Categories
мэдээ цаг-үе

Монголын үндэсний музейн ажилтны хулгайлсан гэх үзмэрүүд байрандаа байжээ

-ТУХАЙН ҮЕД ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙХАД ЭНЭ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ШИНЖЭЭЧДЭД ИРСЭН ГЭВ ҮҮ-

Үндэсний түүхийн музей (одоогийн Мон­голын үндэсний музей)-н сан хөмрөгийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Энхбат 410 дэсийн 1004 ширхэг үзмэр хул­гайл­сан хэргээр ял сонссон. Гэтэл түү­ний хулгайлсан гэх үзмэрүүдийн 77 нь музейдээ байсан талаар өмнөх дугаарууддаа мэдээлсэн билээ. Хэрэг илэрснээс хойш найман жил өнгөрч байгаа. Найман жилийн дараа 77 нь музейдээ байсан нь ил болсон. Түүнээс өмнө хэд нь байсан, тэр нь хаачсаныг мэдэх аргагүй гэлцэж буй.

Д.Сүхбаатар: БАЙГАА МӨРТЛӨӨ ИНТЕРПОЛООР ХАЙЖ БУЙ ҮЗМЭРҮҮДЭЭ АЛДАГДСАН ҮЗМЭРИЙН ЖАГСААЛТААСАА ХАСУУЛЖ МУЗЕЙДЭЭ БҮРТГЭЖ АВМААР БАЙНА

Монголын үндэсний музейн захирал Д.Сүхбаа­тартай ярилцлаа.

-2008 оны тооллогоор дутсан үзмэрүүд 2012-2014 оны тооллогоор гараад ирсэн гэх юм. Гэтэл дутсан үзмэрүүдийг хулгайлсан хэргээр нэг иргэн ял сонссон. Ямар учиртай юм бэ?

-2008 оны тооллогоор 15119 дэсийн 46500 ширхэг үзмэр байгаа гэсэн дүн гарсан. 2012-2014 оны улсын тооллогоор Монголын үндэсний музейд 18897 дэсийн 55572 үзмэр тоологдсон. Шүүхийн шийдвэрээр Б.Энхбатаас 9 тэрбум 128 сая төгрөгийг авах ёстой. Санхүүгийн баланс дээр авлагатай учраас аудитаар байнга авлагаа барагдуул гэж шаарддаг. Ингээд авлагаа барагдуулах гэхээр тэр хүнээс 13 сая төгрөг л улсад орсон. Тэгтэл алга болгосон 1004 ширхэг үзмэрийн 69 нь саяын тооллогоор гараад ирсэн. Үүнээс гадна 2008 оны тооллогоор огт бүртгэгдээгүй 5 дэсийн 8 үзмэр байсан. Тэр бүгд Б.Энхбатын хулгайлсан гэх үзмэрийн жагсаалтад байсан. Хулгайлагдсан гэх үзмэр олдсон учраас шинээр илэрсэн нөхцөл байдал үүслээ гэж Б.Энхбатын өмгөөлөгчид нь бид мэдэгдэл хүргүүлсэн. Дахин шүүх хурал хийж байж дээр дурдсан 9 тэрбум 128 сая төгрөгийн авлагаасаа хасуулах эрх үүснэ шүү дээ. Тэгэхгүй бол одоо байгаа үзмэрүүдийг алдагдсан гээд Интерполоор зарлачихсан, хайж байгаа. Тиймээс 2014 оны арваннэгдүгээр сарын 25-наас эхлээд хуулийн байгууллагуудад хандлаа. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, Эрүүгийн хэргийн төв архивт хүртэл хандсан. Он дамначихаад байхад хариу байдаггүй. Өргөн утгаараа мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид холбогдох том асуудал үүсч мэдэх нөхцөл үүснэ. Бас шүүхэд худлаа мэдээлэл гаргаж өгсөн хүмүүсийнасуудал ч гарч магадгүй.

Тийм замбараагүй тоолдог байсан юм уу?

-Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас тоол­логын дүнг компьютерийн программд оруулъя, тоологдоогүй үзмэрүүдийг тоолъё гээд багагүй ажил хийсэн. Тэгтэл манай музейд дан ганц хулгайд алдагдсан гэх үзмэрүүд биш өөр тоологдоогүй үзмэрүүд хүртэл гарч ирсэн. Ерөнхий бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй, нэг дугаар нь давхацсан 544 дэсийн үзмэр, огт хувийн дугааргүй 85 дэсийн үзмэр гээд нийтдээ 6000 шахам үзмэр гарч ирсэн. Тэгэхээр өмнөх тооллогууд нарийн хийгддэггүй байсан нь харагдаж байна.

-2008 оны тооллогод огт бүртгэгдээгүй найман үзмэр саяын тооллогын дүнд илэрсэн үү?

-Тийм ээ илэрсэн. Үүнээс гадна 2007 онд хулгай гарсан байхад 2008 оны тооллогоор яагаад дүнд ороогүй, 2010 онд дахин тооллого хийж, нарийн нягтлаагүй юм бэ гээд асуудал их бий.

Тэгээд байгаа үзмэрийг байхгүй гээд тоолчихдог нь ямар учиртай юм бол. Шүүх хүний хувь заяаг шийдэх гэж байхад…

-Баланс дээр байгаа үнээр, албан бусаар харьцуулахад одоо байгаа үзмэрүүд тоо нь цөөн боловч 77 үзмэр өнөөх есөн тэрбум төгрөгийн гуравны нэг хавьцаа гарч байгаа юм. Үнэлгээ хийсэн компанийн дүнг бид харах боломжгүй шүү дээ. Ер нь нэг төгрөгийн зөрүү гарсан ч шүүх хурал болох ёстой.

Ер нь хулгайлаагүй үзмэрийг хулгайлсан гэдэг дүн гаргасан хүмүүс нь танай музейн ажилтнууд биз дээ.

-Тийм ээ. “Тухайн үед голлож ажилласан нэг хүн нь энд байхгүй. Бид тэр хүнийг дагаад гарын үсэг зурчихсан. Тэгээд ч бид дөнгөж томилогдсон байсан. Нарийн ширийнийг мэдэхгүй” гэж хариулдаг. Сан хөмрөгч хулгай хийсэн шуугиан дэгдэхтэй зэрэг захирлыг нь сольсон. Шинэ захирал дахиад баахан хүн ажилд авчихсан. Тэд нь тооллого хийсэн нэр зүүгээд гарын үсэг зурчихсан шиг байгаа юм. “Ядаж 1004 ширхэг үзмэрийнхээ жагсаалтыг бариад сан хөмрөг рүүгээ орж тулгаж болдоггүй юм уу. Хүний хувь заяа шийдэх дээр хариуцлагатай байж болдоггүй юм уу” гэхээр “Бид дөнгөж ажил аваад байсан” гэдэг хариу л хэлдэг. Хуулийн байгууллага тэр хэргийг дахин задлаад шалгахаар 1004 ширхэг үзмэр гэсэн тоог гаргаж өгсөн хүмүүс хууль сахиулагчийн өмнө хариултаа хэлэх биз ээ. Энэ хэрэг дээр ажилласан хүмүүсээс буруу хайвал олон хүн буруутай. Шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлыг хэлэлцээд манай музейгээс хулгайлагдчихсан гээд байгаа үзмэрүүдийг музейд шүүхийн шийдвэрээр буцааж өгөх асуудал яригдана.

Сан хөмрөгт байгаа үзмэрүүдийн хэд нь хосгүй үнэт, үнэт, ердийн гэдгийг ч ангилаагүй гэдэг байх аа. Ер нь 55 мянган үзмэрийг хэдийг нь иргэдэд үзүүлдэг юм бэ?

-Үзмэрүүд сан хөмрөгөөс зааланд гарч, солигддоггүй дутагдал бий. Сан хөмрөгт байгаа нийт үзмэрийн 2000 ширхэг нь үзэсгэлэнгийнхээ зааланд байгаа. Үзмэр зааланд солигдохгүй байгаа нь байр савтай холбоотой нь үнэн. Гэхдээ тодорхой хугацаанд сольж байх шаардлагатай. Өвөөгийнхөө тавьсан үзмэрийг хайгаад ирдэг хүн ч бий. Сан хөмрөгт бий гэхээр итгэхгүй байх нь их. Тиймээс тодорхой хугацаанд үзмэрүүдээ сольж, эргэлтэд тавих асуудлыг ярьж байна. Үнэндээ энэ ажлыг аваад жил гаруй хугацаанд тооллогоо хийж дуусгалаа. Одоо шинэчилсэн үнэлгээ хийгдэж байна. Бид үндсэндээ таван заалаа шинэчлэн дэглэсэн. Үлдсэн заалаа шинэчилж дуусаад үзмэрүүдээ сольж тавих байдлаар шинэчилж цааш ажиллана.

Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *