Categories
мэдээ улс-төр

Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.17/ хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийн, ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Тогтоолын төслийн нэрийг “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Түүнчлэн төслийн “Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулах” гэсэн хэсэгт Төмрийн хүдрийн баяжмалын экспортыг нэмэгдүүлэх ажлыг 2015 оны хоёрдугаар хагасаас эхлүүлэх гэсэн саналыг нэр бүхий гишүүд гаргасныг дэмжсэн юм. Энэ арга хэмжээг эхлүүлснээр 2016 оноос жил бүр 10 сая тонноос доошгүй экспортыг хийнэ гэж тооцсон байна. Мөн Эгийн голын усан цахилгаан станц төслийн бэлтгэл ажлыг хангаж, эхлүүлэх гэсэн санал олонхын дэмжлэг авлаа. Эгийн голын усан цахилгаан станц төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдэж дууссан хэмээн Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлсэн бөгөөд энэ төслийг хэрэгжүүлэхэд 810 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан ажээ. Гишүүд ийнхүү хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Үүний дараа “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр гишүүд ноосны урамшууллыг малын ашиг шим, үйлдвэрллэг байдал, ноосны чанараас хамаарч 1000-2000 төгрөг байх заалтын талаар багагүй ярилцсан. Д.Ганхуяг, С.Дэмбэрэл нарын гишүүд малын ашиг шим, үйлдвэрллэг байдал гэснийг хасч, ноосны чанараас хамаарч гэсэн шаардлагыг үлдээн найруулах санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн. Дээрх төслийг хэлэлцэх үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Д.Зоригт гишүүн тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудал байв. Төслийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцууллаа.

Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологи дээр суурилсан өрөөсгөл бүтэцтэй байгаа бөгөөд экспортод гаргасан бараа бүтээгдэхүүний 81,9 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүний 97 хувийг технологийн багтаамжгүй болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байгаа нь манай улсын аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар сул байгааг харуулж байна хэмээн сайд хэллээ.

Аж үйлдвэрийн салбарын талаар бодлого, хөтөлбөрүүд УИХ, Засгийн газрын тогтоолоор удаа дараа батлагдсан боловч хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлэх механизм тодорхой бус, олон салбарт бодлогын асуудал хуваагдаж нэгдсэн бодлого, удирдлага зохион байгуулалтгүй байсан нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа аж.

Иймд Аж үйлдвэрийн сайдын тушаалаар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан энэхүү баримт бичгийн төслийг боловсруулсан байна.

Бодлогын баримт бичгийн төсөлд мэргэжлийн холбоод, бизнес эрхлэгчид, салбарын эрдэмтэн, судлаачид болон яамдын саналыг тусгажээ.

Бодлогын зорилго нь аж үйлдвэрийн салбарыг дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд оршиж байгааг сайд онцолсон.

Бодлогыг хэрэгжүүлснээр боловсруулах аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нэмэгдэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангаж, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болно гэж тооцож буй аж. Түүнчлэн судалгаа хөгжлийн боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэл, технологийн парк, үйлдвэрийн кластер, логистикийн сүлжээг хөгжүүлэх юм байна.

Сайдын танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *