Categories
мэдээ улс-төр

Зөвлөлдөх ардчилал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байгаа АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны профессор, Стэнфордын Зөвлөлдөх Ардчилал Төвийн захирал Жэймс С.Фишкин өнөөдөр “Зөвлөлдөх ардчилал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт оролцож илтгэл тавилаа.

Зөвлөлдөх ардчиллын үнэ цэнэ нь аливаа бодлогод олон нийтийн санаа бодол тусч, зөв шийдэл гардагт оршдог. Нөгөө талдаа иргэдийг зөв мэдээлэл, мэдлэгээр цэнэглэхэд зөвлөлдөх ардчиллын үнэ цэнэ оршдог байна.

Ийм үр дүнтэй аргыг хэрэглэхийн тулд улс орнууд иргэдийнхээ дунд Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулдаг аж. Санал асуулгад санамсаргүй сонгон авсан иргэдийн төлөөллийг түлхүү оролцуулахад чиглэх ёстой. Үүний дараа санал асуулга явуулахаас өмнө тухайн оролцогчдод хэлэлцэгдэж байгаа асуудлаар тэнцвэртэй мэдээлэл өгдөг. Үүний дараа оролцогчдын саналыг асуулгын хуудсаар авснаар санал асуулгын үйл ажиллагаа дуусдаг аж. Улмаар үр дүнг нь нэгтгэн анализ хийж, хэвлэл мэдээллээр мэдээлдэг байна.

Ийм аргыг БНХАУ-ын Макаогийн тусгай бүс, Бразилын Рио Гранд до Сул муж, Италийн Лазио муж, Япон зэрэг хэд, хэдэн орон амжилттай хэрэгжүүлж бодлого боловсруулагчдад асуудлаа хүргэн шийдүүлж байжээ.

Тухайлбал, Япон улсад 2011 оны тавдугаар сард хэсэг иргэд тэтгэврийн тогтолцооны цаашдын асуудлаар зөвлөлдөх санал асуулгад оролцож, хэрэглээний татварыг нэмэгдүүлэхийг дэмжсэн байна. Энэ нь цаад талдаа тэтгэврийнхний эрх ашгийг хамгаалахад чиглэжээ. Үүнтэй холбоотойгоор 2012 оны зургадугаар сард Японы парламентын доод танхим хэрэглээний татварыг нэмэгдүүлэх хуулийг баталж, дээд танхимдаа өргөн мэдүүлсэн байна.

Мөн АНУ-ын Калифорни мужид улстөрийн хоёр нам хамтран шинжлэх ухааны 30 асуудлаар иргэдээс санал асуулга авчээ. Санал асуулгын дүнд хамгийн их дэмжлэг авсан зургаан асуудлыг төрийн байгууллагын ажлын гүйцэтгэл ба хариуцлагын тухай хуульд 2012 оны арваннэгдүгээр сард тусгаж байжээ.

Нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэхүү аргыг нийслэлд хэрэгжүүлнэ гэдгээ онцолсон юм. Энэ тухай тэрээр “Төр захиргааны үүрэг бол иргэддээ үйлчлэх. Дэлгүүр худалдан авагчийн эрэлтийг хангах бараа зарахгүй бол дампуурах аюултай. Тийм учраас дэлгүүрээ нээхийн өмнө маркетингийн судалгаа хийдэг. Хотын захиргаа ч бас иргэддээ үйлчлэхийн тулд ямар бараа гүйлгээтэй байх вэ гэдгийг мэдэж байх нь чухал. Өөрт нь үйлчилж чадахгүй байгаа төр захиргааны байгууллагад иргэд сэтгэл ханамжгүй байдаг. Түүнийг дагаад нийгмийн тогтворгүй байдал үүсч, ардчилал ч цохилтод орох аюултай. Өөрөөр хэлбэл, дэлгүүрийн эзэнд арга байна, төр захиргааныханд харин арга олдохгүй байна. Иргэдийнхээ санал бодлыг бодлогод тусгахын тулд янз бүрийн арга санаачилж байгаа ч алдаж онож буй юм их бий. Энэ аргыг хэрэгжүүлбэл татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай хөтөлбөрт зарцуулахад тустай болно. Хоёрдугаарт, иргэд мэдлэг, мэдээлэлгүйгэээсээ болж, популистад автаж байна.

Амь орж өгөхгүй байгаа төлөөллийн ардчиллыг амь оруулахад энэ арга нь сайн донор болно” гэсэн юм.

Дашрамд дурдахад, ноён Жэймс С.Фишкин нь Ардчилал болон Нийтийн төлөөлөл, Шударга ёсын хэлэлцүүлэг, Иргэдийн дуу хоолой зэрэг номуудыг туурвиж, Deliberative Polling буюу Зөвлөлдөх ардчилал /Нийтийн төлөөлөллийн/ санал хураалтыг үүсгэн байгуулсан. АНУ, ИБУИНВУ, Австрали, Дани, Болгар, БНХАУ, Грек зэрэг орнуудад нийтийн төлөөллийн санал хураалтыг 40 гаруй удаа амжилттай хэрэгжүүлсэн нэгэн юм байна.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулж, нийслэлийн иргэдийн төлөөлөл мөн оролцлоо.

Тэд зөвлөлдөх санал асуулгатай холбоотой асуудлаар ноён Жэймс С.Фишкинээс сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *