“Улаанбаатар Хөрөнгө оруулалт 2015” форум Нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Найрсаг Улаанбаатарын тухай ярихдаа ”Улаанбаатар хот 2020 онд 3 сая, 2030 он гэхэд 5 сая жуулчин авах зорилго тавьж байгаа. Тиймээс нэн түрүүнд дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах зэрэг ажлуудыг хийж байна” гэж онцоллоо. Харин “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн зөвлөх Н.Зориг илтгэлдээ “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр бол Улаанбаатар хотыг орчин үеийн хот болгох гол хөтөлбөр юм. Энэ бол зарим хүмүүсийн ойлгодог шиг зөвхөн мэдээллийн технологийн хөтөлбөр биш. 2026 онд ойролцоогоор дэлхий дээр явагдах нийт төсөл хөтөлбөрийн гуравны нэг нь ухаалаг төхөөрөмж ашиглан хийгдэнэ. Тийм болохоор ухаалаг дэд бүтцийг байгуулахаар зорьж байна. Ухаалаг систем нь төрийн ажиллагаанд цоо шинэ өөрчлөлт авчирна. Улаанбаатарын харьяа төрийн бүх байгууллагыг нэг системээр холбох ажлыг ирэх 5, 6 дугаар сард багтаан нэвтрүүлнэ. Улаанбаатар болон, төрийн бүх үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлж иргэддээ үйлчилнэ” хэмээн ярьсан юм.
“Худалдан авалт, шилэн тендер” сэдвээр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт илтгэл тавьсан юм. Тэрбээр “Худалдан авалтын тогтолцоог сайжруулж, ил тод байдлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Хувийн хэвшлийн байгууллагууд тендерт оролцоход дэмжлэг үзүүлж зөвлөн туслах ажлыг хийж байгаа. Нуулгүй хэлэхэд хөрөнгө оруулалтын явц удаашралтай байна гэсэн шүүмжлэлүүд их гардаг. Тендерийн явцад үнэлгээний хороо бүх мэдээллийг ил тод зарлаж, бүх оролцогчдын мэдээллийг нээлттэй харуулж байгаа. Нийслэлд сүүлийн жилүүдэд гарч байгаа барилгын ослуудтай холбоотойгоор тендерт оролцогч компаниудаас бүх ажилчдаа гэнэтийн ослын даатгалд хамруулахыг шаардаж байгаа. Манай тендерүүд нээлттэй шударга явж байгаа гэдгийг ам бардам хэлж чадна” гэлээ.
“Хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр” сэдвээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа илтгэлдээ “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд өндөр өртөг бүхий 20 орчим төсөл хөтөлбөр байгаа. Эдгээр төслүүдэд хөрөнгө оруулахыг хувийн хэвшлийнхнээсээ хүсч байна. Орон сууцны хорооллын 20 байршилд хэсэгчилсэн ногоон байгууламж шинэчлэх төсөл хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотод Баянхошуу, Сэлбэ гэсэн хоёр дэд төв байгуулахаар төлөвлөж байна. Энэ төсөл 2024 он хүртэл хэрэгжинэ. Нийслэл, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид маань хоёр талаасаа ярилцаад харилцан ашигтайгаар хамтарч ажиллахыг уриалж байна гэв.
Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхий захирал О.Амартүвшин “Казино дээр суурилаад бид дэлхийн гол тоглогчид болох Орос, Хятадын дунд байгаа нөөц бололцоогоо ашиглан жилд 3 тэрбум ам.долларын ашиг олох боломжтой. Хөрөнгө оруулагчдын хамгийн таатай нөхцөлийг санал болгож, хууль эрх зүйн тогтвортой байдлыг хангах хэрэгтэй. Өнөөдөр Монголд гадны томоохон банкууд урт хугацаатай үйл ажиллагаа явуулах боломжгүй байна. Хөрөнгө оруулалтыг татаж чадвал бид Азийн зүрх, хаан хот болж чадна” гэлээ.
Тэрбээр “Хувийн хэвшлийн санаачлага” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр уг илтгэлдээ Улаанбаатар хотын тохижилт, аялал жуулчлалд хийх бүтээн байгуулалтын санаачлагуудыг танилцууллаа.
Тэрээр төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд танхимын гишүүдээс санаачилсан үндсэн том бүтээн байгуулалтуудыг санал болгож, төсөөлөл зургуудыг хуралд оролцогчдод харууллаа. “Бид гадны өндөр хөгжилтэй орнууд шиг байхын тулд юу хийж болох юм бэ гэдгийг аялал жуулчлалын салбар дээр нэгтгэсэн байдлаар танилцуулахыг хүсч байна. Өнөөдөр нийслэлийн худалдан авалт 270 орчим тэрбум байгаа. Бидний тулгамддаг хөрс, агаарын бохирдол, түгжрэл байсааар байна.
Дэд бүтцийн эх үүсвэрийн асуудал дутагдалтай, ядуурал байсаар байна. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө оруулалт хангалттай орж ирэхгүй байна. Ороод ирэхэд тогтвортой хууль эрх зүйн орчин байхгүй байна. Бидний гарц юу юм бэ. Бид дэлхийн хотууд шиг орчин үеийн хот болж чадах юм уу гэсэн асуудал байна. Саяны асуудлуудыг шийдэх хувийн хэвшлийн томоохон төслүүдийг нэгтгээд үзвэл Улаанбаатар хаан хот гэх энэ төсөөлөл бууж байна” гээд нэгдсэн төсөөллөө танилцуулсан юм.
Өнөөдөр Улаанбаатар хотод ямар ч дугуйн зам байхгүй. Агаарын бохирдол ихтэй.
Хотоос гараад амралтын цагаа өнгөрүүлэх орчин байдаггүй. Туулын эрэг дагуу бид дугуйн замыг тавьж, Богд уулыг тохижуулах ёстой юм байна. Үүнийг бид хувийн хэвшилд тулгуурласан боломжийн санхүүжилтээр шийдэх боломжтой. Туул голыг дагасан Богд уулын хормойгоор бид эхний ээлжинд зургаан км дугуйн зам тавьж болно. Хотын баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл 18-25 км дугуйн зам тавихад хот өөрөө баруун зүүнээ маш хялбар холбочих боломжтой. Үүнийгээ бид сая ярьсан Богд уултайгаа холбочиход аялал жуулчлалын таатай бүс нэмэгдэнэ гэлээ. Туул гол үндэсний парк байх бололцоотой гэнэ шүү. Агаарын тунель буюу агаарын гудамж гаднын ихэнх орнуудад байдаг. Агаарын гудамжтай бол нийтийн тээвэрт асар их дэмжлэг болно. Улаанбаатарыг бүхэлд нь аваад үзвэл тийм том хот биш. Гол гудамжууд нь цөөхөн. Энэ нь халтирч гэмтэх, түгжрэх гэх мэт эрсдлээс хамгаална. Шинээр баригдаж буй бүх барилгууд агаарын замаар холбогдож болно. Ер нь Улаанбаатар хотыг агаарын гудамжтай болгочихвол яасан юм бэ. Тооцоо хийгээд үзэхэд хотын гол цэгийг холбоход 7.2 км болно. Үүнийг хувийн хөрөнгө оруулалтаар шийдчих боломжтой ажил байгаа.
Бидний урд болон хойд хөрш маш том зах зээлтэй. Эндээс хөрөнгө оруулагчид, өндөр үнэтэй, чанартай аялал жуулчлалыг яаж татах ёстой вэ. Бид үүнийг хийж чадах юм бол дэлхийн томоохон хотуудтай эн зэрэгцэх боломжтой. Жишээ нь энд бид татваргүй барааны маш том дэлгүүр, музей, энтертайнмент төвүүд, казино, рестораныг энд байгуулах хэрэгтэй. Дэлхий даяараа аялал жуулчлалын гол орлогыг бүрдүүлж байгаа хүмүүс бол Хятад болон Оросууд. Ийм газар байж бид зөвхөн уул уурхай яриад хэрэггүй.
Энэ хотыг бүтээн байгуулахад 10 орчим тэрбум доллар хэрэгтэй. 100 мянган хүн ажлын байртай болж, 3.5 сая жуулчин хүлээн авна, жилийн орлого нь гурван тэрбум байх боломжтой. Би үүнийг төсөөлөл гэж харахгүй байна, биелэгдэх боломжтой гэлээ. Хот хувийн хэвшлийн түншлэлээр үүнийг хийхийн тулд: хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгох, банк санхүүгийн секторын шинэчлэл хийх хэрэгтэй, хууль эрх зүйн орчны шинэчлэл болон тогтвортой байдал, хараат бус, шударга арбитр байгуулжчадвалАзийн зүрх Хаан хотыг бүтээж чадна. Энэ бол хувийн хэвшлээс санаачилж байгаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нэг л жишээ гэв.
“Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цаашдаа хувийн хэвшлийн байгууллагуудын санаачилга, бүтээн байгуулалтын санааг авч хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нь дэмжих тал дээр хамтран ажиллана.
Хамтын ажиллагааны хэлбэр маш өргөн байж болно. Дэд бүтэц, нийгэм, хотын агаарын бохирдлыг бууруулах, амгалан тайван байдлыг хангах гэх мэт аль ч салбарт хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллаж болно. Одоогийн явж байгаа арга барилаас төр хувийн хэвшлийн түншлэлийн ялгаа нь төр хувийн хэвшлийнхэн нийгэм, хотынхоо өмнө хариуцлага хүлээсэн, бүтээн байгуулалт хийсэн хамтын ажиллагааны үр дүн байх ёстой. Хот хувийн хэвшилтэйгээ цаашдаа хамтран ажиллая, зөрчил дутагдлыг арилгая гэдгээ өнөөдөр нээлттэй ярилцаж байна. Хот цаашдаа хөрөнгө оруулалтын хамтран ажиллах орон зайг улам тэлж, хүнд суртлыг арилгана.
2012, 2013 оны үед барилга барихад 286 хоног зарцуулдаг байсан бол нэг цонхны үйлчилгээг бий болгосноор барилга барих зөвшөөрлийг сарын дотор олгодог болсон. Жилийн өмнө барилга барих зөвшөөрлийг сарын дотор өгнө гэдэгт хэн ч үнэмшдэггүй байсан. Одоо бол энэ нь өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа болон хувирсан байна. Цаашдаа хүнд суртлыг арилгаж, иргэдтэйгээ хамтарч ажиллана. Хотын захиргаа удирдлагын байгууллага гэхээсээ илүү иргэд, хувийн хэвшлийнхэндээ үйлчилсэн үйлчилгээний байгууллага болох чиглэл рүүгээ явна. Улсын эдийн засаг хямарсан болохоос Улаанбаатар хотын эдийн засаг хямраагүй. Нийслэлд төсвийн хөрөнгийн зарцуулалт бүрэн хэмжээгээр хийгдээд явж байгаа. Аж ахуйн нэгжүүдтэй хийсэн бүх гэрээнийхээ төлбөрийг хийгээд явж байна. Хот мөнгө төлөөгүй гэдэг асуудал байхгүй. Концессын гэрээ байгуулсан бол хот өөрийн хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлж байгаа гэж ярилаа.
Улаанбаатар худалдааны танхимын ерөнхийлөгч Ж.Од “Хот гэдэг их айлын ажил амьдрал, амжилт бэрхшээлтэй энд амьдардаг бүх хүмүүс тулгарч байдаг. Хотын бэрхшээл хүн бүрт, тэнд үйл ажиллагаа явуулж буй ААН бүрт өдөр бүр мэдэгдэж, сонсогдож байдаг. Тиймээс хүн бүр, ААН бүрийн оролцоо энэ асуудлуудыг шийдэхэд чухал үүрэгтэй. Хотоо амьдрахад маш тухтай, хөдөлмөр эрхлэхэд таатай болгох ажил зөвхөн хотын дарга болоод захиргааны ажил биш.
Хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх ААН, амьдарч байгаа хувь хүмүүсийн чадахын хэрээр оролцох ёстой ажил гэж би ойлгож байна.
Хөгжилтэй орнууд хотынхоо олон тулгамдсан асуудлыг шийдэхэд хувийн хэвшлээ ашиглаж PPP буюу төр, хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр хувийн хэвшлээ татан оролцуулдаг болсноос хойш 200 гаруй жил өнгөрсөн байдаг юм билээ. Тийм төслүүдийг хамгийн амжилттай хэрэгжүүлдэг нь Европ, Хойд Америкийн орнууд.
Улаанбаатар хот маань бидний нүдэн дээр өөрчлөгдөж, нөхцөл байдал сайжирч байна. Гэхдээ хувийн хэвшилд чамлахааргүй нөөц бололцоо байгаа. Энэ нөөц бололцоог зөв дайчлан хотын хөгжил, амьдралын хэв маяг, амьдралын чанарыг сайжруулахад хамтраад, хувийн хэвшлийнхнийг оролцуулж чадах юм бол өнөөдөр маш хурдан сайжирч байгаа Улаанбаатар илүү хурдан,өргөн цар хүрээгээр сайжрах бололцоо байгаа гэж бид бодож байна. Энэ үүднээс ч гэсэн энэхүү форумыг хотын удирдлага маш идэвхтэйгээр, өндөр түвшинд зохион байгуулж байгаа нь хамтын ажиллагаа PPP-г Улаанбаатар хотын хэмжээнд улам амжилттай хэрэгжүүлэх анхны бөгөөд зөв эхлэл болох байх гэж би найдаж байна” гэдгийг онцолсон юм.
Ж.Од “Нийслэл, хувийн хэвшлийн түншлэл” илтгэлээрээ “Urban Land Institute”-ээс гаргасан PPP буюу төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх үндсэн зарчмыг танилцуулсан юм.
- PPP-д оролцох гэж байгаа талууд ажил эхлэхээс өмнө бэлтгэлээ маш сайн хангах ёстой,
- Хамтын алсын хараагаа тодорхой болгох,
- Түнш болон гол оролцогчдын эрх ашгийг ойлгож харьцах,
- Эрсдэл ашиг хоёрыг зөв тооцох,
- Хоёр тал тоглоомын дүрмээ маш тодорхой болгож, нийтэд нээлттэй байлгах ёстой,
- Тухайн төслийг тууштай дэмжиж, хамгаалж явах нийгмийн лидер хэрэгтэй,
- Мэдээллээ түншүүд хоорондоо болон хотын иргэддээ танилцуулж, явцын мэдээллээ солилцох,
- Түншүүд гэрээгээ байгуулахдаа шударга байх,
- Харилцан итгэлцлийг маш тодорхой болгох ёстой гэсэн юм.
Хотын дарга Э.Бат-Үүл “Нийслэл хувийн хэвшилгүйгээр хөгжихгүй” сэдвээр илтгэл тавив. “Хүүхдийн Театр гэж байсан юм. Энэ Хүүхдийн Театрын барилгын суурийг намайг нэгдүгээр ангид байхад тавьж байсан. Тэгээд аравдугаар ангид байхад маань ашиглалтанд орж байв. Би хүүхэд насаа тэр барилга дээр тоглож өссөн. Бид ингэж барилга барьдаг байлаа. Өнгөрсөн 25 жил бидэнд юуг ойлгуулсан бэ гэхээр хувийн хэвшлийнхэн биднийг өөрсдөө хөгжиж чадна аа гэдгийг харуулж чадсан. Тийм учраас хувийн хэвшлийнхэндээ талархлаа илэрхийлье. Одоо бид харж байна. Ямар богино хугацаанд хувийн хэвшлийнхэн маань бүтээн байгуулалтуудыг хийж байна вэ. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид 70, 80-аад оны бүтээн байгуулалтаас давсан бүтээн байгуулалтыг сүүлийн 4-5 жилд хийгээд байна. Тиймээс 2030 он хүртэл УБ-ыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөө урам зоригтойгоор УИХ-д оруулсан. Бидэнд бүтээн байгуулалт хийх хангалттай хувийн хэвшлийнхэн бий. Хот төлөвлөлтийг нэлээн захиргааны аргаар явуулдаг. Энэ байдлаа эргэж харъя. Хот байгуулалт бусдын эрүүл аюулгүй амьдрах эрхийг зөрчдөггүй л байх хэрэгтэй. Төр хувийн хэвшлийн эрх тэгш түншлэл байх ёстой. Харамсалтай нь төр хувийн хэвшлийн түншлэл эрх тэгш байх эсэх нь дандаа асуудал болж байдаг. Төр хувийн хэвшлийн түншлэлийн Хөгжлийн корпораци байгуулах санал байгаа. Гэхдээ Хөгжлийн корпорацийн удирдлага захиргааны ажилтан байж болохгүй. Манай хувийн хэвшлийнхэн маш их санал санаачилга гаргадаг. Харамсалтай нь хотоо хөгжүүлэх тэр санал санаачилга нь хаашаа ч юм алга болчихдог. Харин дараа нь өөр хүн түүнийг нь бариад гараад ирдэг. Хүний санал санаачилгыг хулгайлна гэдэг хамгийн адгийн зүйл. Энд өнөөдөр намайг ажилтай байлгаж, миний цалинг өгч байгаа хүмүүс цугларсан. Та бүгдийн татварын орлогоор бид цалинждаг. Та бүхэн бидэнд өөрийнхөө хүч хөдөлмөрөө зарж олсон мөнгөнөөсөө татвар өгдгийн учир бидэнд үйлчлээрэй гэснийх. Бид үйлчилгээний байгууллага. Засгалж удирддаг байгууллага биш. Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 24.5 их наяд төгрөг шаардлагатай. Ийм их хөрөнгө оруулалтыг хийж чадах хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дээрээ л бид хадаг барьж очихоос өөр арга байхгүй. Итгэлцэл гэдэг үгийг ярих их амархан. Улт төрчид биднээс ийм үг их амархан, уриалгахан гарна. Гэхдээ хамгийн итгэл даадаггүй улсууд улс төрчид. Бид яг үнэнийг хэлэхэд хот байгуулалтын асуудлыг социалист маягаар хийж ирж байгаа юм. Хөрөнгө оруулалагчдын сонирхол, захиргааны сонирхол хоёр зөрчилддөг.Хөрөнгө оруулагчид зах зээл дээр эрэлттэй байгаа тийм хот байгуулалтыг хүсдэг. 12 давхар шаардлагатай байхад нь бид таван давхраас дээш гарч болохгүй гэх зэргээр хот төлөвлөлтийг бид захиргааны аргаар явуулдаг. Хот байгуулалтын санаачилга нь хувийн хэвшил, хөрөнгө оруулалтаас эхэлье. Төр, хувийн хэвшил адилхан хариуцлага хүлээдэг гэрээтэй болъё. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийг нь хариуцсан Хөгжлийн корпорацийг байгуулъя. Хөгжлийн корпорацийн удирдлага нь захиргааны удирдлага байж болохгүй. Шийдвэр гаргах нөхцөлд хувийн хэвшлийн санал олонх нь байх удирдах зөвлөл бүрдүүлэх ёстой. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг ажил хэрэг болгоход бид бэлэн байна гэв.