АТГ-аас өнгөрсөн нэгдүгээр улиралд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, хэрэгжүүлж буй ажлуудын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. АТГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Т.Мөнхтунгалага сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.
-Худалдан авах ажиллагааны дарга Д.Энхжаргалыг шалгаж байгаа. Энэ хэрэг юу болсон бэ?
-Д.Энхжаргалыг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа.
-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн хэргийн мөрдөн байцаалт юу болж байна вэ?
-Л.Гансүхэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байгаа.
-Өнгөрсөн нэгдүгээр улиралд нийт хэчнээн хэрэг шалгав?
-Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсаар болон бичгээр, мөн биечлэн ирүүлсэн нийт 286 гомдол, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авсан. Эндээс гэмт хэргийн шинжтэй 108 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27.1 хувиар өссөн байна. Гэмт хэргийн шинжтэй нийт 120 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 24-т нь эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсчээ. Энэ оны 1 дүгээр улиралд Авлигатай тэмцэх газар хуульд заасан харьяаллын 146 үйлдэлтэй, 125 холбогдогчтой эрүүгийн 101 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Эдгээрээс төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах зүйл ангид хамаарах хэрэг дийлэнх хувийг эзэлж байна.
-Хэчнээн хэргийг хэрэгсэхгүй болгосон бэ?
-Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн ииийдвэрлэлтийг авч үзвэл 17 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 18 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 8 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 10 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 6 хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэж, одоогоор 42 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Мөрдөн шалгасан хэргийн 48.5 хувийг шийдвэрлэсэн, хуулийн анхны хугацаанд хэрэг шийдвэрлэлт 30.6 хувьтай байлаа.
-АТГ-аас ашиг сонирхолын зөрчилтэй алба хаагчдад хариуцлага тооцсон байгаа. Энэ талаар?
– Хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцуулж ажилласан. Тухайлбал, өөртөө удаа дараа урамшуулал олгож, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Ш.Хажидмаад сануулах, Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга П.Чинбатад сахилгын шийтгэлийг тус тус авахуулсан.
“Эрүүл Ус” төслийн хүрээнд үйлдвэрлэсэн цэвэр усны шошго дээр Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга, Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар өөрийн цээж зургаа хэвлүүлсэн мэдээллийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Говь-Аптай аймгийн ИТХ-д хандсан бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Говь- Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт сануулга өгсөн.
Баянгол дүүргийн ИТХ-ын “Баянгол дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ойд зориулж иргэд байгууллагын өгсөн хандивын орлогыг хүлээн авах, зарцуулах, тайлагнах журам”-ыг хянаж тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор хүчингүй болгуулсан.
-Зарим төрийн байгууллагуудад мөрдөн байцаагчийн өгсөн мэдэгдлийн мөрөөр ажилласан гэсэн?
-Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв. Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөн- хий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Төрийн өмчийн хороо зэрэг байгууллагад ажиллаж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийн байдалтай биечлэн танилцсан.
-Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн хүмүүсээс заримыг нь буцаасан гэх мэдээлэл байна?
-Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 2912 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 2831 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлж, 81 мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна.
Одоогоор 19 нэр дэвшигчийг буцааж уг албанд томилогдох боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл ашиг сонирхолын зөрчил гаргаж болзошгүй 19 хүний талаар удирдлагуудад нь мэдэгдсэн.