Categories
мэдээ цаг-үе

Жил гаруй улс төржин даргын суудал булаацалдсаны үр дүнд баг нь 5:1-ээр хожигдчихлоо

Зүүн Тимор нь 15 мянган километр квадрат талбай бүхий нутаг дэвсгэртэй, нэг сая нэг зуун мянга орчим хүн амтай. Биднээс гурав дахин бага хүн амтай, 100 дахин бага нутаг дэвсгэртэй ийм улстай манай хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг тоглоод 5:1-ээр хожигдчихлоо. Супер гентэй, Чингэсийн Монгол, тусгаар тогтносон бүрэн улс шүү гэж өргөмжлөөд хүчирхэг, эр зоригтойгоороо омогшоод гайхуулцгаагаад байдаг маань хаана байна аа.

Зүүн Тимор гэх улсыг газрын зураг дээрээс хайвал бараг олохгүй байж мэднэ. Цэг төдийгөөр тэмдэглэгдсэн байгаа. Дэлхийн долоон тэрбум хүнээс “Зүүн Тиморыг мэдэх үү” гэвэл бараг бүгд шахуу “Тийм юу байдаг юм” гэж мэднэ. Бид ийм л орны багтай тоглоод өөдөөс нь олигтой эсэргүүцээд, довтлоод явж чадсангүй. Ганхийх ч үгүй байсаар талбайтайгаа, үзэгчидтэйгээ хамт ялагдчихлаа. Ингэхээр ичгүүртэй санагдахгүй байна гэж үү.

Манайхан багаа их л магтчихсан, “Хөх чоно”, “Талын чоно” гэж дуудаад л. Үнэндээ чоно гэдэг чинь олигтой ч амьтан биш шүү дээ. Хээрийн хулгайч. Манай “Хөх чоно”-нууд өөрийнхөө ч, өрөөлийн талбайд ч “хар сум”-аа тавьчихаад зугтлаа гэж хэлж болно. Чоно буун дуунаар огло харайхдаа хамаг идсэн ууснаа чяцга болгон харваж биеэ хөнгөлөөд зугтчихдаг. Ямар нэг юмнаас айж сүрдэж зугтахдаа арчаагаа алдаж байгаа нөхдийг “хар сум”-аа тавьчихаад зугтчихлаа гэж зүйрлэн хэлдэг. Үүн шиг манай хөлбөмбөгийн шигшээ багийн “чоно”-нууд “хар сум”-аа тавьчихав уу даа. Гэхдээ хожигдсон нь багийн буруу мэт харагдаж байгаа ч тэднийг ийм хэмжээний тааруу тоглолт үзүүлэхэд гол нөлөөлсөн зүйл нь холбоо нь.

Монголын хөлбөмбөгийн холбоо гэх байгууллага дээрээ суудлаа олохгүй, албан тушаал эрх мэдэл, тамга тэмдгээ зулгаацалдсаар ямар ч их хугацаа өнгөрөөв. Холбооныхоо ерөнхийлөгчийг авлигач хэмээн зарлаж, улсынхаа, багийнхаа нэр хүндийг олон улсад унагаж, сул гарсан суудалд нь бие биенээ дэвшүүлээд бужигнацгаасан. Сүүлдээ жагсаал, цуглаан хийж, өлсгөлөн зарлахдаа хүртэл тулсан. Ингэж титэм мэт бусдаа гийгүүлж, зөв зүгт залах байтал эсрэгээр холбоогоо унагахын наагуур юм болгочихоор дор нь байгаа тамирчид, баг маань яаж бэлтгэлээ хангах юм бэ. Тус холбооныхон дээрээ эрх мэдлийн төлөө ноход мэт уралцсанаас үндэсний гэх тодотголтой баг нь талбайдаа чоно шиг ч авирлаж чадсангүй, жижигхээн орны багт арай л өрөвдөлтэйгөөр ноолуулчихлаа.

Монголчууд Монголоо ингэж л авч явдаг. Энэ бол бидний амьдралын үнэн төрх. Монголд улстөржөөгүй, улс төрийнхний гар дүрээгүй салбар гэж үгүй. Энд миний хүн байх ёстой гээд л ямар ч хамаагүй газарт, ямар ч хамааралгүй хүнээ “чихдэг”. Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ гэх улс төрийн сонирхол, хамааралтай хүмүүс холбооны тэргүүнд өрсөлдөцгөөсөн дөө. Улстөрчдийн утга учиргүй тэмцлийн эцэст улс нь ядуурч, баг нь хожигддог гэдгийг бид хангалттай харж байна.

Манай топ төрлүүд болох жүдо, чөлөөт бөхийн холбоодод Монголын хөлбөмбөгийн холбоонд болсон энэ улстөрчдийн тэмцэл, хутган үймүүлэлт болбол юун олимп, дэлхийн аваргынхаа тоог нэмэх, УАШТ-ээ ч зохион байгуулж чадахааргүйгээр сульдана шүү. Спортын хөлс хүч үнэртсэн шударга ертөнцөд улстөрчид гэх тас хөндлөнгийн нөхөд шургалаад ирэхээр болохоо байдгийг бид харлаа. Ер нь спортод улс төрийн өнгө аяс зохидоггүй. Энэ хоёр хутгалдана гэдэг эрүүл биш үзэгдэл л дээ. Хөлбөмбөгийн холбооныхон жил гаруйн хугацаанд дарга, тэргүүний суудлын төлөө тэмцэлдсэнээр юу болов. Үр дүнд нь баг нь 5:1-ээр хожигдчихлоо.

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *