Categories
мэдээ цаг-үе

Н.Удвал: МАХН-ын ханыг нь дугуйлалцаж, унийг нь өлгөлцөж явсны хувьд сэтгэл буруулахгүй

Эрүүл мэндийн сайд асан Н.Удвалтай ярилцлаа.

-Сайдын албаа өгснөөс хойш та чимээгүй байлаа. Юу хийж байв аа?

-2010 онд сайд болсноосоо хойш амралт гэдгийг мэдэхгүй ажиллажээ. Тиймээс ажлаа өгчихөөд хэсэг хугацаанд амарлаа. Гэхдээ энэ хугацаанд зүгээр суусангүй ээ. Улс орон, газар шороогоо хайрлаж, ард түмнээ аюулгүй амьдруулах гэж санаа зовдог хүмүүстэй хамтарч “Эвийн хэрэм” гэдэг үндэсний хөдөлгөөн байгууллаа.

-Ямар хүмүүстэй хамтарч байгаа юм бэ?

-Энэ бол төрийн бус байгууллага л даа. Голдуу оюуны ажил хийдэг, их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, доктор, профессоруудтай нэгдэж энэ хөдөлгөөнийг байгууллаа. Одоогийн байдлаар манай хөдөлгөөн 33 хүний бүрэлдэхүүнтэй.Бид энэ сарын 5-нд Удирдах зөвлөлийн хурлаа хийлээ. Харин анхдугаар чуулганаа Үйлдвэрчний эвлэлийн соёлын ордонд өчигдөр зохион байгууллаа.

-Ямар зорилготой хөдөлгөөн юм бэ?

-Эв нэгдлийг яаж бий болгох вэ гэдэгт л хамаг анхаарлаа хандуулж ажиллах хөдөлгөөн юм. Монгол Улсад эвийн хэрмийг байгуулж, эх орноо дархлаажуулъя, аваръя гэдэг уриатай. Эвийн чуулганаараа бид таван илтгэл хэлэлцсэн. Эвийн аргаар эх орноо аваръя гэдэг илтгэлийг би өөрөө тавьсан. Монголчууд түүхэндээ хамгийн эвтэй, тогтвортой төртэй байж. Гэтэл өнөөдөр юу болчихоод байна. Эв түнжингүй байгаагаасаа болж улс орондоройтож, хямралд орчихлоо шүү дээ. Тиймээс л цэвэр иргэний хөдөлгөөнийг байгууллаа.

-Эвтэй байя гээд жагсаал хийгээд эхлэх юм уу?

-Тэгж ойлгож болохгүй. Бид улс орныг бүхэлд нь хамарсан ажлуудыг хийнэ. Тухайлбал, дүүрэг, хороонд очиж архины эсрэг, архинд донтсон хүмүүсийг эмчлэх сургалт, уулзалтуудыг зохион байгуулна.Энэ бол зөвхөн нэг жишээ нь. Энэ мэтчилэн иргэдэд чиглэсэн санал санаачилгуудыг хэрэгжүүлж өргөн хүрээнд ажиллана. Одоо иргэдийн дундорж, тэдний санаа бодлыг сонсч байна. Гудамжаар алхаж, такси барьж хүмүүстэй санаа бодлоо солилцож байна. Ингэж иргэддээ хэрэгтэй, тэдний санааг зовоож байгаа асуудлыг шийдэхийн төлөө хамтдаа зүтгэнэ.Гэгээлэг санаачилгуудыг дэвшүүлж, эв нэгдэлд уриалан дуудна.“Анагаах ухааны нэгдсэн холбоо”-гбайгуулж, эмч нарын иххурлыг хийх төлөвлөгөө ч энэ хүрээнд явж байгаа. Улмаар төр улсаараа эвтэй байх уриалга гаргаж, үүнд чиглэсэн ажлуудыг хийнэ.

-Эвтэй байхдаа хүчтэй гэж Н.Энхбаяр дарга хэлсэн байдаг. Тэгэхээр таны үүсгэсэн эвийн хөдөлгөөнтэй намын чинь дарга холбоотой юм уу?

-Тэгж ойлгож болохгүй.Энэ бол миний улс төрийн замналд авсан сургамжийн үндсэн дээр бий болж байгаа хөдөлгөөн. Эв нэгдэл байхгүй бол ямар ч ажил урагшаа явдаггүй юм байна гэдгийг мэдэрсэн учраас энэ асуудлыг гаргаж ирж байна.

-Тэгвэл одоо МАН, МАХН хоёр эвлэрэх ёстой юм байна гэдгийг та ойлгосон гэж бодож болох уу?

-Энэ хөдөлгөөнийг байгуулсан явдлыгямар нэгэн хүн юм уу, эсвэл улс төрийн намтай холбон ойлгож болохгүй.Энэ бол эх орон, ард түмний төлөө явах хөдөлгөөн.

-Тэгэхээр та МАХН-аас зайгаа барьчихаж байгаа гэсэн үг юм уу?

-Ямар ч байсан үйл ажиллагаа нь намаас тусдаа. Миний хувьд намаасаа холдоно гэж юу байхав. Би чинь МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн шүү дээ. МАХН-ын улс төрийн гол шийдвэрүүдийг Гүйцэтгэх товчоогоор л гаргадаг.

-Таны нөлөөлөл буураагүй гэж үү?

-Тийм.Гүйцэтгэх товчооны гишүүний хувьд намынхаа үйл ажиллагаанд оролцож байгаа. Харин иргэнийхээхувьдэнэ хөдөлгөөнийг байгууллаа.Хувьдаа Монголд байгаа энэ олон талцал, задрал, бутрал зөрчилдөөн, хямралыг шийдэх гол арга нь эв нэгдэл гэж үзээд байна. Үүний төлөө явна. Нэг ёсондоо энэ бол миний шинэ улс төр.

-Үнэндээ таныг намтайгаа муудалцаж, эв түнжин хагарсан учраас Н.Энхбаяр дарга сайдын суудлыг чинь “хурааж” авсан гэдэг зүйлүүд яригддаг л юм…

-Намтайгаа муудалцсан юм байхгүй ээ. Ер нь хэнтэй ч муудалцаагүй. Энэ намыг байгуулахын төлөө яаж явсан билээ дээ. Шударга ёсыг тогтоохын төлөө бүхнээ золиослоод явж байсан хүн шүү дээ, би. МАХН-ынхныг нь дугуйлалцаж, унийг нь өлгөлцөж явсны хувьд энэ намаас хөндийрөх, зай барих,сэтгэл буруулах асуудал байхгүй.

-Гэхдээ та сайдаасаа буухын өмнөхөн намдаа ил захидал бичсэн. Яагаад тэгсэн юм бэ. Таныг сайдын суудалдаа үлдэхийн тулд ийм арга сэдлээ гэдэг өнцгөөс нь харах хүмүүс ч байсан…

-Тийм зүйл байхгүй ээ. МАХН таван хувьсгал хийнэ, шударга байна гэдэг том амлалттай мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байсан. Харамсалтай нь тэрийгээ биелүүлэхийн төлөө дуугардаг хүн аль ч түвшинд байгаагүй. Тиймээс л ил захидал бичсэн.

-Та өөрөө сайд байсан, энэ намын нөлөө бүхий удирдлага хэвээрээ байсан хэрнээ яагаад ийм зүйлийг шаардаад байв гэдэг нь сонин байна…

-Намын гишүүн, хувь хүнийхээ хувиар хийж чадах зүйл маань тэр байсан. Өөрийнхөө хариуцсан салбарт МАХН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт тусгагдсан шударга ёсны төлөөх хувьсгалыг хэрэгжүүлэх гэж хангалттай ажилласан. Үр дүн нь гарна, гарч ч байгаа. Тэр захидал бол намаахайрласандаа, эвслийн нэр хүндийг бодсондоо бичсэн санал байсан юм.

-МАХН таван хувьсгалаа хийхийн төлөө явахгүй байсны гол буруутан нь тэгвэл хэн юм бэ. Н.Энхбаяр даргатай хамаатай юм уу?

-Тэгж хэлэхгүй. Намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангуулах алба намд бий шүү дээ.

-Намаа хайрласан, эвслийнхээ нэр хүндийг хамгаалж үг хэлсэн таныг тэгвэл яагаад сайдын суудлаас буулгачихав аа гэдэг асуудал гарах байх. Танай нам засагт хамтарсан хэвээрээ байгаа тохиолдолд таныг үлдээж болох байсан…

-Тэр одоо чухал биш ээ. Хэн сайд байх нь хамаагүй, ажлаа хэр хийж байна гэдэг нь чухал.

-Тэгвэл Г.Шийлэгдамба сайдыг хэр ажиллаж байна гэж үзэж байгаа вэ. Энэ талаар сонирхож үзсэн үү?

-Сонирхоогүй.Би ер нь нэг нөхцөл байдлаас нөгөө рүү хурдан шилжиж чаддаг улстөрч шүү дээ.

-Г.Шийлэгдамба сайдтай уулздаг биз дээ?

-Уулзалгүй яахав.

-Үнэндээ шинэ засаг бүрдэж байх үед МАХН хоёр сайдынхаа нэрийг өгөхгүй их удсан. Тэр үед хэн сайд байх вэ гэдэг дээр танайхныг маргалдсан, бүр таныг сайдаараа үлдэнэ гэж уйлсан ч гэх мэтийн явган яриа байлаа…

-Ерөөсөө тийм юм болоогүй.

-Нэр тодруулахдаа яагаад тэгж их удсан юм бэ?

-Гүйцэтгэх товчоо хуралдах хүртэл ямар яриа, хөөрөө, ямар процесс өрнөснийг мэдэхгүй. Гүйцэтгэх товчооны хурал дээр эцсийн шийдийг гаргахаар ярихад би ажлаа өгөхгүй гэж хэлээгүй. Харин мэргэжлийн хүнднь өгөх саналтай байсан.

-Тэр нь хэн гэж. Жамбалжав гуайн нэр яваад байсан бил үү?

-Жамбалжав ч юм уу, Хатанбаатар ч юм уу, аль нь ч байж болно. Гэхдээ хэлэлцээд олонхийн саналаар шийдвэрээ гаргасан.

-Одоо танай намд Ерөнхий нарийн бичгийн даргын суудал эзгүй байна. Танд очих бодол байгаа юу?

-Тийм бодол байхгүй.

-2016 оны сонгуульд намын жагсаалтад орно биз дээ?

-2016 оны сонгуулийн тухай бодоогүй л явна.

-Эвийн хөдөлгөөн бай­гуулж байгааг сонгуулийн бэлтгэл гэж харах болов уу?

-Хүмүүс юу гэж бодох нь тэдний л асуудал.

-Тэгэхээр сая танай намын дарга Монголд ирсэн ч буцаад явчихлаа.Уг нь эх орондоо бүр ирсэн чинь дарамталсан учраас буцлаа гэдэг мэдээллийг танайхан өгөөд байгаа…

-Эх орондоо бүр ирсэн байх л гэж бодсон. Одоо л нэг намын ажил цэгцрэх нь гэтэл буцаад явчихлаа. Үнэндээ Монголд үлдэх боломж олдоогүй юм шиг байна. Хэлмэгдүүлэлтийн машин эргэж магадгүй байсан бололтой.

-Танай намынхан Н.Энхбаяр дарга цэгцэнд нь оруулахаас нааш хөл толгойгоо олохгүй болтлоо бужигначихсан нь үнэн хэрэг үү?

-Хөл толгойгоо олохгүй болтлоо гэх нь ч хаашаа юм. Хамгийн гол нь намын ажил сул байна.

-Намын аппаратыг авч яваа хүмүүс харин ч сайн ажилласан учраас өнөөдөр тэднийг Н.Энхбаяр дарга тушаал дэвшүүлж, заримыг нь сайд болгосон юм биш үү?

-Мэдэхгүй юм.

-Жишээ нь Г.Шийлэг­дамба дарга бол намын аппаратыг хариуцаж явсан гэдэг утгаараа таны хэлээд байгаа сул гэдэг тодорхойлолтод орох гээд байна. Гэтэл сайд болчихлоо…

-Харин тийм.

-Та Эрүүл мэндийн сайдаар ажилласан, албаа өгсөн, Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсон зэргийг эргээд дүгнэхэд юу бодогддог вэ?

-Н.Алтанхуягийн Засгийн газар муу ажилласандаа огцроогүй шүү дээ. Миний хувьд Эрүүл мэндийн сайдаар хоёр жил дөрвөн сар ажиллажээ. Салбарынхаа хамт олонтой нийлж, сайхан ажлуудыг хийсэн. Сэтгэл хангалуун байдаг. Жишээ нь эхийн эндэгдлийг бууруулж чадсан. Монгол улс улаанбурхан өвчингүй болох суурь тавигдсан. Технологийн олон шинчлэл хийгдсэн гээд сайн ажил олон бий.

-Дараагийн сайд залгамж чанараа хэр хадгалж байгаа бол?

-Үнэндээ шийдлийн Засгийн газар мөрийн хөтөлбөргүй шүү дээ. Өөрийн гэсэн шинэ мөрийн хөтөлбөргүй учраас яаманд халаа сэлгээ хийх шаардлага уг нь байхгүй. Гэвч учир утгагүй халаа солио хийж байгаа юм билээ. Г.Шийлэгдамба Н.Удвал сайдын багтай хамтарч ажиллана гэж амласан байдаг. Гэвч нэлээд хүнийг өөрчилсөн байна лээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *