Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр

Өнөөдөр бол олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр. Ээждээ, эхнэртээ, хайртай бүсгүйдээ баярынх нь өдөр ямар цэцгийн баглаа барих вэ гэж та бодож сууна уу. Эсвэл дэлгүүрт орчихоод өнгө алагласан олон цэцгийн алийг нь сонгохоо мэдэхгүй будилж зогсоно уу. Тэгвэл бид бүхэн залуусдаа болон ээжийгээ баярлуулах чин хүсэлтэй хөтлөгдөн яваа хүүдүүдэд нь зориулан цэцэгсийн бэлэгдлийг хүргэж байна.

Хонгорзул цэцгийг ээждээ
Турьхан иштэй хонгор зул цэцэг хүндэтгэлийг илэрхийлдэг учраас настай ээжид бэлэглэхэд хамгийн тохиромжтой гэнэ шүү. Бас урт удаан наслахын утгыг ч давхар агуулдаг байна. Том цагаан дэлбээтэй сараана ч хүндэтгэлийн утгыг агуулдаг гэж байгаа. Ээжүүдэд барих Мартын бэлэг үүгээр хязгаарлагдахгүй, ягаан сарнайг ч сонгох боломжтой. Учир нь ягаан сарнай ээжүүдийн зөөлөн, дулаан сэтгэлийг бэлгэддэг учраас дунд эргэм насныханд илүү тохирох юм билээ. Хэрвээ та эдгээр цэцгээс сонголтоо хийсэн бол сондгой тоогоор аваарай. Тооны бэлгэдэл цэцэгт хүртэл агуулагддаг болсон байна шүү. Нэг зүйлийг сануулахад дээр дурдсан гурван цэцгээс та нэг, нэг ширхэгийг ч сонгож болно. Дангаар нь боолгох боломжтой. Гагцхүү хувь хүний сонголт, мөнгөний хэмжээ л мэдэх нь.

Кала буюу цагаан даль
Том цагаан дэлбээ, урт ногоон иштэй цагаан даль цаанаа нэг өвөрмөц мэдрэмж төрүүлэх юм билээ. Кала цэцэг нь эрүүл энх урт удаан наслахыг “ерөөдөг” учраас ээждээ, хайртдаа, энхрий үрдээ бэлэглэхэд буруудахгүй. Тэр тусмаа охины тань төрсөн өдөр Мартын 8-нд тохиодог бол кала цэцгийг сонгоорой. Таны сонголтод бяцхан охин хязгааргүй баярлаж, гэргий тань охиныхоо сэтгэл дүүрэн инээмсэглэлииг хараад талархах нь дамжиггүй. Боломжийг бүү алдаарай аавууд аа. Мартын 8-нд дүрсгүй хүү тань мэндэлсэн аваас удвал цэцгийн баглааг санал болгож байна. Дэггүй жаал ирээдүйд эрдэмтэн болох ч юм билүү хэн мэдлээ. Учир нь удвал цэцэг оюун ухааны бэлгэдэл болдог байна.

Хамгийн урт настай нь хар сарнай
Хар сарнай гэхээр тас хар өнгөтэй гэж бүү бодоорой. Сайн ажигласан хүнд сарнайн дэлбээний төгсгөл хэсэгт гүн хар өнгө ууссан харагдсан. Түүнээс хүрэн улаан өнгөтэй сарнай л даа. Хүндэтгэлийн утгыг агуулдаг учраас ээжүүдэд бэлэглэхэд буруудах зүйлгүй. Цэцгүүдээс хамгийн урт удаан амьдрах чадвартай нь хар сарнай тул 10-14 хоногийн хугацаанд өнгө зүсээ алддаггүй байна. Усыг нь солин өдөр бүр арчилж чадвал хайрын бэлгэдэл хар сарнай амьдарсаар л байх гэсэн шүү. Шар, цагаан сарнай ч тэднээс дутахгүй, сараана, хонгор зул ч мөн амь бөхтэй байдаг гэнэ.

Шар сарнай оюуныг илтгэнэ
Шар, цагаан, улаан сарнайтай өнгө булаалдан харц булаах цэцэгсийн нэг нь саатай саргай байв. Хар хөх, гүн ногоон өнгөтэй энэхүү сарнайг залуу бүсгүйчүүдэд гал улаан сарнайтай хамтатган баривал чамин цэцгийн баглаа болдог байна. Хэрвээ та хайртдаа саатай сарнай бэлэглэхээр шийдсэн бол шар тууз сонгоорой. Хар хөх, гүн ногоон өнгийн сарнайн дундаас шар тууз тодоос тод ялгарч чамин харагдана. Ингэвэл хайртад тань хамгийн ихээр таалагдана гэдэгт итгээрэй. Харин багшдаа шар өнгийн сарнайг бэлэглээрэй. Шар хадаг оюун ухааныг бэлгэддэгийн нэгэн адил шар сарнай ч мөн ийм утгыг агуулдаг байна. Найз бүсгүй тань оюуны ажил эрхэлдэг бол гал улаан сарнайтай цуг шар сарнайг хамтатгаж болно.

Цагаан сарнай эрүүл энхийн бэлгэдэл
Энхийн манаанд зогсч буй хүйн ээжүүдэд цагаан сарнай хамгийн хүндтэй бэлэг нь болжээ. Тийм болохоор Эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж яваа эмэгтэйчүүдэд цагаан сарнай бэлэглэхэд сүүн цагаан сэтгэлийн илэрхийлэл болж гүн сэтгэгдлийг үлдээх учиртай. Хэзээ, мөдгүй төрөх дөхсөн ээжүүдэд ч цагаан сарнайг бэлэглэхэд буруудах зүйлгүй байдаг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *