Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбурхан гарна гэдэг булай мунхгийн хар гай

Улаанбаатар, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний 333 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 95 нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдоод байна. Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол энэ тоо өсч магадгүй байгаа юм. Манай улс нэг жилийн өмнө ДЭМБ-аас улаанбурхан өвчний вирусийг таслан зогсоосон гэсэн албан ёсны гэрчилгээг авч байсан. Гэтэл энэ өвчин гарчихлаа. Өвчний тархалт хүчтэй байна. Манай өмнөд хөршид зонхилон тохиолддог вирусийн гаралтай нь манайд орж ирсэн гэж албаны хүмүүс ярьж нэн тэргүүнд зургаан сараас таван настай хүүхдүүдийн дархлаажуулалтыг сайжруулж, давтан вакцинжуулалтад хамруулахаар болж байгаагаа мэдэгдлээ. НҮБ-ын Хүүхдийн сангаас манайд улаанбурхны 330 мянган тун вакцин нийлүүлэхээр болж.

Улаанбурхны халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь нялх нярай, өсвөр насныхан байгаа бөгөөд эмнэлгийн ажилтан нь өөрөө халдвар авсан ганц нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогоор нас барсан тохиолдол гараагүй ч зарим өвчтөнүүдийн биеийн байдал хүндэрч байгаа гэнэ.

Монгол Улс хүүхэд, том хүмүүсээ элдэв халдварт өвчнөөс нь урьдчилан сэргийлэх зорилгоор шат дараалсан арга хэмжээ авдаг, эрүүл мэндийн талдаа зарим нэг орныг бодвол харьцангуй арчаатай ханддаг орон. Иргэдээ нэгдсэн журмаар албадан тарьж, халдварт өвчин, элдэв янзын юмнаас нь салгаж чадсан хүмүүс л дээ, уг нь. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ хэзээ хаана очиж ямар вакциныг нь хийлгэхээ ч мэддэг болчихсон. Гэтэл сүүлийн үед вакцин тариулснаас улбаатай гэх хэд хэдэн харамсалтай тохиолдол гарсныг хэвлэл мэдээллээр хүчтэй мэдээлсэн нь олон хүнд вакцин бол аюултай, хэрэггүй гэх буруу ойлголтыг өгчих шиг боллоо. Бүр вакциныг эсэргүүцэх хөдөлгөөн шахуу юм өрнөж “Хүүхдээ тариулах эсэхээ шийддэг эрхийг нь эцэг эхэд нь өг”, “Биеийн дархлаа сайн байхад вакцины хэрэггүй” ч гэх шиг монголчуудыг өвчтэй, сул дорой байлгах гэсэн тэрслүү үзэлтнүүд гарч ирж олон мянган эцэг, эхчүүдэд вакциныг муугаар сурталчилчихав. МҮОНТВ зэрэг томоохон телевизүүдээр вакцинаас болж хөл, гаргүй болсон гэх хүүхдүүдийн тухай мэдээллийг орой бүр гаргасаар байгаа нь олон нийтэд эргэлзэх сэтгэл төрүүлчихсэн. Үүнээс болж хүүхдүүдээ вакцинд хамруулдаггүй, товлосон хугацаанд нь вакциныг нь хийлгэдэггүй эцэг, эх олширч байгааг эмч мэргэжилтнүүд ярьж байна. Сүүлдээ вакцин гэж юу байдгийг мэддэггүй, түүний ашиг тусыг ойлгодоггүй “Вакцин хэрэггүй ээ. Би хүүхдээ өөрөө эрүүл саруул өсгөчихөж чадна” гээд толгойгоо хаялах эхчүүдийн арми бий болгочихлоо. Ямар нэг зүйлд хэт туйлширч, дөргүй бух шиг аашилдаг зан нь энэ л дээ.

Вакцин бол халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, халдварт өвчний тархалтыг хязгаарладаг чухал аргуудын нэг. Үнэндээ хүн төрөлхтний анагаах ухааны салбарт гаргасан хамгийн чухал, том нээлт бол вакцин гэдэг шүү дээ. Монголчууд вакцинаас татгалзаж, түүнийг үзэн ядсанаараа юу хожив. Бид өөрсдийгөө шинэ мянганд амьдарч байгаа, техник технологи, шинжлэх ухааны бүхий л ололтот бүтээлийг өдөр тутамдаа хэрэглэдэг гэж ярьдаг ч 1910, 1920 оныхоосоо дээрдээгүй юм биш шүү. “Молоко” буюу өтгөрүүлсэн сүүг орос авгайн хөхний сүү гэж бодож жигшдэг байсан шигээ вакциныг үзэн ядах болж. Аливаад шинжлэх ухааны үзэл баримтлалыг мөрдөж, түүнийг даган, шинжлэх ухаанчаар харж дадаагүй нь өнөөдөр олон арван хүүхэд улаанбурхан гэх халдварт өвчнөөр шаналж эмнэлгийн орон дээр уйлан хэвтэхэд хүргэлээ. Томчуулын мунхаг байсны төлбөрт хүүхдүүд нь улаанбурхны халдвар авч байна.

Үнэндээ вакцины хариу урвал гэдэг зүйл чинь тухайн тариулсан хүний биеийн байдлаас хамаардаг юм билээ. Тариулсан газраа дааруулж, хөндөх зэргээр буруу харьцсанаас л вакцинтай холбоотой элдэв буруу яриа гардаг. Ер нь вакцинжуулалт, вакцины эсрэг өргөн хүрээтэй шүүмжлэл дэлхий нийтэд мэр сэр байдаг гэнэ. Зарим шашны урсгалд вакцин хэрэглэхийг зөвшөөрдөггүй бол зарим бүлэглэлүүд заавал хийлгэх вакциныг хувь хүний эрх чөлөөг зөрчиж байна гэж үзэх нь бий. Ингэж вакциныг ул үндэсгүй үзэн ядсанаараа аминд халтай халдварт дэгдэлтийг нэмэгдүүлж, хүүхдээ вакцинжуулахаас татгалзсан эцэг эхчүүд төдийгүй вакцинжуулалтад хамрагдах нас нь болоогүй бусад хүүхдүүд халдвар авдаг юм байна. Ийм харамсалтай тохиолдол бүртгэгдсэн хэд хэдэн орон байдаг агаад бид тэдний нэг нь болчихжээ.

Вакцины ашиг тусыг тоочоод барамгүй. Вакцин гэж зүйл гарч ирээгүй байхад гахайн хавдраар өвчилбөл зуун хувь үргүй болдог байж. Мөн цагаан цэцэг гэдэг жигшмээр өвчнөөр жилд сая гаруй хүн тарчлан үхдэг байсан гэдэг. Шувууны ханиад өвчнийг бид сүүлийн жилүүдэд илүүтэй мэдэх болсон. Хэрэв энэ өвчний эсрэг вакциныг түргэн шуурхай гаргаагүй байсан бол жилийн дотор 10-15 сая хүн нас барах байсан гэсэн судалгаа гарчээ. 1918 оны нэгдүгээр сараас 1920 оны 12 дугаар сар хүртэлх хугацаа буюу жилийн дотор дэгдсэн томуугийн улмаас дэлхий даяар 500 сая хүн энэ халдварыг авч 50-100 сая хүн нас барж байжээ. Нэг ханиаднаас болоод л жилийн дотор дэлхийн хүн амын 3-5 хувь нь хиар цохигдож байж шүү. Манай улсын цаг уур орчны нөхцөлөөс хамаарч хамгийн хүчтэй тархаж олон хүнийг хөнөөх чадалтай нь сүрьеэ өвчин гэнэ. Хэрэв бид сүрьеэгийн БЦЖ вакциныг тариулдаггүй байсан бол энэ өвчин сарын дотор л улс даяар тархаж цар тахлын хэмжээнд хүрэх аюултай. Вакцинтай байснаараа бид дээрх аюулт өвчнүүдээс хол байдаг юм. Улаанбурхан өвчин бол амьсгалын дээд замаар дамжин халдварладаг вирусийн гаралтай цочмог халдварт өвчин. Ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог энэ өвчин өндөр халууралт, хордлогоор илэрдэг бөгөөд нүдний салст бүрхүүл улайж үрэвсэн, бүх биеэр толбот гүвдрүүт тууралт гарах шинжээр илэрдэг юм байна. XXI зуун гарч бүгд соёлжчихоод байхад Азийн цээжин дэх Монгол Улсад улаанбурхан өвчин дэлгэрч хүүхдүүд олноор өвчилж байна гэдэг мэдээ олон улсад цацагдана гэдэг улсын маань нэрийг шороотой хутгасантай адил хэрэг. Иргэд нь харанхуй бүдүүлэг, юм болгонд мухар сүсгээр ханддаг орнуудад вакцин байсаар байтал халдварт өвчин газар авдаг. Бид тэднээс ялгагдах юмгүй шив дээ. Улаанбурхан гарч байна гэдэг чинь булай мунхаг байсны л гай юм байна шүү гэж харагдаж байна.

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *