Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд европын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.02.17/ Европын Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд төлөөлөгчдийг Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, өнөөдөр болж буй Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын 10 дугаар зөвлөлдөх уулзалтад амжилт хүсэв.

Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг бололцоотой бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд манай Гадаад бодлогын үзэл баримтлалд Европын Холбоог “гуравдагч хөрш” гэж тодорхойлсон хэмээн онцлон тэмдэглэв. Мөн тэрээр Монгол Улсад өрнөсөн ардчилал, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шилжилтийн явцыг Европын Холбоо болон түүний гишүүн орнууд тууштай дэмжиж, туршлагаасаа хуваалцаж, туслалцаа үзүүлэн манай улстай хөгжлийн хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж ирсэнд талархал илэрхийллээ.

Европын Парламентын төлөөлөгчид Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Монгол Улсын эдийн засаг, улс төр болон хөгжлийн нөхцөл байдлын талаар асуулт асууж, харилцан ярилцав.

Улсын Их Хурлын дарга, Монгол Улс шат шатандаа авлигатай тэмцэх асуудалд анхаарал хандуулж ажиллаж байгаа бөгөөд Авлигтай тэмцэх газар хэмээх бие даасан байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Мөн 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Шилэн дансны тухай хуулийн зарим зүйл заалтыг танилцууллаа.

Уулзалтад Европын Парламентын төлөөлөгчид, Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Европын Парламенттай харилцах бүлгийн дарга Б.Болор, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Европын Парламенттай харилцах бүлгийн гишүүн Ц.Оюунбаатар, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *