Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн багш, сурагчид хоёр хуваагдчихжээ. Ажлаа хаясан багш нар нь ажлаа хийж байгаа хэдийгээ “Та нар ажил хаяхгүй бол дараа нь амаа барина даа. Захирал болж ирчихээд байгаа Ш.Сарантуяа чинь удахгүй яваад өгнө. Тэр явчих юм бол та нар ажилгүй болно” гэж байгаа гэх. Харин ажил хаяагүй багш нар нь “Хэн ч захирал болсон яадаг юм. Ажлаа хийж, сурагчдадаа хичээлээ ороод, цалингаа авч байвал болох нь тэр. Харин та нар ажил хаяж байгаад дараа нь хэцүү байдалд орно доо. Боловсролын яамнаас дарга нар ирээд хууль бусаар ажил хаясан гээд халчих вий дээ” гэх мэтээр маргалдаж, тэмцэлдэж эхэлжээ. Багш нар тэмцэлдээ сурагчид болоод эцэг, эхчүүдээ хүртэл татан оролцуулах болжээ.
Мөн сурагчид нь ч багш нараа өмөөрөөд хоёр хуваагдчихсан байна. Томилогдож ирсэн, ажлаа өгсөн хоёр захирал болоод хоёр хуваагдаад байгаа багш нарынхаа төлөө сурагчид маргалдаж, зодоон цохион хийх дээрээ тулсан асуудал ч гарсан байна. Багш нар нь ангийнхандаа “Хичээлээс илүү чухал асуудал болоод байна. Та нар Ш.Сарантуяа дээр бөөнөөрөө очоод “Та ажлаа өг. Та багш нараа дарамталж дээрэлхдэг, их муу хүн гэсэн гэж хэл” гэж хэлдэг болсон тухай эх сурвалжууд дурдаж байна.
Мөн ингэж ятгахдаа “Багш нь дараа дүнг чинь сайн гаргахыг бодно” гэх утгатай зүйлс хэлдэг гэх. Сурагчид нь багшийнхаа хэлснээр “Багш зөв ярьж байна. Тэртэй тэргүй сургуулиа төгсөх юм чинь хичээл ороод яах юм. Тэгснээс сургуулиа аврахгүй бол манай сургууль хаагдах юм байна” гээд ажил хаяхгүй байгаа багш нар болоод шүүхийн шийдвэрээр томилогдож ирсэн захирлыг хэл амаар доромжилж, мессэж хүртэл бичдэг болжээ. Харин ажил хаяагүй багш нарын ангийнхан “Хичээл орохгүй байгаа багш нар болоод сургуулийн удирдлагууд биднээс хураасан мөнгөнөөсөө болоод ингэж байгаа гэсэн. Угаасаа байнга мөнгө хураадаг байсан. Энэ байдлаараа удвал бид бусад сургуулийн хүүхдүүдээс сурлагаараа хоцорно” гэх болжээ. Сурагчид багш нар нь юу гэнэ тэр үгээр байдаг болсон байна. Эцэг, эхчүүд ч “Багшийнх нь үгнээс гарвал хүүхдийг минь шахаж хавчиж, дүнгээр нь боох байх” гээд хэлсэн үгээр нь байдаг болжээ.
62 дугаар сургуулийн сурагч нарт багш нарын хэрүүл тэмцлээс үүдэн хичээл орохгүй байгаа нь огт хамаагүй болжээ. Хүүхэд болгонд “Мэдлэг боловсрол чухал биш болжээ. Сургуулийн хувь заяаг бид шийдэх юм байна. Багш нарынхаа зааснаар л бүх зүйлсийг нь хийе. Захирал нараа эсэргүүц гэвэл жагсаал хүртэл хийе” гэсэн бодол оюун ухаанд нь бат нот суучихжээ. Яг л Нигерид суурьшилтай исламын хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийнхэнтэй адилхан болсон байна. Дэлхий нийтийг цочирдуулаад байгаа “Боко Харам” бүлэглэл 500 гаруй бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг барьцаалсан. Бүлэглэлийнхэн барьцаалсан хүүхдүүдийн оюун ухааныг өөрчилж, бусадтай харилцдаггүй, ярьдаггүй болгож, зөвхөн өөрсдийнхөө бүлэглэлтэй ярилцаж, юу хий гэсэн болгоныг хийдэг робот шиг л болгочихсон нь тогтоогдоод байгаа. “Боко Харам” бүлэглэлд барьцаалагдсан 80 гаруй хүүхдийг барьцаанаас суллахад нэрээ хүртэл мартсан байсан талаарх мэдээлэл дэлхий нийтийг шуугиулсан. 62 дугаар сургуулийн багш нар сурагчдаа яг л “Боко Харам” бүлэглэлийн барьцаалагдсан хүүхдүүд шиг хэн ч биш болгож өөрсдийнхөө “амьгүй албат” болгож байгаа нь биднийг сурвалжлага хийх үед мэдрэгдэж байв.
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ 84 БАГШ АЖИЛ ХАЯЖЭЭ
Сонгинохайрхан дүүргийн хамгийн шилдэг гэгдэх 62 дугаар сургууль дээр юунаас болж ийм асуудал үүсэх болсон талаар сурвалжиллаа. Тус сургуулийн 84 багш энэ сарын 19-нөөс эхлэн ажил хаялт зарлаад байгаа. Тэд долоо хоногийн турш ажил хаяад байгаа шалтгаан нь шүүхийн шийдвэрийн дагуу сургуулийн захирлаар томилогдож ирээд байгаа Ш.Сарантуяаг эсэргүүцэж байгаа юм. Багш нарын ажилт хаялтаас үүдэн хоёр мянга гаруй хүүхэд хичээлдээ явахгүй байгаа аж. Сурагчид “Багш хичээл орох болохоор утсаар холбогдож хэлнэ. Тэр болтол хичээлдээ битгий ирээрэй” гэж хэлсэн гэнэ. Ажилт хаялт зарлаад байгаа багш нарын төлөөлөл өчигдөр МҮОНРТ-ийн байранд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Багш нар ажил хаяад байгаа шалтгаанаа “Шүүхийн шийдвэрийн дагуу захирал болж ирсэн Ш.Сарантуяаг иргэний зориг гаргаж захирлын албан тушаалаа өөрийн хүсэлтээр өг. Хэрэв тэгэхгүй гэвэл бид ажил хаяна гэж хэлсэн. Ш.Сарантуяа нь энэ сургуульд өмнө нь гурван жил захирал хийгээд сонгон шалгаруулалтад тэнцээгүй юм. Ингээд ажлаа өгч байсан. Ш.Сарантуяа удирдах ажилтны ёс зүйгүй, хамт олныг хагалган бутаргасан үйлдлийг удаа дараа хийсэн, үндэслэлгүйгээр багш ажилчдадаа хариуцлага тооцдог, бусдыг байнга дарамталдаг байсан. Иймд түүнийг ажлаас чөлөөлтөл ажил хаялтаа үргэлжлүүлнэ” гэж мэдэгдэв.
БАГШ НАР НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГА НАРЫН НҮДЭН ДЭЭР ГАР ГАРААСАА БАРИАД Ш.САРАНТУЯАГ СУРГУУЛЬ РУУ ОРУУЛААГҮЙ ГЭНЭ
62 дугаар сургуулийн гадуур цөөн тооны сурагчид гүйлдэж, тоглож байв. Ихэнх ангид хичээл ороогүй гэнэ. Харин 75 багш ажлаа хаяагүй болохоор 21 бүлгийн 800 гаруй сурагчийн хичээл хэвийн үргэлжилж байлаа. Багш нар ажил хаях болсон талаар сурагчид болон сургуулийн зарим ажилчин бидэнд мэдээлэл өгсөн юм.
Захирлаар томилогдож ирсэн Ш.Сарантуяа нь 2010-2013 оны хооронд уг сургуулийг удирдаж байсан гэнэ. 2014 оны гуравдугаар сард захирлын сонгон шалгаруулалтад орж, шалгаруулалтын хоёрдугаар байранд оржээ. Ингээд 62 дугаар сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад нэгдүгээр байр эзэлсэн Н.Батжаргал томилогдож ирсэн байна. Тэрбээр ажлаа аваад жил орчим болж байгаа аж. Гэтэл сонгон шалгаруулалтад тэнцээгүй нөөцөд шалгарсан Ш.Сарантуяа “Намайг үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна” гээд шүүхийн байгууллагад хандчихсан байна. Бүр гурван шатны шүүхээр “Ш.Сарантуяаг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан байна. Эргүүлэн ажилд нь томил. Шүүхийн шийдвэрийн биелэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалга” гэж шийдвэр гаргажээ. Улсын дээд шүүхийн шийдвэр өнгөрсөн сарын 24-нд гарсан байна. Ингээд гурван шатны шүүхээр хууль бусаар халагдсан гэдэг нь тогтоогдсон Ш.Сарантуяа шүүхийн шийдвэрийн дагуу ажлаа хүлээн авахаар сургууль дээрээ ирсэн гэнэ. Тэгсэн 62 дугаар сургуулийн 20 гаруй багш сургуулийнхаа үүдэнд гар гараасаа бариад зогсчихсон байжээ. Багш нар Ш.Сарантуяад хандан “Чамайг энэ сургуулийн босгоор оруулахгүй. Чи энэ сургууль руу орох эрхгүй хүн. Орох гээд байгаа юм бол гар гинжийг таслаад ор” гэжээ. Энэ бүгдийг сургуулийн захирал Н.Батжаргал цонхоороо хараад зогсож байсан гэнэ. Мөн Нийслэлийн боловсролын хэлтсийн томоохон албан тушаалтнууд ч сургууль дотроос хараад зогсож байжээ. Боловсролын салбарыг удирдаж яваа тэд багш нарын энэхүү үйлдэлд юу ч хэлээгүй байна. Харин багш нарынхаа “Гагнасан гинжийг таслахтун” гэх тоглоомоор “тоглож” байгааг харсан сурагчид Ш.Сарантуяаг сургууль руу орохыг эсэргүүцэж тэр хавьдаа тэмцлээ илэрхийлж, ширээ сандлаа тачигнуулж эхэлсэн байна. Үл ойлголцох байдал эндээс эхэлжээ. 62 дугаар сургуулийн зарим багшид Ш.Сарантуяаг сургуулийн босгоор алхуулахгүй байх том шалтгаан байсан бололтой.
62 дугаар сургуулийн үүдэнд ахлах ангийн бололтой сурагчид коридорт зогсож байв. Тэд “Ш.Сарантуяа захирал угаасаа муу хүн. Манай сургуулийн олон багшийг сургуулиас нь халсан. Нэг багшийг сургууль дээр архи ууж ирлээ гээд шууд халчихсан. Сурагчдыг үймүүллээ, харин хичээл орж байгаа багш нарыг хичээлээ муу заадаг гээд л загнана. Их дээрэнгүй зан ааштай хүн. Ажил хаясан багш нар бидэнд хичээлээ нөхөөд заана гэж ярьж байна лээ. Бид гэртээ хийх ажилгүй болохоор сургууль дээрээ ирчихсэн байна” гэв. Харин сургуулийн ажилтан “Ш.Сарантуяа багш нарт ажлын шаардлагыг арай хэтэрхий чанга тавиад байдаг юм. Үүнээс болоод л багш нар дургүй байдаг. Хэнхэг гэж ярьдаг” хэмээн ярив. Ажил хаялт зарлаагүй багш нар “Н.Батжаргал сургуулийн захирлаар томилогдож ирээд л багш нарыг ялгаж салгаж харилцдаг болсон. Өөрт нь саймширч харьцаагүй багш нарыг шахаж хавчдаг болсон. Харин өөрийнхөө хүрээлэлд байдаг багш нарт цалингийн нэмэгдэл, мэргэжил дээшлүүлж сургуульд сурч байгаа урамшуулал гэх зэргээр байнга мөнгө өгнө. Ажил хаялт зохион байгуулж байгаа хүмүүс цалингүй ажил хаялт хийж байгаа. Тэгсэн тэдний цалинг зохион байгуулж байгаа хүмүүс өгнө гэж байна лээ. Адилхан цалинтай багш бусдынхаа цалинг өгнө гэж яриад байгаа. Мөн ажил хаяж байгаа багш нарт өдөр болгон цаанаас нь хоол, цэвэр ус өгөөд байгаа. Тэд сургуулийн хажууд амьдардаг айлд орж орой болгон л хурал хийж ажил хаяагүй багш нарыг өөрсдийнхөө талд оруулах гэж утасдаж дуудаж байгаа. Хэн ч захирал болсон яах вэ. Гол нь сурагчдын эрх ашиг хохирч байна. Улирлын амралт эхлэх гэж байхад манай сургууль амрахгүй гэж байна” гэж учирлаж байв.
“БОЛОВСРОЛЫН САЛБАРТ 25 ЖИЛ АЖИЛЛАСАН ХҮНИЙ ХУВЬД ИЙМ БАЙДЛААР АЖЛАА ӨГӨХГҮЙ”
Ингээд тус сургуулийн захирал Ш.Сарантуяатай уулзаж цөөн асуултад хариулт авлаа.
-Халагдсан, томилогдож ирсэн хоёр захирлаас болж гурван мянган хүүхдийн эрх зөрчигдөөд байна. Багш нар таныг дарамталдаг гээд эсэргүүцлээ илэрхийлж байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Ийм нөхцөл байдал үүсээд байгаад үнэхээр их харамсч байна. Миний бие боловсролын салбарт 25 дахь жилдээ ажиллаж байна. Энэ салбарт ажиллах хугацаанд Улаанбаатар хотын аварга багшаар хоёр удаа, улсын тэргүүний багшаар мөн л хоёр удаа шалгарч байсан. Төр засаг ч миний хүч хөдөлмөрийг үнэлж одон тэмдгээ харамгүй өгч байлаа. Энэ салбарт хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн гэж өөрийгөө бодож явдаг. Одоо болж байгаа зүйлсийг нууж хаах зүйлгүй үнэн зөвөөр яримаар байна. 62 дугаар сургуульд гурван жил захирал хийж байгаад өнгөрсөн жилийн өдийд сонгон шалгаруулалтаар захирлын ажлаа өгсөн юм. Сонгон шалгаруулалтад тэргүүлсэн хүн надаас 0.8 оноо илүү авсан байсан. Миний бие хоёрдугаар байр буюу нөөцөд шалгарсан. Ингээд энэ ажлыг авч болсон юм чинь өгсөн шиг өгье гэж бодоод ёс уламжлалын дагуу ажлаа албан ёсоор өгсөн. Хэсэг хугацаанд гэртээ суулаа. Тэгээд Нийслэлийн боловсролын газарт очоод би нөөцөөр шалгарсан. Надад ажил байна уу. Байхгүй гэвэл аль нэг сургуульд багшаар ажилламаар байна гэсэн.Тэгсэн “Та багшаар ажиллаж чадахгүй байх. Нөөцөд үлдсэн хүн хоёр жил хүлээх ёстой” гэсэн. Юу гэсэн үг вэ 13 жил олны хүүхдэд багшилж, АНУ-д мэргэжил дээшлүүлсэн хүн шүү дээ. Миний олон шавь нар салбар бүртээ амжилттай явж байна. Ингээд хэсэг хугацааны дараа шүүхэд гомдол гаргасан. Эхлээд энэ салбарт өдий болтол ажиллаад шүүх энэ тэр гээд яах вэ гэж бодож байсан. Ингээд шүүхээс хууль бусаар халсан байна гээд ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарсан. Харин ажилдаа жил гаруй хугацааны дараа иртэл ийм байдал угтлаа. Миний бие багш, ажилтнуудаа дарамталж шахсан зүйл огт байхгүй. Бүх хүнтэй ижил тэгш харилцдаг байсан. Нэг хамт олон болохоор жаргал зовлонг нь хуваалцаад л ирсэн юм.
-Юунаас болоод багш нар таныг эсэргүүцээд байгаа юм бол?
-Тэрийг хэлж мэдэхгүй байна. Муухай харилцаа үүсгэж гомдоож байсан зүйл огт байхгүй гэдгийг хэлсэн. Багш нар ажил хаях болсон шалтгаан нь учир битүүлэг байгаа. Цаанаа том эрх ашиг байх шиг байна. Багш нарыг ашиглаж өөр хүмүүс удирдаад байна гэж хараад байгаа. Шүүхийн шийдвэр гарсны дараа Боловсролын хэлтсийн дарга дуудсан. Тэр хүн хоёр цаг өмнөө суулгаад юу ч хэлэхгүй байсан. Яагаад тэгснийг мэдэхгүй байна. Үүний дараа Нийслэлийн боловсролын газарт дуудаад “Чи салбараа шүүхэд өгч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэж доромжилсон гэж хэлсэн. Би ч Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж үзэл бодлоо илэрхийлсэн гэж хэлсэн. Үүний дараа сургуулийн үүдэнд багш нар оруулахгүй зогсоосон. Дөрвөн удаа ажлаа авах гээд очтол Нийслэлийн боловсролын газраас хүн ирээгүй. Би дарга руу нь залгаж та нарыг иртэл энд сууна гэж байж арай гэж ирсэн. Тэгээд ажлаа хүлээж авах болтол сургуулийн багш нар хамт ороод ирсэн. Багш нар бүх ажлыг хянаад ажил хүлээн авахад байлцсан гэсэн акт дээр гарын үсэг хүртэл зурсан. Би энэ салбарт ажиллаж дөрвөн ч удаа удирдах албан тушаалтан болж ирэхдээ анх удаа ингэж ажил авч байгаа юм. Ажил хүлээж аваад дуустал Нийслэлийн боловсролын дэд дарга “Үйлдвэрчний эвлэлийн даргаа нөгөө юмаа гардуулж өг” гэсэн. Тэгсэн сургуулийн үйлдвэрчний эвлэлийн дарга “Та иргэний зориг гарган ажлаа эргүүлээд өг. Бид ажлаа өгөхгүй гэвэл ажил хаялт хийнэ” гээд шаардах хуудас өгсөн. Яагаад ингэж байгааг асуухад юу ч хэлээгүй. Ингээд л багш нар ажил хаяад сурагчид хохироод сууж байна даа.
-Таныг захирал хийх гээд хэт улайраад байна гэж ярих хүн олон байна?
-Зарим хүнд тэгж харагдаж байгаа байх. Боловсролын салбарт гэр бүлээрээ хоёргүй сэтгэлээр ажиллалаа. Би захирал болох гэж зүтгээд байгаа юм биш. Багшийн ажлаа хийе гэсэн ажил байхгүй гэсэн. Аргаа бараад л шүүхэд хандсан. Энэ сургуулийг дүүргийн тэргүүний сургууль, улсын тэргүүний хүүхдэд ээлтэй загвар сургууль хүртэл тордож, додомдсон. Энэ амжилтад миний болон хамт олны хүч хөдөлмөр орсон шүү дээ. Энэ салбараас би ийм байдалтай гарахгүй. Яагаад гэвэл олон жилийн хүч хөдөлмөр, залуу насаа энэ салбарын сайн сайхны төлөө зориулсан. Гэхдээ цагийн юм цагтаа гэж үг байдаг байх аа гэв.
АЖИЛДАА ОРОХГҮЙ БОЛ ШҮҮХЭД ХАНДАНА ГЭВ
Бид 62 дугаар сургуулиас гарч явахад нэгэн сурагчийн ээж таарав. Тэрбээр багш нар ажил хаяад байгаа шалтгаан нь сургуулийн 40 жилийн ой болох гээд ирэх сарын 11-нд “Улаанбаатар палас”–т сурагчдын нэгдсэн тоглолт болох юм. Тоглолтын тасалбар 20 мянган төгрөг. Сургуулийн хүүхдүүдээс мөнгө хураасан. Тэр мөнгөө эргүүлээд өгч чадахгүй болчихоод ийм асуудал үүсээд байгаа. Сурагчдаас хураасан мөнгө нь хэдэн арван саяар хэмжигдэж байгаа” гэдгийг онцолж байлаа.
62 дугаар сургуулийн багш нар Ш.Сарантуяаг Улсын дээд шүүхийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэн бүрдүүлсэн гэж шүүхэд гомдол гаргасан байна. Уг гомдлыг шүүх хэлэлцээд Ш.Сарантуяаг хуурамчаар бичиг баримт бүрдүүлээгүй гэх шийдвэрийг ч мөн гаргажээ. 62 дугаар сургууль дээр болоод байгаа үйл явдлын талаар Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбатаас тодруулахад “Бид ажил хаясан багш нартай хэд хэдэн удаа уулзсан. Уулзалтаар тэдэнд хууль бусаар ажил хаяад байгаа шүү гэдгийг сануулсан. Маргааш мөн л очиж уулзана. Хэрэв уулзаад ажилд орохгүй бол шүүхийн байгууллагад хандана. Хууль хяналтын байгууллага шийдвэр гаргасны дараа арга хэмжээ авах асуудал яригдана” гэв.
Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбатын хэлж буйгаар багш нар ажил хаялтаа зогсоохгүй бол шүүхэд хандах гэж байгаа юм байна. Харин шүүх аливаа гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэдэг. Мөн тодорхой шалтгаан гарвал шүүх хурал хэдэн ч удаа хойшилж болдог. Тэгэхээр багш нар ажил хаялтаа зогсоохгүй гэвэл 62 дугаар сургуулийн хоёр мянга гаруй сурагчдад энэ хавар хичээл заах багш олдохгүй бололтой.
Э.ХҮРЭЛБААТАР