Categories
мэдээ улс-төр

Сэтгэлгээний хувьсгал

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн “Өдрийн сонин”-д зориулан бичсэн нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Би тэр жил их ичиж билээ. Дэлхийн нэртэй их сургуулийн оюутан болсон эхний өдөр. Асуудал шийдэх даалгавар авлаа. Ангийн маань оюутнууд гурван хэсэг болж хуваагдаад, аль нь хамгийн сайн хариу олохоороо уралдах болов. Надад тэр асуудлын шийдэл тун хялбар санагдаж байв. Хэрхэн түүнийг шийдэх гэж тархиа зовоосноос, шийдүүлэхгүй байхын төлөө ажиллах нь амар санагдлаа. Тэгээд би саналаа хэллээ. Манайд ярьж заншсанаар хэрхэн “хор найруулах” тухай ярив.

Тэнд янз бүрийн орноос ирсэн, залуу бас дундаж насны долоо найман оюутан байсан юм. Тэд миний саналыг маш хачирхаж сонссон боловч нэг нь ч миний шийдийг хөгжөөн ярьсангүй. Өөр өөрийнхөө саналыг хэлж, цаасан дээр буулгаж, тухайн асуудлыг хэрхэн үр дүнтэй шийдэх тухай надаас тэс ондоо юм ярьж эхэллээ. Би тун эвгүй байдалд орж, өөрийн хэлсэн санаанаасаа улайстлаа ичиж билээ. Их ичиж, их гэмшиж, түүнээс хойш аливаа зүйлийг болгох, бүтээх, эвлүүлэх талд нь боддог, хийдэг, хэлдэг болох гэж мэрийсэн дээ.

Асуудалд хандах буруу хандлага, бохирдсон сэтгэлгээ, бохир аргаасаа тэгтлээ их ичсэн хэрэг. Одоо эргээд бодохоор ч ичдэс хүрдэг. Хүн бол сэтгэлзүйн амьтан. Сэтгэхүй бол амархан сэрж, бас хүсвэл, гэмшвэл, ухаарвал өөрчлөгдөж болдог эд.

МОНГОЛЫН ЗОВЛОН

Монголчууд бид бахархлын тухай ярихаараа Чингис хааныгаа эхэлж дурсах дуртай. Их хаан маань хүнээс ангид, хүний жаргал зовлон, алдаа онооноос тусдаа хүн байгаагүй. Харин залуу Тэмүүжин Монголын зовлонг Монголын хагарлаас, сэтгэлгээний уналтаас олж харсан. Монголчууд, монгол овог аймгууд хоорондоо тэмцэлдэж, өсөрхөж биенийхээ мууг үзэх замаар Монголын сайн сайханд хүрэх боломжгүйг хатуу ойлгосон.

Тэр андын нөхөрлөлд үнэнч явсан. Тэр урван тэрсэлдэхийг тэвчдэггүй байсан. Чингис хаан хүний гэмшсэн алдааг өршөөж, тэднийг нэг зорилгод хүчээ өгөхийг, нэгдэж хамтрахыг хөхиүлсэн. Түүний амжилтын нэг гол эх сурвалж бол монголчуудын хоорондоо тэмцэлдэх, нураах, хагалах сэтгэлгээг, эвлэх, бүтээх, урагшлах хүч болгож зангидсанд оршино.

Манай түүхэнд гарсан их өөрчлөлт, хувьсгал, дэвшил бүхэн монгол хүний сэтгэлгээний өөрчлөлт, хөгжлөөс ангид байгаагүй нь ажиглагддаг. Бидний үеийнхний сургуульд байхдаа уншиж байсан залуу жанжин Сүхийн хамгийн алдартай үг ч дээрхтэй агаар нэг байдаг. Сэтгэлийн дуудлагадаа нэгдэж чадвал “хандах зүг өөрөө тогтох” тухай тэр сургасан. Манай өнөөгийн зовлон ч монгол түмний шинэ сонголттой холбоогүй, харин бид эрх чөлөөний хосгүй боломжийг бүтээх хүч болгож төлөвшүүлж чадаагүй л байна.

Эрх чөлөөг зарим хүн, ялангуяа манай улс төрчид амарчилж хэрэглэсээр ирлээ. Амжилтад амархан хүрэх, мөнгө амархан олох, амархан тушаал дэвших, амархан асуудал шийдэх, амархан нөлөөгөө тэлэх, дэмжигчдээ нэмэх, амархан эрх барих, амархан сөрөг хүчин болох. Ийм гаж донд автагсдын тоо, хүрээлэл гэрлийн хурдаар өсөх боллоо. Ийм байдлаас хождог, үүнийг мөнгө орлогоо, амжилт ялалтынхаа эх үүсвэр болгосон бүхэл бүтэн бүлэг, анги бий боллоо.

Юмыг бүтээх биш нураах нь сайхан юм шиг. Мөнгө хүчээ үйлдвэрт, бүтээн босголтод биш нэгнээ харлуулах, гутаах төлбөрт зориулах нь хожоотой мэт харагдах боллоо. Ингэж л эх орноо “хайрлах” нь зөв мэт. Ийм байдалд олон нийт ч автаж, түүнийг сөрсөн хэсэг нь улам нүд үзүүрлэгдэх янзтай. Ямар сайндаа хамба ламтан Чойжамц гуай “Бид бие биеэ муулах, харлуулах нь хэтэрлээ” гэж байх вэ. Зурагтаа харангаа ойр зуурын юм хийх айлын эзэгтэй “энэ муу одоо. . .” гэж ирээдхарсан хүн бүхнээ толгой дараалан, маш сурмагаар харлуулж суугааг тэрээр саяхны нэг ярилцлагадаадурссан байв.

Монголчууд бол хэрсүү хүмүүс. Байдал буруу тийш хэт явж байгааг, буруу хандлага газар авч байгааг хаа сайгүй ярьдаг, захаасаа ил тод хэлдэг болж байна. Бид бол түүхэн сургамж зузаантай хүмүүс. Их гүрнээс буурай улс болтлоо доройтож, унаж босож үзсэн. Тэр бүхний шалтгаан ихэнхдээ зөвхөн дотроосоо, монголчуудаас өөрсдөөс нь үүдсэн байдаг. Өдгөө ч тийм л байна.

Монголчууд ардчилалтай учраас дотроо хагаралдаад байгаа юм биш. Хагалах нь хэн нэгэнд ашигтай байгаа учраас л тэр. Дээр нь чөтгөрийн тойрогт хэт удаан амьдарсных. Тойргоос гарах арга олсныгоо тэндээс гараад амьдрах өөр арга олоогүй бусад нь татаж унагадаг. Шулуун замаар ч бид явж чадахаа байсан. Ар дахь нь урдахаа дэгээдэж унагадаг. Бүгд орооцолдож унасан дороо хий эргэсэн хүмүүс. Одоо энэ байдлаа ухаарах цаг болсон. Ийм байдлаа өөрчлөхгүй бол бид өөдлөхгүй. Монгол хөгжихгүй.

Явж явж монголчуудын үндсэн эрх ашиг бол манай улс орны хөгжил, дэвшил. Монголын ард түмний эрх чөлөөт, сайн сайхан амьдрал. Бидний орхих ёстой зүйл бол хоцрогдол. Тэр тусмаа сэтгэлгээний хоцрогдол. Энд л бид хувьсгал хийх хэрэгтэй байна. Дотроо тамираа бартал үзэлцээд байх, тийм илүүдээ гарсаннөөц, чадал бидэнд байхгүй. Сиймхий ч бай Монгол бол бидний л гэр орон. Саар ч бай, муу ч бай бид л гэр орноо өөд татах учиртай. Монгол монголоо дэмжиж байж л бид бүгдээрээ өөдрөг амьдарцгаана.

Монгол бол өвөрмөц түүхтэй, өвөрмөц өнөөдөртэй, өвөрмөц ирээдүйтэй улс. Манай улсын байршил өвөрмөц, орчин эмзэг. Бидний тоо их биш. Бидний тэвчиж болох дутагдал гэж бий. Бас тоглоход ахдах тоглоом гэж бий. Аль ч улс оронд хөгжлийн таатай боломж ховор олддог. Тэр тусмаа манай улсын хувьд тийм боломж өдрийн од шиг тохиосон, тохиолддог. Найман зууны өмнө Монголд тохиосон өнтэй жаран, өвөг дээдсийн маань ухаарсан ухаарал бол нэг боломж байсан. Магадгүй, өнөө цагт тийнхүү нэг түүхэн боломжийн хаалга бидэнд нээгдсэн байж болох. Ийм үед монгол хүн бусдын гар хөл болох эрхгүй, бас тамын тогооны зовлонгоо үргэлжлүүлэх ёсгүй.

ТОЛГОДЫН ЗОВЛОН

“Хувьсгалчид толгойгоор хооллодог” гэж Баабар нэгэнтээ бичсэн. Монголд зовлон болсон хүний толгойнууд бий. Гэхдээ тийм толгойгоор хооллох гэж биш, харин тийм толгойтой ч зэрэгцэн орших гэж бид эрх чөлөөгөө сонгосон хүмүүс. Хүний толгойгоор жаргахаар, өөрийн толгойгоор зовсон нь дээр юм гэж л бид сонголтоо хийсэн. Нэн шинэцагийн Монголд нийгмийн үзэгдэл болтлоо даамжирсан хоёр зовлон бий. Нэг нь авлига, нөгөө нь хорлол. Хоёулаа зохиогчтой, хоёулаа баатартай.

Авлигын тухай бид их ярьсан. Мэднэ. Яавал түүнийг багасгаж, хазаарлаж болохыг ч гадарлана. Харин хорлолын тухай цөөхөн ярьсан. Бүтээх гэснийг бүтээлгэхгүй хорлодог. Барих гэснийг бариулахгүй хорлодог. Гарах ёстой шийдвэрийг гаргуулахгүй хорлодог. Хийх ёстой ажлыг хийлгэхгүй хорлодог. Нааш харсныг цааш хартал хорлодог. Монгол хүнийг мохтол хорлодог. Гадны хүнийг гартал хорлодог. Зөв сэтгэлтэйг буруутгаж хорлодог. Буруу сэтгэлтэйг баярлуулж хорлодог. Ийм хорлолын төлөө хариуцлага хүлээх хүнгүй болгож хорлодог.

Нэгэнт бүтээгүй, хийгээгүй, бүтээгээгүй, шийдээгүй, хэрэгжүүлээгүй зүйлийн тухай ярих утгаа алддаг. Хийлгээгүй бүтээн байгуулалт, хэрэгжүүлээгүй шийдвэрийн төлөө хэн хариуцлага хүлээх вэ? Учир нь тэр байхгүй. Муу ч, сайн ч байгаа юмны тухай, бүтээсэн зүйлийн тухай ярьж болдог. Сайжруулж ч болдог, муужруулж ч болдог. Шүүмжилж болдог, магтаж болдог. Тэр тусмаа эрх чөлөөт нийгэмд юм хэчнээн муудсан ч хандлага нь сайжрах тийшээ чиглэдэг гэсэн үг бий. Гэтэл байхгүй юмыг яах билээ дээ.

Бидэнд өнгөрсөн 25 жилд бариагүй хэчнээн цахилгаан станц, тавиагүй хэчнээн урт төмөр зам, босгоогүй хэчнээн олон үйлдвэр бий болов оо! Үүнээс барьсан нь, босгосон нь, ажиллаж байгаа нь хэд байна вэ! Магадтай ганцыг хэлж болох байх. Үйлийн үртэй Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг нэрлэж болох байх. Ямар ч байсан гаргасан шийдвэр, хийсэн гэрээ, барьсан үйлдвэр учраас бидэнд барьж ярих юм байна. Тал талаас нь мөлжих нэг толгой байна.

Монголын хөгжилд нөлөө­тэй нэг бүтээн байгуулалтыг зогсоох нь Монголын төлөөх нэг амьдралыг таслахтай адил юм. Хүнээр бол ураг байхад нь хэвлийд нь устгахтай ижил юм. Устгасан ургийн тухай, авахуулсан хүүхдийн тухай хэн юу ярих билээ. Харин гараад ирсэн хүүхэд бол, хорвоод мэндэлбэл сайн муу хэлүүлэх нь хамаагүй, хүн болоод л явчихдаг. Оюутолгойн үйлдвэр бол Монгол Улс хөрөнгө оруулагчтайгаа нийлээд төрүүлчихсэн хүүхэд.

Муу бол мууг нь засаад, сайн бол сайныг нь додомдоод явах л ёстой. Муу ч бай, сайн ч бай хүн хийсэн зүйлийнхээ төлөө, эхлүүлсэн үйлийнхээ төлөө хэлүүлээд, тэмцээд явах сайхан л байдаг. Дараа үе нь сайн, ухаантай бол авах сургамжаа аваад, мууг нь сайжруулаад л явдаг жамтай. Зарим юмыг цаг хугацаа шүүж, залруулдаг болохоос биш цаг зүүсэн хийрхэгчид хийдэг ч юм биш.

Юмыг бүтээх хийх таатай боломж ховор олддог тухай би хэдэнтээ өгүүлсэн. Ялангуяа Монгол шиг улсад цаг хугацаа бол хамгийн үнэтэй баялаг. Хэрэв Эрдэнэтийн орд өнөө цагт олдсон бол “Эрдэнэт” үйлдвэр баригдахгүй байх магадлалтай. Манайхан алдахаас айдаг социалист нийгмийг байгуулж байхдаа ч алдсан оносон л байдаг.

Эрин зууны бүтээн байгуулалт гэгддэг “Эрдэнэт” үйлдвэр хүртэл ашиглалтад орсноосоо хойш 25 жилийн дараа дөнгөж Монгол Улсад ашгийн төлбөр төлж эхэлсэн юм. Аливаа баялаг бол ашиглаж байж баялаг болдог. Үр ашгаа өгдөг.

Өнөө цагт монгол хүнд сансарт нисэх хувь анх тохиосон бол Гүррагчаа нисэхгүй ч байсан байж болох. Нэг захиалгат нэвтрүүлэг л түүний суух байсан сансрын хөлгийг “унагачих” ч байсан юм билүү. Сансрын баатар маань цагаа олж төрсөн нь юутай гайхалтай. Цаг хугацаа, боломж хоёр бол манай улсын хувьд гадны мөнгөн тэмдэгтээс ч үнэтэй, алдахад даанч хайран баялаг. Цагийн юмаа цагт нь амжуулж, олдож буй боломжоо ашиглаж чадвал Монголын ард түмэн нэг шинэ бахархалтай болно.

Харин эс чадвал хаяж бас авч болдоггүй нэг шинэ хэрүүлтэй үлдэнэ.

Сайхан Монгол орныхоо төлөө сарвайтал гүйх урамтай л байдаг. Ирээд элэгдүүлэх нь хүнд. Харийн хүнд, гадны удирдагчид улсаа муулах монгол хүн гэж байхгүй. Харин заримдаа итгэж ирсэн хүмүүсийн урам хугарахыг, хэлэлцэж тохирсон зүйлээ нурахыг үзээд Монголоо чин сэтгэлээсээ магтсандаа, тэгж ажиллахыгаа миний үүрэг гэж зөрүүдэлсэндээ санаа зовох үе гарах нь бий. Гэхдээ би “Монгол хүн” гэж хэлүүлэх хувь заяандаа баярладаг. “Бид алдаагаа засаж чадна. Монгол бол эрх чөлөөтэй, сүүдрээ нуудаггүй орон” гэж хэлэх бүртээ би урамшдаг.

Монголын заяа их гэдэгт би итгэдэг. Учир нь Монголын зам бол нэг муу эсвэл нэг сайн хүнд ногдсоноос хамаагүй урт юм. Аль нэг хүний муу үйл нь сургамж болоод, сайн үйлс нь үлгэр дуурайл болж үлддэг. Миний Монгол миний хүүхдэд үлдэнэ. Бидний ач зээ, хойч үед үлдэнэ. Ирж байгаа түм түмэн үеийн монголчуудад үлдэнэ. Харин бид ногдсон ачаагаа даагаад хийж бүтээх ёстойгоо хийгээд л явах ёстой. Хэлэх юмаа хэрэгтэй үед нь хэлээд, хийх юмаа цагт нь хийгээд, гардаг алдаа оноогоо, шийдвэрийг гаргах ёстой үед нь гаргаад л урагшлах хэрэгтэй. Бүх юмыг алга ташуулж хийх боломжгүй.Ташсан бүхэн ч зөв байдаггүй юм.

Асуудлын шийдэл зайнаас ажиглах заримд нь хоёр талдаа иртэй хутга адил хоёр талтай харагддаг байх. Эсвэл зөв, эсвэл буруу гэж. Жишээлж нэг толгойн тухай ярихад, Оюу толгойн ордыг ашиглахын хувьд зөв, буруу гэсэн хялбар сонголт байгаагүй юм. Байсан бол, эрхбиш зөвийг нь сонгох байсан. Хөрөнгө оруулалтын гэрээг хүртэл сайн хийх, муу хийх гэсэн асуудал байгаагүй. Тухайн цаг, орчин, нөхцөлд аль цэг хүртэл гэрээлэгч тал тэсэж үлдэх, эс тэсэж үлдэх л асуудал байсан.

Хөрөнгө оруулагчийн хувьд ч Монгол Улсад олон сонголт байгаагүй. Цаг хугацааг ч дахиад алдах, дахиад сунгах эрх байгаагүй. Энэ бүхнийг сэтгэл цэвэр, үйлс шударга давж гарсан болоод л би “Монголчууд бид урагш нэг алхлаа” гэж хэлсэн юм. Түүхэнд хийсэн алхмыг ухраах арга байдаггүй. Эсвэл “хэрэв” гэж ярьж бичээд өөрчлөх боломж байдаггүй. Хүн хүний тархины тавил, сэтгэлгээний цар, улс оронд тохиодог түүхэн цаг мөч, шийдэл гэдэг бол огт тусдаа, хоёр өөр зүйл. Хувь хүний баатарлаг тэмцэл, бодлогын шүүмжлэлийн ард мэргэн хүний хэлснээр “хувийнх нь жижиг сонирхол” нуугддаг бол, улс орны хувьд ард түмнийх нь нэгдмэл эрх ашиг зогсдог юм.

Сайн хөрөнгө оруулагч, муу хөрөнгө оруулагч гэж үгүй. Хөрөнгө оруулагч л гэж байдаг. Харин манай орны хувьд гурав дахь хөрөнгө оруулагч гэсэн бүхэнд танил томьёолол бий. Би энэ бодлогыг аль ч үед уламжилж авч явах ёстой гэж боддог. Мөн хөрөнгө оруулалтыг их бага гэж ялгах нь чухал биш. Харин хөрөнгө оруулагчаас Монголын нутагт шингэх, зарах хөрөнгө нь их байх тусам сайн. Монголд их хөрөнгө зарна гэдэг бол монгол хүнд, манай аж ахуй эрхлэгчдэд, Монгол Улсад хэрэгтэй. Зарах хөрөнгө оруулагч мөнгөө харамлаагүй байхад, заруулах гэж авч ирсэн бид өмнөөс нь хэл амхийх нь үнэндээ илүүц.

Улс, олон нийтийн төлөө гэж зориг шулуудаж дээлээ өмсөөд өвлийн жавраар гэ­рээ­сээ гарснаас хойш миний хувьд зууны дөрөвний нэ­гийг ардаа орхижээ. Би энэ хооронд нэг л юм үнэн болохыг мэдэхийн дээдээр мэдлээ. Тэр бол “Эдийн засаг үлгэрт хууртдаггүй” гэдгийг. Сонгуулийн амлалтад, цаасан дээрх тайланд, хурал чуулганы худал үнэн мэтгэлцээнд, зурагтаар гарах нэвтрүүлэгт алинд ч хууртахгүй юм, энэ эдийн засаг. Эдийн засгийн “уйлах, инээх” нь мөнгөөр, хөдөлмөрөөр эсвэл хийсэн ажлаар хэмжигддэг аж. Хохирол гарсан бол төлбөрөө ядуугаас нь ч, баянаас нь ч найраагүй авах юм.

Өнгөрсөн хугацаанд хурал цуглаан, зурагт, радио, сонин хэвлэлээр монголчууд хоорондоо хийсэн хүйтэн дайны төлбөр болох олон их наяд төгрөгийг монгол хүн бүр л төлж байна. Алдсан цаг хугацаа, босгоогүй бүтээн байгуулалт, гараад явсан га­даад валют хүртэл бид бүгдийн нуруун дээр хохирол, ачаа, төлбөр болон бууж байна.

Монголчууд цалингаа, тэтгэврээ, орлогоо бууруулж төлж байна. Ажил амьдралаа алдаж, бас бухимдаж, байгаа бүхнээ шавхаж, байхгүйдээ өр зээл тавьж төлж байна. Үндэсний мөнгөн тэмдэгтээ үнэгүйдүүлж, өв хөрөнгөө шавхаж төлж байна. Бүтэн авдаг мах, гурил, талх, тосоо таллаж төлж байна. Авч чадахгүй нь хоосон, галгүй хонож төлж байна. Эхнэр хүүхдээ нөмгөн гүйлгэж төлж байна. Ийм төлбөр, ийм хорлолыг өдөөгчдийн бахыг ханган төлж байна.

Дээрээс нь хүний мөнгийг, бусдын хөрөнгийг худал хэлж татах гэж байдаггүй юм байна. Хүний итгэлийг хуурч сэргээнэ гэж үгүй юм байна. Төлбөрөө төлж байж л энэ бүхний ард бид гарах юм байна. Өнгөрсөн хэдэн жилийн өрнөл, ороо бусгаа, эргэж буцсан байдлаас авч байгаа миний сургамж бол энэ. Нээлттэй нийгмийн амьдрал бол сурах үйл явц гэдэг нь үнэн. Гэхдээ сургалтын төлбөрийг бүгд хамтдаа төлдөг нь бас үнэн юм. Уг нь зарим нэг төлбөрийг төлөхгүйгээр бид урагшилж болох л байсан.

БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ ПОПУЛИЗМ ХИЙЕ

Манай улсад бүтээж хийх нь удахын хэрээр, “популист” гэдэг нэр давтагдах нь олонтаа болж байна. Популизмыг заавал нураахтай, хорлохтой, хувь хүний тодрохтой, амьдрах аргатай холбох хэрэггүй юм. Чимэдийн Сайханбилэг Ерөнхий сайд Япон улсад очоод, сайн зүйл яриад, сайхан юм бүтээгээд л ирж байна. Түүний ярьсныг дэмжиж, хөрөнгө оруулагчдыг урьж, бүтээгчдээ түшиж, том төсөл хөтөлбөрөө ажил болгож популизм хийцгээе. Бүтээхийн төлөө, хийхийн төлөө, нэгэндээ урам өгч сайн сайхныг нь ярьж популизм хийцгээе.

“Эх орон” гэдэг үгийг би “дотроо хадгал” гэсэн утгатай гэж боддог. Эх орноо нүүрэн дээрээ наачихаад сэмэртэл зулгаахаа эсвэл хайлтал нь шүлсдэхээ больё. Хайран санагдах юм. Эх орноо хайрлах гэж байгаа бол дотогшоо харж хайрлая. Юм бүтээж, ажлаа сайн хийж, бие биеэ дэмжиж хайрлая. Хэн ч гадагшаа хашгирч чадна, одоо цагт.

Өмнөх нийгэмд, социализ­мын үед нийгмээ муулах, удирдлагаа хараах бол эр зориг байсан юм. Тийм хүн ч цөөн байж дээ. Шийтгэл, ширвэлт нь ч ширүүн байсан. Одоо бол ийм байх нь эр зоригийн асуудал биш. Зүгээр л Таны эрхийн асуудал. Яаж харагдах, юу хэлэх хэлэхгүйгээ, хийх хийхгүйгээ өөрөө л шийднэ. Өөрөө ямар явах чинь өөрөөс чинь л шалтгаална.

Монголчууд бидний өнөө­гийн зовлон бол гэнэт муу нийгэмд орсондоо ч биш, гэнэт баахан муу хүн сонгосондоо ч биш. Энэ байдал сайжрах л байх. Гэхдээ дүн нуруу нь үүнээс их дээрдэж, бас дордохгүй байх магадлалтай. Монголчууд бидний зовлонгийн ихэнх нь хүн бүр өөрөө өөрийгөө хариуцах болсноос л үүдээд байгаа юм. Хүн бүр дор бүрнээ өөрийгөө хариуцаад, хувь заяандаа эзэн болоод, ажил амьдралаа аваад явчихвал манай өнөөгийн зовлонгийн ихэнх нь шийдэгдэнэ. Хүний өмнөөс бид эрх чөлөөтэй болоогүй. Өөрсдийгөө бодож л эрх чөлөөг сонгосон. Гэхдээ эрх чөлөө бол ухаан шаарддаг сонголт. Тэвчээр шаарддаг сонголт.

Мэргэн авхай та энэ хүртэл миний бичсэнийг уншсан бол би Танд талархал илэрхийлье. Цааш нь би улстөрчид, өнөөдөр Мон­гол Улсын бодлогыг тодор­хойлох хэрэгжүүлэхэд оролцож байгаа хүмүүст гурван зүйл сануулах гэсэн юм. “Өрхийг нь тараая гэвэл хүүхдийг нь эрхлүүл. Улсыг нь тараая гэвэл түшмэдийг нь урвуул, эрхлүүл” гэсэн үгтэй юм.

Нэг: Монголын хувь заяаг шийдэлцэх гэдэг бол ховор хувь тавилан. Төр, түмнийхээ төлөө зүтгэх, ажиллах бол ховор олдох үүрэг, бас боломж. Хэрэв таны үйлдэл, бодлого, үйл ажиллагаа Монголыг хорлох үр дагавартай бол түүнийг мэдсэн цагаасаа Монголын төрөөс холд. Хүнд хийж болохгүй, таарахгүй, зохихгүй ажил гэж байдаг. Би зарим хүнд энэ тухай хэлж сануулж явлаа. Өөртөө ч би энэ зарчмаа үргэлж сануулахыг хичээдэг.

Хоёр: Төрийн хүн гэдэг бол дээд эрх ашигт л үйлчлэх ёстой. Энэ бол монгол түмний эрх ашиг, хөгжил дэвшлийн эрх ашиг. Хөгжил бол манай орны хувьд аюулгүй байдлын ч, бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын ч баталгаа юм. Энэ бол монгол хүн бүрийн нийтлэг эрх ашиг. Үүнд л төрийн бүх шатны албан хаагч үйлчлэх ёстой. Хувиа бодох бол төрийн хүнд байж болохгүй авир. Та бидний өвөг дээдэс ингэж сургасан. Бидний хийсэн түүхэн сонголтын учир утга нь ч энэ юм. Сайн үйлс, сайхан сэтгэлээрээ гайхагдаж явсан Тереза ээж “Бурхан биднээс үйлчил гэж хүсдэг. Гавьяа байгуулаадах гэж хэнийг ч шахдаггүй юм” гэж хэлсэн байдаг.

Гурав: Ёс зүй гэдэг бол хүнээс өөрөөс нь эхэлдэг зүйл. Ёс зүйтэй хүн бол харанхуйд ч ёс зүйтэй байдаг. Хэн ч хараагүй байхад ёс зүйтэй байдаг. Хээр эзгүйд ч, хэтэвч дүүрэн мөнгөний өмнө ч ёс зүйтэй байдаг. Муу үйлдэл өөртөө л гай тарьдаг. Бид Монголын сайныг үзэх гэвэл бие биенийхээ мууг харах гэж хоорондоо ил далд дайсагналцах хэрэггүй юм.

Гэхдээ энэ бол дутагдлаа ярихгүй байцгаая гэсэн үг биш. Бид улам сайн ярилцах ёстой. Үүнд л манай тогтолцооны хүч, дархлаа нь оршдог юм. Ямар ч албан тушаалтныг шүүмжилж болно. Харин шүтэж болохгүй. Ардчиллыг буруутгаж болно. Харин гутаах хэрэггүй. Нээлттэй нийгэм, өсөрхөл доромжлол, хагарал хоцрогдол, буруу зөв зуршил бол дахиад л бас тус тусдаа зүйл. Ухаант хүн хялбархан ялгачих эд.

Цагаан сар гарах гэж байна. Ерөөлийн сайхныг хүмүүс бие биедээ хэлдэг бэлгэ ерөөл дүүрэн сайхан цаг ирж байна. Үрийн үрдээ, үеийн үедээ би хувьдаа үүнийг л захих гэж үзэг цаас нийлүүлэв. “Аливаа юмыг сайн талаас нь хар. Болох талаас нь бод. Бүтээх талаас нь зүтгэ.”

Надад хандсан нэг сонгогчийн шуудхан асуултаар энэ бичвэрийг би өндөрлөе. “Ийм ухаантай ард түмнийг, ийм баялагтай орныг, ийм байдалтай болгоод орхи гэж би чамайг сонгосон уу?”

Монголын Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

Жич: Монгол бол миний хөгшин аавын (өвөөгийн) нэр.

2015 оны 2 дугаар сарын 12

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *