Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Богд уулаа аз жаргал бэлэглэгч болгон хувиргая

Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн гэж хэлэгдэх хэмжээнд хүрчихсэнийг хүн бүхэн мэднэ. Зүрх судас, элэг, цөс, сахарын өвчлөл эрс нэмэгдсэний шалтгаан нь үүнтэй холбоотой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Улаанбаатарын утааг нүд ирмэхийн зуур соруулж аваад алга болгочихгүйгээс хойш хүн өөрөө өөрийнхөө эрүүл мэндийг анхаарч, спортоор хичээллэх нь ганц арга гэлцдэг.Харамсалтай нь өнөөдөрхүн амын дөнгөж зургаан хувь нь спортоор хичээллэдэг гэсэн тоо бий.

Харин сүүлийн үед хүмүүс эрүүлагаарт алхахыг юу юунаас чухалчилдаг болсон. Энэ эрмэлзлэл ньнийгмийн давалгаа ч болжмэдэхээр өргөжиж байгаа нь олзуурхууштай.Анги хамт олон найз, нөхөд, албан байгууллагаараа алхаж байна. Биесээ танихгүй байсанзалуус ч сошиал ертөнцөд нэгдэж, явган аялал зохион байгуулдаг болсон байна.Уулын аяллыг удирдан явуулдагтөрийн бус байгууллага, сайн дурын бүлэг, холбоо ч олон болжээ.Ялангуяа нийслэлийнхэн амралтын өдрөөр Богд хан уул руугаа алхдаг хэвшил тогтчихлоо.Амралтын өдрүүдээр Богд уулын амууд хүн, машинаар пиг дүүрдэг болсон байна. Цэвэр агаарт гүйж, алхах нь хүнд эрүүл мэндийг бэлэглэнэ. Эрүүл мэнд нь аз жаргалыг бий болгодог учраас тэд ийн хошуурч байгаа хэрэг юм.

Гэтэл Богд хан ууланд аялж, зугаалахыг хориглочихлоо.Яагаад гэсэн чинь Төр хурахын аманд түймэр гарч, түүнийг унтраах гэж онцгойгийнхон болоод Богд уулын хамгаалагчид үйлээ үзсэн гэнэ. Дахиж ийм явдал гаргахгүйн тулд Богд ууланд хэнийг ч аялуулж, зугаалуулахгүй гэдэг шийдвэрийг эрх мэдэл бүхий байгууллага нь гаргав. Үүнийг явган аялагчид баярлан хүлээж аваагүй нь ойлгомжтой. Тухайлбал, Монголын адал явдалт спорт аяллын холбооны тэргүүн, гавьяат дасгалжуулагч Б.Жияандорж “Богд уулын 24 амыг хариуцсан хамгаалалтын 50 гаруй байцаагч бий. Тэд уулаа эргэж тойрдоггүй. Гэрээ сахисан хэдэн хүн л байдаг.Уг нь Богд ууланд түймэр гаргуулахгүйн тулд тэднийг цалинжуулдаг байлтай.Гэтэл тэднийхариуцлагын тухай яриагүй байж Богд ууланд аялж, зугаалах иргэдийн хөлийг хорилоо. Богд хан уул минь дархан цаазтай шүү гээд л хав дараад хадгалаад байх юм.

Хааж, хориод байх тусам түймэр улам л гарна.Ингэх ямар шаардлага байна аа. Богд уулыг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд энэ уулыг төрийн тахилгатай, дархан цаазтай болгох санаачилгыг би дэвшүүлж байсан юм. Гэхдээ шашин хөгжүүлэх гэсэнгүй. Монголын төр, ард түмнийг байгальтай нь холбоё. Богд уулынхаа орой дээр нутаг нутгийн иргэдуулзаж, хөөргөө зөрүүлээд сууг. Нутгаараа бахархаг гэсэн болохоос өнөөдрийнх шиг хадаг яндар уядаг шоу болгоосой гэж бодоогүй”гэдэг байр суурь илэрхийлж байх жишээтэй.

Өдгөө дэлхийд зочид буудлын аялал жуулчлал хоцрогдох тийшээ орж байна. Өндөр хөгжилтэй орнууд гоё барилга байгууламж барихаасаа илүү байгальд түшиглэсэн, адал явдалт аялал жуулчлалыг хөгжүүлэхийг илүүд үздэг болсон тухай судлаачид хэлж байгаа. Тэр нь мориор, дугуйгаар, завиар явах аяллыг хэлээд байгаа юм. Мэдээж энэ ангилалд явган аялал зайлшгүй багтана. Энэ бол эмнэлэг байгуулахаас, эм уухаас илүү хүний эрүүл мэндэд тустай учраас л тэр.

Улаанбаатар хотод хамгийн ойрхон онгон зэрлэг байгаль, цэвэр агаартай, аялал жуулчлалын бүс болон хөгжихболомжтой газар ньБогд хан уул.Тиймээс Богд уулыг иргэдээсээ харамлаж, хав дарж хадгалахын оронд аяллын цуваа тасардаггүй маршруттай болгох хэрэгтэй байна.Битүү камержуулъя.Тор хашаа татаж, шөнөдөө өдөр шиг гэгээтэй болгоод өгье. Явган аяллын зам тавья.Морин аяллын маршрут гаргая. Туул голоор завиар зугаалдаг болгоё. Богд уулын нэг амаас Цэцээ гүний оргил хүртэл дугуйн зам засъя. Зам дагуу дугуй түрээсийн бизнесийг цэцэглүүлчих. Зугаалж яваа иргэдийн дугуй эвдэрвэл засаад өгчихдөг газрыг нь хамт байгуулчихъя.Аялагчид замдаа өлсч, цангаж, ядарвал ороод амарчихдаг газар, тохьтой хоолны газрууд бий болгоё. Жижиг буурчийн газраас эхлээд тансаг зочид буудлыг нь хүртэл байгуулаад өгчих. Худалдаа, наймаа, хог хаядаг сав нь гар дор. Монголын ёс заншил, уламжлалыг сурталчилсан үзүүлбэр, орчин үеийн шоу, амрах рашаан сувилал цөм тэнд байг.Нийслэлчүүд Богд ууландаа гарч өглөөний нар хардаг, шөнө нь сарыг шинждэг цэгтэй болчих.Бүр утаа жигших цэг гэж байгуулъя. Иргэд тэндээс Улаанбаатарыг тольдохдоо утааг нь жигшдэг байг. Цаашилбал, ууланд хонож, отоглох аялагчдад зориулж тав тухтай бааз байгуулаад өгье. Майхантайгаа хонох аялагчдын аюулгүй байдлыг ч хангадаг байя. Ингэж байж л Улаанбаатарт ирэх жуулчдын тоо нэмэгдэнэ.Нийслэлийнхэн бид ч Богд ууландаа очоод эрүүл агаараар амьсгалж, аз жаргалтай амьдрах нөхцөл бүрдэнэ.

Дэлхийд уулын аялал яг ийм байдлаар хөгжиж байна. Солонгос, Япон, Тайланд, Сингапур гээд аялал жуулчлал хөгжсөн Азийн бар орнууд ийм жишгээр явж байгаа. Тэнд зөвхөн явган аялал, дугуйн замаар тогтохгүй тэргэнцэртэй хүмүүст зориулсан зам ч байна. Аяллын замд200, 300 метр яваад дугуй түрээсэлдэг цэгтэй, засварын газартайгаа хамт цогцолж байна. Хүний хэрэгцээг хангасан юм бүхэн тэнд бий.Түвдийн өндөр ууланд яаж байгуулсан юм гэмээр үйлчилгээнүүд цөм бүрдсэн байна.Андын нуруунд байрлах Чилийн Портильо уулаялал жуулчлалын иж бүрэн үйлчилгээгээрээ дэлхийд гайхагдаж байна. Италийн Риомаджоре уулын аяллын баазыг ч дэлхий шагшдаг. Специя хотоос ердөө таван км-ийн зайд оршдог энэ уулыг италичууд аяллын оргил цэг болгон хөгжүүлж чаджээ. Хятадын Тианжиний Пань шань уулын аялал жуулчлалын бүс ч гайхалтай. Манай Богд уултай адил эртний түүх соёлын дурсгалт газар. Гэвч хятадууд үүнийг дэлхийд алдартай аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж чадсан байгаа юм.Энэ жишгээр бид Богд уулаа аялал жуулчлалын бүс болгох шаардлага тулгарчээ.

Тэгвэл Богд уулыг хэзээ, хэн ингэж хөгжүүлэх вэ гэдэг асуудал зайлшгүй гарч ирнэ. Аялал жуулчлалын салбарынхан “Төр бол хамгийн муу менежер. Харин хувийн хэвшлийнхэнд итгэл үзүүлж дэмжээд энэ ажлыг хариуцуулбал ойрын хугацаанд Богд ууланд ядаж явган аяллын зам тавина” гэдгийг ярьж байгаа юм.Өнөөдөр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийг тойрсон дөрвөн ууланд аялал жуулчлалын маршрут бий болгохасуудал ярьж, тодорхой төсөв баталчихсан юм байна.Гэвч энэ нь дугуйн зам тавих хэмжээнд хүртэл хэрэгжих нь юу л бол.Богд ууланд олон жилийн өмнө байгуулсан хэдэн сүүдрэвч, замын тэмдэгтөдийхнийг засч сэргээхэд зориулагдах байх гэдэг таамаглал бий.Үүний оронд өнөөдөр төрөөс хувийн хэвшлийнхний дунд хэн нь Богд уулыг дэлхийн жишгийн аялал жуулчлалын бүс болгож чадах вэ гэдэг уралдааныг зарла.Ялагчид нь зээл олгож, дэмжихэд л дугуйн замаа байг гэхэд энэ зундаа багтаад Богд уул 20 км явган аяллын замтай болно.

Энэ байтугай урт замыг ямар ч хувийн хэвшил богино хугацаанд ашиглалтад оруулдаг болсон цаг үе.Мэдээж төр хошуу дүрж, ажлыг нь саатуулахгүй бол шүү дээ.Богд уул руу алхах, дугуйтай явах замтай болгоно гэдэг бол бизнесийнхэн бидэнд баяр баясгалан худалдаж байгаатай адил.Харин бид тэднээс эрүүл мэнд худалдан авч байгаа гэсэн үг.Улаанбаатарын залуус Богд уул руу бүгд бэлчдэг болбол бааранд орж, дэмий мөнгө үрдэг, элдэв өвчин худалдаж авдаг хүнгүй болно. Ийм Богд уулаа аз жаргал бэлэглэгч болгон хувиргая.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *