Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Баабар 60 нас хүрлээ

Манай үеийн нэрт нийтлэлч Баабар 60 нас хүрлээ. Тэрбээрхоёрдугаар сарын 14-нд мэндэлсэн бөгөөд энэ өдөр Баабарын “Бүү март-XXI” номыг толилуулах ёслол,“Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал бүтээлүүдийн хурим зэрэг үйл явдлууд тохиолоо. Соёлын төв өргөөнөө болсон энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг “Хүмүүн хорвоо” нийгэмлэг зохион байгуулсан юм. Тэнд нийгэм, соёлын нэрт зүтгэлтнүүд, хүндэт эрхмүүд зочилсон байв.

Хувь хүний түүхийг өгүүлэх дээрх цувралын эхлэл нь нийтлэлч Б.Баабарын бичсэн Х.Чойбалсангийн тухай хоёр боть, дипломатч, эрдэмтэн, судлаач Д.Баярхүүгийн “Ж.Батмөнх”, нийтлэлч, сэтгүүлч Г.Дашрэнцэн агсны “Д.Бодоо”, эрдэмтэн, зохиолч С.Лочингийн “Д.Нацагдорж” гэсэн дөрвөн бүтээл юм. “Түүхэн эрхмүүдийн цадиг” цаашаа Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, академич Б.Ринчен, анхны Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн, Монгол Улсын нэрт эрдэмтэн, түүхч, төр нийгмийн зүтгэлтэн Б.Ширэндэв, Богд хаан, Их жанжин Д.Сүхбаатар нарын тухай цуврал номоор үргэлжлэх юм байна.

Номын нээлтийн дараа нийтлэлч Баабарын “Бүү март-XXI” номын хүндэтгэлийн толилуулбар боллоо. Уг номыг түүний гар бичвэрээр буулгасан нь хэн хүний анхаарлыг татаж байлаа. Номын нүүрэнд “Москвад ч бай, Бээжинд ч бай Монгол хэмээн мөхөж буй ард түмний тухай шог яриа л ХЭЗЭЭ Ч БҮҮ МООД БОЛООСОЙ. БИДНИЙ ТҮҮХ, СОЁЛ, ХЭЛ, ЗАНШЛЫГ БИД ӨӨРСНӨӨ Л ХАЙРЛАХГҮЙ БОЛ БИДНЭЭС ӨӨР ХЭН Ч ХАЙРЛАХГҮЙ. БҮҮ МАРТ. МАРТВАЛ…?! 1988 Москва” хэмээн дармалаар бичсэн гар бичвэр зурайна. Гар бичмэлийн эхний хуудсыг сөхвөл “Энэ номыг нууж бичээд, нууж явуулаад, нууж хувилаад, нууж тарааж байсан тэр цагаас хойш 27 жил өнгөрчээ. Нууж тэвчихээ болиод ил ярилцаж, илээртэмцэж, хувь заяагаа өөрсдөө гартаа авснаас хойш 25 он өнгөрч, хүмүүсийн амьдралын бүтэн үе солигджээ…”хэмээн дурсчээ.

Тэртээ 1988 онд Б.Баабарын “Бүү март” хэмээх гар бичмэл нууцаар тараагдаж, итгэж болох нэгэндээ сэм уншуулдаг байсан тухай тэр үеийнхэн дурсацгаадаг. Монголын анхны “самиздат” буюу нууц хэвлэлийн шугамаар тарсан энэ бүтээлмянга мянган монгол хүнийулс үндсээ гэх ухамсрыг сэрээн, монгол хүн юуг мартах шахсаныг эргэн сануулсан юм. 1990 оны ардчилсан хувьсгалын уриа дуудлага, онгодын нэг нь чухам энэ бүтээл байлаа.

Мөн арга хэмжээний үеэр Баабар зүүдээ зохиол болгож бичсэн нь “60:25 буюу чиний оронд байсан бол…” жүжгийн үзэгдлийг хүрэлцэн ирсэн хүндэт зочдод сонирхуулсан юм. Жүжгийн нэрийг “60:25″ гэсэн нь нэрт нийтлэлч Баабар 60 нас хүрсэн бол Ардчилсан хувьсгал ялаад 25 жил болсныг бэлгэдсэн ажээ. “Өдрийн сонин”-ы хамт олноос Монгол Улсын Төрийн соёрхолт нэрт нийтлэлч Баабарт 60 насны ойн баярын мэнд дэвшүүлж байна. Хүмүүний энэ насанд оюун санаа хэдийнэ задран тэлж, аливааг харах өнцөг, дүгнэх байдал нь нийгмийг чиглүүлэн залдаг үе хэмээдэг билээ. Тэрбээр нийтлэлээрээ дамжуулан улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг оношилж, чиглүүлэн олон нийтэд чиг баримжаа өгдөгөөрөө онцлог содон. Нэрт нийтлэлчийн соён гэгээрүүлсэн, хурц дайчин бүтээлүүдийг уншигч түмэн олон олон жил хүртэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

М.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *