Categories
мэдээ нийгэм

Савласан цэвэр уснаас нянгийн бохирдол илэрчээ

Мэргэжлийн хяналтын газраас савласан цэвэр усны үйлдвэрүүд болон усанд нь хяналт шинжилгээ хийжээ. Гэхдээ уг шалгалт төлөвлөгөөт шалгалт биш бөгөөд эрсдэлийг тодорхойлж гэнэт хийсэн байна. Шалгалтад савласан усны үйлдвэрийн 80 орчим хувь буюу 54 үйлдвэрийг хамруулжээ.
Энэ шалгалтаар багагүй зөрчил илэрчээ. Тухайлбал, баталсан зураг төслийн дагуу үйлдвэрээ бариагүй, зориулалтын бус байртай гэх мэт нийтлэг зөрчил илэрсэн байна. Тодруулбал үйлдвэрүүдийн 55 орчим хувь нь зориулалтын бус байртай байжээ. Энэ нь үйлдвэрлэлийн шат дамжлага зөрчигдөхөд нөлөөлдөг гэнэ.
Мөн хяналт шинжилгээнд хамрагдсан үйлдвэрийн 40 орчим хувь нь усаа халаадаг зэргээр зориулалтын халуун усгүй байсан байна. Түүнчлэн үйлдвэрийн 30 гаруй хувь нь тоног төхөөрөмжгүй, өөр газар усныхаа савыг үлээлгэж, тээвэрлэж авчраад угааж ашигладаг гэх мэт зөрчил илэрчээ.
Хамгийн ноцтой зөрчил бол савласан цэвэр ус эрүүл ахуйн шаардлага хангаагүй гарсан байна. 54 аж ахуйн нэгжийн савласан цэвэр усны 58, худгийн усны 29, нийт 165 сорьцоос дээж авч шинжилгээ хийхэд савласан цэвэр усны 78, сорьцны 34 дээж буюу 43 хувь нь нянгийн бохирдолтой гарсан байна. Энэ нь нэг мл усанд байх нянгийн тоо стандартад заасан хэмжээнээс их байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *