Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Ариунзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.
–Он гарсаар хичнээн хүүхэд, ямар төрлийн гэмт хэрэгт холбогдсон байна вэ?
-Энэ оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд насанд хүрээгүйчүүдийн үйлдсэн 135 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 20 хэргээр буурчээ. Эдгээрээс хоёр хэрэг тутмын нэг нь нийслэлд үйлдэгдсэн гэх судалгаа бий. Гэмт хэргийн судалгааг төрлөөр нь авч үзвэл бусдын эд зүйлсийг хулгайлах хэрэг хамгийн их буюу 62 тохиолдолд бүртгэгдсэн бол дараагаар нь бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг нийт 27 гарчээ. Түүнчлэн танхайн 11, дээрмийн найм, бусдын эд зүйлсийг булаасан зургаан тохиолдол бүртгэгдсэн.
–Өөрөөр хэлбэл насанд хүрээгүйчүүд хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэж байна гэсэн үг үү?
-Насанд хүрээгүйчүүдийн үйлдэж байгаа хоёр хэрэг тутмын нэг нь бусдын эд зүйлсийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. Бас дээрэм, булаалтын хэрэг ч багагүй хувийг эзэлж байгааг хэлэх хэрэгтэй.
–Хүүхдүүдийн гэмт хэрэгт холбогдох шалтгаан нөхцөлийг авч үзвэл?
-Ер нь насанд хүрээгүйчүүдийн гэмт хэрэг үйлдэх голлох хэдэн шалтгаан нөхцөл байдаг. Наад зах нь хүүхдийн гэр бүлийн хүмүүжил, зан төлөвшил, бусдыгаа даган дуурайх, амар хялбараар мөнгөтэй болох гэсэн зэрэг сэдлүүд нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэдэг. Дээрээс нь хулгайн гар утас, дээрмдсэн пүүз гутлыг нь борлуулдаг сүлжээ бий болчихсон байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг нэмэгдүүлэх суурь болж байгааг хэлэх хэрэгтэй. Өмнө нь хэлсэнчлэн насанд хүрээгүйчүүдийн гэмт хэрэг үйлдэх нь буурсан ч гэмт хэгийн хохирогч болох тохиолдол нь нэмэгдэх хандлага ажиглагдах болсон. Энэ нь өсвөр үеийнхний хэрэглээний өртөг өндөр болсонтой холбоотой. Үнэтэй пүүз, гар утас, гоёл чимэглэл хэрэглэх болсон нь гэмт хэргийн золиос болох эрсдлийг төдий чинээ өндөрсгөж байгаа хэрэг.
–Цагдаагийн байгууллагын зүгээс хүүхдүүдийг гэмт хэрэг үйлдэх болон хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлж ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Хамгийн түрүүнд бүртгэгдсэн гэмт хэргүүдэд дүгнэлт хийнэ. Тухайлбал хэдээс хэдэн насны хүүхдүүд, хэдийд, ямар төрлийн гэмт хэргийн золиос болох магадлал хамгийн өндөр болохыг гаргадаг. Хэргийн золиос болохоос гадна үйлдэж буй гэмт хэргийг нь ч бас энэ мэтчилэн судална. Энэхүү дүгнэлт, судалгаан дээр үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг. Судалгаагаар 14-өөс 17 насныхан 13-аас 14 болон 17-19 цагийн хооронд гэмт хэрэгт хамгийн их холбогддог нь тогтоогдсон.
Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс хүүхдүүдэд тавих хараа хяналтыг сайжруулж, хэнтэй нөхөрлөж, хаана юу хийхээс гадна, чөлөөт цагаараа юу хийж байгааг мэдэж байх шаардлагатай. Түүнчлэн танихгүй хэн нэгэнтэй маргалдахгүй, шөнө оройн цагаар сэлгүүцэхгүй байхыг хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй. Нөгөө талаас ресторан, зоогийн газрууд 20 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, компьютер тоглоомын газар есөн нас хүрээгүй хүүхдэд үйлчлэхгүй, хоёр цагаас хэтрүүлж тоглуулахгүй байх дүрэм журмаа чандлан сахиж ажиллах шаардлагатай байна.
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөл Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газартай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн намраас тус төслийг хэрэгжүүлсэн нь сургууль орчимд гэмт хэрэг гарах, хүүхдүүд хэрэгт холбогдох тохиолдол эрс буурахад чухал нөлөө үзүүлсэн. Өнөөг хүртэл 97 мянга гаруй эцэг эх сургууль орчимд эргүүл хийсэн.
М.УУГАН–ЭРДЭНЭ