Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эх орончид мөнгөгүй зүйлд хөдөлдөггүй юм байна

Популистуудын энэ үнэн нүүр царайг бид сүүлийн үеийн олон жишээн дээр харж байна. М.Батчимэг гишүүний хичээл зүтгэлээр кирилл бичгийг устгаж, нийтээрээ монгол бичигт шилжих хуультай боллоо. Тэгээд зогссонгүй сурагчдад тавдугаар анги хүртэл нь гадаад хэл заахыг хатуу хориглов. Ингээд ядарсан ардын хүүхэд гадаад хэл сурах боломжгүй, цаашилбал юм үзэж нүд тайлах эрхгүй болчихлоо. Ийм бодлогыг УИХ-аар тамгалуулж суухад нь эх орон, ард түмэн гээд хашгираад байдаг популистууд бүлх залгисан мэт дуугүй өнгөрөв.

Мөнгөө үрж ядсан нөхдүүд адгуусны нуруун дээр алгын чинээ хүүхэд суулгачихаад уралдуулж байна. Ихэвчлэн амьдралын түвшин доогуур айлын хүүхдийг таван халтар төгрөгөөр хууран зугаа цэнгэлийн золиосонд явуулж байгаа нь энэ. 2013 оны судалгаагаар жилд 40 орчим мянган хүүхэд хурдан морь унадаг гэсэн тоо гарчээ. Унаач хүүхдүүдийн хичээл, сурлага бусадтай нь харьцуулбал муу, сургуулиас завсардах тохиолдол ч байдаг гэдгийг судалгааны газрууд тогтоочихсон. Дээрээс нь насанд хүрээгүй хүүхдээр морь унуулах нь тэвчишгүй хөдөлмөрт тооцогдоно гэдгийг дэлхийн хүний эрхийн байгууллагууд хэдийнэ баталчихсан. Гэтэл монголчууд өөрсдөө тоодоггүй,хурдан морины уралдаанууд хаа сайгүй үргэлжилсээр байна.2014 онд “Монголын хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбоо”-ноос хийсэн судалгаанаас харвал сүүлийн гурван жилд 700-гаад хүүхэд хурдны мориноос унаж, 20 гаруй нь амиа алджээ.Аав, ээжийнхээ өврөөс ч гараагүй шахам нялх хүүхдүүд томчуудын хөлд үрэгдэж, энх цагийн “дайнд” ийнхүү амиа алдсаар байхад манай эх орончид таг шүү. Хүүхдийн эрхийг хамгаалсан ганц үг ганхийх сөхөөтэй популист алга.

Харин Ноён уулын тухай ярихаар хамгийн түрүүнд босч ирэх юм. Эх орныг минь сүйтгэх нь, эцэг өвгөдийн минь булшийг ухах нь гээд амиа өгөхөөс наагуур юм болж байна.Оюутолгой, Тавантолгой гэхээр нүд нь сэргэж, үг нь уран болохыг яана. Аргагүй л манай популистууд цаанаа мөнгөтэй, өөрсдөдөө ашигтай зүйл дээр нүдээ ухахаас ч буцахааргүй болсны шинж энэ байх.

Уг нь Ноён уулын булшнаас илүү монгол хүүхдийн боловсрол чухал баймаар юм. Хүүхдүүдээ боловсролтой, гадаад хэлтэй, дэлхийтэй харьцах хэмжээний хүмүүс болгож байж Монголын хөгжил баталгаажна. Ирээдүйн Монголыг өнөөдрийн хүүхдүүд авч явна гэдгийг популистууд эрх биш ойлгож л байгаа. Гэвч хүүхдүүдийг гадаад хэл үзүүлэхгүй, морь унуулж, монгол бичиг заана гэдгийн эсрэг яагаад зогсохгүй байна гэвэл өөрсдөд нь ашиггүй учраас тэр.Хүүхдүүдийн минь төлөө дуугарлаа гээд сарвайх мөнгө ядарсан ард түмэнд байхгүй болохоор популистууд амаа ангайдаггүй юм байна. Тиймээс л популистууд мөнгөгүй зүйлд хөдөлдөггүй гээд байгаа юм.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *