Казак түмний Наурызын баярт зориулсан Баян-Өлгий аймгийн нэрэмжит үндэсний бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр болж өндөрлөлөө. Барилдааныг МҮБХ, Баян-Өлгий аймаг, Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, Бес богда бүргэд дэвжээ хамтран зохион байгуулсан бол ивээн тэтгэгчээр “Өег гурил” ХХК ажиллалаа. УИХ-ын гишүүн, Баян-Өлгий аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга А.Бакей нээж үг хэлэв.
Барилдаанд аймгийн хурц арслан С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, Б.Одгэрэл, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, М.Бадарч, Д.Амаржаргал, Б.Баатарцол, Б.Хадбаатар, Л.Нямбаяр, П.Мөнхбат нараар магнайлуулсан аймаг цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглосноос Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Их богд дэвжээний бөх аймгийн арслан Б.Эрдэнэхүү найм даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Увснуур дэвжээний бөх аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр үзүүрлэлээ.
Их шөвгийн дөрөвт Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат Бес богда бүргэд дэвжээ, “Тэгшт палант” ХХК-ний бөх аймгийн арслан Б.Баатарцол, Булган аймгийн Сайхан сумын харьяат Булганхангайн хүчтэн дэвжээний бөх аймгийн харцага Д.Пүрэвдорж нар тунаж үлдэв.