Categories
мэдээ улс-төр

Эмнэлгүүд Удирдах зөвлөлтэй болно

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Сайдын цаг” мэдээллийн цагт оролцож эрүүл мэндийн салбарт хийгдэж буй ажил, цаашдын зорилтын талаар мэдээлэлэ өглөө.

Салбарын сайдын мэдээлснээр эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд анхан штаны тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн засаглалын орчныг бүрдүүлэх гэсэн үндсэн хоёр зорилт дэвшүүлжээ. Дээрх хоёр зорилтыг хэрэгжүүлэх зургаан чиглэлийг гаргасан байна. Тухайлбал сум, өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр нэлээд хөрөнгө зарцуулах гэнэ. 2015 онд гадны байгууллагын зээл тусламж, санхүүжилтээр 99 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулахаас 3/2-ыг нь сум, өрхийн эмнэлгий тоног төхөөрөмжөөр хангах, боловсон хүчнийг чадавхижуулахад зарцуулах юм байна. хүн ам олноор төвлөрсөн Улаанбаатар хотын СХД,БЗД-т өрхийн эмнэлэг нэмж барих, сум, хорооны өрхийн эмнэлэгийг түргэн тусламжийн машинаар хангах ажлыг Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн салбарын хөгжил-6 төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр болжээ. Түргэн тусламжийн машинтай холбоотой шүүмжлэл, доголдол их байгаа учир хөдөө орон нутагт тохирсон, бартаат зам туулах чадвартай, нэг стандартын түргэний машин оруулж ирэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Улсын гэх тодотголтой II, III шатлалын эмнэлгийн хэт төвлөрөл, ачааллыг бууруулах зорилгоор анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа сумын эмнэлэг, өрхийн эмнэлгийн хүний нөөцийн асуудалд анхаарал хандуулж эхэлжээ. Энэ хүрээнд сум, өрхийн эмнэлэгт сургуулиа дөнгөж төгссөн хүмүүсийг ажиллуулдаг байдлыг өөрчилж, туршлагатай эмч ажиллуулах, урамшуулал олгох асуудлыг хууль эрхзүйн орчныг сайжруулах хүрээнд хийх гэнэ. Харин шинээр төгсөгчдийг төгсөлтийн дараах сургалтад хамруулж, II,III шатлалын эмнэлэгт ажиллуулж дадлагажуулах байдлаар ажиллах юм байна.

Эрүүл мэндийн сайдын дараагийн тавьж буй зорилт нь эрүүл мэндийн байгууллагын засаглалыг бий болгох. Ингэхдээ бие даасан хууль эрхзүйн орчныг бий болгох замаар II, III шатлалын эмнэлгийг төрийн өмчид нь хадгалж, засаглалыг боловсронгуй болгох зорилт тавьжээ. Энэ нь улсын эмнэлгүүдийг хувьчилна гэсэн үг биш. Харин эмнэлгүүдийг иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллагын төлөөлөл 9 хүнээс бүрдсэн Удирдах зөвлөлтэй болгох аж. Үүний үр дүнд эмнэлгийн даргыг тухайн салбарын сайд нь улстөрийн томилгоо байдлаар биш шударга зарчмаар томилох боломж бүрдэнэ гэж үзжээ.

Өнөөдөр хийсэн мэдээллээр бас нэг асуудал хөндөгдсөн нь эмнэлгүүдийн дэргэд эмийн сантай болох тухай байв. Өнөөдөр эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг тус бүр дээр зарлагдаж байгаа нь эмийн үнэ тогтворгүй байх, үнийн өсөлт зэрэгг нөлөөлж байна гэж салбарынхан дүгнэжээ. Тиймээс эмийг ерөнхий худалдан авалтаар явуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *