Монголын Хүнсчдийн Холбоо, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн санаачилгаар ХХААЯ, төрийн бус байгууллагуудтай хамтран “Сүүтэй Монгол” үндэсний аяныг эхлүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл доор зохион байгуулах энэхүү аянаар эх орондоо бэлтгэсэн сүүгээр олон төрлийн амтат бүтээгдэхүүн үйлдвэрлэх, иргэдийг өдөр тутмынхаа хоол хүнсэндээ үндэсний үйлдвэрийнхээ шинэлэг сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшүүлэх зорилготой.
Учир нь хот, суурин газрын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ хөдөөгийнхөөс хоёр дахин бага, хангамж жигд бус байгаа юм. Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн зөвхөн 24 хувийг дотоодын бүтээгдэхүүнээр хангана гэдэг нь мал аж ахуйд суурилсан эдийн засагтай манай орны хувьд хангалтгүй үзүүлэлт аж.
Иймд сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл түүнийг дэмжсэн малчид, фермерийн аж ахуй эрхлэгчдийн зах зээлийн эргэлт, нийлүүлэлтийг дэмжиж, иргэдээ экологийн цэвэр, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлага гарч байгаа юм.
“Сүүтэй Монгол” Үндэсний аян энэ сарын 16-нд ХХААЯ-нд нээгдэх бөгөөд дөрвөн сар үргэлжилнэ.