Categories
мэдээ нийгэм

Буддын соёлын музей байгуулах нь

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж өнөөдөр Азид ховорхон “Буддын соёлын музей”-тэй болох талаар мэдээлэл хийв. Тэрбээр хэлэхдээ “Ер нь бид хот байгуулалтын буюу барилга байгууламжийн талаар шийдвэр гаргахдаа мэргэжлийн бус шийдвэр гаргаж ирсэн. Энэ алдааг засч, мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг гаргаж хийсэн төслөө танилцуулж байна. Монгол улс энэ жил Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ойг тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Мөн В.И.Лениний музейн өмнө Ерөнхийлөгчийн санаачилгаар Богд хааны хөшөө барих шийдвэр батлагдсан байгаа. В.И.Лениний музей бол музейн зориулалтаар баригдсан барилгын хийцийн хувьд Азидаа нэлээн дээгүүр ордог. Монгол архитекторын ур ухаанаар баригдсан энэ барилга үндэсний болон Европын хэв маягийг тусгасан бүтээл байгаа юм.

Бид цаашид Буддын соёлын музей болгон өөрчлөх төслийг танилцуулж байна. Яагаад ийм төсөл хийхээр болсон бэ гэвэл манай улсад буддын соёл олон зуун жил дэлгэрсэн. Буддын соёлыг дагасан урлагийн бүтээл ч их байдаг. Асар их бүтээлүүдийн үнэ цэнийг нь мэдэхгүй, үзүүлэх газар байхгүй, сэргээн засварлах газар байхгүй. Тиймээс бид энэ барилгыг Буддын соёлын музей болгож, энэ урлагийн бүтээлүүдийг дэлгэн харуулж Азидаа томоохонд тооцогдох музей болгоё гэсэн төсөл юм.

Одоогоор уг барилгыг Үлэг гүрвэлийн музей болгоно гэсэн шийдвэр гарсан байгаа. Гэхдээ Үлэг гүрвэлийн музей нь энэ барилгад тохиромжгүй. Тийм учраас урлагийн музей байх ёстой гэж үзсэн. Нийт 4712 ам метр талбайтай, архитектурын хувьд өөрчлөлт орохгүй. Дотор нь Богд хааны хөшөөг тавиад, үзмэрүүдээр тохижуулаад гадна дотор загвар хийцийг нь шинэчилнэ, гэхдээ үндсэн хийцийг нь өөрчлөхгүй. Өмнөх талбайд нь хоёр давхар автомашины зогсоол, үйлчилгээний төв бүхий доорхи байгууламж хийнэ. Энэ талбайг хувийн хөрөнгө оруулалтаар хийх боломжтой. Хувийнхан энэ бизнесийн үйл ажиллагааг хийхийн тулд 10 орчим тэрбумын хөрөнгө оруулалт хийх юм. Харин музейн барилгын хувьд 3 орчим тэрбумын засвар үйлчилгээ хийгдэж, Азид байхгүй Буддын соёлын урлагийн музей болгоно. Манай буддын сүм хийдүүдэд болон хувь хүмүүст байгаа бүтээлийг тавьдаг болно.

Мөн Үлэг гүрвэлийн музейг хаана байрлуулах вэ гэдгийг давхар шийдлийг нь гаргасан. Бидний төлөвлөснөөр аялал жуулчлалын бүс болсон Тэрэлж хүрэх замд байдаг Мэлхий хадны хойно байгуулахаар төлөвлөсөн. Тэнд музей байгуулснаар жуулчдад үзэх юмтай болгох юм. Манай улс ойрын жилүүдэд жуулчдыг сая саяар нь ирдэг болгоно гэж олон шийдвэр гаргасан ч үзэх харах юм бага байдаг. Цаасан дээрх шийдвэрээр жуулчдыг татахгүй. Мөн тэндээ Палентологийн төвийг байрлуулж, судалгаа шинжилгээ хийж, сэргээн засварлаж, эргээд тэрийгээ үзүүлж, олсон орлогоороо судалгааны багаа санхүүжүүлдэг нөхцөлийг бүрдүүлэхийг зорьсон” хэмээж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *