Categories
мэдээ цаг-үе

Оюутны ширээнээс олонд танигдсан нэг ангийнхан

Соёл, урлагийн их сургуулийн үлгэр жишээ ангийг энэ удаа урилаа. Тэд 1997-2002 онд СУИС-ийн дуулаачийн ангид суралцаж төгссөн үе чацуутнууд. Энэ ангийнхны дийлэнх нь буюу наяад хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа гэхээр яалтгүй ч үгүй хүсэн тэмүүлсээр дуучин болсон залуус юм гэж үнэлэхээр. Сургуулиа төгсөнгүүт 18 хүүхдийн 11 нь Дуурь бүжгийн эрдмийн театрт оржээ. “Нэг төгсөлтөөс ийм олон хүн энэ театрт орсон түүх байдаггүй юм билээ” гэж ангийн дарга Д.Ариунбаатар хуучиллаа. Тухайн үед багш нар нь баяр хүргэж маш их итгэл хүлээлгэдэг байж. Үлгэр жишээ анги гэдэг нь ийм л учиртай гэнэ. Ангийн бүх хүүхдүүд олны танил. Одоогооор ангиас хоёр гавьяат жүжигчин төрсөн бол бараг бүгд Соёлын тэргүүний ажилтан болчихож.

Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байгаа, гавьяат жүжигчин Ө.Уянга, СУИС-ийн дэд захирлаар томилогдоод удаагүй, гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ эдний анги. Түүнчлэн Хөгжим бүжгийн коллежийндуулаачийн багш Ч.Батцэнгэл, дуучин Д.Ариунбаатар, Д.Хишигбаяр, Э.Оюумаа, “Классик жем” хамтлагийн Б.Мөнхбат, хошин урлагийн “Пароди” элэглэлийн хамтлагийн ахлах жүжигчин Б.Булган-Эрдэнэ, Төв аймгийн “Монгол туургатан” хөгжимт драмын театрын дарга Д.Баасанжаргал, Бүх цэргийн дуу, бүжгийн чуулгын уртын дуучин, ОХУ-ын Буриадын ардын жүжигчин Н.Мөнхзул гээд эдний ангийнхнаас олноо танигдсан нь олон.

“Сургуульд ороод сар гаруйн дараа буюу 1997 оны аравдугаар сарын 25-ны өдөр Д.Хишигбаяр, Ч.Бат-Эрдэнэ, Ч.Батцэнгэл бид хэд дуурийн театр гэж гоё газрын үүдэнд ирчихээд хэдүүлээ энэ дуурийн театрын уран бүтээлч нь болно оо гэж мөрөөдөж байсан. Энэ мөрөөдөл минь одоо биеллээ олчихсон л байна” гэж ангийн дарга Д.Ариунбаатар хэлээд ангийнхнаараа бахархах аж.

Дуулаачийн ангид дуурийн дуулаач, уртын дуучин гэж хоёр чиглэлээр сургадаг юм байна. Дуурийн дуулаачаар орсон хүн дууриа ч дуулдаг, нийтийн дуу дуулах ч боломжтой. Уртын дууны төрөл бол ардын, уртын дуу, нийтийн дуугаа ч дуулж болдог байж. Ч.Бат-Эрдэнэ, Б.Булган-Эрдэнэ, Д.Ариунбаатар нар оюутан байхдаа нийлж, энд тэндхийн арга хэмжээг зохион байгуулж, хөтлөгч хийж тухайн үедээ л мөнгөтэй оюутнууд байжээ. “Бид гурвыг Дэлгэр багш “Зууны манлай халтуурчид” гэж нэрлээд шоолдог байсансан” гэж ангийн дарга нь өгүүлнэ.

Их хөдөлгөөнтэй анги байсан гэдэг нь харваас илт. Оюутан гэхээр л арваа төгссөн 18-тангууд байдаггүй гэдэг шиг тэдний ангийнхны дийлэнх нь “хөгшин”оюутан байжээ. Өмнө нь ажил хийж байсан, цэрэгт явсан, коллеж, техникумд сурч байсан гээд их сургуульд орох насаа өнгөрөөчихсөн байсан гэнэ.Охид , хөвгүүдээрээ нийлдэг ч их найрсаг хамт олон байсныг багш нар нь дурсдаг юм байна.

Зуны амралт дуусаад хичээлдээ оронгуутаа нийллэг зохиож, зугаалгаар явцгаана. Буянтогтох гэдэг найзынх нь аав “Тэрэлж”-д “Болор” гэдэг нэртэй зусланг ажиллуулдаг байж. Тийшээ явах дуртай. Нэг удаа тэнд очиж амарч, зугаалаад буцах мөнгөгүй болчихсон гэнэ. Хүн амьтнаас мөнгө гуйхаасаа ичээд ангиараа алхаад Налайхад ирээд автобусанд суужээ. Кондуктор нь мөнгөгүй оюутнуудыг хөөж тууж зарим нь чимхүүлсээр хот руу орж ирж байснаа дурсан ярьж инээлдэцгээлээ.

Үлгэр жишээ ангийнхан оюутан байхдаа л уран бүтээл хийгээд эхэлсэн гэж байгаа. Оюутан ахуйдаа студид дуу бичүүлж үзэх, том тайзан дээр гарах гээд уран бүтээлч хүний хүсдэг бүхий л шат дамжлагыг бүгдийг нь үзсэн авьяастай залуус. Сургуулиа төгсч амжаагүй байхдаа л уран бүтээлээ эхлүүлж эхнээсээ олонд танигдах замаа тавьж эхэлжээ. Ч.Бат-Эрдэнийн “Хонхны нулимс”-аар хүн болгон амьсгалж байсан тэртээ өдрүүдэд эдний ангийнхан ромбо, дипломоо аваад тайзан дээр энэ дууг дуулцгааж, нулимс дуслуулан зогсч байснаа дурсах дуртай гэдгээ хэлцгээлээ.

Тэр үед нийтийн дуунд хослон дуулах моод дэлгэрч байлаа. Эдний ангиас Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа, Д.Хишигбаяр, Г.Дэлгэрмаа нар хослон дуулсаар гарч иржээ. Тэдний энэ моодыг даган доод курсээс С.Жавхлан, Т.Баясгалан, Б.Энхмэнд, Г.Чинболор гэх хүүхдүүд гарч ирсэн нь одоогийн манай мундаг дуучид шүү дээ.

Оюутны байранд тэдний ангиас найман хүүхэд амьдардаг байж. Охидоос Наранцэцэг, Уянга, хөвгүүдээс Ариунбаатар, Хишигбаяр, Мөнхбат нар байдаг байсан гэнэ. Оюутны байрны шинэ жил, хагас бүтэн сайн өдрийн бүжиг болгоныг алгасалгүй орж, бүжгийн тэмцээнд Бэрцэцэг, Мөнхбат, Уянга нар эхний байруудыг эзэлдэг “аварга” бүжигчид нь байжээ.

Олон нийтийн ажилд сайн оролцдог идэвхтэй анги. “Бага доод күрсийнхэн биднийг их дуурайдагбайж билээ. Бид хоорондоо ойлголцохгүй байна гэж хэзээ ч байхгүй. Нэг нь дутагдалтай зүйл гаргавал бусад нь хэлж шүүмжлээд ойлгуулна. Тэр нь ч хүний амьдралд их хэрэгтэй юм шиг байна лээ. Нэгнийхээ төлөө сэтгэл гаргаж их гүйдэг оюутнууд байлаа. Одоо ч тэр бид нэг амьтай байдаг” гэж эдний ангийнхан нэгэн дуугаар хэлцгээлээ.

Байнга уулзалддаг болохоор ч тэр үү төгссөнөөсөө хойш ангийн албан ёсны уулзалт хийж үзээгүй гэхээр хүмүүс гайхдаг гэнэ. “Уулзалт хийгээд яах юм. Тоглолт бүрийн тайзны хөшигний ард уулзалддаг нэг гэр бүлийн улс шиг хүмүүс шүү дээ” гэж тайлбарлана.

Хөдөө орон нутаг, хилийн чанадад байгаа нөхөдтэйгээ утсаар, цахим ертөнцөөр байнга харилцана. Эдний ангийн бас нэг сонин зүйл нь монтажны зургаа авахуулаагүй гэнэ, одоо болтол. Оюутны ширээний араас л олонд танигдаж ирсэн тэдний хувьд төгсөлтийн баяр, төгсөлтийн шалгалтын үеэр завгүй байсан учир монтажаа хийлгэж амжаагүй гэсэн. Гэхдээ төгсөлтийн 15 жилийнхээ ойгоор сайхан гэгчийн монтажтай болохоор ярилцчихсан гэнэ лээ.

С.АРИУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *