УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.02.24/ Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхав.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд Монгол, Японы бүх талын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй парламентын Төлөөлөгчдийн танхимын Япон, Монголын бүлгийн гишүүдтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ.
Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда хариу талархал илэрхийлээд, өнгөрсөн оны наймдугаар сард УИХ-ын даргатай уулзах боломж тохиож байсан бөгөөд өнөөдөр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 43 жилийн ойн өдөр дахин уулзаж буйдаа баяртай байна. Сүүлийн жилүүдэд Япон Монголын харилцаа үсрэнгүй хөгжсөөр ирсэн. Саяхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлал хийсэн, мөн эрхэм УИХ-ын дарга Та албан ёсны айлчлал хийж буй нь парламент хоорондын харилцаа өндөр түвшинд гарсныг илтгэж байна. Япон, Монгол хоёр орон стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх зорилготой байгаа. Японы парламентын Төлөөлөгчдийн танхим болон Зөвлөхүүдийн танхимын зүгээс Япон, Монголын харилцааг үсрэнгүй хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно. Монгол-Японы найрамдлын бүлэгт Монгол Улсын Их Хурлын 54 гишүүн ордогт талархалтай байдаг хэмээн онцоллоо.
УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлэхдээ, Монгол, Японы парламентын харилцааг хөгжүүлэхэд Зөвлөхүүдийн танхимын гишүүд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн хоёр орны парламентын уламжлалт хэлхээ холбоог бэхжүүлж буйд талархалж байна. Саяхан хоёр орны Ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/-ийг Монгол Улсын Их Хурал богино хугацаанд соёрхон баталлаа. Энэхүү хэлэлцээрийг Япон Улсын парламентаар батлуулахад Та бүхэн дэмжинэ гэдэгт итгэж байна. Өнгөрсөн зун Улаанбаатарт гарсан “Тэнгэр, нар, түншлэл” каллиграфын хамтарсан үзэсгэлэнг Токиод гаргах гэж байгаад баяртай байна. Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд Монгол-Японы парламентын найрамдлын бүлгийн дарга Д.Ганхуяг болон тус бүлгийн дэд дарга Сундуйн Батболд нар оролцоно гэдгийг мэдэгдэв.
УИХ-ын дарга З.Энхболдод Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхах үеэр, Япон Улсын Либерал Ардчилсан намын гишүүн, парламентын гишүүн Иваки, Ардчилсан намын гишүүн, парламентын гишүүн Нишимура, Японыг Эрчимжүүлэх намын гишүүн, парламентын гишүүн Яамада болон бусад Зөвлөхүүдийн танхимын гишүүд УИХ-ын даргын айлчлалд амжилт хүсч, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/-ийг хоёр улс байгуулж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, Японы Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүд уг хэлэлцээрийг дэмжиж буйгаа дуулгалаа.
Мөн уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан нар парламент хоорондын харилцааны талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд, хоёр талын хүчин чармайлтын дүнд сүүлийн жилүүдэд Монгол, Японы улс төрийн харилцаанд итгэлцэл бэхжиж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэж, цаашид хоёр орны парламент, түүний гишүүд хоорондын харилцан солилцоог улам идэвхжүүлэх, түүнчлэн улс төр, эдийн засаг, соёл, боловсролын харилцааг Стратегийн түншлэлийн зарчмын дагуу улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхах үеэр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.