Саяхан нэгэн жиргээч “Далай ламтай Японд тааралдлаа. Тэнд байсан монголчууд адис авах гээд бүгд дайрсан учир эхний хэд нь л адис авч чадаад бусад нь авч чадсангүй. Замбараагүй байдал үүсээд хэнд нь ч адис өгөх аргагүй болоод хамгаалагч нар нь биднийг зайлуулсан. Харин япончууд хар аяндаа зохион байгуулалтад ороод эгнэн зогсож байгаад бүгд адис авч чадлаа” гэсэн байв.
Ердөө л энэ байдал бидний ямаршуухан хүмүүс вэ гэдгийг харуулаад өгч байгаа юм. Монголчууд энэ тохиолдолд “Хн би урьтаж дайрдаг байж. Тэгвэл адис авчихгүй юу” гэж л бодно. Хэзээ ч бид зохион байгуулалттай байж чадвал би ч адис аваад бусад маань ч адис авчих байсан юм гэж бодохгүй. Хэн нэгэн хэлж ярихгүй л бол бид зохион байгуулалтад орж сураагүй. Дур дураараа л зүтгэдэг улс. Үүнийг талын монголчуудын эрх чөлөөнд дуртай мэдрэмж, эрх чөлөөт хүмүүсийн төрөлх зан гэж нял нял хийх нь утгагүй. Харин биднийг зориудаар ийм байлгаж ирсэн, ингэж сургасан бодлогын хар гай юм.
Яагаад гэвэл Монгол Улс сүүлийн бараг гурван зуун жил гадны төртэй байж ирсэн. Эхний хоёр зуугаад жил Манжийн харьяанд дараагийн зуугаад жил Зөвлөлтийн дагуул улс байсан. Тэд монголчуудыг эвлэлдэн нэгдэх вий, эв гувиндаа орчих вий гэж үргэлж айж байсан байлгүй. Тийм ч учраас талаар нэг тархай бутархай байлгаж, үргэлж бие биенээс нь өрсөлдүүлж хэн түрүүлж ирсэнд нь нэг жоохон юм дусааж, хэн хоцорсныг нь хоосон хаяж байлаа. Бас нийгмийг зориудаар хагалан бутаргаж ямар нэгэн байдлаар хоорондоо тэмцэлдэж л байхгүй бол санаа нь амардаггүй болгожээ. Харин орчин үеийн монголчууд өөр болохгүй бол, бусад үндэстнүүд шиг нийгэмшихгүй бол болохоо байсныг амьдрал бидэнд өдөр болгон сануулсаар байна.
Ж.САНДАГДОРЖ