Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шүүхийн шийдвэрээр 10 айл цонхоо нээлгэлээ

-ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАРЬСАН НЬ ТОГТООГДВОЛ АШИГЛАЛТАД ОРСОН БАРИЛГЫГ Ч НУРААЖ БОЛДГИЙГ ХАРУУЛЖ БАЙНА-

Зөвшөөрөлгүй, хууль зөрчиж барьсан барилгыг шүүхийн шийдвэрээр анх удаа нураалаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн I хорооны нутагт 14, 15 дугаар байрны айлуудын цонхыг хааж барьсан зочид буудлын зориулалттай барилгыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас өнгөрсөн долоо хоногт нурааж эхэллээ. Ингэснээр 10 гаруй жил цонхоо хаалгасан айлууд нар үзэх боломжтой боллоо.

Уг барилгын газрын зөвшөөрлийг анх 2002 онд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан, одоогийн УИХ-ын гишүүн М.Энхболд олгож байсан түүхтэй. Газрын зөвшөөрөл авсан компани 14, 15 дугаар байрнаас 70 см хүрэхгүй зайтай, өндөр барилга сүндэрлүүлснээр айлууд цонхоо хаалгасан. Цонхоо хаалгасан иргэд 2009 онд гомдол гаргасны дагуу 2011 онд Захиргааны хэргийн шүүх уг барилгын ар талын хэсгийн С блокыг нураах шийдвэр гаргаж байсан. Шүүх шийдвэр гаргасан ч өнгөрсөн долоо хоногийг хүртэл барилгаас чулуу ч хөдөлгөж чадаагүй. Үүнийгээ барилгын салбарынхан “Монголд барьсан барилга нураах стандарт байхгүй. Хөрөнгө мөнгөнөөс эхлээд асуудал их бий” гэж тайлбарладаг байсан. Үүнээс үүдэж хууль зөрчсөн ч гэсэн барилгаа барьчихвал асуудал дууслаа гэдэг мөчиг бодол барилгын зарим компанийнханд бий болсон нь нууц биш. “Өдрийн сонин”-ы дэргэд “Астра буйлдинг” гэх компани хууль зөрчиж барилга барьж байгаа нь үүний илрэл. Хууль зөрчиж бусдын эрхийг боомилдог барилгын зарим компанийн энэ үйлдлийг эсэргүүцэж “Өдрийн сонин”-ыхон “Цонхоо нээе” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Нийслэлд цонхоо хаалгасан олон айл, цөөнгүй хүмүүс бидэнтэй нэгдэж үгээ хэлж байгаа билээ. Монгол Улсад мөрдөж байгаа хууль, дүрмийг зөрчсөн л бол хариуцлага хүлээдэг, алдаагаа засч залруулдаг гэдгийг зөвшөөрөлгүй барилгыг нураасан дээрх үйл явдал харууллаа.

Зочид буудлын барилгад цонхоо хаалгасан иргэд энэхүү шийдвэрийг хүлээн аваад сэтгэл амарч байгаагаа илэрхийлсэн. Тэд хууль зөрчигчдийн эсрэг, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж олон жил хууль, шүүхийн байгууллагаар явсныхаа үр дүнг ийн үзэж байгаа юм. Хууль бол хууль, шүүх бол шүүх. Шүүхийн шийдвэрийг заавал биелүүлдэг гэдгийг дээрх үйл явдал харууллаа.

Энэ бол айл, албан байгууллагуудын цонхыг хааж, эрхийг зөрчсөн барилгын олон компаниудад том сануулга болсон үйл явдал юм. Монголын хуулийг үл тоон, дур зоргоороо хийсэн ажлынхаа хариуд хөрөнгө мөнгө, цаг хугацаагаараа хохирч үлдэхийг АПУ компанийн хойно сүндэрлэж, одоо нурааж байгаа 12 давхар зочид буудлын барилга харууллаа.

Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *