Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Монголгүй

Сар шинийн баяраар золголт хийж яваа бололтой охин нялх тугал тэвэрсэн зурагныхаа дор “Айлд очсон чинь төрөөд нэгхэн хонож байгаа хөөрхөн ботго байна” гэсэн тайлбартайгаар facebook-тээ тавьсан нь сүүлийн хэдэн өдөр цахим ертөнцийн зугаа болов. Шооч нөхдүүд ишиг тэвэрсэн зургаа “хурга” гэсэн тайлбартайгаар, тэмээг “үхэр” хэмээн жиргэж өнөөх охиныг байх суух газаргүй болтол нь шоолцгоолоо. Биднийг багад аав минь “Мал зүсэлсэнгүй, тооллоо. Монголгүй монди. Зүсээр нь ялгаж сур” гэж загнадаг байж билээ. Зуны амралтаараа малын захад гурван сар болохдоо хоттойгоо зүслээд ялгах гэхээр зарим нь баараггүй адилхан харагдаад мөнчиг их загнуулдаг байсансан. Тэгэхээр төрснөөсөө хойш мал хуй хараагүй хүүхэд ботго, тугалаа ялгахгүй байх нь аргагүй. Хотын төвд, гадаадад амьдарч байгаа олон ийм хүүхэд бий. Хүн угаасаа л үзээгүй, сонсоогүйгээ мэдэхгүй байдаг шүү дээ. Үзэж харж, мэдэрч байж мэддэг, таньдаг болдог. Аав ээж, багш нь тэднийг монгол хүн учраас угаасаа л мэдэж байх ёстой гээд малын тухай “А” ч заадаггүй. Зааж, хэлж өгөөгүй атлаа “Монголгүй” гэж загнах, шоолох эрх томчуудад байхгүй. Даяаршсан нийгэмд монгол ахуйгаас хол өсч болно. Харин монгол ахуй, түүх, соёлыг нь ярьж хэлж өгдөг байх ёстойг дээрх жишээ харуулж байгаа юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *