Монгол Улс, БНХАУ хооронд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах хоёр талын ажлын хэсгийн анхдугаар зөвлөлдөх уулзалт өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болжээ. БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны наймдугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан Монгол Улс, БНХАУ хооронд Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудлыг судлах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг хэрэгжүүлэх зорилгоор Аж үйлдвэрийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж.
Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделханаар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын Худалдааны яамны Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дэд дарга Цао Хун Ин тэргүүтэй төлөөлөгчидтэй хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудлаар хоёр талын ажлын хэсгийн анхны зөвлөлдөх уулзалтыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо хийсэн байна.
Зөвлөлдөх уулзалтаар талууд хоёр улсын хооронд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын холбогдох ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацааг тохирон нэгдсэн ойлголтонд хүрсэн аж. Тодруулбал, БНХАУ-ын тал ирэх сард багтан Монгол Улс, БНХАУ хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хамтарсан ерөнхий төлөвлөгөөний саналыг хүргүүлэхээр болжээ. Улмаар манай тал судлан үзэж, холбогдох хариуг явуулахаар урьдчилан тохиролцсон байна.
Түүнчлэн Замын-Үүд Эрээн хотын боомтыг түшиглэн байгуулах хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн байршлын асуудлаар санал солилцож, хил дамнасан бүстэй газар дээр нь очиж танилцжээ. БНХАУ-ын тал Монголын талын ажлын хэсгийг БНХАУ, Казакстаны хил дамнасан хамтын ажиллагааны бүс болох Хоргос боомтод очиж боомтын үйл ажиллагаатай танилцахыг санал болгосны зэрэгцээ уг ажлыг зохион байгуулах тал дээр хамтран ажиллахаа мэдэгдсэн аж.
Хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулснаар худалдаа, эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмэр болохын сацуу хоёр орны хил орчмын бүс нутгийн ард иргэдийн амьжиргаа дээшлэхэд ихээхэн нөлөөлөх юм.
Цаашид хоёр орны ажлын хэсэг санал бодлоо идэвхитэй солилцож, батлагдсан ажлын төлөвлөгөөний дагуу ажиллахаар болжээ.