Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тод манлай, алдарт уяач цол олгов

Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII жарны хөхөгчин хонин жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгөв.

Монгол Улсын Тод манлай уяач цолоор Ховд аймгийн Дарви сумын уугуул Батчулууны Мөнхтөр, Төв аймгийн Лүн сумын уугуул, Банзрагчийн Билэгдэмбэрэл, Архангай аймгийн Их тамир сумын уугуул Чимэддоржийн Ганзориг нарыг,

Монгол Улсын Манлай уяач цолоор Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Намдагийн Хүрлээ, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Туваанжавын Гантөмөр, Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Бичээрэйн Далай, Ховд аймгийн Мөст сумын уугуул Буднямын Буяннэмэх, Завхан аймгийн Эрдэнэхайран сумын уугуул Намжилцэрэнгийн Даш-Өлзий, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Ононгийн Батбилэг, Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Гончигийн Содном нарыг,

Монгол Улсын Алдарт уяач цолоор Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Бат-Очирын Цэрэнбалтав, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Төмөрбаатарын Галбадрах, Төв аймгийн Баянцогт сумын уугуул Сумъяасүрэнгийн Ганбаатар, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Түвдэнжаажидын Батзориг, Дорнод аймгийн Матад сумын уугуул Бат-Очирын Цэндбаатар, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Дагвын Цогтбаяр, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Сундуйн Лувсанбалдан, Төв аймгийн Баян сумын уугуул Пунцагбалжирын Энх-Мөнх, Дундговь аймгийн Луус сумын уугуул Лувсантаравын Бямбаноров, Дундговь аймгийн Луус сумын уугуул Сэрээгийн Шинэбаатар, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын уугуул Цэлхээгийн Бямбасүрэн, Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Ширнэнбандийн Адьшаа, Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Рагчаагийн Баатархүү, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбат, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул Дамбын Баяраа, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уугуул Анандын Ариунсайхан, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Искрагийн Золбоот нарыг тус тус шагнав.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Өвгөдөөс өвлөсөн монгол уяачийн эрдэм, молор эрдэнэ адууны хиймориор түмэн олноо баясгасан Та бүхэндээ баяр хүргэе!

Нэгэн цагт монгол морьдын чулуу цахисан туурайн очис дор түмэн газар алдраа дуурсгасан өвгөдийн өндөр цадигийн алтан цулбуурыг морь уях эрдмээрээ өвлөж, монгол бахархлаа дархлан яваа хүмүүс бол уяачид юм.

Та бүхэн маань аргамаг хүлгийн эрч нь ханаж, ажнай шандаст өнгө нь гийсэн морин жилдээ Төрийнхөө есөн хөлт их цагаан тугийн өмнө ийнхүү төрөөрөө үнэлүүллээ.

Хөх морин жилийн Улсын баяр наадмаар миний бие “Монголчууд морио унацгаая” гэж ард түмэндээ уриалсан. Та бүхний хөдөлмөр бол адууны соёлын сонгодог жишээг Азийн цээжнээ авч яваа бахархал юм. Монголын түүхийг, монгол соёлыг морин эрдэнэ хамт бүтээлцсэн юм. Та бүхнийг, Монголын ард түмнийг адууны хийморь өнөд ивээх болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *