Categories
мэдээ соёл-урлаг

Шинэдийн саран тунгалагших цаг дор

Баянхангай хайрханы тэргүүн дээр арвантавны саран тэргэлтжээ. Дугуй цагаан сарны туяа Хөшөөтийн голыг дэлхэн бүрхэж, алсын уулсын сэрвээг ажихуйд тунгалаг хөх чулууд сүүнд булхагдан байна уу гэмээр. Тийм л үзэсгэлэн төгөлдөр хийгээд зөөлөн дулаахан ажгуу. Сэтгэл ихэд хөхин баясч, даанчиг амгалнаар Гозгорынхоо орой дээр зогсоход нутгийн салхи энгэр заамаар шургална.

Гозгорын өвөрт өвөлжиж буй аавын гэрээс нарийн цэнхэр утаа шөнийн саруулд эгц дээшээ олгойдож, тэрүүхэн дор хэрээтэй, морьд тургилах нь нэг л дотныг яана. Хаврын тэргүүн сарын шинэдээр ус нутагтаа ирж, уулсынхаа салхи савирт алгадуулан, сарны гэгээнд сэтгэл цэнгэгших шиг агшин хором юутай ч зүйрлэмгүй билээ. Дүүгийн хамт хоёр морио чөдөрлөж орхичихоод буцаад гэр рүүгээ алхсанаа санаа бодол нэг л тогтож ядан байсан учир шөнийн аниргүйд ийн зогсож байгаа хэрэг.

Шинийн арван таванд багтаж аавдаа ирж золгов. Аав минь, Баянхангайн даваан дээгүүр машин гарч ирэн Хөшөөтийн голыг хөндлөн огтолж, Гозгорын өвөлжөөнд жолоогоо таттал гаднаа дурандан суудаг сан. Үр хүүхэд нь мөн ч бай, биш ч бай яг л тэгж хүлээнэ шүү. Энэ удаа мөн л ялгаагүй. Үзүүр нь сэмэрч, гандаж хөхөрсөн алчуураар дурангаа ороосон шигээ зогсож байлаа. Аавдаа ирж үнсүүлэх бүр нэг зүйл санаанаас гардаггүй. Дээд сургуулийн нэгдүгээр ангийн оюутан байхдаа цагаан сарын өмнөхөн гэртээ ирлээ. Хагас жилийн хичээлээ дуусаад амралтаараа ирж байгаа минь тэр.

Сумын төвд ирчихээд хэд хэдэн айлаар оров. Бас ч үгүй төв газар удсаных орох айл, уулзах хүн мундаагүй байлгүй. Аав хонио хариулангаа баз хүргэчүүдийн нэг болох Амаагийнхаар бууж л дээ. Гэрийн эзэгтэй цай өгөх зуур “Төвд хүү чинь ирсэн дуулдсан” гээдэхэж. Тэр даруй халуун цайг залгилах нь холгүй уугаад мордоод давхичихсан байгаа юм. Хар эрчээрээ гэрийн гадаа ирээд уяан дээрээс ээжийг дуудан, баяртай мэдээ дуулгая, төвд хүү ирсэн гэнэ гээд хоёр нүднийх нь харц ер бусаар гэрэлтчихсэн, манайхны хэлдгээр хөл нь газар хүрэхгүй орж ирсэн гэдэг.

Оройхон мотоцикл унан гэртээ давхин ирэхэд нохой дуугаар минь таньж, сүүлээ шарван ар өврөөс зүүгдээд гэрт ээж “Чи гараач ээ, хүү чинь ирчихээд байна” гэх нь сонсогдоно. Яваад ортол аав эрэгнэгийн тэнд зогсож байх юм. Намайг үнсэж ч чадалгүй уйлаад байж билээ. “Алив хөгшөөн, айраг цагаа, хоол унд” гээд л. Бүх зүйл өмнө нь бэлэн байгааг анзаарах ч сөхөөгүй. “Хүүгээ хотод өнгөрүүлсэн таван сар аавд нь таван жил болох шиг удлаа. Ээж нь яахав, хаа нэг очоод уулзчих юм, төв ороод утсаар ярьчих юм. Аав нь хэдэн адууныхаа дэргэд хий дэмий санаж, сэтгэл дотроо л уйлж явлаа даа” гэж хэлэхэд л миний бие гэртээ ирэлгүй, аавдаа үнсүүлэлгүй удсанаа ойлгосон доо. Тэр цаг мөч өчигдөр мэт л санагдах авч даруй арван жил өнгөрчээ. Хөшөөтийн голынхон нэгнийд нь холоос гийчин ирэхэд морьтой нь морьтойгоо, машинтай нь машинтайгаа давхин ирдэг бичигдээгүй хуулийн дагуу нэг л мэдэхэд аавын гэр зочдоор дүүрсэн байлаа. Сар шинэ хэдий хуучирсан ч айраг цагаа бүх зүйл элбэг дэлбэг. Өвөлжөөн дээрх өвсийг дарсан цас үзүүрээсээ хайлмагтан урсаад, сүрэгтэйгээ алхаа нийлэх тэнхэлгүй болсон хэдэн борлон пин дотор бөөвийчихсөн зогсоно. Бас болоогүй ээ, ногоон өвс голдоо хаяулчихсан, хар онгоцонд ус дүүргүүлчихэж. Тэгээд л санаа амар, хэвтэх нь хэвтээд, зогсох нь зогсч байгаа аж.

Цугласан олон цагаан сарын бөх болон хол ойрын сонин сайхныг хуучилна. Доржсамбуугаа хоёрын даваанд унана гэж бодоогүй шүү. Түрүүлэх л юм бодож байлаа гэнэ. Мөн залуу заан М.Өсөхбаярт нутгийнхан маань бас л найдлага тавьж байсан бололтой. Шигшмэл морьдын Дүнжингарав уралдааны төвийн бүсийнх нь манай сум (Булганы Хишиг-Өндөр)-нд болно гэж байснаа больчихлоо. Яагаад больчихов. Уул нь “Авзага”-ын Мэндээ хийнэ л гэж байсан гэх яриа бас өрнөөдөхсөн. Мал хэдийгээр төллөж эхлэх, гүү унагалсан эсэхийг малчдаас сонирхоход, гуравдугаар сарын арвад гээд мал төллөнө. Гүү өнөө маргаашгүй болчихоод байгаа гэв. Намайг хөдөө гэртээ очдог тэр өдөр Тээг баг буюу гуравдугаар багийн хурал болжээ. Сумын Засаг дарга, багийн дарга гээд бүгд л ирцгээсэн аж.

Энэ онд Хишиг-Өндөр сумын 80 жилийн ой тохиож байгаа. Багийн хуралд суусан хүмүүс, хурал тараад бүгд манайхаар ирлээ. Өглөөгүүр тэд гөрөөнд гарч, Ар, Өвөр булаг, Ангалын эхийг үргээсэн гэнэ. Хоёр чоно гарсан даа, хаагуур явчихав. Шар жалгаар л дутуу эргэчихлээ хэмээн бууз жигнэх хооронд хөөрөлдөв. Тэр зуур Засаг даргатайгаа тусгайлан уулзаж, сум орон нутгийн талаар асууж сонирхлоо. Өнөө жил манай сум 148 мянган толгой мал тоолуулжээ. Өнгөрсөн жил 174 мянган мал тоолуулж байсан юм байна. Сумын хэмжээнд хоёрхон тэмээ байгаа нь анхаарал татав. “Шоо” Мягмарсүрэн хэмээх айлынх хэдэн жилийн өмнө арваад тэмээтэй Могодоос шилжиж ирж билээ. Манай сум тэмээгүй. Харин Мягмарсүрэн гуай ирсэн цагаасаа л сумын хамгийн олон тэмээтэй хүнээр ямар ч өрсөлдөгчгүй манлайлж байгаа. Арваад тэмээнээс нь одоо хоёр л үлдсэн хэрэг. Харин нэгдүгээр багийн нутаг болох Цагаан үзүүр, Тогтоогийн хөндийгөөр 200 гаруй тэмээ бэлчээрлэж байгаа гэнэ.

Тэр бол даян аварга А.Сүхбатын тэмээнүүд. “Аваргын тэр олон тэмээ манайд өвөлжлөө. Одоо хаваржих гэж байна. Бэлчээр тахаллаа гээд малчид дургүй байдаг. Тиймээс сумын удирдлагууд аваргын малыг нутагтаа байлгах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Гэвч тэмээнүүд өвөлжчихлөө” гэж М.Зоригт дарга өгүүлэв.

А.Сүхбат аварга малчид дээрээ хаа нэг л ирдэг гэнэ. Сум орон нутгийн удирдлагуудтай хоёр, гурван жилийн өмнө уулзаад хэд хэдэн зүйл дээр санал солилцсон аж. Ухаандаа, танай суманд бөхийн дэвжээ байгуулна. Бөх төрүүлэх тал дээр ихээхэн анхаарна гэжээ. Тэр бүгдийнхээ хариуд малаа бэлчээрлүүлж байхаар тохирсон нь мэдээж. Бөхөө дээдэлдэг монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн аваргын тийм санал тавихуйд хүн бүр дуртай хүлээж авсан нь тодорхой. Гэтэл аварга маань малаа эргэчихээд, өмнөх амлалтаа бол мартчихсан шиг байгаа юм. Тэмээ малыг нь байлгахгүй гэсэн шийдвэр гаргачихсан, хөөж туугаад байгаа болохоор өнөө бөхийн дэвжээ байгуулах ч өнгөрсөн байх даа гэж засаг ноён жаахан харамсангуй өгүүлж байсан.

Батлайн Төмөрхуяг хэмээх сайхан хүн бөхийн дугуйлан ажил-луулж байх үед Хишиг-Өндөрийн залуучууд орон нутагт байтугай улсад мөчөөгөө өгдөггүй байсан.Түүний нэг жишээ И.Доржсамбуу гарьд л даа. Гурванбулагаас наймдугаар анги төгссөн хүүхэд манай сумын сургуульд арван жил дүүргэх гэж ирээд Төмөрхуяг багшийн дэвжээнээс бөхийн гараагаа эхэлсэн түүхтэй. Мөн манай хүргэн.

Ингэхэд манай сум хоёр бөх хүргэнтэй. Нөгөө нь сүүлийн үед олныг шуугиулж байгаа Ч.Санжаадамба юм. Цагаан сараар гарьд, цэргийн хурц арслан хоёулаа л Хишиг-Өндөрт очиж хадмындаа золгоцгоосон гэсэн. Хэд хэдэн фермерийн аж ахуй байгуулагдаж байгаа, сүүний үйлдвэртэй болж буй, Францын хөрөнгө оруу-лалтаар сум дундын хоёр давхар эмнэлэгтэй болсон гээд бүтээн байгуулалтын ажил багагүй өрнөжээ.

Нүдний хэмээгддэг ардын эмч Ж.Баасанхүү нутагтаа ахмадын сувилал байгуулсан байна. Манай суманд “Орхон гол” төсөл хэрэгжиж байгаа. Тэр тухай нутгийн удирдлагаас лавлахад, сум орон нутгийнхан 100 хувь дэмжиж байгаа гэж байсан. Тэшүүрийн олон улсын хэмжээний мастер Доржийн Цэнддоо тэргүүтэй үе үеийн шилдгүүдийг төрүүлсэн Асгатын хүрэм нэг үе мөс нь хайлаад тиймхэн байсан ч одоо хуучиндаа орсон гэнэ. 2001 онд тэшүүрийн улсын аварга манай суманд болж байсан түүхтэй. Тэр уламжлал дахин сэргэх бололтой. Уг яриа хөөрөө багийн хурлаас ирсэн зочдын дунд өрнөсөн юм. Сар шинийн үеэр нутагт маань нэгэн явдал болжээ. Тэр тухай уулзсан бүхэн л ярьж байв. Юу гэвэл наян саяын үнэтэй хөөрөг хагарсан байгаа юм. Бүр тодорхой өгүүлье л дээ. Намдагийн Бадарч хэмээх бүхий л насаараа сумандаа эмч байсан хүнд ид шидтэй гартаам хөөрөг өвөг дээдсээс нь уламжлагдаж ирчээ. Өвдөж хавдан, хариугүй л явдгийн даваан дээр уг хөөрөг аминд орно.

Хэдэн жилийн өмнө тэрхүү хөөргийг ховор үнэт эдлэл хэмээн улсын сан хөмрөгт бүртгэж, үнийг нь наян сая хэмээн тогтоож, батламж өгчээ. Гэтэл өнөө наян саяын хөөргийг сумын цагдаа залуу эхнэрийн хөх хавдаад гэж хэдэн өдөр гуйгаад, өгөхгүй болохоор нь сүүлдээ уурласан байгаа юм. Бадарч эмч гэргийдээ хандан, юуг нь нуухав дээ, хэдэн хүүхэд минь бор дарс хаа нэг хүртдэг. Наад цагдаад хөөргөө өгчих. Тэр хэдийг “зуучихвал” хэцүү шүү дээ гэж эцэг хүний хувиар хэлсний хүчинд гэргий нь өгчихөж. Хөөрөг чухам яаж хагарсан нь мэдэгдэхгүй, ёотон шиг хэдэн хэсэг болчихож. Өнөө цагдаа залуу болон гэргийнх нь яриагаар аягатай усанд хийгээд цонхны тавцан дээр хонуулсан гэж байгаа. Ийм л нэг зохиол шиг зүйл болсон байгаа юм. Бадарч эмч “нэгэнт хөөрөг маань үгүй болжээ. Шүрэн толгой, алтан нуух нь байгаа учир би наян сая гэхгүй, дөчин саяыг л авъя даа” гэсэн дуулдсан.

Хөдөө гэртээ ирснийх морь унаж Хөшөөтийн голоо өгсөв. Цэцэг-Өндөр хайрханы орой тэртээд хөхрөн цэнхэртэж, тэнгэрийн хаяатай алсран цэлийнэ. Наагуур нь Хөх асганы хад эрвийн сэрвийн харагдаж, Бавуу ажаагийн минь нутаглаж байсан Ханхын өвөлжөө, Хавтгайн бэл сэтгэлд дотнохон үзэгдэх ажгуу. Чин зүрхнээсээ хайрлан хүндэтгэж, амь шүтээн хэмээн дээдэлж явдаг Арцын улаан хад минь нэг л энхрий дотно харцаар ширтэх шиг болж, бодлын үзүүрт тунгалагшина. Нар баруунаа хэвийх ахуйд Өвөрбулагийн орой дээр гарлаа. Өвөрбулаг бол төрийн шагналт зохиолч Зундуйн Доржийн нутаг. Ерэн таван онд манайх Өвөрбулагт зусч, аав минь арав гаруй морьд уяж байсан сан. Доржпалам гуайн олон цагаан ноход морьд үсэргэхэд барьж идчих гээд хэцүү байдгийг санав. Дорждаваа гэж Өвөрбулагаас гардаггүй хөгшин байлаа. Ус нутгийн олон “Тос агаа” гэж авгайлна. Том дурангаа зургийн аппарат гэж хүүхдүүдийг хууран гэрийнхээ гадаа зогсоож байгаад зургийг нь авдаг сан. Нэг удаа хаяа айлынх нь бүсгүй дуран гэж мэдэхгүй, шинэ дээлээ өмсөн зургаа авахуулчихаад “та ямар муухай юм” гээд уйлсан гэдэг шүү. Энэ бүгдийг эргэцүүлэн байх ахуйд хэдийнэ мал хотолж, шинэдийн сарны туяа асгарч байлаа.

Үргэлжлэл бий

Н.ГАНТУЛГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *