Categories
мэдээ цаг-үе

“Энержи ресурс”-ийн толгой нь Монгол уу, малгай нь Монгол уу

“Энержи ресурс”-ийн хувь­цааны 60 гаруй хувийг Мон­голын компаниуд эзэмш­дэг. Бүх татвараа Монгол Улсад төлдөг, 2000 гаруй монголчууд ажилладаг, Монголын компани. Энд маргаан байхгүй.

Харин Тавантолгойн тен­дерт “Энержи ресурс” өөрөө төслийн компаниар, түүний толгой компани болох “ММС” нь хөрөнгө оруулагчаар шал­гараад буй. Чухам эндээс үүдэлтэйгээр Тавантолгойн тендерийг тойрсон талцал дунд гурван зүйл хамгийн их маргаан дэгдээж байгаа юм.

Нэг

“ММС” гэж үнэхээр Монго­лын компани мөн эсэх. УИХ, Засгийн газрын тогтоолоор бол Тавантолгойн ордын хөрөн­гө оруулагчийн 51 хувийн эзэмшилд Монголын үндэсний ком­пани орох ёстой. Одоо явж байгаа хэлэлцээрээр бол тэр нь Хонгконгт бүртгэлтэй “ММС” буюу “Mongolian mining corporation” юм. Тавантолгойн хөрөнгө оруулагчийн 49 хувь дээр орж ирж байгаа Шиньхуа ч, борлуулалтын 30 хувийг хариуцах Сумитомо ч, мөн сайд М. Энхсайханы ахалсан Засгийн газрын ажлын хэсэг ч “ММС”-ийг Монголын компани гэж үзэж байгаа юм.

Учир нь, Хонконгийн хө­рөн­­­гийн биржийн 2015 оны нэгдүгээр сард гаргасан мэ­дэгд­лээр бол “ММС” ком­панид Монголоос “MCS” 43.7, Худалдаа хөгжлийн банк 5.5, Шунхлай групп 4.9, Петровис 3.6 хувийн хувьцаа эзэмшдэг байна. Монголын эдгээр ком­­пани нийлээд “ММС”-гийн хувьцааны 57.7 хувийг эзэм­шиж байгаа юм. Гэхдээ “ММС” нь нээлттэй компани учраас үндэсний компаниудын гэх энэ хувь хэмжээ цаашид найдвартай хадгалагдаж ча­дах эсэх нь маргааны сэ­дэв болов. Хэрвээ гаднын ямар нэгэн том компани манай дээрх компаниудын хувь­цааг худалдаж авбал “ММС”-д эзлэх Монголын ком­па­ниудын өмчлөл 51 ху­виас буух магдалал бий. Хэр­вээ ингэвэл, Тавантолгойн хөрөнгө оруулагчийн 51 хувь нь Монголын үндэсний ком­панийн мэдэлд байх Засгийн газрын тогтоол хэ­рэг­­жихгүй болох юм. Ийм эргэлзээ болгоомжлол бай­гааг УИХ-ын нэр бүхий 16 гишүүн тодруулахаар сайд М.Энхсайханаас асуулга тавь­сан. Сайд М.Энхсайхан ч энэ болгоомжлолын талаар толгойгоо өвтгөж яваагаа, бас ямар нэгэн хамгаалалт олж гэрээнд заавал тусгана гэдгээ манай агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

УИХ-ын дарга З.Энхболд, түүний зөвлөх сайд асан А.Гансүх зэрэг зарим хүн “ММС”-ыг Монголын компани гэж үзэхгүй гэдгээ илэрхийлсэн бол Монголын санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг, Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч О.Орхон, Монголын нүүрсний ассоциацын гүйцэтгэх захирал Т.Наран нар “ММС”-ыг Монголын компани мөн гэж мэдэгджээ. Тэд салбарын мэргэжилтнүүдийн хувьд тайлбар, тодотгол хийж байгаа нь энэ бололтой.

Математик утгаар нь харвал 57.7 хувь гэдэг хувьцааны олонхи. Ийм хэмжээний саналын эрхээ Монголын компаниуд цаашид ч багцалж чадвал, хадгалж явах шаардлагыг гэрээнд хатуу суулгаж чадвал компанийн өмчлөл дээр маргаад талцаад байх юм нэг их байхгүй л юм шиг. Тэгэхээр одоо байгаа 57.7 хувийг 51-ээс буулгахгүйгээр Монголын компаниудын мэдэлд байлгах гарцаа олж гэрээнд тусгах нь талцаж маргаахаас илүү чухалюм.

Хэрвээ энд, бизнесийн өрсөлдөөн, хувийн сонирхол байхгүй, зөвлөх А.Гансүхийн хэлээд байгаа шиг бодитой эрсдэл байгаа бол тойрч суугаад ярилцах л хэрэгтэй. Түүнээс бус, “Тавантолгой дээр алдвал миний амь нас юу ч биш” гэсэн М.Энхсайханы үг бол тайвшрал, бас алдахгүй байх баталгаа болж хараахан чадахгүй. Мэдээж, М.Энхсайханы амь нас өөрт нь хийгээд түүний гэр бүлийнхэнд Тавантолгойгоос илүү үнэтэй. Харин ард түмэн бол Тавантолгойгоо л гэнэ.

Үүнээс гадна “малгай нь солигдовч толгой нь солигдохгүй” гэж үг бас бий. Уг нь хамгийн гол нь л энэ. Өөрөөр хэлбэл, “ММС” дотор “Монголын” гэдэг толгой л солигдохгүй байх учиртай. Гэтэл одоо явж байгаа үйл явдлыг харвал заримдаа бид малгай тойрч маргаад байх юм. Баабарын хэлснээр “Эх орон гэж эхэлсэн их сүртэй яриа”-ны цаана ихэнхдээ хувийн жижигхэн эрх ашиг байдаг гэдэгтэй адил гэх юм уу даа. Жишээ нь, Тавантолгойн хэлэлцээр дээр асуудлын мөн чанараас өмнө “өнөө л MCS, АПУ, ХХБ, Петровис” гэх алергий заримдаа цухалзах жишээтэй. Гэтэл дэлхийн аль ч улс орон том компаниудаа дэмжиж, тэднийгээ дэлхийн зах зээл дээр гаргаж байж хаялган дор нь хөгждөг, хөлждөг. Түүнээс бус, Монголын 60 мянган аж ахуйн нэгж 60 мянгуулаа дэлхийд гарах нь битгий хэл, Монголдоо л “MCS”-ийн дайн очиход маш хэцүү, бараг бололцоогүй шүү дээ.

Багийн спортоор ярьвал бүх хүн нь лидер тоглогч байх боломжгүй. Тэглээ гээд бусад нь хойш суудаггүй. Харин ч лидер тоглогчоо дэмжиж хамтаараа хожлын төлөө явдаг. Гэхдээ бусад нь байхгүй бол лидер тоглогч ганцаараа юу ч хийж чадахгүй учир том компаниуд ч бусдыгаа хэт үгүйсгэж, бас хэтэрхий хүч түрж болохгүй.Ер нь Оюутолгой, Тавантолгой зэрэг том төслийн өмнө монголчууд бид өөрсдөө “нэг баг” болж чадахгүй, улстөрч, эдийн засагчид, ялангуяа шийдвэр гаргагчид нь гар нийлэн тоглож чадахгүй байгаад л хамаг учир, гацаа түгжээ байгаа шүү дээ.

Хоёр.

“ММС” гэж үнэхээр мөнгөгүй компани уу. Тавантолгойн тендерийг одоогийн хэлэлцээрийн төслөөр явуулах боломжгүй гэж байгаа улстөрчид “ММС”-ийг их хэмжээний өртэй компани гэж байгаа. Харин үүнийг нь ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан “ Мега төсөл дээр дэлхийн ямар ч компани банкнаас зээл авсан байдаг. Тэгж байж том төслийг хөдөлгөдөг. Энэ утгаараа консорциумд орсон компаниуд бүгд банкны зээлтэй байгаа . Тэрхүү зээлийг нь бид монгол ухаанаараа өр гэж харвал алдаа болно. Тэдний үйл ажиллагааг өрөө үйлчилж чадаж байна уу, үгүй юү гэдгээр л үнэлдэг. Өрөө үйлчилж чадаж байгаа, эсэхийг юугаар хэмждэг вэ гэхээр тухайн компаниудын мөнгөн урсгалаар хэмждэг. Жишээ нь, Сумитомо өртэй, гэхдээ 10 тэрбумын мөнгөн урсгалтай. Шиньхуа өртэй, бас 10 тэрбум долларын мөнгөн урсгалтай. “ММС” банкны зээлтэй, хувьцаа босгосон, Ухаа худагт хөрөнгө оруулалт хийчихсэн зээлтэй. Харин өрөө үйлчилж чадаж байна уу, үгүй юү гэдгийг нь аваад үзэхээр 250 сая долларын бэлэн мөнгөтэй” гэж хариу өгсөн.

Тэгэхээр энд ойлголтын зөрүү их байна. Зээлтэй болгоныг өртэй гэх үү, үнэхээр гаднынхан зээл өгөхөөргүй болтлоо санхүүгийн эрсдэлд орсныг нь өртөй гэх үү. Тодорхой хүү төлж, тодорхой хугацаанд цувуулан буцааж төлж байгаа бизнесийн ердийн харилцааг өр гэх үү, зээл гэх үү. Авсан зээлээ төлж дийлэхгүй болсон, зээлжих зэрэглэл нь уначихсан, мөнгөн урсгалгүй болчихсоныг нь өр гэх үү. Жишээ нь, манай улс ДНБ-ийхээ 55 хувьтай тэнцэх зээлтэй, төлж чадна. Үүнийг өртэй гэх үү, зээлтэй гэх үү. Ер нь бол өр, зээлийн асуудал ганц “ММС” дээр ч яригдахгүй. Түүнээс ч том компани, Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто” хүртэл 2013 оны санхүүгийн тайлангаар 250 сая долларын зээлтэй гэж гарч байсан санагдана. Үүнийг өртэй гэх үү. “Рио Тинто”-гийнхон одоо далд уурхайгаа ашиглалтад оруулахын тулд олон улсын 13 банкнаас зээл хүссэн байгаа. Үүнийг нь бид өр гэж харах уу, зээл гэж үзэх үү. Хэрвээ өр гэвэл “Рио Тинто”-г өртэй, мөнгөгүй, өрөө манай зэсээр дарах гэж байна гээд Оюутолгойгоосоо хөөх үү.

Сайд М.Энхсайхан “ММС”-ийг зээлтэй, тэгэхдээ 250 сая долларын бэлэн мөнгөн урсгалтай гэсэн. Харин зөвлөх А.Гансүх “ММС”-ийг 1.3 тэрбум долларын өртэй гэв. Магадгүй, “ММС”-гээс ч том компани түүнээс ч их зээлтэй л байх. “ММС”-гийн 1.3 тэрбумыг олон улсын банк санхүүгийн байгууллагууд бидэн шиг бас өр гэж харж байна уу, эсвэл бизнесийн харилцааны ердийн зээл гэж үзэж байна уу. “ММС”-гийн зээлийн өр нь бодвол Тавантолгойн тендерт орохоос өмнө л ийм хэмжээнд хүрсэн байх. Үүнийг логикоор, бизнесийн харилцаа талаас нь харвал олон улсын банк санхүүгийн байгууллагууд буцааж төлж чадна гэж үзээд л “ММС”-д 1.3 тэрбум доллар хүртэл зээл олгосон байж таарна. Төлж чадахааргүй бол тэд өгөхгүй шүү дээ. Гэхдээ төлж чадна гэж аваад одоо төлж чадахгүй хэмжээнд хүрчихсэн хэрэг үү, мэдэхгүй. Үүнийг санхүүгийн шинжээчид л мэдэх, хэлэх байх. Харин энэ маргаанаас үүдэлтэйгээр юуг өр гэж үзэх, ямар харилцааг зээл гэж үзэх тухай ойлголтоо цэгцлэх, Өрийн удирдлагын тухай хуультай болох шаардлагатай болсон нь харагдана.

Гурав.

Тавантолгой-Гашуунсухай­тын чиглэлийн төмөр замын суурь бүтцийн өмчлөл нь маргаан дагуулж байгаа. Хэлэлцээрийн төслөөр бол Тавантолгойн тендерийн төслийн компани Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр замыг өөрийн хөрөнгөөр барьж өмчилж ашиглаад 30 жилийн дараа 51 хувийг нь төрд үнэ төлбөргүй хүлээлгэж өгөх юм. Эндээс “өмчлөх” нь маргааны бас нэгэн том сэдэв болов.

Төмөр зам бол зам, дээгүүр нь явах хөдлөх бүрэлдэхүүн, тээврийн нийлбэр юм. Энэ цогц ойлголтоос зөвхөн төмөр замыг салгаж төмөр замын суурь бүтэц гэдэг. Замгүй бол тээвэр явахгүй, тээвэргүй бол тэр зам ашиггүй. Тэгэхдээ л тээвэргүй ч гэсэн хамгийн чухал нь суурь бүтэц буюу төмөр зам нь. Тэр тусмаа хил орчмын төмөр зам бол стратегийн ач холбогдолтой. Ийм төмөр зам буюу суурь бүтцийн өмчлөлийн 51-ээс дээш хувь нь төрийн мэдэлд байхыг хуульчилсан. Энэ тухай Төмөр замын тээврийн тухай хуульд бий. Тэгсэн атлаа энэ хуульд бас концессийн гэрээгээр барьж ашиглаад тодорхой хугацааны дараа өмчлөлөө шилжүүлж болох тухай заалт байдаг. Чухамдаа хуулийн энэ ац утга, хоёрдмол ойлголт л талцуулах далим болж байгаа юм. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д болохоор шинээр барих төмөр замын суурь бүт­цийн өмчлөлийг Төмөр замын тээврийн тухай хуулийн дээрх заалтаар зохицуулна гэжээ

А.Гансүх нар суурь бүтцийн 51 хувь нь төрийн өмчид байх ёстой гэдэг. Тэд хуулийн байгаа заалт барьж ярьж байгаа бөгөөд энэ тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж ч бий. Гэхдээ ҮАБЗ-ийн зөвлөмж бол зөвлөмж, яг мөрдөх учиртай хууль бас биш. Харин хууль тогтоох дээд байгууллагын баталсан Төмөр замын тээврийн тухай хуульд болохоор “Улсын эдийн за­саг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтцийг төрийн өмчийн буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байхаар, эсхүл түүний өмчлөлд ашиг­лалтын тодорхой хугацааны дараа шилжүүлэх нөхцөлөөр шинээр байгуулж болох бөгөөд эдгээр суурь бүтэц, төмөр замын шу­гамын чигийг Засгийн га­зар тогтооно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, А.Гансүх нар энэ заалтын “эсхүл” гэдгээс өмнөх хэсгийг баримталж байхад М.Энхсайханы ажлын хэсгийнхэн “эсхүл” гэдгээс хойшхи өгүүлбэрийг боломжит гарц гэж үзэж байгаа юм. Тэгэхээр энэ маргааныг хагалах субьект нь УИХ юм. УИХ Тавантолгойн хэлэлцээрийг чуулганы танхимд оруулж ирье гэхээсээ илүүтэй зөрчилтэй хуулийн зөрчилтэй заалтаа нэгмөр болгож өгөх ёстой санагдана. Хуульд юу гэж заана, түүгээр л явах учиртай.

Энд төмөр замыг өөрийн хөрөнгөөр барих, мөнгөө гаргаад барьсан учраас тодорхой хуга­цаанд өмчлөх, өөрөө барь­сан, тэгээд өмчилж байгаа уч­раас ашиглах, ашиглаад тодор­хой хугацааны дараа 51 хувийг нь төрд үнэ төлбөргүй шилжүүлэх гэсэн дөрвөн янзын ойлголт байгаа юм. Болхи ми­ний бодлоор хэрвээ үнэхээр л “өмчлөх” гэдэг нь маргаан үүсгэж хэлэлцээрийг гацаагаад байгаа юм бол хөрөнгө оруулагчид өмчлөх эрхээсээ татгалзаж бас болмоор л юм. Өөрөөр хэлбэл, тэд мөнгөө гаргаж төмөр замаа бариад 30 жилийн турш ашиглана. Харин өмчлөх эрхийн 51 хувь нь төрийн эзэмшилд үлдэх нь байж болох л хувилбар. Энэ мэтээр маргалдагч хийгээд бодлогын зөрүүтэй байр суурьтай та­лууд үнэхээр л улс орынхоо төлөө, Тавантолгойн ашигтай хувилбарын төлөө явж байгаа нь үнэн л юм бол зөв гарцаа олохын тулд уулзаж ярилцах хэрэгтэй.Түүнээс бус, талцаж гүйгээд, энд тэнд очиж эсрэг тэсрэг мэдэгдэл хийж яваад зөв гарцаа олохгүй. Харин ч ойлголт холдож, нийгмийг улам л талцуулна. Магадгүй, энэ талцал Тавантолгойн энэ талцал улс төрийн хожоо, засагт баг­таагүйн гомдол тайлах тоглоом ч болж болзошгүй.

Гомбожав ОТГОНБАЯР

2015/02/12

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *