Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболдын айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд гуравдугаар сарын 18-21-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевичтэй уулзалт хийв. Сенатын Маршал Богдан Борусевич “Энэ удаад таны хийж буй айлчлал хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааг өргөн агуулгаар хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой билээ. Монгол Улс ардчилсан тогтолцоонд амжилттай шилжсэн нь бусад орнуудад сайн үлгэр жишээ гэж үздэг. Европын холбооны гишүүн орны нэг Польш Улсын Сенатын Маршалын хувиар хэлэхэд, Европын холбооны орнуудын хөрөнгө оруулагчид танай улсад хөрөнгө оруулалт хийх сонирхол их байна. Хөрөнгө оруулалт хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье. Польш-Монгол улсын хамтарсан бизнес форум зохион байгуулагдсан нь хоёр талын бизнесийг хөгжүүлэхэд чухал болсон. Бид Монголд бизнес хийх боломж асар их байна гэж харж байна. Өнгөрсөн хугацаанд Польшийн иргэд Монгол Улс руу визгүй зорчиж ирсэн бөгөөд 2015 онд хэвээр үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь Монголд жуулчлах Польш иргэдийн тоо өсч байна. Таны айлчлал хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн жил тохиож байгаад баяртай байна” гэлээ. УИХ-ын дарга З.Энхболд “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2013 оны нэгдүгээр сард байгуулснаар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг хөгжүүлэхэд чухал алхам боллоо. Монгол иргэдийн Польшийн виз авах, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд Польшийн Дипломат Төлөөлөгчийн газар байхгүй байгаа нь хүндрэлтэй байгааг анхаарах шаардлагатай байна. Польшийн тал 2015 онд Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа сэргээнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм. Уг уулзалтын дараа З.Энхболд дарга Сеймийн Маршал Родаслав Шикорскитой уулзалт хийв. УИХ-ын дарга З.Энхболд “Монгол Улс Европын холбоотой 2013 онд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон баталсанд талархал илэрхийлье. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжихэд эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан комисс чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд анхдугаар хурлын үеэр тохиролцсон ажлыг хэрэгжүүлэх нь чухал байна. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Нүүрснээс хий, шингэн түлш гаргах ажлыг эрчимжүүлж, шатдаг занар, нүүрсний химийн үйлдвэрийг хөгжүүлэх, судалгааг хийх”-ээр тусгагдсан.

Энэ хүрээнд АНУ-ын “Жени Ойл Монгол” компанитай шатдаг занарын туршилтын үйлдвэр барихаар төлөвлөгдөж байна. БНПУ нь шатдаг занар боловсруулах талаар ихээхэн туршлагатай тул энэ чиглэлээр Польш Улсын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөртэй танилцах, Польшийн талтай хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ. Мөн тэд шатдаг занар боловсруулахтай холбогдсон Польшийн хууль тогтоомжийн талаар санал солилцов. Түүнчлэн Польш улсын Гадаад хэргийн сайд Гжегож Схетына бараалхсан бол УИХ-ын дарга Бүгд Найрамдах Польш Улсын Шадар сайд, Эдийн Засгийн сайд Януш Пехочиньскитэй уулзалт хийсэн бол Польшид амьдарч байгаа иргэдтэйгээ уулзалт хийсэн байна.

УИХ-ын даргын айлчлал өнөөдөр өндөрлөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *