Categories
мэдээ улс-төр

Аж үйлдвэрийн сайд Багануур дүүрэгт ажиллаж байна

Засгийн газар Багануур дүүргийг Шинжлэх ухаан технологийн хот болгох зорилт тавьсан. Мөн саяхан Багануурын цахилгаан станцын хүчин чадлыг 700 мвт-аар нэмэхээр болж, концессын гэрээг талууд байгуулсан. Багануурын нүүрсний уурхайг өргөтгөх ажил бас хийгдэх аж. Энэ бүхэнтэй Аж үйлдвэрийн сайд биечлэн танилцахаар өнөөдөр Багануур дүүрэгт ажиллаж байна.

Тэрээр яг одоо Багануур дүүргийн иргэдтэй уулзалт хийж байгаа бол түүний өмнө төрийн албан хаагчидтай уулзлаа. Мөн Багануур дүүргийн 125 дугаар дунд сургууль, Эрүүл мэндийн төвийн ажил байдалтай танилцсан юм.

Багануур дүүргийг Шинжлэх ухаан технологийн хот болгох зорилт тавьсныг иргэд талархан дэмжиж, ажил хэрэг болгохыг чухалчилж байна. Учир нь С.Батболдын Засгийн газар тус дүүрэгт оюутны хотхон байгуулах шийдвэр гарснаас хойш үндсэндээ дөрвөн жил өнгөрөхөд хийгдсэн ажил байхгүй. Тухайн үед газрын үнэ өссөнөөс өөрөөр юм болоогүй аж.

Аж үйлдвэрийн сайдтай хамт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд ажиллаж байгаа юм. Төрийн албан хаагчидтай хийсэн уулзалтын үеэр Шинжлэх ухааны паркийн барилгын ажил энэ онд эхэлнэ гэв.

Сайд Д.Эрдэнэбатын орон нутаг дахь ажлын томилолт маргааш ч үргэлжилнэ. Энэ үеэрээ Багануурын нүүрсний уурхайн ажилтай танилцах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *