ёстой хүрдэггүйг мэдлээ. Одоо яах вэ” хэмээн шуугилдаж эхэллээ. Ард түмэн өлөн зэлмүүн байгаа нь үнэн. Энэ үнэнийг УИХ-ын гишүүд сая чуулганы завсарлагаар л олж харсан бололтой. Тэгээд одоо л ярьж эхлэх шинжтэй. Ярихдаа шийдвэртэй нэг ч үг дуугарахгүй нөгөө л популизмынхаа арга барилаар хашгичих төлөвтэй. Ирэх жилийн сонгуульдаа бэлдэж иргэдэд таалагдахын тулд өмнөөс нь өлсөхөд ч бэлэн байгаа мэтээр аяглаж байна. Хэдийгээр улстөрчдийн ярианд популизм, хийрхэл байгаа ч өлсгөлөн, гуйланчлалтай нүүр тулж, байдал хэцүүхэн байгаад санаа зовниж эхэлжээ.

Тухайлбал өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг чуулганы индэрээс ингэж ярьсан юм. “Улсын хэмжээнд 238 мянга 400 ахмад бий. Түүнээс 96 мянга 900 ахмад нь 230 мянган төгрөг буюу хамгийн доод тэтгэвэр авч байгаа. Саяхан шийдвэрлэсэн тэтгэврийн нэмэгдэл 22 мянган төгрөгийг нэмээд 230 мянгыг авч байгаа юм шүү. Ахмадууд тэтгэвэр аваад эхний арав хоногт нь махтай хоолоо иддэг. Сүүлийн 20 хоногт өлсч үхэхгүйн тулд цувдай, шар будаагаар голоо зогоож байна” хэмээн ярьж байсан.

Ер нь 2012 оноос хойш Засгийн газар хоёр удаа тэтгэвэр нэмлээ. Тэтгэвэр нэмчихлээ гээд ам таглаад байгаа боловч 2012 оноосоо ч буурчихсан байна гэж би харж байгаа. 2012 онд тэтгэврийн доод хэмжээ 180 мянга 300 төгрөг байсан. Үүнийг тэр үеийн ам.долларын ханшаар шилжүүлбэл 129 ам.доллар болдог байсан. Харин өнөөдөр 230 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Энэ нь 116 ам.доллартай тэнцэж байна. Талхаар тооцоод үзэхэд л ямархан хэмжээнд буурсныг харж болно. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2012 онд талх 600 төгрөг байж. Харин одоо талх 1100 төгрөгт аль хэдийнэ хүрчихэж. Ахмадууд 180 мянган төгрөгөөрөө 2012 онд 300 ширхэг талх авч болдог байсан юм. Гэтэл одоо 230 мянган төгрөгөөр 200 ширхэг талх худалдан авч байна. Гурван жилийн өмнөхөөсөө 100 талх дутуу идэж байна, тэд. Бас цэргийн албан хаагчдын тэтгэвэрт цолны нэмэгдэл ордог юм байна. Гэхдээ насаараа хурандаа цолтой цалин өндөр, хангамж сайтай явсан хүмүүст л тэтгэвэрт гарахад нь цэргийн албан хаагчийн цолны нэмэгдэл гэж өгдөг. Бусдыг нь хохь чинь гээд үлдээдэг” хэмээж байв. Зөвхөн талх ч бус бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ өсч иргэдийн худалдан авах чадвар ингэтэл буурчихаад байгаа. Л.Эрдэнэчимэг гишүүний яриагаар гурван жилийн дотор тэтгэврийн насныхны идэх хоолноос 100 талх сох дутжээ. Энэ бол төр барьж буй хүмүүсийн чанар ямар байгааг илэрхийлж байгаа хэрэг.

УИХ-ын гишүүдийг ингэж ярихтай зэрэгцээд импортлогч, үйлдвэрлэгч эзэд ч сурталчилгааны хэлбэрээ өөрчлөөд байгаа. Өмнө нь хүнсний чанарыг дээд зэргээр хангасан гэж бүтээгдэхүүнээ рекламддаг байсан бол одоо чанарын тухай дурсахаа ч больжээ. Энэ талх өмнөхөөсөө илүү том хэрнээ арай хямд гэх мэтээр хүмүүсийн тархинд хүргэх бус ходоодоор нь даллах сурталчилгаа давамгайлж эхэлсэн байна. Амттай чанартай гэхийн оронд та бүхэн цадна гэдэг болчихож. Хүнсний бүтээгдэхүүний зөв хадгалалт, аюулгүй байдал ч бүр орхигдож гүйцлээ. Ирэх долоо хоногт үйлдвэрлэсэн огноотой талх, нарийн боов, боловсруулсан махан бүтээгдэхүүнүүд өнөөдөр зарагдаж байх нь байдаг л зүйл болчихож. Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг ч хямд л гэвэл хүмүүс булаацалдаад л авч байна.

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг төрийг бүрдүүлэгч нам хүчин, улстөрчдийн энэ их талцал дунд иргэдийн амьдрал ингэж хохирч, сүйрчихээд байна. Шийдэл харагдахгүй байгаа учраас иргэд өмнө нь хэзээ ч ярьдаггүй байсан зүйлсээ ярьж эхэлжээ. “Энэ УИХ-ыг тарааж ээлжит бус сонгууль явуулъя” хэмээн 1990 оноос хойш сонсогдоогүй үгс ч чих дэлсч эхэллээ. Ямар ч үнээр хамаагүй төрд гарахын тулд уул уурхайгаас хүн бүрт ашиг, ногдол өгнө гэсэн популизмынхаа балгийг баллуурдах тухай огт ярихгүй байгаа учраас эцэст нь ийм арга хэмжээ байдгийг иргэд сануулж эхэлсэн нь энэ байх.

Одоо ард түмнийхээ өлсгөлөн ходоодоор нь популизм хийгээд орхилгүй арга хэмжээ аваасай. Хүмүүс гэдэс цатгалан, мөр бүтэн байж л улсдаа юу хийж өгч чадах вэ гэдгээ бодож сэтгэдэг юм гэсэн.

Л.МӨНХТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *