Categories
мэдээ нийгэм

Нар хиртэлт өнөөдөр ингэж харагдана

Нарны бүтэн хиртэлт өнөөдөр тохионо. Энэ нь 1997 оны гуравдугаар сарын 9-ний хиртэлтээс хойш тохиож байгаа бүтэн хиртэлт юм байна. Нар хиртэлт гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлээр тайлбарлавал нар, дэлхий хоёрын хооронд сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь дэлхийн зарим хэсгээс харахад саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг хэлдэг байна. Нарны бүтэн хиртэлт Европ болон Хойд Африкт ажиглагдах бол Улаанбаатар хотод Монголын цагаар 17:09 цагаас эхлээд 18:21 цаг хүртэл үргэлжилж, ойролцоогоор 20-30 хувийн хиртэлт ажиглагдах юм байна.

Энэ тухай Одон орон, геофизикийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Д.Батмөнх “Манай оронд нарны хагас хиртэлт ажиглагдана. Хагас хиртэлт гэдэг нь нарны тодорхой нэг хэсэг сараар хаагдана гэсэн үг. Энэ нь Монгол орны баруун хойд хэсгээр буюу Увс, Ховд, Хөвсгөлийн баруун хэсгээр маш богино хугацаанд нар жаргах үетэй давхцаад өнгөрөх юм. Харин бүтэн хиртэлт нь Атлантын далайн хойд хэсгээс Норвегийн арлуудаар дамжиж, Хойд мөсөн далай руу чиглэсэн байна” гэжээ.

Манай оронд өмнө нь 2008 оны наймдугаар сарын 1-нд Ховд, Баян-Өлгийн нутгаар нар хиртэлт үзэгдэж байжээ. Мөн 1997 оны гуравдугаар сарын 9-нд манай орны төвийн нутгаар ажиглагдаж байсан нь сүүлийн үед ажиглагдсан том хиртэлт аж.

Энэ удаагийн хиртэлтийг сар дэлхийд хамгийн ойр байх үед тохиож байгаа хэмээн мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Үүнтэй ижил нарны хиртэлт 2034, 2053, 2072 онд дахин болох аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *