Билгийн тооллоор хаврын дунд сар дундаа оржээ. Гэсэн хэдий ч цас орж, үе үе цочир хүйтэрч байна. Салхи шуурга ч багагүй. Харин өнгөрсөн долоо хоногт буусан хур хавар цагийн шар тос байсан гэлтэй. Тэгвэл ирэх сард цаг агаар ямар байх бол. Шинэ сар эхлэхэд хоёрхон хоног үлдээд байгаа болохоор Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлнгээс ирэх сарын төлөв байдлын талаар тодрууллаа. Тус хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгчийн сануулж байгаагаар ирэх сард салхи шуургатай байх бололтой. Тэрбээр ирэх сарын төлөв байдлын талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
-“Дөрөвдүгээр сар бол харьцангуй дулаарч, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй. Айхтар ингэж дулаарч байгаад гэв гэнэт хүйтрэхээрээ маш хүчтэй салхи шуурга шуурдаг. Цасан шуурга шуурах, шороон шуурга шуурах, ингэснээрээ мал урууддаг, малаа дагаж яваад малчид амиа алддаг. Ийм асуудал үүсдэг сар бол дөрөвдүгээр сар. Жилд болдог хүчтэй салхины 60 гаруй хувь нь хаврын сард болдог. Дөрөвдүгээр сард хүчтэй салхины 25 хувь нь болдог. Тэр утгаар нь дөрөвдүгээр сарыг салхи шуурганы сар гэж ойлгож болно. Урьдчилсан мэдээнээс харахад, дөрөвдүгээр сарын 20-ноос хойш салхи шуургатай ийм үеүд байна. Ийм учраас малчид тариаланчдад цаг агаарын мэдээгээ анхаарч, ач холбогдол өгч, хөдөө гадаа явахдаа дулаан хувцаслаарай гэж хэлье. Хонь мал ид төллөж байна. Энэ жил 19-20 сая төл хүлээн авах төлөвтэй юм байна лээ. Мэдээж хаврын сар гайгүй шиг өнгөрөх юм бол төл хүлээн авахад аятайхан л байх байх. Одоо чинь хэдэн ямаагаа самнаж өгч байгаа. Хаврын сар эвгүйхэн байвал нүцгэлээд хаячихсан мал хүйтэн цас, бороонд хөлддөг, осгодог асуудал гарна. Ийм учраас цаг агаарын мэдээгээ л сайн үзэж, урьдчилан сэргийлэх хэрэгтэй шүү гэдгийг иргэддээ захья. Ирэх сард Дорнод, Сүхбаатар аймгийн урд талын хэсгээр олон жилийн дунджаа барьж дулаарна. Бусад нутгаар өмнөх жилүүдээс 0.5-1 градус илүү дулаан байна. Зүүн аймгуудын нутгаар гол хур тунадас орж болзошгүй. Бусад нутгаар хур тунадас олон жилийн дунджаас зөрөхгүй” хэмээн мэдээлжээ.
ДӨРӨВДҮГЭЭР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Дөрөвдүгээр сарын агаарын температурын дундаж нь 1981-2010 оны дунджаар Баян-Өлгийн өмнөд, Увс, Хөвсгөлийн хойд, Завханы хойд болон зүүн, Баянхонгор, Говь-Алтай, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар 7-11 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байдаг Гэхдээ жил бүр адил байдаггүй. Тухайлбал, сүүлийн жилүүдийн байдлаар 1997-1999, 2004 онд 3-5 градусаар, 2000, 2001, 2005, 2007, 2008, 2009, 2014 онд 1-6 градусаар дулаан байж, өдөртөө баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хойд хэсгээр 16-21, говь ба зүүн зүгийн нутгаар 28-33, бусад нутгаар 21-26 градус хүрч дулаарч байсан бол 1991, 1993, 1995, 2010 онуудад ихэнх нутгаар, 2006, 2013 онд нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас 1-5 градусаар хүйтэн байв. 1993, 2010 онд сарын эхээр Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 30-35 градус хүрч хүйтэрч байжээ.
1981-2010 оны дунджаар Баян-Өлгийн өмнөд, Ховдын баруун, Увсын зүүн, Сүхбаатарын хойд болон зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ,Төв, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар 5-10, Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Дорнодын баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр 11-14, бусад нутгаар 1-5 мм хур тунадас ордог . Гэхдээ зарим жил олон жилийн дунджаас хэд дахин их буюу бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1993, 1996, 1997, 2004 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага хур тунадас орж, хуурайшилт ихтэй байсан бол 1998,1999, 2010 онд говийн нутгаар, 2002-2003 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас хоёр дахин их хур тунадас оржээ.
Салхи 15 м/с-ээс давж шуурах нь тухайн сард дунджаар 3-5 удаа тохиолддог ч зарим жил 8-13 удаа ажиглагддаг байна. Сүүлийн жилүүдийн байдлаар 1998, 2001, 2002, 2011 онд баруун ба говийн нутгаар 34-45 м/с хүрч онц аюултай гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч иргэд, байгууллагуудад ихээхэн хэмжээний хохирол учруулж байлаа.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
БАРУУН БҮСИЙН НУТАГ:
Энэ сард агaaрын дундаж температур нутгийн хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад хэсгээр 3-8 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, зөвхөн Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр хүйтэрч Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр харьцангуй дулаарч Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус хүрч дулаан байх төлөвтэй. Бусад хугацаанд Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Баян-Өлгийн хойд, Увсын баруун, Завханы зүүн өмнөд, Говь-Алтайн зүүн хэсэг, Баянхонгорын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Ховдын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с, ялангуяа нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Алтайн салбар уулсаар зарим үед 24-28 м/с хүртэл ширүүсч хүчтэй шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй.
ТӨВИЙН НУТАГ:
Энэ сард агаарын дундаж температур Дархадын хотгор, Хэнтийн уулсаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус дулаан байх ба ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёдугаар арав хоногийн дунд үе ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр харьцангуй дулаарч шөнөдөө Дархадын хотгороор 4-9 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Орхон-Сэлэнгийн хөндийгөөр 21-26 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, Өвөрхангай, Булган, Сэлэнгийн зарим нутгаар 15-20 градус дулаан байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Хөвсгөл, Өвөрхангайн өмнөд, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, сүүлчээр нь зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, сарын эцсээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с, ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурна.
ЗҮҮН ЗҮГИЙН НУТАГ:
Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар 3-8 градус дулаан байх ба Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр харьцангуй дулаарч Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, хоёр ба гуравдугаар арав хоногийнэхээр шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 15-20 градус дулаан байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Хэнтийн өмнөд, Дорнодын баруун өмнөд хэсэг, Сүхбаатарын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, дунд үе болон эцсээр нь ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар хур тунадас, Хэнтэйн уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с, ялангуяа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр зарим газраар 16-18 м/схүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
ГОВИЙН НУТАГ:
Энэ сард агаарын дундаж температур өмнөд говиор 7-12, бусад нутгаар 3-8 градус дулаан байх ба ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, зөвхөн Өмнөговийн баруун хэсгээр дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч ихэнх нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногйин сүүлийн хагаст бүх нутгаар харьцангуй дулаарч шөнөдөө 3-8, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговийн баруун, Дундговийн баруун өмнөд, Дорноговийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн зүүн хэсгээр, хоёрдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр Арц Богдын өвөр хоолойгоор 12-14 м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр зарим газраар түр зуур 16-18 м/с, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.