Монгол Улсын Их Хурлын дарга өнөөдөр /2015.03.19/ БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевичтэй уулзалт хийв.
Уулзалтын өмнө УИХ-ын дарга Сенатын чуулганы хуралдаанд хүндэт зочноор оролцон, Сенатын гишүүдтэй мэндчилсэн юм.
Уулзалтын эхэнд, БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевич Монгол Улсын Их Хурлын даргыг айлчлал хийж буйд талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Польшийн Ерөнхийлөгч Б.Коморовски, Польшийн Ерөнхийлөгч асан Л.Валенса нар 2013 онд, Сеймийн Дэд Маршал Е.Вендерлих нар 2014 онд харилцан айлчилсан. Энэ удаад таны хийж буй айлчлал хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааг өргөн агуулгаар хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой билээ. Монгол Улс ардчилсан тогтолцоонд амжилттай шилжсэн нь бусад орнуудад сайн үлгэр жишээ гэж үздэг. Европын холбооны гишүүн орны нэг Польш Улсын Сенатын Маршалын хувиар хэлэхэд, Европын холбооны орнуудын хөрөнгө оруулагчид танай улсад хөрөнгө оруулалт хийх сонирхол их байна. Хөрөнгө оруулалт хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье. Польш-Монгол улсын хамтарсан бизнес форум зохион байгуулагдсан нь хоёр талын бизнесийг хөгжүүлэхэд чухал болсон. Бид монголд бизнес хийх боломж асар их байна гэж харж байна. Өнгөрсөн хугацаанд Польшийн иргэд Монгол Улс руу визгүй зорчиж ирсэн бөгөөд 2015 онд хэвээр үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь Монголд жуулчлах Польш иргэдийн тоо өссөн статистик судалгаатай би танилцаж байсан. Таны айлчлал хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн жил тохиож байгаад баяртай байна гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд, Манай хоёр орны хоорондын улс төрийн харилцаа, тэр дундаа парламент хоорондын харилцаанд манай улсын зүгээс сэтгэл хангалуун байдаг. Хоёр талын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаанд парламентын бүлгүүдийн хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг бөгөөд Польшийн Сейм, Сенат, УИХ дахь Парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн өргөжүүлж буйд талархаж байна. Польшийн Сеймийн Тамгын газартай Монгол Улсын Их Хурлын Тамгын газар уламжлалт харилцаатай. Айлчлалын үеэр өнөөдөр Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколд Тамгын газрын удирдлагууд шинэчлэн гарын үсэг зурж байна. “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2013 оны 01 дүгээр сард байгуулснаар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг хөгжүүлэхэд чухал алхам боллоо. Монгол иргэдийн Польшийн виз авах, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд Польшийн Дипломат Төлөөлөгчийн газар байхгүй байгаа нь хүндрэлтэй байгааг анхаарах шаардлагатай байна. Польшийн тал 2015 онд Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа сэргээнэ гэдэгт итгэж байна гэлээ.
БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевич, бид Улаанбаатар хот дахь Польшийн Элчин Сайдын Яамны үйл ажиллагааг энэ жил сэргээх болно. Учир нь бидэнд хоёр талын эдийн засгийн харилцааг өндөр түвшинд гаргах том зорилт бий гэсэн юм.
Уулзалтын дараа УИХ-ын даргыг Сенатын хүндэт дэвтэрт гарын үсэг зурахыг урив.
Энэхүү арга хэмжээний дараа УИХ-ын дарга З.Энхболд болон БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевич нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевич, бид хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа, Ази болон Европын бүс нутгийн асуудлаар санал солилцлоо. Польшийн иргэд Монгол Улс руу визгүй зорчдог бөгөөд 2015 онд үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Хоёр жилийн өмнө би Монгол Улсад айлчлал хийж байсан. 1990 онд ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан Монгол Улсын өнөөдрийн хүрсэн хөгжлийн түвшинг бид үнэлдэг. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд маргааш Гданьск хотноо очиж, “Бид Монголчуудтай эв санаа нэгтэй” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно. Айлчлал агуулга сайтай, ярилцах асуудал ихтэй амжилттай үргэлжилж байна гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд, энэ удаагийн айлчлал манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойгоор тохиож байна. Хоёр орны хоорондын улс төрийн харилцаа хамтын ажиллагаа өргөн цар хүрээтэйгээр хөгжиж байна. Цаашид бид эдийн засгийн хамтын ажиллагаанд анхаарч, хөгжүүлэх шаардлагатай. Хоёр орны хоорондын эдийн засаг болон худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд Улаанбаатар дахь Польшийн Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээхээр хоёр тал сая тохиролцлоо. Мөн дипломат харилцаа тогтоосноос хойших 65 жилийн хугацаанд Польшийн геологичид монголд судалгаа шинжилгээний ажил хийж байсан түүх бий. Энэхүү хамтын ажиллагааг ч үргэлжлүүлэх талаар ярилцсан гэлээ.
Улсын Их Хурлын дарга БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевичтэй уулзалт хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, З.Баянсэлэнгэ, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Монгол Улсаас Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд А.Ганбаатар болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.