Нийслэлийн Иргэдийн хурлын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер С.Бадрал нар болон хотын захирагчийн албаны холбогдох хүмүүс Эрчим хүчний сайд Д.Зоригттой уулзаж, нийслэл хотын бүтээн байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдуулан цахилгаан дулааны хангамжийг нэмэгдүүлж, сайжруулах талаар санал солилцож тодорхой асуудлуудаар хүсэлт тавьлаа.
Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд МҮОНРТ-ын болон Дэнжийн 1000 орчимд баригдах орон сууцны хорооллыг дулааны эх үүсвэрээр хангах асуудлыг шийдвэрлэх, хотын төвийн дулааны гол шугамыг өргөтгөх боломж, Их тойруугийн өндөр хүчдэлийн шугамын тасархай хэсгийг холбохын тулд Засгийн газрын хэмжээнд шийдвэр гаргах гэх асуудлуудыг хөндөж тавьлаа.
Эрчим хүчний сайд Д.Зоригт дээрх асуудлуудыг нухацтай авч үзэж, ойрын хугацаанд холбогдох шийдвэр гаргана гээд шаардллагатай Засгийн газрын хуралдаанд асуудлыг оруулж шийдвэрлүүлнэ гэв. Хотын удирдлагуудын хувьд зам, барилын ажил эхэлдэг дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө шийдвэр гаргаж өгөхийг Эрчим хүчний сайд Д.Зоригттоос хүслээ.