Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгч зөв шийдвэр гаргасан

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

Чуулганы завсар­лагаанаар юу амжуулж байна вэ. Хөдөө орон нутгийн томилолт авав уу?

-Хэнтий аймагт ажиллаад ирлээ. Одоо хуулийн төслүүд дээр сууж байна.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчлийн тухай хуулийн төслийг нухацтай харж байна. Өмнөх Засгийн газрын үед боловсруулсан хуулийн үзэл баримтлалаас юу нь өөрчлөгдсөн бэ гэдгийг нь судалж байна. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн зүгээс санаачилсан Захиргааны ерөнхий хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Хуулийн төслийн хүрээнд энэсарын сүүлээр хэд хэдэн хэлэлцүүлэг хийх юм. Мөн Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөл байна. Хуучнаар Хууль тогтоомжийн тухай хууль нэрээр явж байсан даа. Ийм хуулийн төслүүд дээр ажиллаж байна даа.

Гэмт хэргийн тухай хуулийн төслийг Д.Дорлигжав сайд эргүүлж татаад Эрүүгийн хууль нэрээр өргөн барьжээ. Доторх агуулга, үзэл санаа нь хэр өөрчлөгдсөн юм бол. Гэмт хэргийн тухай хуулийн төсөл болж шоронжсон зарчмаас татгалзсан төсөл гэж ойлгогдоод байсан л даа?

-Зөрчлийн болон Гэмт хэргийн тухай хуулийн төслийг боловсруулах олон шалтгаан байсан юм.АН-ын сонгуулийн амлалт болоод Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зарчмуудад тулгуурласан. Манай эрүүгийн хууль тогтоомжууд хүний эрхийг хангах талаасаа учир дутагдалтай байгаа учраас хүний эрхийг хамгаалж, шударга ёсыг бэхжүүлэх шаардлага гарсан. Нөгөөтэйгүүр монголчууд 1990 оноос шинэ нийгэмд шилжсэн, шинэ нийгмийнхээ үнэт зүйл, суурь зарчмыг хамгаалах хэрэгцээ үүссэн, шинэ төрлийн гэмт хэргүүд ч бий болсон. Тиймээс шинэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чадвартай хууль хэрэгтэй болсон юм. Таны хэлсэнчлэн манайд үйлчилж байгаа хууль тогтоомж хэт их шоронжсон маягтай, хорих ялыг түлхүү ашигладаг байсан. Угаасаа социализмын үед бид шоронд түшиглэж, хүмүүсийг бөөнөөр нь хорих байдлаар үнэгүй ажиллах хүчин бий болгодог байлаа. Үүнийг өөрчлөх зорилгоор ялын бодлогыг зөөлрүүлж, хорихоос бусад ялын төрлүүдийг нэмэгдүүлэх, олон сонголттой болгох хэрэгцээ бий болсон. Хуулийн хуучин нэр томъёо, эрх зүйн судалгааны хоцрогдлоос болоод хүний эрх, нэр төр хохирох хандлага их байсныг шинэчилж, хууль зүйн шинжлэх ухааны ололт, олон улсын дэвшилттэй зохицуулалт, хэм хэмжээг хуульд тусгах хэрэгцээ ч байсан. Энэ мэт хэрэгцээ шаардлага, зарчмуудад суурилжГэмт хэргийн болоод Зөрчлийн тухай хуулийн төслийг боловсруулсан юм. Гэвч харамсалтай нь шинэ Засгийн газрын өргөн барьсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэд хэдэн ухралт гарсан байна.

Ямар ухралт гэж. Ялын төрлүүдийг буцаагаад цөөлчихсөн үү?

-Тухайлбал, “зорчих эрхийг хязгаарлах” гэдэг олон хувилбартай ялын зөвхөн “гэрийн хорио” гэдэг хэлбэрийг нь ашиглахаар оруулж ирсэн байна. Тодорхой чиглэлээр зорчихыг даалгах, тодорхой газарт очихыг хориглох, гэрийн хорионд байлгах зэргээр хэд хэдэн хэлбэртэй байхаар Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд тусгасан байсан. Гэтэл үүнийг шууд гэрийн хорионд хийхээр өөрчилсөн байна. Энэ нь цахим гав гэх мэт технологийн дэвшлийг бүрэн дүүрэн ашиглах боломжийг үгүйсгэж байна л даа.

Гүтгэхийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор болсон гэв үү?

-Шинэ нийгмийн үнэт зүйлийг хамгаална гэдэг нь хүн үзэл бодлоо илэрхийлж, үг хэлэх эрхээ баталгаажуулахыг хэлнэ. Тэр утгаараа Эрүүгийн хуульд байсан гүтгэх, доромжлохтой холбоотой асуудлыг гэмт хэрэг биш гэж үзээд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцохоор өмнөх төсөлд оруулсан байсан. Шинэ Засгийн газар үүнийг гэмт хэрэгт тооцохоор болсон байна. Энэ бол том ухралт.

Та Хууль зүйн сайдаар ажиллахдаа хуулийн байгууллага, эрх зүйн шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн. Гэвч таны ажиллаж байсан Засгийн газар огцорчихлоо. Эхлүүлсэн ажлаа хэдэн хувьд нь хүргэж чадсан бол?

-Тавьсан зорилтоо 100 хувь гэж үзэх юм бол 30 хувийг нь хийсэн. Хууль тогтоомжийн хувьд зарим нь батлагдаж, зохион байгуулалт, арга барилын өөрчлөлт эхэлж байсан. Гэвч одоо энэ шинэчлэл цаашаа яаж үргэлжлэх нь ойлгомжгүй, ихэнх тохиолдолд ухралтууд л ажиглагдаад байна. Тиймээс түрүүнд хэлсэн 30 хувиас 15 нь үлдэх үү, үгүй юу лбайна. Уг нь энэ дөрвөн жилдэрх зүйн шинэчлэлийн үйл явцын ядаж 30-40 хувийг хийчихсэн бол ойрын наймаас арван жилдиргэний хяналттай, ил тод ажилладаг, хууль, хүний эрхийг дээдэлдэг хууль сахиулах үйл ажиллагаа, хараат бус бие даасан гэхдээ олон нийтийн өмнө хариуцлага хүлээж чадах шүүхийн тогтолцоо бий болчих байлаа. Харамсалтай нь “харьж яваа хүн ирж яваа цагийн дууг дуулдаггүй” гэгчээр орчин үеийн эрэлт хэрэгцээ, шинэ нийгмийн үнэт зүйлүүдэд тохирсондэвшилттэй механизмыг дотроосоо ойлгож, үнэлдэг хүнгүйгээр энэ шинэчлэл явахгүйгэдэг нь харагдаад эхэллээ.

Угаасаа л эрх зүйн шинэчлэлийг эсэргүүцэгчдийн нэг нь өнөөдрийн Хууль зүйн сайд Д.Дорлигжав байсан шүү дээ. Тэгэхээр таны эхлүүлсэн шинэчлэлийг тэр хэвээр үргэлжлүүлэхгүй нь эхнээсээ тодорхой байсан байх…

-Практик дээр ажиллаж, прокурорын байгууллагыг удирдаж байхдаа ч эсэргүүцэж байсан. Өнөөдөр хуулийн шинэчлэлийн хамгийн гол цэг болсон албан тушаал дээр очсон хойноо ч тэр байр сууриа л бэхжүүлж байна. Намайг сайд байхад Ц.Нямдорж, Д.Дорлигжав гэдэг хоёр хүний харж байгаа өнцөг, ярьж байгаа зүйл ялгарах юмгүй байсан. Өнөөдөр ч гэсэн Монгол Улсын хуулийн салбарын хөгжлийг арван жилийн турш царцаасан хуучин бодлого дахин амилах дүр зураг л харагдаж байна. Өөрийн гэсэн ямар ч концепцигүй, энэ асуудлыг ингэж харж байна гэдэг бодлогын ямар ч хувилбаргүй хүн хуулийн төслүүдийг татаад дахиад өргөн барина гэдэг нь нэг бол ямар ч өөрчлөлт хийхгүй, нэг бол зэрэмдэглээд хуучин руу нь явуулна л гэсэн үг. Эрүүгийн хууль ч бага хэрэг. Процессын хуулиудыг ингэж зэрэмдэглэх вий гэдэг дээр маш их болгоомжилж байна. Асуудлаа зөв харахгүйгээр “Би л мундаг нь, би олон жил дарга хийсэн” гэдэг хандлагаар явбал иргэнд ирж байгаа зовлонг нимгэлэхгүй. Эрх мэдлээ л бэхжүүлж чадах байх. Зүгээр Х.Тэмүүжин биш, Д.Дорлигжав гэдэг автортой байхын тулд ингэж муйхарлаж болохгүй л дээ.

Шүүхийн тухай зарим хуулийн заалтууд Цэц дээр унаад эхэллээ. Энэ юунаас болж байна вэ?

-Шүүхийн шинэчлэлтэй холбоотой цөөнгүй бодлого Үндсэн хуулийн Цэц дээр уналаа. Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэдэг тов тодорхой заалт Үндсэн хуульд байсаар атал иргэдийн оролцоотой шүүхийн шийдвэр гаргах тухай асуудлыг Цэц дээр унагаачихлаа. Дагнасан шүүх байгуулахтай холбоотой асуудлыг ч бас унагасан. Үүний цаад эзэн нь Д.Дорлигжав. Ерөнхий прокурор байхдаа шидсэн бичиг нь өнөөдөр ийм асуудал үүсэх гол нөхцөл боллоо. Уг нь энэ хүн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа шүүхийн шинэчлэлийг эхлүүлсэн байдаг. Гэвч энэ замаа өөрөө баллуурдаж байгаа нь хачирхалтай. Чухам ямар зорилготойг мэдэхгүй. Хариуцлагыг сайжруулна, цус ойртсон, бүлгэрхсэн шүүгчдийг өөрчилнө гэсэн бодлого, зорилгынхоо хэрэгжилт дээр тууштай байж чадаагүй улмаас шүүх рүү улстөрчид өөрийн хүнээ оруулах уралдаан болж хувирах нь байна. Үүнийг нь шүүмжлээд, хууль батлаад гаргачихаар Цэц дээр унагаж байна шүү дээ.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд байсан шүүгчийн сонгон шалгаруулалтын тухай заалт бас уначихсан уу?

-Уг нь бол дор хаяж гурван жил өмгөөлөгчөөр ажилласан хүн шүүгч болох ёстой гэдэг л зүйл байгаа юм. Тэгтэл шүүгчээр томилогдох гэж байгаа хүмүүсийн эрхэнд халдлаа гэдэг зүйл яриад Цэц дээр унагалаа. Энэ бол шударга шүүхээр шүүлгэх эрхтэй гурван сая хүний биш, шүүгчээр томилогдох хүсэлтэй гурван зуу хүрэхгүй хүний ашиг сонирхлыг л хамгаалж байгаа хэрэг. Хуулийн байгууллагын албан тушаалтнууд өөрсдөө шүүгч болгоно гээд бэлтгэчихсэн хамаатан садан, үр хүүхдийнхээ төлөө л хуулийн энэ заалтыг Цэц дээрунагалаа шүү дээ. Харин бид тэр шүүгчээс үйлчилгээ авах гэж байгаа гурван сая хүний эрх ашгийн тухай яриад байна.

Таны батлуулсан Цагдаагийн албаны тухай хуулийг ч бас өөрчлөх гэж байгаа сураг сонсогдсон. Цол зэргээс эхлээд цагдаагийн хуучин бүтцийг ч сэргээх бололтой?

-Цагдаа бол хүчний биш, хууль сахиулах байгууллага байх ёстой. Цэрэгжсэн биш, иргэний зохион байгуулалтад орох ёстой. Ил тод, хариуцлагатай, иргэдэд хянагддаг, үйл ажиллагаа нь олон нийтийн дэмжлэгт суурилсан байх ёстой. Энэ л цагдаагийн албаны шинэчлэлийн суурь зарчим байсан. Үүнийг буцааж унагах гэж байгаа бол үндэслэл нь их тодорхой байх ёстой.

Өнөөдөр цол зэрэг болон цалин хангамжийн тал дээр гомдоллосон цагдаа бараг алга. Сая би Хэнтийн гурван сумаар явсан. Цагдаагийн бие бүрэлдэхүүнтэй тусгайлан уулзсан. Цагдаагийн байгууллагад иргэд хяналт тавьдаг механизм нь ажиллаад эхлэхээр орон нутгийн дэмжлэг ч бий болсон гэж ярьж байна. Хэнтий аймгийн цагдаагийн байгууллага 18 сумынхаа 15-ыг унаатай болгож, Чингэс хотоо бүрэн камержуулж, хөдөлгөөнт эргүүлтэй болсон байна. Иргэний зөвлөлтэйгээ хамтарч ажиллаж, нутаг дэвсгэрийн цагдаа нар нь иргэддээ улирал тутам тайлан тавьдаг болоод эхэлж. “Архигүй Хэнтий” хөтөлбөр хэрэгжүүлснээр гэмт хэрэг 30 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Цагдааг иргэд рүү нь ойртуулсан, айлган сүрдүүлдэг бус нээлттэй, ил тод, хамтарч ажилладаг тогтолцооны үр дүн ийм л байна. Үүнээс яагаад ухарна гэж. Гомдоллосон хэдэн хурандаагийн үгээр, цэрэг удирдах донтой хэн нэгний хувийн сонирхлоор ийм ухралт хийх гэж байгаа бол би хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй.

Таны эсрэг гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэгддэг хурандаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, заримыг нь ажилд нь буцааж томилсон гэдэг мэдээллүүд саяхан бас явсан. Энэ үнэн үү?

-Тэр “гүйцэтгэх ажил” гэгчийн ард хэн байсан нь эндээс тодорхой болж байгаа биз дээ. Энэ зохион байгуулалттай гэмт хэргийн үр дүнд олон хүн хэлмэгдэж, гутаагдан доромжлууллаа. Өөрийнхөө хүүхэд шиг хүүхдийн амьдралаар хүртэл тоглолоо шүү дээ. Тиймээс энэ хэргийн талаар анхаарал тавьж, тодруулах хэрэгтэй болж байх шиг байна. Ер нь хуулийн нэрээр хувийн ажлаа амжуулж, өс хонзон авдаг, дараагийн албан тушаал руугаа ахидаг увайгүй үйлдлийг өөгшүүлээд байх юм бол эцэстээ хүний амиар ч тоглож мэднэ шүү. 1996-2000 онд юу болсон билээ, эцэстээ С.Зоригийн амийг зольсон шүү дээ. АН үүнээсээ сургамж аваагүй гэдэг нь өнөөдрийн нөхцөл байдлаас харагдаад байна. Сайдын суудлын төлөө ингэтлээ арчаагаа алдаж, ой гутам хуйвалдаанаар албан тушаалд очдог уламжлал бүү давтагдаасай л гэж хүсэх байна.

Гэтэл Д.Дорлигжав сайд та хоёр нэг намын гишүүд. Нам дотроо бие биеэтатаж унагадаг энэ гажгаас болоод өнөөдөр “АН засаглаж чаддаггүй” гэдэг ойлголт хүмүүст суучих шиг боллоо?

-Нам гэхээсээ илүү хувь хүний л асуудал юм даа. “Чи хэн юм. Би чиний дэргэд ардчиллын эцэг, АН-ын эзэн” гэх ухааны юм бодчихсон хүмүүс бол намаа ч, ардчиллыг ч үгүй хийнэ дээ. Орон нутагт явж байхад намын гишүүд, дэмжигчид, иргэдийн зүгээс яг наадах үгийг чинь хэлж байна лээ. АН-д бид боломж өглөө, өөрсдөө ажиллаж чадсангүй. Нэг нэгийгээ дэгээдсээр байгаад ажил хийх хугацаагаа алдлаа. Тиймээс АН дараагийн сонгуулиар бидэнд гомдох эрх байхгүй шүү гэж ил тод хэлж байна. Бүхэл бүтэн намыг өмчлөх гэж оролддог энэ муухай зуршил уламжлал болж үлдчих гээд байна. Ашиг тус хүртэхгүй бол юу ч хийж магадгүй болсон байна. Бид үзэл баримтлал, зарчим, бодлого дээрээ нэгдэх ёстой болохоос хувааж иддэг, хүсэл шуналаа хангадаг албан тушаал, хувийнхаа эрх ашгийн төлөө нэгдэх ёсгүй. Нам нь ч нам шиг нэгдмэл байж, бодлого дээрээ хатуу зогсож байж л бид шинэчлэлийг хийнэ. Гэтэл одоо эргээд харахаар АН зоригтой алхам хийсэн хүн болгоноо намнаж байна. Ц.Оюунгэрэл сайдыг хар. Бодлого, зарчмынхаа төлөө хатуу зогссоных нь төлөө АН, МАН хоёр нийлээд байгуулсан яамыг нь татан буулгаж, хийсэн бүх зүйлийг нь баллуурдлаа. Бодлого, зарчмынхаа төлөө явж байгаа гишүүдийнхээ ард нам нь тууштай байж чадаагүйн уршиг. АН өөрөө өөртөө хорлогддог гэдэг тодорхой л байна шүү дээ. Энэ алдаагаа бид засах ёстой. Бид төрд байгаа алдаа завхралыг засах, авлигын сүлжээг таслахын төлөө тодорхой алхам хийсэн. Гэвч гишгэж байгаа хөрсөө засаагүй учраас эргээд уналаа. Хог ачиж байгаа хүн ч эхлээд гишгэж байгаа газраа цэвэрлээд дараа нь хогоо ачдаг биз дээ.

Эхлээд намаа зас гэж үү. Гэхдээ энэ тухай байнга л ярьдаг мөртөө үр дүн байдаггүй л дээ?

-Намын санхүүжилтийг яаж ил тод болгох юм, сонгуулийг яаж өртөг багатай явуулах юм, намын үйл ажиллагааг яаж ил тод байлгах юм, дотоод ардчиллаа яаж төлөвшүүлэх вэ гэдгийг шийдэхийн тулд Улс төрийн намын болон Сонгуулийн хуулиа өөрчлөх ёстой. Би хувьдаа пропорциональ тогтолцоонд итгэдэг. Тойрогт барьцаалагддаг популист улс төрийг багасгах гарц гэж хардаг. Гэхдээ нөгөө талд энэ тогтолцоог АН, МАН-ын өвөө нар өөрсдөдөө өгөөжтэй байдлаар ашиглаж, хэзээ ч тэтгэвэрт гарахгүйгээр УИХ-д хадагдчих вий дээ гэдэг болгоомжлол ч байна. Хамгийн гол нь намд цус сэлбэлт хийж, дотооддоо шударга өрсөлдөөн бий болгох ёстой юм байна. Тэгэхгүй бол нэг хэсэг хүнийг хаан эзэнд өргөмжилсөн аятай хадаатай байлгавал юу ч өөрчлөгдөхгүй нь. Ёстой нөгөө Баабарын хэлдгээр “Дөчөөс дээш насныхан үхэж байж” гэдэг шиг л юм болох байх. Гэхдээ энэ гажуудал хүмүүсийн дан ганц насанд байгаа юм биш л дээ. Шинэ санаа, өөрчлөлтийг харж, дэмжиж чадахгүй ужгирч, бугшиж, өгөршчихсөн бодол санаатай, мөнгө албан тушаалын төлөө л эвлэлдэн нэгдэж, хүч гаргадаг байдалтай нь л холбоотой.

Үүнийг өөрчлөхийн тулд яах ёстой гэж?

-Ерөөсөө л залуучуудын оролцоо хэрэгтэй. Бид өмнөх үеэ агуу гэж үздэг, алтан үе гэж бахархдаг. Тэр нь зөв. Гэхдээ тэдэнд бүгдийг мухар сохроор даатгадаг байж болохгүй. Бидний арын үеийнхэнд мэдлэг, чадвартай хүмүүс төлөвшиж байгааг үгүйсгэх ёсгүй. Тэднийг хүүхдээрээ, туршлагагүй байна гэж голоод байх юм бол өөрчлөлтийн боломжийг тэр хэрээрээ хазаарлаж байгаатай адил. Шинэ үе гарч ирэх ёстой. Араасаа яваа залуучуудыг үгүйсгэж болохгүй.

Саяхан шүүхээр шийдэгдсэн “Саусгоби сэндс”-ийн хэрэг ид дуулиан тарьж байна. Энэ хэрэг прокурорын буруутай үйл ажиллагаатай холбоотой, прокурорт хэн нэг нь нөлөөлсөн гэх утгатай үгийг Ерөнхийлөгч унагачихлаа. Хэн гэдэг прокурорын тухай яриад байгаа юм бол?

-Би мэдэхгүй байна. Гэхдээ нэг зүйл тодорхой. Хуулийн нэрээр хуулийн байгууллага баялаг бүтээгчдийг тонон дээрэмдэж, орлого олдог байдал газар авлаа. Үүнийг засах гэсэн бидний оролдлого харамсалтай нь үр дүнгүй боллоо.

Ж.Капла нарт Ерөнхийлөгчийн уучлал үзүүлсэн явдлыг ч бас шүүмжилж, МАН-ын зарим хуульчид Цэцэд хандах, Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг тавихаа мэдэгдсэн. Та юу гэж үзэж байна вэ?

-Хэрвээ өмнөх Засгийн газрын үед өргөн барьсан Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Өршөөлийн хуулийг баталчихсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан. Энэ хоёр хуулийн зорилго нь хөрөнгө оруулагчдаа дэмжиж, баялаг бүтээгчдээ айдсаас гаргах, далд байгаа хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэсэн. Гэтэл янз бүрийн улс төр хийж, дүлэгнэсээр байгаад батлаагүй шүү дээ. Тийм учраас өнөөдөр баялаг бүтээгчид айдсаасаа салж чадахгүй байна. Үр дүнд нь юу болов. “Улсаараа шорон” гэж хэлэгдэх хүртлээ олон улсын тавцанд Монголын нэр хүнд уналаа. Хэн нэгний эрхийг хязгаарлах шийдвэрийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр шүүхээс гаргана гэдэг Үндсэн хуулийн зарчимтай мөртлөө хуулиас давсан журам заавраар хүний эрхийг үнэгүйдүүлсээр байна шүү дээ. Аль нэг хуулийн байгууллага хүсэлт гаргахад л хэн нэгний гадагшаа, дотогшоо явах эрхийг хязгаарладаг социалист уламжлалтай улс хэвээрээ байна. Үүнээс болоод олон улсад Монголын нэр хүнд улам уналаа. Монголд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг дээрэмдүүлсэнтэй адил гэдэг ойлголтыг дэлхий нийт авчихсан байна. Энэ байдлаас улсынхаа нэр хүндийг аврахын тулд Ерөнхийлөгч зөв шийдвэр гаргасан. Тэгээд ч Үндсэн хуульд цагаан дээр хараар “Ерөнхийлөгч уучлал үзүүлнэ” гээд заачихсан байгаа. Ямар нэгэн нөхцөл заалгүйгээр шүү.Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн найм дахь хэсгийг үзээрэй. Өршөөлийн хууль гаргалаа гэж УИХ-ыг Үндсэн хуулийн Цэцэд өгч болохгүй биз дээ. Үүнтэй адил өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд уучлал үзүүлснийх нь төлөө Ерөнхийлөгчийг Цэцэд өгөх нь утгагүй. Хууль зүйн хувьд утгагүй.Зүгээр үүгээр улс төр хийх сонирхолтой, том хүнээс зуурч нэр төр олох гэсэн хүмүүсийн л хийж байгаа ажил болов уу.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг тухайн үед УИХ яагаад буцаасан юм бэ?

-Баялаг бүтээгчдээ гох дэгээнд өлгөчихөөд сааж байх эрмэлзлэл улстөрчдөд байсан гэдэгт би хувьдаа итгэмээргүй байна. Харамсалтай нь бодит үйл хэрэг нь тийм болж хувирчихаад байна. Баялаг бүтээгчдийг өлгүүрт дүүжилчихээд халаасыг нь нэгжиж, мөнгийг нь аваад сууж байх дээрэм маягийн тогтолцоог нүдээ аниад үргэлжлүүлэх сонирхол заримд нь байх шиг байна. Тийм учраас энэ хуулийг баталсангүй. Энэ хуулийн төслийг шинэ Засгийн газар УИХ-д дахин өргөн барьсан байна лээ. Хаврын чуулганаар батлах болов уу гэж найдаж байна. Үүний төлөө эрчимтэй ажиллана. Тэгэхгүй бол гудсан дор нуусан мөнгө ил болохгүй нь. Өнөөдөр Монголд мөнгөтэй хүн олон байгаа. Гэвч тэр мөнгөө эргэлтэд оруулж, бизнес хийж, ажлын байр нэмэгдүүлэхээсээ айж байна. Тэгснийхээ төлөө мөрдөн шалгуулж,шоронд орж, бусдад дээрэмдүүлэх вий гэхээс айж байна. Үүний оронд мөнгөө банкинд хадгалуулчихаад хүүг нь хураах ч юм уу, гудсан дороо хав дараад суух нь аюулгүй гэж үзэж байна шүү дээ. Хамгийн эмгэнэлтэй нь энэ дээрэм АН төрд гарснаас хойш улам газар авлаа гэж хүмүүс ярьж байна. Энэ бол яах аргагүй бодит шүүмжлэл. Уг нь АН жил хагасын өмнө энэ дээрмийг зогсоохын тулд санаачилга гаргаж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих болон Өршөөлийн хуулийг боловсруулсан. Гэвч батлах зориг байсангүй, зорилгынхоо төлөө нэгдмэл байж чадсангүй.

Эрх зүйн шинэчлэл ингээд танаар дууслаа гэвэлхүлээн зөвшөөрөх үү?

-Үгүй байлгүй дээ. Би бол дахиад шинэ сорилттой тулгарч байна л гэж харж байна. Энэ сорилтыг бид давах ёстой.

Ер нь та яагаад Ч.Сайханбилэгийн ч, Р.Амаржаргалын ч Засгийн газарт орж ажиллахгүй гээд хэлчихсэн юм бэ. Гэхдээ таныг Засгийн газарт орохгүй гэж хэлэхээс өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг урих байсан болов уу. Яагаад гэхээр Хууль зүйн сайд болох хүн байсан болохоор таныг огцруулсан нь тодорхой учраас…

-Мэдэхгүй юм. Гэхдээ би тэр хоёрт нэг л зүйл хэлсэн. “Хийж байгаа ажлынхаа төлөө хангалттай доромжлуулж гүтгүүллээ. Надад ирээдүйд хийхээр төлөвлөж байгаа олон ажил байна. Тиймээс байгаа бүхнээ энэ жижиг хэрүүлийн тойрогт шатаагаад дуусгах сонирхол алга. Ирэх 2016 оны сонгуулиар АН эдийн засагтай холбоотой ямар ч асуудал ярих боломж харагдахгүй байна. Эдийн засгийг бодитоор босгох мөнгө ч алга. Дээрээс нь хөрөнгө оруулагчдаа хөөгөөд гаргачихлаа. Дараагийн эргэлтэд оруулах байсан мөнгөө популист амлалтад тараагаад дуусчихлаа. Үйлдвэрлэл, бодит сектор руу юу ч хийсэнгүй. Тиймээс ирэх сонгуульд АН-ын нүүр бардам ярих ганц ажил нь энэ эрх зүйн шинэчлэл юм шүү.Иргэддээ үйлчилдэг, аюулгүй байдлыг нь хангадаг, хүний эрхийг эрхэмлэдэг хуулийн байгууллагын тогтолцоотой боллоо, хэн ч шударга ёсны процедурт эргэлзэхээргүй дэвшилтэт тогтолцоо руу очлоо гэдэг нь АН-ын нүүрийг тахлах ганц ажил болно шүү. Тиймээс эрх зүйн шинэчлэлээ дэмжиж ажиллаарай” гэж хэлсэн. Харамсалтай нь одоо Ч.Сайханбилэгийн Засгийн газарт би хувьдаа итгэл алдарч байна. Олон асуудал дээр дандаа буруу өнцгөөс харсан, буруу тайлбартай яваад байна. Ерөнхий сайд дуугүй байгаагаараа үүнийг өөгшүүлж байна. Тийм учраас надад ч гэсэн Засгийн газрыг дэмжих шаардлага байна уу, үгүй юу гэдгийг бодож эхэлж байна. АН-ын Засгийн газар учраас дэмжих ёстой гэж бодож явлаа. Гэвч уучлаарай! АН, МАН хоёр нийлээд болж байсан бүх зүйлээ жадлаад, нураагаад байхаар дэмжих үндэслэл харагдахгүй байна. 2016 оны сонгуулийг бодохгүй ажиллана гээд гоё яриад байсан хүмүүс өнөөдөр сонгуулийн буухиагаа эхлүүлчихсэн л давхиж явна шүү дээ.

Та огцрохынхоо өмнөхөн дөрвөн сая ам.долларын авлигатай холбоотой нэг баримтыг твиттерт дэлгэснээс хойш таг болсон. “Хуулийн байгууллагын нэрээр баялаг бүтээгчдийг тонон дээрэмдэх авлигын сүлжээ” гэдэг тайлбартай жиргээ байлаа. Яагаад тэр баримтыг дэлгэсэн юм бэ. Энэ баримт өнөөдрийн Хууль зүйн сайдтай холбоотой гэдэг мэдээллүүд ч явсан…

-Би уг нь хэн нэгнийг, тэр дундаа Д.Дорлигжавын нэрийг дурдаагүй. Өөрөө л “Юун гуя” гэдэг шиг юм болсон шүү дээ. Өмнөөс нь сандраад олон ч хүн мэдэгдэл хийчих шиг болно лээ. АН-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт авлига өгсөн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэдэг амлалт орсон. Үүнийг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг дагаж орж ирсэн Өршөөлийн хуульд маш тодорхой заагаад өгчихсөн байсан. Гэтэл шинэ байгуулагдсан Засгийн газар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг татаж аваад дахин өргөн барьсан. Ингэхдээ Өршөөлийн хуулийн төслийг алга болгоод оронд нь Татварын өршөөлийн хууль нэртэй хэдхэн заалт оруулж ирсэн. Тэнд нь нөгөө заалт байхгүй, хасаад хаячихсан. Тэгэхээр шинэ Засгийн газарт авлига өгч байгаа талыг өршөөх хүсэл алга аа л гэсэн үг. Эндээс танд ямар логик харагдаж байна.

Авлигатай тэмцэхгүй ээ гэсэн үг үү?

-Энэ Засгийн газарт авлигатай тэмцэх хүсэл алга. Авлига өгсөн хүмүүсийг шийтгэх маягаар авсан авлигаа далдалдаг хуулийн механизмыг хэвээр хадгалахыг л хүсч байна. Битгий ингэ ээ. Баялаг бүтээгчдээ айдсаас гаргах зорилготой хуулиудыг битгий үгүйсгэ, авлигыг битгий өөгшүүл. Ийм л зорилгоор би тэр баримтыг дэлгэсэн.

Одоо тэгээд яах вэ. Үнэхээр энэ хууль гарахгүй бол яах юм?

-Ямар ч байсан хээл хахууль өгсөн талыг өршөөдөг, ял, шийтгэл оногдуулдаггүй зохицуулалтыг бий болгоно оо. Энэ зохицуулалт орж байж баялаг бүтээгчид айдасгүй, харин авлигачид нь айдастай болно. Хохирогч нь, дээрэмдүүлэгч нь “Тэр надаас тэдэн төгрөг авлигад авсан” гэдгийг шууд зарладаг болно. Авлига авсан этгээд хариуцлагаа хүлээнэ. Авлигатай ингэж л тэмцэхээс өөр арга байхгүй.

Тэгвэл наад хууль чинь хэзээ ч батлагдахгүй юм биш үү?

-Энэ хуулийг батлуулахын төлөө явна аа. Батлахгүй юм бол АН яах гэж 2012 онд сонгогчдынхоо өмнө тийм амлалт авсан юм.

Таныг огцруулах асуудал яригдаж байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэхийн тулд Х.Тэмүүжинг дэмжинэ” гэж хэлж байлаа. Гэвч өнөөдөр хуулийн салбарт Б.Билэгт, Д.Дорлигжав хоёр албан тушаалтай үлдэж, та явлаа л даа…

-Энэ тухай Ерөнхийлөгчөөс өөрөөс нь асуух хэрэгтэй байх. Өөрийнх нь зорьсон, амласан, алсад харж байгаа зүйл нь шүүх, хуулийн байгууллагын шинэчлэл байсан шүү дээ. Шударга байцгаая гэдэг үгийн ард байгаа өөрчлөлтийг Ерөнхийлөгч өөрөө эхлүүлсэн. Гэхдээ би түүнийг замынхаа дундаас буцсан гэж бодохгүй байна. Магадгүй Х.Тэмүүжин гэдэг залуугаас илүү 25 жил хамт явсан амин найзууд нь тэр шинэчлэлийг хийчих юм шиг санасан байх. Харамсалтай нь одоо арай өөр дүр зураг харагдаад байна л даа.

Ер нь Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсон шалтгаан нь юу гэжта боддог вэ?

-Н.Алтанхуягийн Засгийн газар огцрохнэг шалтгаан нь би байсан байж магадгүй. Х.Тэмүүжинг хуулийн салбарын толгойд байлгах хүсэл зарим хүнд байгаагүй учраас. Хуулийн салбарт хийе гэж бодсон гэрэл гэгээтэй бүхэн Увсын хоёр хүний хавчлагаар зогсох болсонд би хувьдаа харамсч л байна.

Өнөөдөр ер нь АН дотор юу болоод байна вэ. Засгийн газраа огцруулаад зогссонгүй. Одоо дотроо фракциуд нь задарлаа, шинэ бүлэг үүслээ л гэх юм…

-АН-д байдаг л процесс. Энэ бол сонин биш. Харин АН өөрсдийгөө дотроосоо хэмлэдэг, хүн дагасан ашиг сонирхолд тулгуурласан фракциасаа хэзээ салах вэ гэдэг нь сорилт болчихоод байна. Энэ утгаараа би хувьдаа “Фракцигүй АН” гэдэг санаачилгыг дэмжиж байгаа. Сая орон нутгаар явахад АН-ын жирийн гишүүд ууртай байна лээ. “Өрсөлдөгч улс төрийн хүчиндээ чанга дуугаар үндэслэлтэйхэн тайлбар хэлчих хүн АН дотор алга. Тэгсэн мөртлөө өөрсдийгөө татаж унагаахдаа ямар чанга дуутай, яасан мэргэн цэцэн юм бэ” гэж хэлэх хүн олон байна. Үнэхээр эргээд харсан чинь өнгөрсөн 2.5 жилд АН-аас хамгийн чанга дуугаар хашгирч байсан, АН-ыг нурааж байсан хүмүүс өнөөдөр бялуугаа авчихаж. Эсрэгээрээ АН-ыг өмөөрч байсан хүмүүс нь шийтгүүлж. Угаасаа АН, МАН хоёр урвагчдаараа дамжиж эрх ашгаараа нэгддэг юм биш үү. Харин АН-ын намын үнэт зүйлийн төлөө дуугарсан хүмүүсээ МАН-тай нийлээд золигт гаргадаг юм байна. Тэгвэл хэн энэ намын төлөө явах юм бэ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *