Дэлхийн уул уурхайн акул компанийн нэг “Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Сэм Уолш өнгөрсөн амралтын өдрүүдээр Монголд ирээд өчигдөр орой буцлаа. Энэ үеэр түүнтэй Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюу толгой төслийнх нь талаар ярилцлаа.
-Сэм, таныг Оюу толгойн сая дахь тонн баяжмалын баярыг хуваалцахаар ирсэн гэж дуулсан. Гэхдээ хэлэлцээртэй холбоотой ирсэн гэх таамаг хүчтэй байна. Монголд ирсэн нэг шалтгаан тань хэлэлцээр мөн үү?
-Юуны өмнө 2010 оноос хойш хоёр дахь удаагаа Монголд ирж байгаадаа баяртай байна. Би тэр үед төмрийн хүдрийн бүлгийн захирлын хувиар ирж байсан юм. Харин өнөөдөр “Рио”-гийн захирлын хувьд ирж байна. Анх ирж байснаас минь хойш Монголд асар их бүтээн байгуулалт өрнөж, өөрчлөлт явагджээ. Танай улсын богино хугацааны эрчтэй хөгжлийг нүдээрээ харахад таатай санагдаж байна. Миний аяллын гол зорилгыг та сая асуултдаа дурдлаа. Ажиллагсадтайгаа уулзаж, нэг сая дахь тонн баяжмалыг амжилттайгаар экспортод гаргасан үйл явдалд баяр хүргэх нь миний аяллын гол зорилго. Өнөөдрийг хүртэл Оюу толгой төслийг ийм амжилтад хүргэсэн тэдэндээ талархлаа илэрхийлэхийг хүссэн юм. Мэдээж Монголд ирсэн маань энэ төсөлд миний зүгээс хэр их сонирхолтой байгааг илэрхийлэх нэг хэмжүүр л дээ. “Рио тинто” группын зүгээс Оюу толгой төсөлд ямар их ач холбогдол өгч байгааг харуулж буй хэрэг. Үргэлжилж буй хувь нийлүүлэгчдийн хэлэлцээрт шууд бус ч гэсэн дэмжлэг, итгэл найдвар үзүүлэх зорилго байгаа ч гэж ойлгож болно.
-Та Монголд байх хугацаандаа шийдвэр гаргах түвшнийхэнтэй уулзах уу, Оюу толгойн ТУЗ-д Монголыг төлөөлсөн хүмүүстэй санал бодлоо солилцох төлөвлөгөө бий юу?
-Аяллын маань зарим төлөвлөгөө батлагдаж дуусаагүй байна. Би өнөө өглөө (уржигдар) Оюу толгойн ТУЗ-ийн даргатай биечлэн уулзсан. ТУЗ-ийн дарга хэдэн долоо хоногийн өмнө надтай Лондонд очиж уулзсан юм.
Г.Батсүх дарга урлагт хэр дур, сонирхолтойг минь мэдэх учраас өнөө өглөө намайг монголчуудын очих дуртай газрын нэг Богд хааны өвлийн ордон музейг сонирхууллаа. Сэтгэл хөдөлгөм газар байна лээ.
-“Рио” бол Монголын хамгийн том хөрөнгө оруулагч. Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг таатай болгох бодитой алхмууд сүүлийн үед эрчимтэй хийгдсэн. Төр засгийнхны зүгээс ч хөрөнгө оруулалтын орчинд анхаарна гэж удаа дараа мэдэгдэл хийж байгаа. Засгийн газар хөрөнгө оруулагчдад хэр анхаарч байна гэж та харж байна. Жишээ нь Оюу толгой төсөлд?
-Монгол Улсын Засгийн газар хувь нийлүүлэгчдийн дунд явж байгаа хэлэлцээрт маш идэвхтэй, эерэг байр суурь илэрхийлж ирснийг онцлон тэмдэглэж хэлмээр байна. Ер нь аль аль тал нь энэ төслийн амжилтын төлөө байгаа. Тийм учраас бид хүндрэлүүдийг даван туулж цаашаа алхаж чадна гэсэн итгэл дүүрэн байна.
-Хэлэлцээр сунжирч байна. Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн хэлэлцээрт ойлголцолд хүрч чадахгүй цаг авсан ямар асуудал байгаа вэ?
-Хувь нийлүүлэгчдийн хэлэлцээр эхэлснээс хойшхи хугацаанаас яг өнөөдөр бол их онцлогтой үе. Шийдэлд хүрэхэд хамгийн ойртсон цаг үе гэж хэлмээр байна. Хэлэлцэгдэж байгаа асуудлуудын суурь зарчмын хувьд ямар ч олон улсын компани Монголд ирээд төсөл хэрэгжүүлсэн ялгаагүй тавигдах тэр л шаардлагуудыг бид тавьж байгаа. Бидний тавьж байгаа шаардлагууд “Рио” ч юм уу, өөр ямар нэгэн компани байлаа гээд солигдохгүй. Аливаа олон улсын компани Монголд болон бусад улсуудад төсөл хэрэгжүүлэхэд тавигдах л шаардлага. Төслийн менежмент ч гэдэг юм уу, онолын үүднээс авч үзвэл байх л учиртай суурь зарчмууд. Дэлхийн эдийн засаг ямархуу байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Байгалийн хий, бусад түүхий эдийн үнэ ямар хэмжээний уналттай, хөдөлгөөнтэй байгаа билээ. Дээр нь дэлхийн санхүүгийн зах зээлийн хүндрэлтэй нөхцөл байдал бидэнд тодорхойгүй орчныг үүсгэж байгаа. Тэгэхээр Оюу толгой шиг ийм том, дор хаяж 50, түүнээс ч олон жил үргэлжлэх төслүүдийн хувьд баримтлах суурь нөхцөл бол тодорхой байдал. Бүх юм тодорхой тунгалаг байх ёстой. Тийм учраас бид аливаа зүйлийг сууриар нь харж, аль аль талуудын хүсэл сонирхолд нийцсэн байдлаар зөв шийдвэрлээд цааш алхах ёстой. Учир нь “Рио тинто” болон Монголын Засгийн газар олон жил цуг явна. Тийм учраас бид асуудлуудаа анхнаас нь зөв, тодорхой тохирч аваад цааш алхвал хэн хэнийх нь эрх ашигт нийцнэ гэж үзэж байна. “Рио” үүн дээр хүлээцтэй хандаж, асуудлыг зөвөөр шийдвэрлэхийг хүсч байгаа.
-Далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд зарцуулах мөнгийг төслийн санхүүжилтээр шийднэ гэж “Рио”-гийн зүгээс хэлж байгаа. Монголын Засгийн газрыг төлөөлж та бүхэнтэй хэлэлцээ хийж байгаа улсын хувьд “Хэрвээ төслийн санхүүжилтийг сонгож, олон улсын банк санхүүгийн байгууллагаас зээл авбал Оюу толгойн хувь нийлүүлэгч Засгийн газар зээлдэгч болж хариуцлага хүлээх гээд байна. Рио анх тохирсноороо бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг өөр замаар шийдэх ёстой” гэсэн утгатай тайлбар хэлдэг. Төслийн санхүүжилтээс өөр хувилбар бий юу?
-Өмнө хэлсэнчлэн эдийн засгийн ийм хүндрэлтэй нөхцөл байдалд олон хүчин зүйлийг тооцоод үзэхэд томоохон компаниуд өөрийн санхүүгийн үзүүлэлтүүдийг маш тэнцвэртэй, тогтвортой авч явах шаардлагатай байдаг. Энэ үүднээс бол төслийн санхүүжилт хамгийн боломжит хувилбар гэж бид үзэж байгаа. Нэмж хэлэхэд Оюу толгойн хувь нийлүүлэгч, эзэмшигч нь Монгол Улсын Засгийн газар, “Рио тинто”, “TRQ” компаниудын хувь нийлүүлэгчид. Тэгэхээр энэ хүмүүсийн нийтлэг ашиг сонирхлыг хангах гэдэг талаасаа төслийн санхүүжилт хамгийн бололцоотой хувилбар. “Рио тинто” компани энэ төслийг цаашид дангаараа санхүүжүүлэх бололцоогүй.
-Ирээдүйд “Рио”-гийн талаас гарын үсэг зурах ямар нэг бичиг баримт Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнээс давж үйлчлэхгүй гэсэн итгэл Монголын талд байдаг. Цаашдаа “Рио”-гийн зүгээс гарын үсэг зурах ямар нэг гэрээ, санамж бичиг гучин жилийн хугацаанд үйлчлэх учиртай энэ хоёр гэрээг давж үйлчлэхгүй гэсэн баталгаа бий юу. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?
-Оюу толгой төслийн хувьд мэдээж Хувь нийлүүлэгчдийн болон Хөрөнгө оруулалтын гэрээ үндсэн суурь бичиг баримт. Тэр хэвээрээ л байна. Харин сүүлийн үед яригдаж байгаа санамж бичгийн тухайд хувь нийлүүлэгчдийн хооронд яригдсан асуудлыг базаж, нэгтгэж дүгнэсэн л баримт бичиг. Асуудлуудыг шийдвэрлэх зарчмуудаа л тодорхойлсон санамж бичиг. Дахин хэлэхэд ямар ч баримт бичиг хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг давж үйлчлэхгүй. Энэ хоёр гэрээ суурь баримт бичгүүд хэвээрээ байна.
-Гэрээ байгуулах эдийн засгийн суурь бол ТЭЗҮ. ТЭЗҮ-ээр Засгийн газар, “Рио” хоёрын үр өгөөжийн хуваарилалт 53:47 хувь гэж явдаг. Монголын талын хүртэх өгөөж гэхээр бэлэн мөнгөний урсгалыг л оруулж тооцоод байна, уг нь хоёр талын халаасанд орж байгаа бэлэн мөнгө, цэвэр ашиг л үр өгөөж гэсэн тайлбар бий. Монголын талын 53 хувийн өгөөж хангагдаж чадаж байгаа юу?
-Оюу толгой шиг урт хугацаанд үргэлжлэх төслийн хувьд үр өгөөжийг маш нарийвчлалтай сайн тооцож үзэх нь чухал байдаг. Ямар ч том төсөлтэй харьцуулсан ялгаагүй л дээ. Аль аль талдаа үр өгөөжөө өгч чадаж байгаа гэдэгт итгэж байна.
-Тэгэхээр Монголын талын хүртэх учиртай өгөөж хангагдаад явчихна гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно.
-Хэлэлцээр тун удахгүй шийдэгдэх байх гэсэн өөдрөг мэдээг та ярианыхаа эхэнд хэлсэн. Ер нь хувь нийлүүлэгчдийн хэлэлцээр төдийд л дуусах болов уу гэсэн багцаа хугацаа байна уу?
-Маш олон хүчин зүйлээс хамаарах учраас яг нарийн, тодорхой хугацаа хэлэх боломжгүй.
Ц.БААСАНСҮРЭН