Categories
мэдээ цаг-үе

Б.Төгөлдөр: Аавыгаа баярлуулж улсын цолонд хүрэх мөрөөдөл надад бий

Монгол Улсын заан, гавьяат тамирчин Ц.Баярсайханы хүү Б.Төгөлдөртэй ярилцлаа.

Аавыг тань үндэсний бөхийн хүчит заан гэдгээр Монголын ард түмэн сайн мэднэ. Харин аав хүнийх нь тухайд сайн мэдэхгүй юм?

-Аав нар үр хүүхдийнхээ сэтгэлд хэзээд хамгийн сайхнаар бодогддог. Миний хувьд ч аав минь миний мэдэх хамгийн сайн аав. Намайг ер нь загнаж үзээгүй дээ. Хэлэх зүйлээ хэлдэг ч хатуу ширүүн үгээр загнахгүй. Болохгүй байгаа зүйл харагдвал ингээрэй, тэгээрэй гэж зөвлөх маягаар хэлнэ. Түүнээс биш чанга дуугарч ширүүн аашилж байсныг нь мэдэхгүй юм. Хүмүүс бөхчүүдийг их л хатуу байдаг гэж боддог байж магадгүй юм. Их зөөлөн хүн дээ.

Загнуулж үзээгүй гэхээр зодуулсан уу гэж бүр асуултгүй юу?

-Зодуулж бол үзээгүй ээ. Манайх хоёр хүүтэй айл. Би айлын том хүү. Аавыгаа 22 настай байхад би төрж байлаа. Намайг гуравтай байхад буюу 1989 онд аав маань Монгол Улсын начин цолонд хүрч байсан. Начин болж байх үеийг нь би санадаггүй ч заан болж байх үеийг нь мэднэ. 1992 он шүү дээ. Тэр жил миний дүү төрж байлаа. Аав маань 1989 оны бүх ард түмний спартикадад гуравдугаар байранд орж начин цолны болзол хангаж байсан. Б.Бат-Эрдэнэ аварга түрүүлээд, О.Балжинням аварга хоёрдугаар байранд орж заан цолтой болж байсан жил. Дараа нь 1993 онд улсын наадмаар заан цолтой болж байлаа.

Тэр үед аавыгаа дагаж наадам, барилдаанд их явдаг байв уу?

-Ухаан ороогүй жаахан байхдаа л аавыгаа дагаад явдаг байсан гэсэн. Харин том болсон хойноо бол нэг ч удаа гэртээ үлдэж үзээгүй ээ. Жаахан байхад зурагтаар нэг их сүйдтэй гоё нэвтрүүлэг, кино гараад байх биш гэртээ үлдэнэ гэж байхгүй. Аавыгаа л дагаад явж байвал аз жаргал байлаа.

Бэлтгэл дээр бол байнга очих уу?

-Бэлтгэл дээр байнга шүү дээ. Ер нь тэгээд бэлтгэл гэлтгүй өдөр бүр л хаашаа ч явсан дагаад явдаг. Аавыг энд тэнд хүнтэй уулзахад машинд нь үлдчихнэ. Машингүй үед нь ч хоёулаа автобусанд суугаад явж өгдөг байлаа.

Барилдааныг нь үзэх ямар санагддаг вэ. Уначихвал, эсвэл давахаар хүүд нь арай өөр санагддаг байж мэдэх юм?

-Яахав барилдах үеэр догдолно. Гэхдээ хүүхэд байсан болохоор аавын барилдааныг үзэх чухал биш байжээ. Дагаж яваад бөхчүүдийн хүүхдүүдтэй тоглоход их дурлана. Бас бөхчүүдийн хүүхдүүд аав нарыгаа барилдах хооронд тэрүүхэн тэндээ хөөрхөн наадам зохиогоод хоорондоо барилдчихдаг байсан.

Хэн, хэний хүүхэдтэй нэг үе байв?

-Ж.Мөнхбат аваргын хүү Хакухо М.Даваажаргал бид хоёр хар багын найзууд. М.Даваажаргал бид хоёр бол байнга таарна. Бас тухайн үед ид барилдаж байсан бөхчүүдийн хүүхэд ирчихдэг байсан. Хоорондоо өдөржин ноцолдоод орой нь ядарч үхэх гэж байгаа амьтан гэртээ харьдаг байлаа. Хүзүү улайчихсан, хувцсаа энд тэндээ урчихсан гэрийн бараа харна. Тэр үед заалны барилдаанууд их болно. Спортын төв ордны хувцас солих өрөөнд л ноцолдож байгаа нь тэр шүү дээ.

Банди нар тэгж ноцолдоход аавууд дуртай байдаг байх. Ялангуяа бөх хүн хүүгээсээ хүлээх юмтай л байдаг байх даа?

-Манай аав намайг бага байхад бөхийн секцэнд явуулж барилдуулах дуртай байгаагүй. Юу юу ч болоогүй байхдаа бэртэл гэмтэл аваад халширчихна гэж хайрладаг байж л дээ. Тиймээс би нэлээн хожуу барилдаж эхэлсэн юм. 2003 онд 17 нас хүрээд Япон руу явсан. Тэнд байхдаа сургуулийнхаа жудогийн секцэнд явж эхэлснээс хойш албан ёсоор бөхөөр хичээллэсэн гэсэн үг. Тэрнээс өмнө сагсан бөмбөгөөр хичээллэдэг, гандболын улсын шигшээ багийн тамирчин байсан. Спортод их дуртай өссөн.

Японд таныг сумогоор хичээллэдэг байсан гэж ярьдаг юм байна лээ?

-Сумогоор барилдаж байгаагүй ээ. Яахав Японд байгаа, бас бөх гэхээр хүмүүсийн толгойд шуудхан сумо юм байна гэж ойлгогддог байх. Манай сургуульд дэргэдээ жудо бөхийн секцтэй байсан нь бөхөд дуртай надад бөөн боломж гаргаж өгсөн. Тэгээд л барилдаж эхэлсэн дээ. Тэгээд ч гайгүй том болчихсон байсан болохоор аав ч дэмжсэн.

Барилдаж эхэлснээс хойш уралдаан, тэмцээнд ордог л байсан байлгүй. Тэр үед аав тань юу гэж захидаг вэ. Мэдээж хэрэг өөрөө дасгалжуулагч хүн болохоор хүүдээ арай өөр зөвлөгөө өгдөг байсан биз?

-Аав чөлөөтийн тамирчин шүү дээ. Тэгэхээр аав би зааж мэдэхгүй юм байна гэдэг. Хоёр өөр спорт учраас аргагүй. Хаа нэг үндэсний бөхөөр хамт бэлтгэл хийх ховорхон тохиолдол гарна уу гэхээс үргэлж хамтдаа зааланд ноцолдоод байна гэсэн ойлголт байхгүй. Харин намайг тэмцээн уралдаанд оролцоход аав байнга ирж үзнэ. Би 2009 оноос хойш улсын шигшээ багт багтсан. Гадаад, дотоодын тэмцээнд их явна. 2010, 2011 оны дэлхийн аваргад оролцсон. Тэр бүгдэд аав байнга хамт явна.

Ингэж барилдана шүү, тэгж мэх хийгээрэй гэж заахгүй юу?

-За ёстой хараад ч мэдэхгүй юм байна л гэнэ. Жудог ойлгохгүй гэх нь хаашаа юм. Гэхдээ өөрөө жудогоор барилдаж байгаагүй болохоор нандин зүйл заая гээд ч мэдэхгүй. Зааж өгье гээд ч чадахгүй юм байна л гэдэг.

Мэх заадаггүй юм гэхэд сэтгэлзүйн зөвлөгөө өгнө биз дээ?

-Тэгэлгүй яахав. Чи энэ бөхийг заавал ялна шүү энэ тэр гэж хэлдэггүй юм. “Татами дээр гараад өөрийн санасан бодсоноо л хийгээрэй” гэдэг. Тухайн өрсөлдөгчтэйгээ барилдахдаа өөрийн бодож байгаагаа эртхэн хийчихээрэй гэнэ. Их бодоод, хүлээгээд хэрэггүй. Орж ирвэл мэхээ хийгээрэй гэж захидаг.

Тэмцээнд аавтайгаа хамт явах арай өөр байдаг уу?

-Өөр байлгүй яахав. Ер нь шал ондоо шүү. Бөхчүүдтэй хамт нэг баг болоод явж байгаа хэдий ч ярихгүй зүйл гэж байна. Би ингээд байна, тэгээд байна гэж хэлэхгүй. Аав хамт байвал нарийн ширийнээ ярилцана. Аав, би жаахан сандраад байна гэдэг ч юм уу. Тэгэхээр аав нуруун дээр ганц сайхан цохиод зоригжуулаад өгнө. Сайхан нөмөртэй байдаг юм аа.

Наадмын өмнө аавтайгаа хамт бэлтгэлд гарах уу?

-Манай аав 1992 оноос “Есөн туг” гэсэн клуб байгуулаад наадмын бэлтгэлд гардаг байсан. Төмөр замын харьяат бөхчүүд гэж ярина. П.Сүхбат агсан, Ц.Бэгзсүрэн начин, Ж.Намжилдорж начин гээд хориод бөх бэлтгэлдээ гардаг байлаа. Аав, П.Сүхбат заан хоёр галаа ахалдаг. Тэр үед хүүхдийн “Болор” зуслан, “Сүүж” амралт гээд жил бүр өөр өөр газар гарна. Тэр бүхэнд хамт дагаад явдаг. Төв аймгийнхантай гэвэл 2006 онд хамтдаа бэлтгэлд гарч байсан. Ж.Мөнхбат аварга, Л.Сосорбарам арслан нар ахлаад залуусаа аваад гарна. Тэнд бэлтгэл хийж аймгийнхаа наадамд барилдаад аймгийн заан цолтой болсон.

Үндэсний бөхөөрөө үргэлжлүүлэн барилдаж болоогүй юм уу?

-Барилдъя гэж бодолгүй яахав. Гэхдээ ид барилдах үедээ Японд байсан. Тэнд 10 жил болоод нутагтаа ирлээ. Одоо бол бэлтгэл хийж л байгаа. Аавынхаа цолонд хүрэх юмсан гэж бодно.

Аав тань үндэсний бөхөөрөө хичээллэ гэхгүй юу?

-Заавал барилд гээд шахаад байхгүй ээ. Бага байхад минь л өөрийнхөө дуртай зүйлийг хий. Жудогоор барилдмаар байвал барилд. Үндэсний бөхөөр хичээллэх бол хичээллэ гэдэг. Түүнээс биш айхтар шахаад байх зүйлгүй. Харин надад аавыгаа баярлуулчих юмсан, барилдаад цолонд хүрчих юмсан гэсэн мөрөөдөл байна.

Японд байхдаа яагаад сумогоор барилдаагүй юм бэ. Аав тань бас сонирхогчдын сумогоор барилдан амжилт гаргаж байсан шүү дээ?

-Ном үзэх сонирхолтой байсан юм. Тэнд байхдаа барилгын архитектураар төгссөн. Мэргэжилдээ дуртай байсан болохоор гүнзгийрүүлж суръя гэж бодсон юм. Гэхдээ сумогоор барилддаг юм билүү гэж бодохын хувьд боддог байсан. Хакухо маань ч сумогоор барилдаач гэнэ. Сургууль дээрээ жудогоор хичээллэх боломжтой байсан болохоор тэгтлээ дурлаагүй байж мэдэх юм. Би чинь жудогоор барилдаж байхдаа баруун Японы дөрвөн удаагийн аварга болж байлаа. Бүх Японы аваргаар шагналт тавдугаар байранд хоёр ч удаа орсон. Мужийн аваргаар таван удаа орсон байдаг.

Үндэсний шигшээгийн тамирчин байхдаа Японд сурдаг байжээ?

-Тэгсэн. Үндэсний шигшээ багийнхаа +100 кг-д барилддаг байлаа. Би чинь жудогийн улсын аваргын таван медальтай. Улсын аваргаас медаль авсан тамирчныг шигшээ багт авч олон улсын тэмцээнд оролцуулдаг байсан юм. Тэр шугамаар олон тэмцээнд явсан. Хоёр ч удаагийн дэлхийн аваргад оролцсон. Ер нь олимпийн наадмаас бусад тэмцээнд зодоглосон байх.

Одоо хичээллэж байгаа юу?

-Японоос ирсэн хойноо тэмцээнд бараг ороогүй ээ. Аав ээж хоёр маань хоёулаа улсын ажил хийдэг болохоор гэр бүлийнхээ бизнесийг би авч явдаг юм. Зав зайгаараа бэлтгэлээ хийгээд явдаг. Өөрөө дуртай юм болохоор өндөржүүлсэн байдалд биш ч гэлээ бэлтгэлээ хийгээд явж байгаа.

Аавтайгаа холбоотой сайхан дурсамж ярихгүй юу. Ялангуяа наадамтай холбоотой сонин сайхан зүйл ярих байх?

-Манайх циркийн хажууханд байсан юм. Наадмын өглөө аав бид хоёр Төв цэнгэлдэх хүрээлэн рүү алхаж явлаа. Тэгэхэд айхтар их бороо ороод Дунд гол үерлэчихэж. Аав нэг гартаа дээл гутлаа хийсэн том цүнхээ барьчихсан, нөгөө гартаа намайг хөтлөөд явж байсан. Тэгээд яахав алхаж яваа хоёр газар товчлох санаатай Энхтайвны гүүрэн дээгүүр давах биш доогуур нь явахгүй юу. Тэгсэн чинь гол үерлэчихэж. Аав том турбан дээгүүр тэнцэж ядан гарч байсныг санаж байна. Тэгэхэд аав маань “За аав нь энэ жил их сайн барилдах нь ээ. Хэдэн өдөр ус зүүдлээд байсан юм” гэж байсан. Нэг их устай, тэрэн дээгүүр гарч байна гэж зүүдлээд байсан гэдэг. Тухайн үед би уснаас айгаад аавын ярьж байгааг нэг их анзаараагүй. Угаасаа жаахан хүүхэд байсан болохоор лавлаж ч асуугаагүй юм байна.

Хэдэн оны наадам юм бол. Хэд давж байв?

-Жаахан байсан болохоор яг хэдэн оныг нь санахгүй байна. Их л сайн барилдаж байсан юм. Бараг ч заан болж байсан жил юм болов уу даа. Наадам гэснээс бас нэг зүйл санаанд орчихлоо. Манай аав начин болсныхоо дараахь гурван жил их сайн барилдаж байсан юм гэсэн. Тэгээд нэг наадмаар заан болно гээд бодчихсон байсан гэнэ. Бүр долдугаар сарын 1-нээс хойш бэлтгэлээ хийх завгүй заан цолныхоо мялаалгын найранд бэлдэж гүйсэн гэдэг. Заан болохоор гэрт олон хүн ирнэ гээд бэлдээд байгаа хэрэг шүүдээ. Хойшоо Орос руу хүртэл явж идэж уух юм цуглуулж байсан гэсэн. Гэтэл тэр жилийнхээ наадмаар зургаагийн даваанд унаж байсан удаатай. Ингэж хашраад дараа жил нь юу ч бэлдэхгүй хоосон байж байгаад барилдсан чинь аав заан болоод ээж сандарч байсан гэдэг юм билээ.

Манай аав их хөөрхөн. Энэ жил би барилдахгүй л гэдэг юм. Тэгээд наадам дөхөх тусам “За би юу ч гэсэн биеэ шарчихъя” гэнэ. Тэгсээр байгаад яг наадмын өдөр зодоглочихдог.

Аав тань одоо юу хийж байгаа вэ?

-Биеийн тамир спорт хөгжлийн төвийн Захиргаа, санхүүгийн газрын даргаар ажиллаж байгаа. Барилдахаа болиод удаж байх шиг байна даа.

Гэхдээ оны өмнөхөн жиу жицүгийн дэлхийн аварга болсон байх аа?

-Америкт болсон жиу жицүгийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аавыг ороод үзээч гэж ятгасаар байгаад оруулсан. Нас чацуу хүмүүстэйгээ барилдах юм чинь ороод үзээ гэсээр байгаад хамт явлаа. Тэр тэмцээнээс манай аав +100 кг-ийн алтан медаль авч дэлхийн аварга болсон. Сая дэлхийн аваргаас алт аваад их баярлаж байна лээ.

Бөхчүүдийг их л бүдүүн хойрго улс мэтээр ойлгох гээд байдаг. Харин бөхчүүд өөрсдийгөө их мэдрэмжтэй гэж ярьдаг юм билээ?

-Манай аав гэнэтийн бэлэг барих их дуртай. Байнгын л гэнэтийн бэлгээр баярлуулж байдаг. Ээжид долоо хоногт нэгээс хоёр удаа цэцэгтэй орж ирнэ. Ер нь манай аав их халамжтай. Саяхан хүртэл сурагч байх үеийнхээ нэг ширээнд сууж байгаа зургийг өнгөтөөр угаалгаад баярлуулах жишээний. Манай аав ээж хоёр чинь арван жилийн нэг ширээний хоёр.

Танай гэр бүлийн тэмдэглэлт баяр гэж байдаг уу?

-Есдүгээр сарын 12-нд манай аав ээж хоёрын хуримын ой болдог. Жил бүрийн энэ өдөр манай гэр бүлийн хувьд баярын өдөр байдаг юм. Ээж маань манай гэрийн ганц эмэгтэй болохоор ээжийгээ баярлуулна. Дүү бид хоёр том болсноос хойш аав ээж хоёрыгоо зэрэг баярлуулдаг болсон. Ер нь аав маань дүү бид хоёрт бүх зүйлээрээ үлгэрлэдэг. Хүндэлж дээдлэх бүхний дээд нь миний аав.

С.АЛТАНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *