Монгол Улс Канадын “Хан ресурс” компанид 100 сая ам.долларын өр төлөхөөр болж байна. Ядрахад яр нэмэр гээч л энэ шүү дээ. Яагаад гэвэл их өр гэсэн үг. Ноён уулаа ашиглалаа гэхэд тэндээс олох мөнгийг Канадын нэг компанид өгөх нь. Цэцийн дээр хөх тэнгэр бий гэдэг шиг Олон улсын Арбитрын шүүхийн дээр хөх тэнгэр л бий.Монгол Улсын хууль энэ тэр бол үүний дараа яригдах асуудал. Арбитрын шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцэх хүч бидэнд байхгүй. Тэд Монгол Улсаас 100 сая ам.долларыг өрөндөө авахад ядах юм байхгүй. Манай энд тэнд байгаа валютын нөөц, хувьцааны ашгаас л авчихна. Олон улсын Арбитрын шүүх “Монголын Засгийн газар эрчим хүчний гэрээ, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн” гээд учирсан хохирлыг өнөөдрийн ханшаар үнэлж гаргажээ. Тусгай зөвшөөрлийг нь хууль бусаар цуцалснаас болж компанид 83.3 сая долларын хохирол учирсан гэж Арбитр үзсэн байна. Үүнээс гадна компанийн өмгөөллийн зардал гэх 9.1 сая ам.долларыг Монголын Засгийн газар нэмж төлнө. Яахав, өчигдрийн хэвлэлүүдээр Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг “Манай улс 80 сая ам.долларын асуудалд л унасан” гэж албан ёсоор мэдэгдсэн байна лээ. Тийм биш л дээ хө, таны үгэнд итгэх нь итгэх л биз, манай сонин бол таны байтугайн мэдэгдлийн цаад наад нарийн ширийнийг гадарладаг, үүх түүхийг нь мэддэг, бичиж явсан болохоор зөвхөн баримт л хэлнэ. Ингээд энэ аймаар өр шир чухам яагаад үүссэн, хэн оролцсон, тэр үеийн үйл явцыг эргэн сайтар санацгаая.
Дорнод аймгийн нутагт байх Дорнод, Мардай, Гурванбулаг гэсэн стратегийн орд газруудаас Дорнодын ордыг нөөц сайтай гэдэг. Ураны баталгаажсан нөөц нь 28 868 тонн. Монгол, Оросын экспедицийн илрүүлж байсан энэ орд дээр 1998 онд Орос, Канад, Монголын хамтарсан “Төв Азийн уран” компанийг байгуулсан юм. Улмаар Монголын Засгийн газар оросуудын хүсэлтээр гэдэг юм уу, шахалтаар 2009 онд “Хан ресурс”-ын тусгай зөвшөөрлийг цуцалсан. С.Батболдын Засгийн газрын үед, тодруулж хэлбэл 2010 онд Дорнодын ордын ураныг ашиглах гэжОрос, Монголын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр “Дорнод уран” компанийг байгуулахаар шийдвэрлэсэн ч “Хан ресурс”-ын хэргээс болоод энэ асуудал нам жим болсон. Оросуудын хувьд “Дорнод уран” компанийг байгуулахыг Монголын талаас удаа дараа шаардаж ирсэн. 2006 оноос эхлэн Монголоос уран олборлоно гэдгээ ч ил тодорхой зарлах болсон билээ. Хэрэв Дорнодын ордыг түшиглэн “Дорнод уран” компанийг байгуулсан тохиолдолд ОХУ-ын ураны хэрэгцээний дөрөвний нэгийг тус ордоос олборлох боломжтой гэсэн тооцоог ч мэргэжилтнүүд хийж байв. Ямар ч хамаагүй аргаар ураны нөөцтэй болох зорилготой том гүрнүүд хөгжил буурай орнуудын ураныордууд руу чиглэдгийн нэг жишээ хэмээн олон улсын судлаачид үзэж байлаа. Дэлхийн ураны батлагдсан нөөц арван сая тонн гэдэг бол Монгол Улсынтаамаг нөөц 1,4 сая тонн гэсэн тооцоо бий. Дэлхийн зах зээл дээр 400 грамм ураны шар нунтаг 55 ам.доллараас эхлэн өсч байна. Тэгэхээр 1990 оноос хойш ураны ордын нэр хүнд, үр ашгийг мэдсэн улстөрч бол Н.Энхбаяр. 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр Цөмийн энергийн комисс гэдэг эрдэм шинжилгээний байгууллагыг яам болгохоор шийдсэн байдаг. Харин тухайн үед эрдэмтэд “Яам бус Цөмийн энергийн газар байгуулъя” гэсэн санал гаргасан. Эндээс хамаг булхай луйвар, авлигын наймаа үүсэн бий болсон гэж шинжээчид үздэг юм билээ.
Ямартай ч Монгол Улс ураны нөөцийг энхийн зорилгоор ашиглах, боловсруулах төрийн бодлого баримталж байв. Өөрөөр хэлбэл цөмийн зэвсгээр хөөцөлдөх улс орнуудад уран нийлүүлэхгүй байх үүрэг хүлээсэн аж. Технологийн дэвшилттэй Японоос гадна АНУ, Франц, БНХАУ, Канад улстай хамтран ажиллах бодолтой байв. Гэвч Оросын талыг илт баримталдаг тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат нар Монгол-Оросын хамтарсан “Дорнод уран” компанид олон тооны тусгай зөвшөөрөл өгсөн юм. Үнэндээ оросуудын ураны салбарт дангаараа ноёрхох, эзэмших гэсэн сонирхол үүгээр зогсоогүй. ОХУ-ын Думболон “Росатом” групп ил далд бусад ордуудын хувийг авах гэж ажиллаж байв. 2009 онд ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Монгол Улсад зургаан цаг айлчлах үеэрээ “Монгол Улстай ураны салбарт хамтран ажиллах болсноо” мэдэгдсэн юм. Энэ нь дэлхий нийтэд “Монгол Улсын уран манайх шүү” гэсэнтэй ялгаагүй мэдэгдэл. Залгуулаад 2009 онд Д.Медведев айлчлах үеэрээ “Хан ресурс”-ын эзэмшиж байгаа хувийг авахаа улаан цагаан хэлээд буцсаны учрыг мэдэх хүмүүс одоо хэлж эхэлж байна. Яагаад канадуудаас нүүр буруулж, “булааж” авсан лицензээ оросуудад өгөх болсон бэ гэдэг нь нарийн тохиролцоотой байсныг тухайн үеийн мэргэжилтнүүд ярьдаг. Учир нь тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр 2008 оны дөрөвдүгээр сард ОХУ-д албан ёсны айлчлал хийж ирснийхээ маргааш нь шахуу Мардайн орд газартай танилцахаар нисдэг тэрэг хөлөглөн очсон байдаг. Нөхөр маш шуурхай, хурдтай ажиллаж бүх асуудалтай газар дээр нь танилцангуутаа тэндээсээ нисдэг тэргээр шууд Чита мужийн Краснокаменскт очиж Приаргуны уул, химийн үйлдвэрийн нэгдлийн ажил байдлыг үзэж сонирхсон талаар тэр үеийн хэвлэлүүдийн хуудаснаа бий. Ер нь бол энэхүү нисдэг тэрэгтэй аялал цаанаасаа төлөвлөгдсөн, зорилтот байсан хэмээн мэргэжлийнхэн үздэг юм билээ. Яагаад гэвэл Ерөнхий сайд С.Баярыг ОХУ-ын атомын энергийн “Росатом” улсын корпорацийн тэргүүн С.Кириенко Мардайгаас цааш авч явсан гэж тэр үеийн хэвлэл мэдээллийнхэн бичжээ. Яагаад Приаргуны үйлдвэрийг С.Баяр өөрийн биеэр очиж үзэв.700 метрийн гүнд боловсруулалт явуулдаг, Зөвлөлтийн цөмийн цэнэгт хошуунуудыг бий болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн түүхтэй том үйлдвэртманай улсын Дорнодын ураны бүлэг ордуудаасуран нийлүүлэх ч төлөвлөгөөтэй байсан байх гэж өнөөдөр судлаачид бичиж байна. 1970-1980 онд илрүүлсэн Мардайн ордыг Приаргунд хүдэр нийлүүлэх зорилгоор 1981 оноос нууцааролборлож эхэлсэн гэх нууц материал ч өнөөдөр ил болсон. Ерөнхий сайд С.Баяр тэндээсээ ирээд 2009 оны гуравдугаар сардҮАБЗ-өөр зөвлөмж гаргуулах, атомын эрчим хүч ашиглах талаарх төрийн бодлого, хууль тогтоолын төсөл боловсруулах ажлыг эхэлсэн. Ингээд зургадугаар сарын 25-нд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”, долдугаар сарын 16-нд “Цөмийн энергийн тухай” хууль тус тус батлагдсан юм.
С.Баяр Ерөнхий сайд болсноосоо хойш ураны асуудлаар ингэж л эрчимтэй ажиллажээ. Шинээр гаргасан Цөмийн энергийн тухай хуульд төсвийн зардлаар хайгуул хийсэн орд газарт “…хамтран байгуулах компанийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ” гэсэн заалт орсон юм. Тэр үед Мардайн ураны ордын ашиглалтын лицензийг “Төв Азийн уран” ХХК эзэмшиж байв.Энэ компанийн 58 хувийг “Хан ресурсэс инк”, 21 хувийг “Росатом”-ын “Атомредметзолото”-гийнэзэмшлийнх байсан хэрэг. Ердөө 21 хувийг нь эзэмшиж байгаа Монголын Засгийн газрын хувийг хуулийн дагуу 51-д хүргэхийн тулд дээрх компаниуд хувиасаа өгөх болно. Тэгэхээр “Атомредметзолото” буюу Оросын талын хувь багасч, хүртэх “бялууны” хэмжээ дэндүү жижигдэхээр болсон учир чамласан бололтой. Тиймээс “их гүрний” дээрэнгүй санал тавьж (тухайн үед Оросоос нийлүүлдэг баруун таван аймгийн цахилгааныг шууд таслах зэргээр дарамт үзүүлж байсан гэдэг), канадуудыг “зайлуулах” ажиллагаагманайхнаар гүйцэтгүүлсэндүр зураг ажиглагдаж байна хэмээн тэр үеийн хэвлэлүүд, судлаачид, мэргэжлийн хүмүүс ярьж, бичиж байжээ.Ингэх үндэслэл нь магадгүй Цөмийн энергийн тухай хууль батлагдсанаас хойш сарын дараа Монгол Улсын Цөмийн энергийн газар, “Росатом”-ын хооронд уран олборлох болон атомын энергийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулсан явдал юм.
Улмаар манай улсын нутаг дэвсгэр дэх ураны ордыг ашиглахаар “Дорнод уран” хэмээх хамтарсан компани байгуулсан үйл явц ийм. “Төв Азийн уран” компанийг “Дорнод уран” болгон шинэчлэн байгуулах замаар орд газар дахь канадуудыноролцоог манай Засгийн газраар хүчингүй болгуулж, шахан гаргах мэхийг хэрэглэсэн хэрэг.Улмаар оросууд“Хан ресурсэс инк”-ийн хувьцааг Торонтогийн биржээр дамжуулан худалдан авах санал тавьж үзсэн юм билээ. Ингэхдээ нэгж хувьцаа тутамд 0,65 канад доллар санал болгосон ч канадууд нь хөдлөөгүй хэрэг.Ийм замаар тэд Мардайн ураны орд газарт гуравдагч оролцогчгүй, оросуудзөвхөн манай улстай хамтарсан компани байгуулахыг зорьжээ. Оросууд манай Дорнодын ураны нөөцийг 20.730.00 тонн гэж тогтоосон. Гэтэл “Хан ресурсэс инк”-ийн хайгуулчид 28.061.75 тонны нөөцтэй гэж зарлаж байлаа. Энэ хоёрын хооронд багагүй зөрүү байгаа биз.Канадууд манай улсад нийт 350 сая ам.долларын хөрөнгө оруулж, олборлохоос эхлээд боловсруулж, баяжуулсан уран буюу шар нунтаг үйлдвэрлэх цогцолбор байгуулах санал өгсөн бол оросууд ердөө 50 сая ам.долларын хөрөнгө оруулж, зөвхөн уурхай байгуулан, олборлосон хүдрээ түүхийгээр нь Чита муж дахь Приаргуны уул, химийн үйлдвэрт тээвэрлэж аваачиж боловсруулах хувилбарыг санал болгож байсан юм. Аль нь ашигтай байсныг тэр үеийн Ерөнхий сайд С.Баяр сайн мэдэж байсан байлгүй дээ. Ингээд л Монгол, Оросын 50:50 хувийн хөрөнгө оруулалттай “Дорнод уран” компани байгуулсныг зарлаж, Канадын “Хан ресурсэс” компанид олгосон лицензийг шууд цуцаллаа. Энэхүү цуцлах шийдвэрийг тэр үеийн Цөмийн энергийн газрын дарга C.Энхбат, Цөмийн технологийн хэлтсийн дарга Г.Манлайжав нар гаргажээ. Ийм л үйл явдлууд өрнөсөн байна. Үр дүнд нь өнөөдөр Монгол Улс 220 тэрбум төгрөгийн өрөнд уналаа. Татвар төлөгчид энэ өрийг нь төлөхөөр болж байна. Тэгээд хэн энэ ажлыг гардан хийсэн, хэн хаашаа нисэж бууж сүйд болж байсныг бүгдээрээ эргэж саналаа. Одоо тэгвэл ийм алдаа гаргасан нөгөө хэдэн дарга нараа “хөөрхий минь” гэж толгойг нь илээд өнгөрөөх үү. Аль эсвэл тэр үед эрх барьж байсан Монгол ардын нам тэр мөнгийг төлөх үү.Монгол Улсыг өрөнд оруулж бодлогын ноцтой алдаа гаргасан тэр үеийн Ерөнхий сайд С.Баяр, Цөмийн энергийн дарга С.Энхбат, Цөмийн энергийн технологийн хэлтсийн дарга Г.Манлайжавнараар энэ өрийг төлүүлжулс орныг хохиролгүй болгох ёстой гэж улс төр судлаачид нэгэн дуугаар хэлж байна.
Б.НЯМАА