Categories
мэдээ цаг-үе

Хүүгийнхээ “Ээждээ яарсан сэтгэл”-ийг нь сонсох дуртай

Нутгийн цэнхэр ууланд нь

Униар будан хөшиглөж байгаа даа

Нуурын шувууд ганганан нисэхэд

Ухаант ээж минь уймрах вий дээ…

Сэтгэл минь яарах юм

Ээжээ зүүдлэх юм

Санчиг буурал ээж минь

Байн байн бодогдох юм даа… хэмээн эгшиглэмэгц сэтгэлийн гүнд хүрч цээжинд “нэг юм” тээглэх шиг, хоолой зурах ч шиг болдог энэ дуу бол “Чингэс хаан“ хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Дашзэвэгийн Жаргалсайханы “Ээждээ яарсан сэтгэл” хэмээх дуу юм. Энэ дуу зүрх сэтгэлийн тэртээх гүн цүнхээлд, хүний ухамсрын дайдын дайдад шурган ороход сэтгэл оюун чичирхийлдэг билээ. Д.Жаргалсайхан гуай энэ дуугаа ээждээ зориулж зохиожээ. Харин ээж нь “Хүүгийнхээ бүтээлүүд дотроос аль дуунд нь хамгийн дуртай вэ” гэх гэнэн гэмээр асуултад маань “Ээждээ яарсан сэтгэл”-д нь гэж хариулсан юм. Тэрбээр Монгол Улсын гавьяат багш Гаадангийн Бадам гуай. “Мартын 8” ойртож буй энэ өдөр орчлонгийн сайхан ээж Бадам гуайтай уулзаж үр ач, гэр бүл, ажил амьдралынх нь сониноос хуваалцлаа. Бадам гуай Увс аймгийн Тэс сумын уугуул гэнэ. Дунд сургуулиа төгсөөд урлагийн сургуульд сурахаар Улаанбаатарт иржээ. Түүний хань Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт уран барималч Чимидийн Дашзэвэг гуай. Урлагийн сургуулийн баримлын ангид Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас ирсэн залуу хөвгүүн Дашзэвэг, хөгжмийн ангид Увс аймгийн Тэс сумаас ирсэн Бадам хэмээх хөөрхөн бүсгүйтэй танилцаж, сэтгэл нийлэн гэр бүл болжээ. “Монгол орныхоо зүүн, баруун зүгийн хоёр хүн нийлэв дээ, бид хоёр” хэмээн Бадам гуай тэр холоос яриагаа эхэллээ. Хол нутгийн хүнтэй ханилав гэж тухайн үедээ нутгийн ахан дүүс тийм ч дуртай байгаагүй ч залуу хос тэр мэтийг ажралгүй туулж таван хүүхдийн эцэг эх бололцон тавин таван жил ханилжээ. Бадам гуай анхны хүүхдээ хорин хоёртойдоо төрүүлсэн гэнэ. Дөрвөн хүү, нэг охин төрүүлсэн дархан бэр аж. Энэ гэр бүлийн бахархах нэгэн сонин гэвэл, аав, ээж, хүү гурван гавьяат цолтонтой. Тэгэхдээ эхлээд хүү Жаргалсайхан нь гавьяат жүжигчин болжээ. 1998 онд. Дараа жил нь 1999 онд Дашзэвэг гуай урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэхэд Монголын урчуудын эвлэлийн үе үеийн удирдлага болох таван хүн баяр хүргэхээр гэрт нь зочилж очоод “Бид мэргэжлийн алдаа гаргажээ. Хүүгээс тань өмнө танд гавьяат өгөх байсан юм” хэмээн цагаахнаар инээлдэн хөхрөлдөж байсан гэнэ. Үүнээс хойш хэдхэн жилийн дараа 2009 онд Бадам гуай гавьяат багш цол хүртжээ.

Нэрт уран барималч Ч.Дашзэвэг гуай XX зууны Монголыг бүхэлд нь илэрхийлэх урлагийн бүтээлүүдээрээ цаг цагийн салхийг сөрөн өнөд орших эрхэмсэг оршихуйг бүтээсэн нэгэн билээ. 1962 онд Улсын баатар Ц.Олзвойн хөшөөг Ховд аймгийн Манхан суманд, 1964 онд Улсын баатар Т.Борын хөшөөг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд, 1966 онд Ард Аюушийн хөшөөг Ховд аймгийн Ховд хотод, 1967 онд Улсын баатар Х.Дамбын хөшөөг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд, 1968 онд Улсын баатар Л.Даваадоржийн хөшөөг, 1969 онд Улсын баатар Б.Тэгшээгийн хөшөөг Ховд аймгийн Чандмань суманд,1970 онд Улсын баатар Бэгзийн Гивааны хөшөөг Увс аймгийн Улаангом хотод, 1970 Улсын баатар Лхагвадоржийн хөшөөг Булган аймгийн төвд бүтээсэн байдаг. Энэчлэн үндэстний оюун санааны үнэт зүйл болох эх оронч үзлийг илэрхийлсэн уран баримлын бүтээлүүд нь тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Г.Амарсанаагийн хөшөө, партизан Д.Содномдаржаагийн хөшөө, төр нийгмийн зүтгэлтэн Б.Элдэв-Очирын хөшөө хэмээн үргэлжилнэ. Ч.Дашзэвэг гуайд 2007 оны гуравдугаар сарын найманд нийслэлээс “Ачлал буянт аав” өргөмжлөл, гэр бүлийн сайн сайхны төлөөх нэгэн төрийн бүс байгууллагаас эдний гэр бүлд “Шилдэг гэр бүл” гэсэн өргөмжлөл гардуулсан нь Бадам гуайн ажлын өрөөнд дэлгээстэй байх аж. Бадам гуай пионерийн удирдагчаар 1970-1989 он хүртэл ажилласан гэнэ. Пионерийн удирдагч гэдэг нь одоогийн амьдралд нийгмийн ажилтан гэсэн үг юм даа гэж тайлбарлаж өгсөн. “Пионерийн удирдагч, эвлэлийн хорооны дарга хоёр бол сургуулийн захирлын гол туслах, баруун гар талд нь л суудаг хүмүүс байлаа. Хүүхдүүдийн сурлага хүмүүжил, эцэг эх, ар гэрийн аж байдал гээд пионерийн удирдагчийн анхаарлын гадна үлдэх зүйл нэгээхэн ч байдаггүй байв.Би 53 нас хүртлээ улаан бүчээ зүүж пионерийн удирдагчаа хийсэн” гэж сонирхуулсан юм.

Хүүхдүүдээ багаас нь хөдөөгийн амьдралд ойр өсгөж, зуны амралт эхлэх бүр аав ээждээ туслуулахаар Хэнтийн Өмнөдэлгэр рүү явуулдаг байсан гэнэ. Тэрбээр “Өвгөн маань их алсын ухаантай хүн байсан. Хүүхдүүдээ төрсөн нутагтаа, малд ойр өсгөсөн. Одоо манайх хөдөөнөө малтай. Тэмээнээс бусад нь бий. Малчин авч ажиллуулдаг юм.Миний хүүхдүүд хөдөөний амьдралд багаасаа ойртсон учраас хэн нь ч байсан очоод хадлан бордоогоо хадах зэрэг малын ажилд тусалдаг юм” гэж байв. Тэнд дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ гэртэй, өөрөө гэртэй, цагаан идээний нэг гэртэй, ингээд зургаан гэр байж байдаг гэнэ. Тэндээ тарагны ааруул, шар тос гээд төрөл бүрийн идээ цагаа бэлддэг байна. Зунд зочин ихтэй, ах дүүс, хүүхдүүдийнх нь найз нөхөд гээд хөл тасардаггүй байна. Хүүхдүүдээ “хамгийн гол нь их ажилсаг” гэж магтаж байлаа. Бидний яриан дундуур утасны дуудлага орж ирлээ. Бадам гуай уучлалт хүсээд утсаа авав. Тэгээд “Хоёр хүү маань малчинтайгаа уулзаж, ажил төрөлд нь туслахаар өнөөдөр хөдөө явж байна, манайхаар орчихоод замдаа гарч байна гэнэ ээ. Батсайхан, Баярсайхан хоёр маань” гэж сонирхуулав. Хүү Батсайхан нь ч бас сайхан дуулдаг, труба хөгжим тоглодог гэнэ.Жаргалсайхан, Батсайхан, Баярсайхан, Энхсайхан, Энхтуяа гэхчлэн дандаа “сайхан”-тай юм уу “энх”-тэй нэр хүүхдүүддээ хайрлажээ. Харин ач зээ нарт нь Жаргалсайхан нь нэр хайрладаг гэнэ. Миний хүү ах эгч дүү нарынхаа хүүхдүүдэд их өвөрмөц содон нэр бодож өгдөг юм гэж байв. Эдийн засагч, геологич, хөгжимчин гээд үр хүүхдүүд нь янз бүрийн мэргэжил эзэмшжээ. Ач зээ олуулаа, хүн үр хүүхдээ тоолдоггүй юм гэнэ лээ. Бүгдээрээ сайн сайхан амьдарч байна гэсэн юм. “Чингэс”-ийн Жагаа буюу Жаргалсайхан гуайн хөгжмийн анхны багш нь ээж нь байжээ. Нийслэлийн зургадугаар сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байхдаа хүүдээ анх ноот заасан тухайгаа ярьсан юм. Сурлага сайтай, математик, физик их сонирхдог хүү маань том болоод барилгын инженерийн сургуульд Орост сурахаар явсан боловч аргагүй л урлагт татагдаад сургуулиа орхиж ирээд л “Соёл-Эрдэнэ” хамтлагт орчихсон юм гэж байв. Хүү нь багадаа өдрийн тэмдэглэл уйгагүй хөтөлдөг хүүхэд байжээ. Цэцэрлэгт байхад нь 250 төгрөгөөр гармон хөгжим авч өгч хөгжимд дурлах эхлэлийг тавьсан байх гэж мөн ярьсан. Бадам гуай хүүхдүүдээ цэцэрлэгт байхаас эхлэн гэртээ ханын сонин гаргаж, “шилдэг”-ээр тодруулан, ханын сониныхоо тэргүүн нүүрийг зориулан урамшуулдаг байжээ. Ингэж урамшуулах нь хүүхдэд их сайнаар нөлөөлдөг гэж насаараа боловсролын салбарт хүүхдүүдийн дунд ажиллаж ирсний хувьд онцолж байв. Бадам гуай өдгөө ная дөхөж яваа хэрнээ хөгжилтэй, бас эмх цэгцтэй яриа хөөрөөтэй нэгэн юм. Биеэ авч явах өндөр соёлтой, түүнээ өдгөө ч гээгээгүй нь гайхалтай аж. Тэрбээр Монголын их дээд сургуулиудын оюутны дотуур байрны консерциумын зөвлөх багшаар ажилладаг юм байна.Аав ээжийнхээ тухай, ажлынхаа найз нөхдийн тухай, үр хүүхэд ач зээ нарынхаа тухай, одоо дунд нь бужигналдаж, аав ээжээсээ хол амьдарч байгаа оюутнуудад ээжийнх нь оронд хэрхэн ээж болж яваа тухайгаа олон сонин сайхныг хуваалцсан юм. Цэргийн алба гурван жил байх үед гурван хүү нь цэрэгт мордож,Жаргалсайханыгаа Амгалангийн цэргийн ангид, Батсайхан Баярсайхан хоёрыгооЗүүнбаянгийн хилийн цэрэгт үдэж байжээ. Манай рок хөгжмийн домогт дуучин Жаргалсайхан наяад оны цэрэг гэдэг. Тэрбээр цэргийн албанд мордсон үеэ дурсан нэгэн хэвлэлд ийн ярьсан нь соньхон байдаг. “1983 оны зургадугаар сарын 22-нд цэргийн дамжингаас бүхээгтэй ногоонд ачигдан 1000 цэргийн карантин дээр ирж байсан азарган ширүүн бороотой шөнийг би яаж мартах вэ. Биднийг угтаж авсан бага дарга, цэргүүд бүгд майхан ногоон цув өмссөн нь усархаг бороотой тэр шөнийг бүр ч сүртэй харагдуулж билээ. Ингэж “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гоцлол дуучин, гитарчин Д.Жаргалсайхан цэрэгт очсон юм. Цэрэгт ирсэн анхны шөнөөс эхлэн, сонирхож, сонжиж харах олноор хүрээлүүлсэн. Намайг ямар цэрэг болсныг харах гэж дуг нойрондоо дугжирч байсан бага дарга, офицерууд хүртэл ирсэн байж билээ” гэж. “Чингэс хаан” хамтлагийн ахлагч, хүү Жаргалсайханых нь дуулсан, Ц.Бавуудоржийн шүлэг, Л.Балхжавын хөгжим “Гүрэн Монгол чинь хүлээнэ” дууны клипэнд сүүн цацлаа өргөн зогсоо ягаан дээлтэй ээжийн дүр гардгийг уншигчид санаж байгаа байх. Рок попынхон өөрсдийн клипэнд Бадам гуайг хааяа урьж тоглуулдгийн нэг нь энэ ажээ.

Сувдан цэнхэр ууланд нь

Сүүмэлзэх саран хоноглож байгаа даа

Хүүгээ элгэндээ санан тээсээр

Хөөрхий ээж минь бэтгэрэх вий дээ

Сэтгэл минь яарах юм

Ээжээ зүүдлэх юм

Санчиг буурал ээж минь

Байн байн бодогдох юм даа хэмээн өөрт нь зориулан зохиож дуулсан хүүгийнхээ энэ дууг сонсох бүртээ Бадам гуай өөрийнхөө ижийг бас л үгүйлэн санадаг байх даа гэж бодогдоно.

Н.ПАГМА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *