Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гоёор дүүрэн айл

О.Туяа гэртээ хүүхдээ хардаг жирийн л нэг эзэгтэй. Дөнгөж ой гарч яваа охиноо харах зуураа 300 гаруй хүүхдийг мэндлэх хүндлэх, хүн байх ёсонд сургачихсан, цаашдаа ч хүүхдэд анхаарсан ажлаа өргөжүүлэх сонир­­холтой нийгмийн идэвх­тэй ээж. Хоёр хүү, нэг охинтой энэ айлын эзнийг Б.Бүрэнээ гэдэг. Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул. Монголдоо Шашны дээд сургууль дүүргэсэн, шашны чигийн хүн. Эднийх “Соёлоор гийгүүлэхүй” гэдэг төрийн бус байгууллага ажиллуулдаг. Олсон хэдээ ном, соёлын ажилд зарцуулдаг гэж ойр дотнынхондоо хүндлэгдсэн Б.Бүрэнээгийнд өнжсөн юм. Амралтын өдрийн өглөө “Могул таун”-ыг зорилоо. Гэрийн эзэгтэй хаалгаа тайлж өгөв үү үгүй юу л цаад өрөөнөөс хоёр хүү нь гарч ирж мэндэлцгээв. Зочны өрөөнөөс том, жижиг модон шоголтой хуучны судрууд хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Эзэгтэйн аавын урласан майга хөлтэй модон ширээ, сувинер голдуу өрсөн ханын шүүгээ, буйдантай энэ өрөөнд яриа хөөрөө эхлэв.

Гэрийн эзэн Б.Бүрэнээ удахгүй гарах ажилтай гэнэ. “Та нарыг ирэхээр уулзчихаад гарах санаатай сууж байлаа” гэсээр яриагаа эхлэв. Ер нь их дуу цөөтэй хүн юм. Аавын ажил өглөө хүүхдүүдээ хүргэж өгөхөөс эхэлдэг гэнэ. Хөвгүүдийг нь Билэгт-Очир, Сүлд-Очир гэдэг юм байна. Хоёр, тавдугаар ангийн сурагчид. Саяхан Япон руу Далай багшийн номлолд суугаад ирэхдээ хоёр хүүгийнхээ захисан “Doraemon” гэдэг хүүхэлдэйн киноны цувралтай холбоотой зүйлсийг л авчирчээ. Эднийх эзэгтэйн бодлогоор интернэтгүй аж төрдөг юм байна. О.Туяа “Манай хүн Японд хэд хонохдоо хөвгүүдээ санаад жигтэйхэн юм болсон. Огт уурладаггүй хүн чинь хүүхдүүд рүүгээ холбоо барьсангүй гэж бухимдаад. Интернэт тавиулаагүй гэж ирээд хааяа дургүйцдэг л юм. Wi Fi-тай байх сайн биш гэсэн үзэлдээ үнэнч байгаа. Интернэтээр ямар ч шүүлтүүргүй мэдээлэл их цацагддаг. Манайх DDISH-тэй. Бороо орохоор тасарчихдагийг эс тооцвол болоод л байдаг юм” гэж хэлээд хөгжилтэй инээлээ. О.Туяа нөхрөө “та” гэж хүндлэн дуудах юм. Гэрийн эзэгтэй биднийг ногоон цай, жимс, салатаар дайлангаа “Манай хүн чинь гаднаа хүүхдүүдээ хайртай энэ тэр гэж эвийлээд сүйд болохгүй. Хайраа үйлдлээрээ үзүүлдэг. Сая гэхэд л аавынх нь авчирсан бэлэг манай хоёрт их таалагдсан. Хорвоо дээрх хамгийн сайн хүн, аврагч, хамгаалагч, түшиг гэдгийг л хүүхдүүддээ ойлгуулсан хүн дээ. Манай хэд чинь аавдаа амь. Бага охин хүртэл ааваа л гэнэ. Ээж гэдэг үг байхгүй шүү. Өдөржин харж байхад гээд хааяа аавд нь “гомдоллодог” юм” гэж ханиа магтаад авав.

Гэрийн эзэгтэй юм асуухаар ганц, хоёр үгээр хариулаад дуугүй суух нөхрөөсөө санаа зовсон уу “Манай хүн чинь дуу цөөнтэй. Ямар сайндаа Баасаа бид хоёр Бүрэнээ шиг болохын тулд бясалгал хэрэггүй гэдэг юм” гээд томоо чемодан авчирч дэлгэлээ. Баасаа гэдэг нь “Хайрлаарай” дуугаараа цахим ертөнцөд танигдсан Эрдэнэ зуугийн хамба Х.Баасансүрэн лам. Гэрийн эзэнтэй шашны сургуулийн нэг анги гэнэ. Бүрэнээ, Туяа хоёрын дотнын найз юм байна. Эзэгтэйн чемоданаар дүүрэн бичиг цаас. Зүрхэн хэлбэртэй цаасан дээр “Туяа эгчдээ” гэж ирээд эхэлсэн сэтгэгдлүүд өчнөөн харагдав. “Ёс зүйт зөв хүүхдийн есөн дадал” гэсэн жижигхэн ном ч нэлээд байна. Биднийг О.Туяагийн хэрэгжүүлж байгаа хүүхдийн хөтөлбөрийн талаар яриа дэлгэх үеэр гэрийн эзэн ажилдаа яарсаар гарч одсон юм. О.Туяа нөхрөө гарсны дараа “Манай хүнд хагас сайнд амарна гэсэн ойлголт бараг байхгүй шүү. Ер нь гэрт сууж амарна гэсэн ойлголт бидний насны хүмүүст байхгүй л бол зүгээр юм шиг санагддаг. Би гэр бүлийнхээ хүнийг амралтын өдрөөр заавал хамт бай гэдэггүй. Эр нь эрийнхээ, эм нь эмийнхээ ажлыг хийчихэд л айл гэр өөдлөөд ирнэ гэж боддог” гэв.

Туяа эхлүүлсэн ажлынхаа талаар “Миний хоёр хүү таксинд суусан ч, хаана ч явсан хүнтэй мэндэлдэг юм. Нэг удаа манайд орж ирсэн хүн хөвгүүдээ яаж хүмүүжүүлсэн юм бэ, мэнд мэдээд сүрхий юм гэхээр нь эхлээд гайхсан л даа. Гэтэл олонх хүүхэд мэндэлж сураагүй байдаг юм билээ. Тэгээд л уншиж судалснаа бодож “Ёс зүйт хүүхдийн есөн дадал” хөтөлбөрөө боловсруулсан юм. Би өмнө нь Багануурын уурхайд удирдах ажил хийж байхдаа ажилтны сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх чигийн арга хэмжээ их зохиодог байлаа. Тэр үед нэгэнт тогтчихсон араншин, үзлийг өөрчлөхөд бэрх юм гэдгийг мэдэрсэн. Одооны эцэг, эхчүүд завгүй гэсэн үгээр хүүхдэдээ анхаарахаа больчихож. Монголын ирээ­дүйг хүмүүжүүлж байгаа хүн алга болсонд харамсдаг. Миний хүүхдүүд гэр бүлийн тогтсон соёлоороо хүнтэй мэндэлдэг, хэн нэгэнд тусалж сурсан байж болно. Гэтэл миний хүүхдүүдийн амьдрах тав, арван жилийн дараах ирээдүй тийм биш харагдаж байна. Би хөвгүүддээ хүнээс юмаа харамлаж болохгүй гэж сургадаг. Тэгэхээр, ма­най ангийнхан юмаа харам­ладаг шүү дээ ээжээ, би ч гэсэн өгмөөргүй байна гэсэн хариу хэлж байгаа юм. Хүү­­гийнхээ ангитай ажил­ласан. Нийслэлээс гадна хөдөөний хүүхдүүдтэй ажил­лалаа. Хотынхныг бодвол ёс суртахуун нь унаагүй байд­гаараа хөдөөний хүүхдүүд өөр л дөө. Тэр утгаараа ёс зүйн зөв дадал олгох хөтөлбөрт хамруулахад илүү хялбар байна” гэж ярилаа.

Туяа хөтөлбөрөө 5-8 дугаар ангийн хүүхдүүдэд сарын хугацаатай хэрэгжүүлжээ. Сургуулиудаас нэг, хоёр анги сонгож аваад хэрэгжүүлдэг юм байна. Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Орхон” цогцолбор сургуулийн 5-9 дүгээр ангийн бүх сурагчид хөтөлбөрт хамрагдаж эхэл­жээ. Удахгүй Өвөрхангай аймаг даяар хэрэгжүүлэх бо­долтой байгаа гэнэ. Хөтөл­­­бөр нь их энгийн юм. Жижигхэн ном, хүснэгттэй самбар, самбар дээр наах смайл гээд л болоо. “Эрүүл биетэй, саруул ухаантай, сайн зан чанартай, зөв ёс зүйт хүүхдийн хэвшүүлэх есөн дадал” гэсэн гарчигтай самбар хэвлүүлчихэж. Зөв хувцаслалт, зөв үнэлгээ, зөв хөдөлмөр амралт, даалгавраа хийх, ном уншиж ойлгох, анхаарлаа төвлөрүүлэх, мэндлэх-хүндлэх-талархах-уучлах, ширүүн үг хэлэхгүй-худал хэлэхгүй, бусдад туслах гэсэн есөн дадлыг жагсаажээ. Даваагаас ням хүртэл дадал бүр дээр ямар амжилт гаргас­наа хүүхэд өөрөө дүгнэх гэнэ. “Би чадсан”, “би хичээсэн”, “оролдсон” гэсэн бичигтэй смайлуудыг нааж дүгнэдэг юм байна. Хамгийн сүүлийн хүснэгтэд нь аав, ээж нь үнэлгээ өгнө. Мөн л гэрлэн дохионы гурван өнгийн смайл наана. “Сайн хүүхэд”, “хичээгээрэй”, “амжилт” гэсэн бичигтэй. Ном, самбар, смайл хэвлүүлэх зардлыг өөрсдөө гаргадаг юм байна. Зөв хооллолтыг хүртэл хөтөлбөртөө оруулж өгсөн нь сонирхол татав. Гэр хорооллын хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулах үеэр бэлэн гоймон их иддэг нь анзаарагджээ. Хор хохирлыг нь тайлбарлаад өгөхөөр тусгаж авахдаа сайн байдаг аж. Хөтөлбөрт хамрагдсан зарим сургуулиуд бүр хоолныхоо газар өнгөтэй ундаа гэх мэт буруу хүнс зарахаа больжээ. Дэлхий даяар ёс суртахуунд анхаарч эхэлсэн гэнэ. Тогтсон араншинтай том хүнтэй харилц­санаас хүүхдээр нь дамжуулж ёс суртахуунд нь нөлөөлөх хандлага цэнхэр гаригт давамгайлж байгаа аж. О.Туяа “Хүүхдүүдтэй ажиллах ямар аз жаргалтай, гэгээлэг байдаг гэж санана. Хүүхэд юмыг их гоёор, тодорхой төсөөлөл багатайгаар хүлээж авдаг. Том хүн бол өөр. Нэг зүйл ярихаар өөрийнхөө үзлээр төсөөлж хүлээж аваад байдаг. Бодол нь зөв хүүхдийн үг яриа, үйлдэл нь зөв байна. Үг яриа, үйлдэл нь зөв бол амьдралын хэвшил нь зөв болно гэж үздэг. Манай хөтөлбөрийн зорилго ерөөсөө энэ. Хөтөлбөртөө аав, ээжүүдийг оролцогч болгодог. Монголчууд аав минь тэгж сургасан гэж ярьдаг болохоос хэн нэг мэргэн хүний үгээр хүн болсон гэдэггүй улс” хэмээн ярилаа. Богдыг хаанаар залсан Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын өдрөөр хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдээБогд хааны ордон музейд авчирч илтгэл тавиулжээ. Хүүхдүүдийг сонссон хүмүүс нь Д.Чойжамц хамба, Ардын жүжигчин Н.Сувд, нийтлэлч Б.Цэнддоо зэрэг мундагчуул байж. Хүүх­дүүд ч тэдэнтэй зургаа татуулаад сүйд болсон гэнэ. Туяа хүүхдүүдийн талархлын үгтэй зурвасуудыг харж сууснаа“Магадгүй аль нэг улстөрчийг аваачсан бол хичнээн сайн хүн байсан ч хүүхдүүд сайнаар хүлээж авахгүй. Аав, ээж нь орой бүр зурагтаар харж муулаад байгаа хүнийг хүүхэд шууд тэр утгаар нь л хүлээж байна. Томчууд хүүхдүүдийнхээ загвар болгож үлгэрлэн дуурайх баатруудыг хүртэл нийгмээс устгаад байна л даа. Бидний үед том хүн бүр мундаг, зурагтаар гарч байгаа хүн болгон од байсан. Гэтэл бид одоо хүүхдүүдийнхээ сайхан төсөөлөл, эрүүл сэтгэлгээг өөрсдөө устгаад байгаа нь харамсалтай” гэж ярилаа. Сонирхуулж хэлэхэд энэ хөтөлбөрийг зөвлөж хянасан хүн нь Д.Чойжамц хамба юм байна. Буддын шашны сургаал, номлол дээр үндэслэж хийгдсэнээрээ онцлог хөтөлбөр гэж О.Туяа ярьж байв.

Гэрийн эзэгтэй “Буддын шашин бол Монголын соёлд суучихсан. Шашин гэхээс илүү шинжлэх ухаанд асар ойрхон гэдгийг нь дэлхий дахин хүлээн зөв­шөөрдөг. Холливудын дийлэнх ододбуддын шашныг сонгож байна. Дэлхийн оюун ухааны том хурлуудад Далай багшийг уриад байхад шашин соёлоос суралцахгүйгээр, буддын шашин соёл дээр суурилахгүйгээр ёс суртахуун ярина гэдэг утгагүй. Хүүх­дийнхээ хөтөлбөрт түлхүү анхаарна гэж бодож байна. Хүүхдээр дамжуулж л энэ нийгмийг өөрчлөх боломжтойг олж харсан. Би нийгмийг шүүмжлэхийг хүсэхгүй. Өөрчлөхсөн л гэж хүсдэг. Хүнийг хүн болгоно гэдэг хамгийн том ажил юм билээ. Түүнээс биш улсаас төчнөөн төгрөг авч, өчнөөн тэмдэг зүүсэн гэдгээр үнэлэгдэхгүй байх. Үр хүүхэд нь ямар байна, эцэг эхээ хэр ачилж байна гэдгээс л хүн болсны гавьяа үнэлэгдэх юм байна гэж боддог” хэмээн яриа дэлгэлээ. Зөв хүүхдийн хөтөлбөрийн талаар бараг хоёр, гурван цагийн яриа өрнүүлэв.

Гэрийн эзний аав, ээж Төв аймгийнх бол эзэгтэйн аав нь Хөвсгөлийнх, ээж нь Сүхбаатарынх юм байна. Эдний гэрт байх уран хийцтэй гүнгэрваанууд аавынх нь бүтээл юм байна.

Зочдын өрөөний хойморт байрлах модон шоголтой хуучны судрууд сонирхол татаад суулгасангүй. Эзэг­тэйгээс номын хэсгээс сонир­хуулахыг хүсэхэд томоо гэгчийн зургийн цомог сонирхуулав. Хуучны ном, судрынхаа зургийг авч тайлбар хийгээд хадгалчихаж. Зочны өрөөний нэг талын хананд том, жижиг модон шоголуудыг давхарлан өрсөн нь содон харагдана. Модон шоголд хадгалсан номын чанар мууддаггүй гэнэ. Өндөр гэгээний соёмбо үсгээр бүтээсэн Жанлав Цогзол номыг гүнгэрваанд залжээ. Занабазарын дүрийг голд нь бүтээсэн мөнгөн суурь бүхий энэ судрыг орчин цагт бүтээжээ. Эднийд 400 жилийн настай Энх амгалангийн Жадамба судар ч байна. Тусгайлж боловсруулсан муутуу цаасан дээр есөн эрдэнийн нухмалаар бүтээдэг хар ном ч байгаа аж. Гэрийн эзний бүтээлгэсэн судрууд ч номын хэсэгт хэд хэд харагдав. Гэрийн эзэгтэй “Ном бүтээлгэнэ, хуучны ном судрыг эрхэмлэн хадгална гэдэг сэтгэлийн их таашаал өгдөг. Ном гэдэг нэг талаасаа соёлын бүтээл, нөгөө талаас тусгаар тогтнолын бэлгэдэл. Алт, мөнгөөр ном бүтээлгээд эхлэхээр шуналаас ангид болчихдог. Гоё алтан ээмэг аваад зүүчихье гэсэн бодол надад байдаггүй. Надад, гэр бүлд минь биш Монголд үлдэхүнэ цэнтэй зүйл хийлээ гэсэн бодлоосоо урам авч амьдардаг” гэж бодлоо хуваалцлаа.

Зочны өрөөний ханаа бурхан багш, Далай ламын хөргөөр гоёжээ. СУИС-ийн төгсөх ангийн оюутнаар тугалын арьсыг хөөмөлдөж бүтээлгэсэн гэнэ. Ханын шүүгээнд өрсөн сувинеруудээс шармал савтай тамга, жижиг цагаан хөөргийг нандигнадаг аж. Шармал савтай тамга нь Богд хааны тамганы хуулбар юм байна. Жинхэнээсээ ялгарах юм алга. СУИС-ийн оюутны энэ бүтээл Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын өдрөөр эднийд иржээ. Гэрийн эзэгтэй“Буддын шашинд шүтэн барилдлага гэж бий. Би мундагтаа амьдралыг бүтээгээгүй. Орчлон дээр дан ганц бусдаас хамаарахгүйгээр оршин тогтнодог юм гэж огтоос байхгүй гэсэн хандлага л даа. Энэ тамгыг би шүтэн барилдлага талаас хараад байдаг юм. Богд хааны талаар зөв мэдээллийг ний­гэмд хүргэхсэн гэсэн бидний хүслийн үр байх гэж бэлгэшээдэг” гэж ярилаа. Бүрэнээгийн гэр бүл Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдрийн үнэ цэнийг таниулах ажилд бүр эхнээс нь гар бие оролцож иржээ. Тусгаар тогтнолын өдрөөр гардаг ном судрын үзэсгэлэнд гэртээ байгаа судруудаа шогол, гүнгэрваатай нь аваад очдог гэнэ. О.Туяа “Богдыг миний үеийнхэн киноноос өвчинд баригдсан учраа мэдэхгүй сохор түвд гэдгээр хардаг байсан. Гэтэл энэ хүн өнөөгийн бидний эдлээд байгаа эрх чөлөөг хамгаалж бий болгоход том оролцоотой байсан. Үнэхээр бахархмаар. Тэр ч утгаараа 12 дугаар сарын 29-ний өдрийн үнэ цэнийг олонд ойлгож мэдрүүлэхийг хичээдэг” гэж ярилаа.

Туяа “Эрдэнэ зуу” хийдийн хамба лам Х.Баасансүрэнтэй хамтарч “Энх тунх Эрдэнэ зуу” гэсэн гэрэл зургийн ном хийжээ. Тэр үеэр Х.Баасансүрэн хуучин жижиг цагаан хөөрөг бэлэглэсэн аж. Эрдэнэзуу хийдийг том хүрээ байхаас нь эхлээд устах үеийнх нь түүхийг харуулсан сонирхолтой ном юм. “Манай Баасаагийн дуулсан “Хайрлаарай” дууг youtube-ээр өчнөөн зуун хүн үзсэн байна лээ. Хүний үнэн бодит нүүр гэдэг тэр л дээ. Бүгдийг энэрсэн, нинж агуулсан дүр төрх маань мартагдсан учраас тийм олон хүн үзсэн хэрэг.Цаад ухамсраас нь өдөөгөөд байсан учраас л тэр дууг тийм олон хүн сонссон байх. Манай Баасаа чинь мэдрэмжин дээр тулгуурласан бясалгал их заана” гэж найзынхаа тухай жаал ярив. Эрдэнэзуугийн хамба лам долдугаар сарын дунд хүртэл бясалгахаар ууланд гарчээ.

Номын өрөөгөөр нь орлоо. Өрөөний үүд хавьцаа торгоор урласан солонгос эмэгтэйн томоо гэгчийн хөрөг байна. Бурханч лам Пүрэвбат охинд нь бэлэглэжээ. Хойд солонгосчуудын урла­сан бү­тээл аж. Эдний гэр бүл Пүрэвбаттай ойр харил­цаатай байдаг гэнэ. Ирэх намраас том хүүгээ Аглагийн хийдэд сургахаар шийджээ. Бурханч лам арав гаруй хүүхдийг соёлын өвийн чигээр бэлдэхээр болж. Бүрэнээгийнх том хүүгээ соёлын өвийг хамгаалах, үнэлэх, цэгнэх чигийн хүн болгохоор шийджээ.

Номын өрөөний хоёр ханаар нь битүү ном. Орчин цагт бүтээсэн Сандуйн жүдийн хураангуй нүд унамаар бүтээл ажээ. Жинхэнэ хөөмөл гэнэ. Бурхан багшийн хийц нь гайхалтай гэж эзэгтэй сонирхуулав. Бурхан багшийн гарт байх бадар аяганы шигтгээ гэхэд л болор юм байна. 55 кг алт, мөнгөөр бүтээсэн, Сандуйн жүд дэлгэм­лээрээ Төв номын санд бийг уншигчид андахгүй байх. Шашин, түүхийн номууд голдуу номынх нь санд Бүрэнээ, Туяа хоёрын бүтээсэн бурханы шашны сургааль үлгэрүүд бүхий хэд хэдэн CD харагдав.

Зочдын өрөөнд эхлүүлсэн “Энх тунх Эрдэнэ зуу” номын тухай яриа энд ч өрнөлөө. Эзэгтэй Эрдэнэзуугийн сүйрсэн үеийг ярих бүрдээ “Харамсалтай” гэж толгой сэгсэрнэ. “Бид үзээгүй л болохоос аймшигтай цаг үеийг туулсан. Асар их соёлын өв устгагдсан. Нэг хүний номыггэхэд хэд хоног самарч шатаасан гэдэг”,“Хүрээ цам дээр ирсэн гангацуулын хувцсыг хар даа. Гайхалтай байгаа биз. Харанхуй бүдүүлэг, ядарсан зүдэрснээ гайхаад байдаг. Ганц хоёр зураг харвал тийм биш гэдэг нь харагдахаар байгаа биз”, “Америкийн дэд ерөнхийлөгч ирээд “Танайх уламжлалт шашин соёлтой газар. Хийд орноор чинь очъё гэсэн юм билээ. Яг тэр үед Улаанбаатараас Эрдэнэзууг нураалгахаар танкийн цуваа хөдөлгөх гэж байсан гэдэг. Тэгээд зогсоож байсан юм билээ” гэх зэргээр Эрдэнэ зуугийн түүхийн номноос үүдсэн яриа хөөрөө хэсэг хугацаанд өрнөлөө.

Хүүхдүүдийнх нь өрөөгөөр орлоо. Хоёр хүү нь хичээлээ хийж дууссан бололтой, гадаа гарч тоглохоор бэлдэж байв. Хоёр ахыгаа хувцсаа өмсөхийг харсан Номундара охин дагаад сүйд. Чанга дуугаар уйлж гарав. Охин ах нарыг нь дагуулж гаргаагүй ээждээ хэсэг туниад чихрийн таваг зэрэг өөр зүйлсэд сатаарч эхэллээ. Бидний яриа мөн л хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн үнэ цэн сэдвээр үргэлжлэв. Сүүлийн үед Америкт хүүхдийн бясалгал их түгж байгаа гэнэ. Бясалгалаар хүүхдүүдээ хичээллүүлсэн нэг сургуулийн амжилт илт гойд байсныг судалгаагаар баталчихаж. Тэр сургууль хүүхдүүддээ хичээл эхлэхээс цагийн өмнө бясалгал болон тайвшралын цаг гаргадаг байж. О.Туяа “Амьсгалын дасгал бясалгалын анхны шат л даа. Хүн хэдэн мянган бодлоо ажиглаж чаддаггүй. Бясалгал гэдэг бодлоо ажиглаж хянаж ухамсартай болох л процесс” гэж сонирхуулав. Хөтөлбөрөө хэрэгжүүлэх явцдаа хүүхдүүдээр амьсгалын дасгал хийлгэхэдүр дүнгээ өгсөн гэнэ. Зарим хүүхэд бүр “Унтаж амарсан юм шиг сайхан боллоо” гэсэн сэтгэгдэл хэлжээ. Сайн үйлс хийдэг фэйс группын нэг охин саяхан холбогджээ. Захын хорооллын хүүхдүүдэд хөтөлбөрийг нь хэрэгжүүлье гэсэн санал тавьсан гэнэ. Хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээрээ яамнаас ч юм уу, төрийн байгууллагаас дэмжлэг хүссэн эсэхийг лавлахад О.Туяа “Албатай юм шиг дэмжлэг гэж байхаарчадах хэрээрээ жаахан ч гэсэн өөрчлөлт гаргаж бололцоогоороо зүтгэвэл аяндаа болж бүтнэ дээ” гэснээс өөр зүйл хэлсэнгүй.

Эдний хүүхдүүд өдөрт нэг л цаг зурагт үзэх нормтой. Зургаан цагаас 25 дугаар телевизээр гардаг “Doraemon” гэдэг хүүхэлдэйн киног гэр бүлээрээ сууж байгаад үздэг гэнэ. Гэрийн эзэгтэй хөвгүүдийнхээ дуртай киног “Хүмүүжилд нь хэрэгтэй” гэж оношилжээ. Хөвгүүдийн гар утсан дээрээ татсан тоглоомоор тоглох хугацаа нь ч цагтай аж. Хоёр хүү нь 15-20 минут тоглох эрхтэй. Хагас сайн өдөр жаахан эрх чөлөөтэй байдаг гэж ээж нь тайлбарласан. Бүтэн сайн өдөр хичээлийн бэлтгэл энэ тэр гээд хөвгүүдийн эрх чөлөө “хумигддаг” гэнэ.

Гэр бүлийн үнэ цэнийн тухай урт ярианаас “Нөхрөөсөө юм нэхэж, тэгэх ингэх ёстой гэсэн яриа сонсохоор хэлэх үг олддоггүй. Аль аль талдаа тодорхой хэмжээгээр бие даасан байх хэрэгтэй. Хэн хэндээ ачаалал өгөхгүй бол амьдрал амархан болчихдог юм билээ. Сонирхол нэгтэй бол их гоё. Бид хоёрын сонирхол нэг. Бие биенийхээ ажлыг байнга дэмжиж ойлгоно. Би хүүхдүүдийнхээ талхны мөнгөнөөс авч хөтөлбөрөө санхүүжүүлье гэхэд манай хүн ойлгохгүй бол хэцүү”, “Эр хүн яг л хүүхэд шиг. Та гээд хүндэтгээд байвалцог золбоо хийморьтой явна. Эр арслан ангаа олж, эм арслан хуваадаг байгалийн хууль бий. Байгалийн хуулиа сөрөөд, эмэгтэйчүүд хэт бие даасан байдлаа тодотгоод эхлэхээройлголцоходхэцүү болдог шиг санагддаг”, “Манай хүн шашны хүн. Би уул уурхайн инженер. Яг энэ соёлыг ойлгоод ийм зүйл хийнэ гэдэг манай хүний нөлөөлөл л дөө. Соёлыг зүрх сэтгэлээрээ ойлгож судлах болсон хамгийн том нөлөөлөл миний ханийнх”, “Миний хань хүнд туслах чин хүсэлтэй. Хүнийг их сайхан хүндэлнэ тэр утгаараа хүнээс хүндлэл хүлээдэг. Хүний эвийг олохдоо их сайн” зэрэг сэтгэлд үлдэхээр үгс олон байлаа.

Туяатай өдөржин ярьж өнжихөд “Гоё” гэдэг үгийг олон сонслоо. Хүүхдүүдийг мэндлэх хүндлэхэд сургах ажлыг хувиасаа мөнгө гаргаж эхлүүлсэндээ, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж байгаадаа, олсон хэдийнхээ ихэнхээр ном бүтээлгэдэгээ “гоё” гэх юм. Биднийг үдэхдээ ч“ Би гоё гэж хэлэх их дуртай. Ер нь манайх гоёор дүүрэн айл шүү. Өгч, тусалж, ном бүтээж амьдарна гэдэг үгээр зүйрлэх аргагүй гоё мэдрэмж өгдөг” гэж хөгжилтэй инээнэ лээ.

Ц.БААСАНСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *