Categories
мэдээ цаг-үе

Р.Эмүжин: Эх хүн жигүүрээ хэдийд хумиж, хэдийд дэлгэхээ мэддэг

Яруу найрагч, зохиолч Р.Эмүжинтэй ярилцлаа. Тэрбээр энэ өдрүүдэд хүүхдийн үлгэрийн зургаан номоо уншигч багачууддаа хүргэсэн юм.

Хамгийн ихээр үгүйлэгдэж байгаа хүүхдийн уран зохиолд, ялангуяа үлгэрийн төрлөөр хэд хэдэн ном гаргасанд баяр хүргэе. Эмүжин Монголынхоо бяцхан үрсэд зориулж үлгэр бичиж байгаа нь их сонихон сайхан санагдаж байна?

-Би ээж болсноосоо хойш хүүхдийн үлгэрийн ном бичих юм сан, гэхдээ бүр хэн хүнд хүртээмжтэй олон сайхан ном гаргах юм сан гэж мөрөөдөх болсон. Гэтэл Мадонна надаас өрсчихсөн л дөө. Тэр үед Мадоннагийн номууд орчуулагдаад Монголд орж ирж, тийм нэг гэмгүй цагаахан шар хөдөлж байлаа. Тэр хүний ард дөч тавин хүнтэй мэргэжлийн баг ажилладаг болманай нөхцөлд бид өөрсдийн бор зүрхээр, сайхан юм хийе дээ гэж шатаж явдаг хүсэл мөрөөдлөөрөө л хийцгээж байна даа. Бодсоор явтал мөрөөдөл маань ч бараг замхрах тийшээ хандаж,арван жилийн дараа бага хүүгээ төрүүлсэн. Бага хүүгээ төрсний дараа хүүхдийн үлгэрийн ном бичих юм сан гэдэг нөгөө л эрт цагийн мөрөөдөл маань буцаад ирсэн л дээ. Хөвгүүдээ багад нь өвөртлөөд унтахдаа үргэлж үлгэр ярьж өгнө.Бидэнд мэддэг үлгэр бас цөөн, тогтоосон нь ч ховор юм. Тэгээд голдуу л өөрөө зохиогоод ярьж өгдөг байлаа. Жаахан том болоод ирэхээрээ хүүхдүүд маань өөрсдөө захиалга өгнө. Ээж ээ, өнөөдөр бартай үлгэр сонсъё, өнөөдөр дурласан могойны тухай сонсъё гэхчлэн. Цааш нь бүр хөгжөөд “Ээж ээ, өнөөдөр галт уул дэлбэрээд үлэг гүрвэлийн сүрэг тэндээсээ зугтаад амьд гарч байгаа тухай үлгэр сонсъё” гэхчлэн өөрсдөө үйл явдал руугаа ороод эхэлсэн л дээ. Ер нь хүүхдийн ертөнц нь өөрөө үлгэр юм. Гэртээ харандаа цаас барьдаггүй, усан будаг, будгийн харандаа тажигнуулдаггүй хүүхэд байдаггүй шүү дээ. Хүүхдийн хазгай муруй ч гэсэн татаж байгаа зураас нь өөрөө хүүхдийн бүтээл юм, хүүхдийн ертөнц юм. Нөгөөтэйгүүр, хүүхдийн зохиолд яах аргагүй үгүйлэгдэж байгаа орон зайд уран зохиолд давалгаалж орж ирсэн нэгэн хүчтэй, өөр цаг үеийн өөр төлөөллүүдийн хувьд ерээд оныхон бид өөрсдийн орон зайгаа бүтээх ёстой гэсэн бодол байдаг. Энэ бол бидний цаг үе.

Үлгэрийнхээ номын бүтцэд хэрхэн хандав?

-Зургаан номын маань тав нь бие даасан нэг нэг үлгэр, тус тусын өөр ертөнц. Жишээ нь, “Үзэсгэлэнт оюун ухаан” гэдэг үлгэр байна. Яг орчин цагийн хүүхдүүдийн сургууль дээр нь өрнөдөг өрсөлдөөн, хувцас, гоёл, хүргүүлдэг машин гэхчлэн энэ өрсөлдөөн дотроос хүүхэд оюун ухаанаараа гоёсон нь хамгийн үзэсгэлэнтэй юм байна гэдгийг ухаарч байгаа тухай үлгэр юм. Үлгэр болгондоо ухаарал шингээж, номынхоо чимэглэл, дизайнаар нь хүртэл дамжуулж сургаалийн чанартай ухаарал хайрлахаар санаануудыг шигтгэж өгсөн байх жишээтэй. Энэ үлгэрүүдийг би зөвхөн хүүхдүүдэд төдийгүй томчуудад зориулж бичсэн л дээ. “Хэрэв өөрөө хүсвэл чи ч бас солонгын өнгөөр гэрэлтэж чадна” гэх мэтчилэн үлгэр болгоноор дамжуулаад ухаарал ямар нэгэн сургамж, хэлэхийг хүссэн. Магадгүй бидэнд өчнөөн олон жилийн дараа, гуч дөч хүрсэн хойноо амьдралын энэ их нугачаанд бүдрэхдээ мартчихсан, эргээд санахаа байчихсан тийм сургамжуудыг сэргээж шигтгэж өгсөн байх жишээтэй.

Том хүмүүс явж явж том болсон хүүхэд л байдаг гэдэг шүү дээ. Тэр үүднээсээ таны үлгэрүүдэд магадгүй том болчихсон Эмүжин хэмээх бяцхан охины ертөнц буусан болов уу?

-Мэдээж. Ер нь зохиолч хүн бол өөрийнхөө араншинг ч юм уу хүсэл,төсөөллийгзохиолынхоо аль нэгэн дүрд заавал шингээдэг шүү дээ. Энэ шижмээр миний зохиосон үлгэрүүдэд Эмүжингийн хаялга, өнгө, танил юм шиг араншингууд байгаа. Би бага хүүгээ зургаан нас хүртэл нь орой болгон үлгэр ярьж өгсөн гэхээр хэдэн үлгэр зохиосон байж таарах вэ. Хүү минь надад хэдэн амьтны амьдрал, үр зулзага, хайр дурлалыг захиалсан байж таарах вэ, тийм үү. Тэр болгоныг хүүхдийн ном болгож гаргана гэдэг бас бэрхшээлтэй.Учир нь хүмүүс түүнийг хачирхаж сонирхож, дурлаж харахаасаа гадна ухаарал авч үлдэх ёстой. Тэр талаас нь нэлээн бодож бичсэн.

Анхны шүлгийн номоосоо хойш яруу найргийн ном гаргах ямархуу байсан бэ?

-1998 онд анх гаргасан шүлгийн номоосоо хойш яруу найргийн дөрвөн ном гаргасан. Дараа нь тэднээсээ эмхэтгээд хоёр боть маягийн ном гаргасан л даа. Өгүүллэгийн хувьд, угаасаа яах аргагүй бичмээр санагддаг юм байна. Бичмээр санагдахдаа өөрийн эрхгүй зүрх сэтгэлээс бүр түрж орж ирдэг юм байна. Жишээ нь, нийтлэл бичээд сууж байхад хажуугаар нь өгүүллэгийн үг хэллэг, санаа ороод ирдэг. Бидний өдөр тутмын сонины хүнд эргүүлэгт амьдарч байгаа хүмүүст тэр болгоноо бичээд байх боломж гардаггүй. Өгүүллэгийн анхны “Улбар хөлт” гэдэг номоо бага хүүгээ тэгээд гэртээ хэвтэж байхдаа бичсэн. Надад гэртээ хэвтэх нэг боломж олдсон нь бага хүүгээ төрүүлэх гэж гэртээ хэдэн сар суусан үе юм. “Улбар хөлт”-ийн дараа хоёр жилийн турш бодож явж байгаад дараагийн номоо гаргасан. Энэ бүхэн хэлбэрдээд ч юм уу эсвэл би шүлэг ч бичнэ, өгүүллэг ч бичиж чадна гэж онгироод ч юм уу хийж байгаа биш юм шүү дээ. Аяндаа дотроос өөрөө түрээд урсаад гараад ирж байгаа хэрэг. Урсаад ороод ирж байгаа усыг, сүргээрээ давхиад ороод ирж байгаа адууг хорьж буцаахгүйтэй адил юм даа.

Яруу найрагч Эмүжин ерээд оны сүүлчийг эргэн харвал өнөөдөр орон зайгаа хэр их тэлж чадсан бэ?

-Мэдээж өөр. Жишээ нь, үр хүүхэд, эх орон гэдэг ч юм уу монголчуудын хайртай сэдвүүд байна. Тиймэрхүү сэдвүүд рүү өөрийн эрхгүй ухаан түшиж ордог юм байна. Би хоёр хүүтэй. Би энэ амьдралыг туулж, хоёр хүүгээ өдий зэрэгт хүргээгүй байсан бол өнөөдөр энэ шүлгүүдээ бичихгүй шүү дээ. Бид өнөөдөр дөч гарчихлаа. Нэгэн үеийн, дурласан дурлаагүй, салсан нийлсэн өчнөөн амьдрал, амжилт ололт тэр бүхний хэрээр надаас гарч байгаа уран бүтээл ч гэсэн орон зайгаа тэлж өөрчлөгдөж байна. Тэгсэн хэрнээ нөгөө л арван найм, арван естэйдөө, хорин хэдтэй үеийн бичдэг хөнгөн, мэдрэмжид хөглөгдсөн сэдвүүд бас адилхан гараад л байна. Жишээ нь, Намайг шүлэг бичдэг болохоор чи дурласан юм уу

Надад хавар мэт ирдэг болохоор хайрласан юм уу.. гэх жишээтэй тийм нэг зоргоороо, мэдрэмжийн, гэнэн томоогүй ч юм шиг ертөнцийг ямар ч сэтгүүл зүйн салбар, ямар ч амьдрал, ямар ч зовлон жаргал хайрцаглаж чөдөрлөж чадахгүй. Нэг их ухаан суучихлаа гээд барих гээд ч яах юм, өөрөөр нь зөнгөөр нь гаргаад бичээд сууж байх нь надад жаргал юм даа. Хүн гэдэг угаасаа л байгалийн амьтан юм байна л даа. Байгалийн амьтан гэдгээ саяхны нэг их бороо ороод цас нэвсийсэн өдөр их олон хүн мэдрэх шиг боллоо л доо. Цас орсон чинь адуу шиг үүрсээд бороо орсон чинь бараг л хулан тахь шиг баярлаж гүйгээд л. Байгалийн үзэгдлээс сэтгэл хөдлөлөө хязгаарлаж хааж хашиж чаддаггүй, тийм их байгалиас хамааралтай амьтан юм байна.

Энэ мөчид яруу найрагч зохиолчоос гадна сайхан бүсгүйтэй ярилцаж байна. Таныөөрийгөө илэрхийлэх нь, Эмүжин хэмээх ертөнц нь өөрөө их содон. Томоогүй ч юм шиг. Адармаатай ертөнц. Эрчүүд танд ер нь хэрхэн хандах юм?

-Ухаалаг хэрнээ бас юм бичдэг, тэгээд бас сайхан эмэгтэйд эрчүүд дургүй юм биш үү. Эсвэл хүлээн зөвшөөрч чаддаггүй байх.

Атаархал нь юм болов уу?

-Энэ атаархал биш ээ. Би гэхдээ эрчүүдийг ойлгодог. Тэд нарт өөртөө итгэх итгэл нь хэрэгтэй шүү дээ. 1998 онд анхны шүлгийн номоо гаргаснаас хойш яалт ч үгүй олны анхааралд ороод ирсэн. Тэрнийхээ хэрээр би маш их хүмүүжсээн. Олон хүний хараа, хүлээлт, бас зарим талаар үзэн ядалт, атаа жөтөөн дунд амьдарна гэдэг бол хүнийг тодорхой хэмжээгээр хүмүүжүүлдэг. Бас намайг хамгийн их хүмүүжүүлсэн нь ерөөсөө л миний хоёр хүү л дээ. Хөвгүүд маань ер нь аав нараасаа илүү намайг хүмүүжүүлсэн. Жишээ нь, энэ хүүхдийн номууд дээр хоёр хүү маань бас ажиллалаа л даа. Бага хүү маань луу зурчихаад энэ лууны хумс заавал ийм их матигар байх ёстой гээд бүр зүтгэчихнэ. Бяцхан хүүгийн минь тэр зүтгээд байгаа, надтай зөрчилдөөд байгаа өөртөө итгэлтэй байдал нь намайг өөрийн эрхгүй нугалаад, би тэрнийг нь хүлээн зөвшөөрч байгаа юм. За ойлголоо миний хүү, матигар байх ёстой юм байна, чи матигараар нь л зур гэх жишээтэй. Гэхдээ хүний зоргоороо, чөлөөтэй зан араншин алга болдоггүй юм байна. Тавь гарсан ч жар хүрсэн ч тэр хэвээрээ л үлдэх байх аа. Ээж хүн жигүүрээ хэдийд хумихаа бас хэдийд дэлгэхээ ухаарч амьдардаг юм байна. Миний дэргэд амьдарч байгаа хүн заримдаа намайг ойлгоход хэцүү санагддаг байж магадгүй. Өглөө босоод хэрэгтэй юмаа ачиж аваад бараг тэр чигээрээ машиныхаа бензинийг ч хийлгүй мартаад нутаг руугаа гараад давхичих ч тохиолдол байдаг л юм. Тийм зоргоороо зан маань ер нь хэд хүрсэн ч арилахгүй байх аа.

Үлгэрийн зургаан ном ээж хүү гурвын хамтын бүтээл үү?

-Бас тэгж хэлж болохгүй. Зарим номын зургийг Канадад сурдаг 19 настай охин зурсан. Италид сурдаг Цэвэлмаа гэдэг охин, Америкт сурдаг хүү маань, бас зураач Орхон гуайн охин Дашмаа гээд хэд хэдэн хүний бүтээл юм.Дашмаа бол маш чадварлаг, үнэхээр өөр сэтгэлгээтэй охин. Тэр охин “Үзэсгэлэнт оюун ухаан” гэдэг номын зургийг зурсан. Үлгэрээ өгөөд явууллаа. Хэдэн охины тухай өгүүлдэг үлгэр л дээ. Тэгсэн чинь баахан муур зурчихаж. Өөр өөр өнгөтэй, өөр өөр хувцастай муурнууд. Тэндээс би залуу үеийнхний хийж бүтээж сэтгэж байгаа, харж байгаа өнгө, юманд зоримог хандаж байгаа хандлага гээд их олон юмыг хараад хичнээн баярласан гэж санана.

Зохиолчид түүхэн сэдэв рүү хошуурч байхад та үлгэр бичиж байдаг. Өөр уран бүтээлийн сонин сайхан юутай вэ?

-Хүмүүс түүх рүү хошуурах олон шалтгаан байдаг байх л даа. Үнэхээр цаанаасаа ундарч бичээд байна уу, түүхийн сэдэвт үнэхээр дурлаж бичээд байна уу, нэг талаасаа түүх гэдэг бэлэн сэдэв юм, тэр үүднээсээ хандаж байна уу гэдэг нь тухайн зохиолыг нь уншаад үзэхээр харагдана л даа. Миний хувьд бол сэтгэл зүрхнийхээ л дуудлагаар, надад цаанаасаа юу түрж орж ирж байна тэрийгээ л бичиж байна. Энэ үлгэрийн номуудаас гадна “Хөх сарны явдал” гээд эротик роман бичсэн. Намайг одоо эротик роман бичлээ гээд бас бөөн юм болцгоох байх л даа. Би бичмээр санагдаад л бичсэн. Хувь хүнд нь нааж ойлгоно уу, тухайн романы гол дүр нь өөрийнхөө характераар өрнөсөн зохиол байна гэдгийг олж харна уу гэдэг бол миний асуудал биш. Уншигчдын өөрсдийнх нь түвшин. “Согооны хэвтэр” нэртэй өгүүллэгийн ном маань бас бэлэн болчихоод байгаа.

Одоо хүмүүс “өрсөлдөөн” гэж их ярьдаг, бичдэг болж. “Том, жижиг өрсөлдөөн”, “өрсөлдөөн дундаас цойлж гарч ирэх” гэх мэтээр. Амьдралыг өрсөлдөөн гэж харах нь нэг л гаж санагдах юм. Хүн хоорондоо байтугай амьтны аймагтайгаа зэрэгцэн оршдог байтал энэ хандлага нь залуучууд хүүхдүүдийн итгэл үнэмшилд их сөрөг орчин болж тогтох гээд байх шиг. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Намайг аравдугаар анги төгссөний дараахан “Бяцхан мисс” гэдэг тэмцээн Монгол даяар нийслэл, аймаг, суманд зохиогдож эхлэв ээ. Айлууд чинь дөрөв тав зургаатай жаахан охидоо байдгаар нь будаад гоёод нийтийн тайзан дээр алхуулж эхлэв ээ. Тэр жаахан хүүхдүүдийн өмнөөс би харамсч байсан. Тэр охин насан туршдаа уралдааны замд амьдрах уу. Насан туршдаа чиний хэлж байгаа өрсөлдөөний тайзан дээр амьдрах уу. Тэр өрсөлдөөн гэдэг ухамсрыг багаас нь тархинд нь суулгаж байгаа байхгүй юу. Одоо ч гэсэн би хөвгүүддээ хэлдэг юм. Тулалдаж, өрсөлдөж, зөрчилдөж амьдардаггүй гэж. Нөгөө талаар, бид нар нийгмийн амьдралыг тольдож байдаг сэтгүүлчид өрсөлдөөн гэдгийг бичээд л байна. Бараг эхнэр нөхөр хоёр хоорондоо өрсөлдөгч юм шиг амьдраад байна шүү дээ. Бид гурван саяулаа. Бүгдээрээ өрсөлдөөд уралдъя. Уралдсаар байгаад нэг нь үлдье. Бүр өрсөлдсөөр, нусаа хацартаа наасаар байгаад би гурван сая дээр л орно биз дээ. Өөр яах юм бэ. Их сайндаа л бүдэрч унаад нэг өдөр өвдгөө шалбална биз дээ. Өөр яах гэж. Бид энийг л олж харах хэрэгтэй санагддаг.

Хамгийн аюултай нь амьдралыг өрсөлдөөн гэх итгэл үнэмшил суучихсан, амьдралыг жамаар нь хүлээж авахаа больчихсон хойч үе бий болж эхлээд байх шиг?

-Монгол хүний уужуу сэтгэл, алив юманд ханддаг тэр уужуу талбиу хандлага, Алтайн нуруу шиг тийм оргил сүмбэр оюун тэр бүхэн рүүгээ тэртэй тэргүй явах байх аа. Бид нар өөрсдөө байтугай дэлхий ертөнц даяараа учраа олохгүй хямарчихаад байгаа их урсгал дунд өнөөдөр бид чадан ядан явж байна. Адаглаад, “жендерийн тэгш эрх” гэдэг үгийг монголчууд анх хүлээж авахдаа “эмэгтэйчүүдийн тэгш эрх” гэж орчуулаад хүлээгээд авчихсан шүү дээ. Тэгэхээр энэ мэтчилэн одоо хэр нь шалгарч амжаагүй байгаа нийгэм, улс төрийн том том технологиуд орж ирээд, түүнд нь монгол хүний уужуу ухаан энүүхэндээ нэг жаахан бүдэрсхийгээд яваа юм болов уу даа. Ялангуяа хүүхэд өсвөр үеийнхний оюун санаа руу ямар ч хаалтгүйгээр цацаад соёолуулаад байгаа сөрөг мэдээллүүд, үзэгдлүүд ирээдүйн Монголыг хэн болгох юм бэ гэдэг яах аргагүй эмзэглэл төрүүлдэг. Гэхдээ цагийн урсгалд эргээд Монгол Монголоороо үлдэнэ дээ.

Н.ПАГМА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *