Categories
мэдээ нийгэм

Багануурын уурхай 100 сая дахь тонн нүүрсээ олборлолоо

Монгол Улсын нүүрсний салбарынхөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч “Багануур”ХК 100 сая дахь тонн нүүрсээ өнгөрсөн даваа гаригт олборлолоо. Энэхүү түүхэн үйл явдалд оролцохоор “Багануур” ХК-ийн үе үеийн удирдлагууд, ахмад ажилтнууд, УИХ-ын гишүүд ирсэн юм. Эзгүй зэлүүд байсан Нүүрэнтэйн хөндийд одоогоос 37 жилийн өмнө Багануурын уурхайн их бүтээн байгуулалтын ажил эхэлж байжээ. Тэгвэл өнөөдөр 100 сая дахь тонн нүүрсээ олборлон хэрэглэгч олондоо хүргүүлсэн юм. Түүхэн баярт ёслолын арга хэмжээний үеэр “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр “Өнөөдөр бид “Багануур” ХК-ийн түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэх үйл явдлын гэрч болж байна. Уурхайн үйл ажиллагаа эхлээд 36 жилийн дараа 100 сая дахь тонн нүүрс олборлон гаргаж байна. Үе, үеийн уурхайчдын хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр өнөөдрийн гаргаж байгаа 100 дахь сая тонн нүүрсэнд шингэсэн байгаа. Нэг сая тонноос 100 сая тонн нүүрс олборлох хүртэл хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан ахмад уурхайчиддаа талархал илэрхийлье. Мөн ахмадуудаа залгамжлан ажиллаж буй залуу уурхайчиддаа ажлын өндөр амжилт хүсье. Энэ бол манай хамт олны олон жилийн амжилтын илэрхийлэл болж байна. Дулааны станцуудыг олон жил нүүрсээр хангасны баталгаа. Улс эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгаа хамт олны хөдөлмөрийн үр шим юм. Өнөөдөр манай уурхайчдын баярын, бас бахархалын өдөр. Нүүрсний салбарт урьд өмнө гарч байгаагүй амжилтыг гаргаж, өндөр үзүүлэлт тогтоосон уурхайчдадаа баяр хүргэе. Бид өнгөрсөн 36 жилийн турш түмэн олныг дулаан нүүрсээр хангасан. Цаашдаа ч зуун зуун жил хангах нөөц бидэнд бий. Эрчим хүчний нүүрсний хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байгаа. Тиймээс арав гаруй жилийн дараахан 200 дахь сая тонн нүүрсээ ачих цаг үе бидэнд ирнэ” гэсэн юм.

“Багануур” ХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал дөрвөн сая тонн бөгөөд дотоодын хэрэглэгчийн хэрэгцээнээс хамаарч 3.6-4.0 сая тонн нүүрс олборлодог. Ингэснээр улсынхаа нүүрсний хэрэгцээний 60 хувь, эрчим хүчний хэрэгцээт нүүрсний70 гаруй хувийг дангаараа хангаж ажилладаг. “Уул-1”, “Уул-2” гэсэн үндсэн хоёр хэсэгт ашиглалт явуулж буй бөгөөд өнөөдрийн байдлаар хамгийн гүндээ 120 метрийн гүнээс нүүрсээ гаргадаг. Өдгөө 290-ээд мэргэжлийн 1100 гаруй ажилтантай болтлоо өсөн дэвжсэн “Багануур” ХК 2013 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, уул уурхайн салбарын шилдэг уурхайгаар шалгарч байжээ. Байгаль орчныг хамгаалах, ашиглалтын талбайг нөхөн сэргээх ажлыг Монголд анх удаа эхлүүлсэн тус компани одоогоос 37 жилийн өмнө буюу 1978 оны хоёрдугаар сарын 22-нд шаваа тавьж байжээ. Анх “Зил-130” машинд гэр ачин тав, зургаахан хүн ирж байсан гэнэ. Хотоос ачиж ирсэн гэртээ “конторлон” үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхийг ёслолын арга хэмжээнд ирсэн ахмад уурхайчид сэтгэл догдлон ярьж байлаа. Нүүж очсоноосоо хойш хоёр сарын дараа анхны тэсэлгээгээ хийж түр ил уурхайд уулын ажил явуулж байсан бол 1978 оны есдүгээр сарын 2-нд экскаваторын машинч н.Хатанбаатар, жолооч Д.Сэрээнэндоржийн краз машинд анхны нүүрсийг ачиж байсан түүхтэй. Ингэж үйл ажиллагаагаа эхлүүлсэн Багануурын уурхайгаас өдгөө гурван хөдөлмөрийн баатар, зургаан гавьяат цолтон төржээ. Тухайн үед Багануурын уурхайг 600 сая тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоож байсан гэнэ. Харин 2014 онд Дэлхийн банкны санхүүжилтээр далд хайгуулын ажиллагаа явуулахад нэг тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэсэн судалгааны дүн гарсан байна.

Нийслэл хот тэлэхийн хэрээр эрчим хүчний эх үүсвэрүүд нэмэгдэж байгаа. Тухайлбал тавдугаар цахилгаан станц ашиглалтад орно. Мөн одоо ажиллаж байгаа станцуудад өргөтгөл хийж байна. Ингэж нүүрсний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр Багануурын уурхай ажиллах хүчин чадлаа нэмэгдүүлэхийг зорьжээ. Одоогийнхоос илүү хүчин чадлаар ажиллавал 200 сая дахь тонн нүүрсийг 10 гаруй жилийн дараа олборлоно гэсэн эдийн засгийн тооцоо гаргасан байна. Үүнийг дагаад уурхайгаа өргөтгөх, техник технологийн шинэчлэлтийн ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөжээ.Уурхай байгуулагдаад 37 жил болоход технологийн бүрэн шинэчлэлт хийгдэж байгаагүй, зөвхөн хэсэгчилсэн шинэчлэлт, засвар хийж байсан гэнэ. Харин ойрын жилүүдэд технологийн бүрэн шинэчлэл хийж, одоо ажиллаж байгаа системийг өөрчлөхөөр төлөвлөж байгаа ажээ. Нүүрс олборлолтын тухайд сүүлийн арван долоон жилийн үзүүлэлтийг өмнөх үетэй харьцуулахад тун эрчимтэй явагджээ. 1998 онд Дэлхийн банкны болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр технологийн хэсэгчилсэн шинэчлэл хийгдсэнээс хойш нэг жилд олборлох нүүрсний хэмжээ нэмэгдэж байгаа гэнэ.1990 оны сүүлээр нэг жилд 2.5 сая тонн нүүрс олборлож байсан бол 2000 он гарснаар, 3.2 – 4.0 сая тонн нүүрс олборлодог болтлоо өсөж байгаа талаар уурхайчид ярьж байлаа. Өнгөрсөн онд л гэхэд 3 сая 870 мянган тонн нүүрс олборлосон байна.

“Багануур” ХК 100 сая дахь тонн нүүрс олборлосон түүхэн баярын өдөр тус уурхайгаас төрсөн зургаан гавьяатын нэг С.Дүгэржавтай уулзлаа. Тэрээр уурхай байгуулагдсан цагаас хойш ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.

-Та Багануурын уурхайг байгуулсан цагаас эхлэн ажилласан гэсэн. Юу хийдэг байв?

-1978 оны хоёрдугаар сарын 2-нд Улаанбаатараас гэр ачин ирсэн анхны “Зил-130” машины жолооч нь би байгаа юм. Тэр үед энэ хавьд юу ч байгаагүй. Хэдэн вагончик л байсан байх. Бага залуу наснаасаа сэтгэл, зүтгэлээ зориулан ажилласан уурхай маань өнөөдөр 100 сая дахь тонн нүүрсээ гарган авч байгаад туйлын их баяртай байна. Энэ уурхайг анх байгуулж байсан нөхдөөрөө, залгамжлан ажиллаж байгаа залуучуудаараа бахархаж байна.

-Уурхайн үйл ажиллагаа ямархуу нөхцөлд эхэлж байсан бол?

-Тэр үед өнөөдрийнх шиг ийм олуулаа байсангүй. Хотоос конторынхоо гэрийг ачаадирж байсан. Бас манаач айлаа нүүлгэж авчирч байлаа. Ингэж л уурхайн үйл ажиллагаа эхэлсэн. Багануураар овоглосон, Багануурын уурхайтай амьдралаа холбосон бүхий л хүний хувьд өнөөдөр баярын өдөр. Амьд ахуй цагтаа ийм сайхан түүхэн баярт үйл явдлын гэрч болж байгаадаа баяртай байна. Уурхайнхаа цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье.

“Багануур” ХК анхны олборлолтоо хийснээс хойш өдгөө 100 дахь сая тонн нүүрсээ олборлож байгаа бөгөөд энэ нь хоёр сая вагон нүүрс гэсэн үг. Даваа гаригт болсон ёслолын арга хэмжээний үеэр 100 сая дахь тонн нүүрсийг ачиж ирээд бутлан бэлэн болгож илчит тэргэнд ачин нийслэлийн зүг явуулсан юм.

С.АЛТАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Багануурын уурхай 100 сая дахь тонн нүүрсээ олборллоо

Монголын нүүрсний томоохон олборлогчдын нэг болох “Багануур” хувьцаат компани өчигдөр 100 сая дахь тонн нүүрсээ олборложээ. Тус уурхай 1978 онд дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах зориулалтайгаар байгуулагдсан бөгөөд үүнээс хойш 37 дахь жилийн ойн босгон дээрээ 100 сая дахь тонн нүүрсээ олборложээ. Энэхүү амжилт нь Монголын уул уурхайн компаниуд, тэр дундаа нүүрсний олборлогч компаниудын хувьд түүхэн амжилт юм.

“Багануур” хувьцаат компани Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй бөгөөд 75%-ийг “Эрдэнэс Монгол” компани, 25%-ийг иргэд эзэмшидэг бөгөөд Багануурын нүүрсний орд нь Улаанбаатар хотоос 130 км зайтай оршдог, нийт нөөц нь 708.2 сая тонн юм. Үйлдвэрлэлийн жилийн хүчин чадал 4.0 сая тонн бөгөөд 3-3.2 сая тонн нүүрсийг олборлож, Монгол улсын нүүрсний хэрэгцээний 40%, төвийн бүсийн хэрэглэгчдийн 60%-ийг дангаараа хангадаг Монгол улсын стратегийн томоохон орд юм. 1978 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Бага гүн нуурын зүүн дэнжид уурхайн анхны гэр баригдаж байсан бол мөн оны гуравдугаар сарын 1-нд анхны тэсэлгээ хийж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *